


БАРИЛГЫН ЦЭРЭГ
Барилгын цэрэг нь 1936 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойших 65 гаруй жилд Улаанбаатар хот болон 18 аймгийн 140 гаруй сумын нутагт 14,1 тэрбум төгрөгийн /хуучин үнээр/ барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 16,0 тэрбум төгрөгийн үндсэн фонд бүхий 5200 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтанд хүлээлгэн өгч, 1686,9 сая тн км-ын ачаа тээврийн үүрэг гүйцэтгэн, 1657,7 сая төгрөгийн барилгын материал хийц үйлдвэрлэлээ.Энэ хугацаанд барилгын 30 шахам мэргэжилд 40 гаруй мянган хүнийг сургаж бэлтгэсэн. Барилгачин дайчдаас эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалтанд оруулсан жинтэй хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж Барилгын цэргийн удирдах газар, 017, 022, 047, 073 дугаар ангиудыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан ба өнгөрсөн хугацаанд барилгачин дайчдын дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 5, Гавьяат барилгачин 9 төрөн гарсан юм.Зах зээлийн нөхцөлд бид урьд олж авсан арвин их туршлага дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох, шинэ технологи нэвтрүүлэх, удирдлагын менежментээ сайжруулахын төлөө үргэлж шинийг эрэлхийлэн ажиллаж ирсний үр дүнд өнөөдөр бид барилга угсралтын ажил, цахилгаан, сантехник, салхивч, материал үйлдвэрлэл, авто тээвэр механизм засвар болон бусад үйлчилгээг шуурхай чанартай хямдхан хийдэг болсноор 2001 онд Барилгын цэрэг "Монгол Улсын тэргүүний барилгын байгууллага" гэсэн хүндэт өргөмжлөлийг хүртсэн юм.Барилгын цэрэг нь удирдлага, зохион байгуулалтын хувьд цомхон бүтэцтэй, мэргэжлийн өндөр түвшинд зах зээлд өрсөлдөх чадвартай, Зэвсэгт хүчний үндсэн чиг үүргийн дагуу цэргийн аж ахуйн болон, улс орны бүтээн байгуулалтад оролцох үүрэг бүхий цэргийн мэргэшсэн байгууллага болон төлөвших зорилтыг хэрэгжүүлж байна.




