ХАМТАРСАН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 08 сарын 31

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017”  байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль наймдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян цэргийн хүрээнд нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Михаилов Евгений Георгиевич, мөн ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташе, Тэнгисийн цэргийн хурандаа Г.М.Сулимук болон бусад албаны хүмүүс оролцов. Монгол-Орос дайчид 1921 оны Ардын хувьсгал,1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж, дайны хүнд жилүүдэд халуун амь бүлээн цусаа урсгаж, зовлон жаргалаа хуваалцаж 1960-1990 оны бүтээн байгуулалтын он жилүүдэд хамтран ажиллаж ирсэн дайчин нөхөрлөлийн бахдам түүхтэй. Энэ удаад ч гэсэн Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний дайчид нэгэн зорилго дор хээрийн жагсаалд жигдэрсэн нь ах дүү арми, ард түмний нөхөрлөлийн өнө мөнхийн баталгаа юм.

“Сэлэнгэ-2017” хамтарсан хээрийн сургууль 2011 оноос эхлэн явагдаж, өдгөө долоо дахь удаагаа  “Улсын хил орчмын говь, тал хээрийн бүсэд хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэл явуулах” сэдэвтэйгээр Дорноговь аймаг дахь их говийн цэргийн хүрээний байрлалд эр зоригийн бахархал болсон дайчин эрс алтан манжлагат тугийн дор жигдэрлээ. “Сэлэнгэ-2017” хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний 27 анги, байгууллагын дайчид, ОХУ-ын офицер, ахлагч, гэрээт цэргүүдээс бүрдсэн 1500 орчим хүн хүчний бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хээрийн байрлалд гар, сэтгэл нэгдэн хүч хуралдав.

“Сэлэнгэ-2017” хамтарсан сургуулийн нээлтийн үеэр Монгол цэргийн музейгээс  “Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагаа” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг дэлгэж, ЦДБЭЧ, ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжимийн бие бүрэлдэхүүн сургуульд оролцох Монгол Улс, ОХУ-ын цэргийн алба хаагчид болон Сайншанд сум, Зүүнбаян багийн ард иргэдэд уран бүтээлээ толилуулсан юм.

Ийн “Сэлэнгэ-2017” монголын говь талын анирыг сэрээж, ёслол төгөлдөр эхлэв ээ.

Сургуульд оролцох нөхдөө угтан авлаа

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцохоор Монгол Улсын Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагаас 700, ОХУ-ын 500 гаруй офицер, ахлагч, гэрээт цэргүүд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хээрийн байрлалд гар, сэтгэл нэгдэн хүч хуралдуулав. Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний 1000 гаруй цэргийн алба хаагчдын хийморь, танк, БМП, БТР, БРДМ, УРАЛ, ГАЗ, УАЗ  зэрэг хүчит 200 шахам техникийн нүргээн их говийн гарнизоныг амь оруулах мэт.

 Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан уг сургууль энэ жил долоо дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сургууль говь, тал хээрийн бүсэд цаг агаарын хүндхэн нөхцлийг сөрөн явагдах юм. Сургуулийн бэлтгэл, дадлага амжилттай явагдаж, томилогдсон бие бүрэлдэхүүн ч сургуульд оролцоход бэлэн болов оо.

Найрамдалт харилцааг бэхжҮҮлсэн сургууль юм

ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн  38 дугаар тусгай бригадын командлагч, гвардын хурандаа Бабкин

Монголд анх удаа ирж байна уу?

-Монгол Улсын талаар бага хэмжээний мэдээлэлтэй. Галт тэрэгний цонхоор их зүйл харж, ажиглаж явсан. Нүд дүүрэн цэлийх талд мөөг мэт харагдах монгол гэр сонин сайхан харагдаж байлаа. 

Хээрийн сургуульд оролцох ОХУ-ын цэргийн алба хаагчид сургууль явуулах газарт ирлээ?

-ОХУ-ын цэргийн алба хаагчид, нэгж техникүүд сургууль явагдах газарт саадгүй ирлээ. Энэхүү сургууль хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг сайжруулах төдийгүй улс орны найрамдалт харьцааг бэхжүүлсэн томоохон сургууль гэдэгтэй санал нийлдэг.

ОХУ-ын талаас хичнээн цэргийн алба хаагч, нэгж техник ирсэн бэ?

-Т-72 танк, БТР зэрэг явган цэргийн байлдааны 100 шахам нэгж техник, 500 орчим цэргийн алба хаагч ирсэн. Бид бүхэн сургуульд оролцох гэж сарын хугацаанд бэлтгэл сургуулиа маш сайн базаасан. Дэлхий нийтийг түгшээж байгаа террорист халдлагаас хэрхэн сэргийлэх, түүнийг яаж таслан зогсоох талаар хоёр орны цэргийн алба хаагчид харилцан биенээсээ сурах, туршлага солилцох, зүйл их байгаа. Хамтарсан сургууль маань өмнөө тавьсан зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017