ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА О.ЭРДЭНЭБААТАР: МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН ОЮУН УХААН, АЛТАН ГАР ШИНГЭСЭН ТЕХНИКҮҮД ХӨДӨЛЛӨӨ

2017 оны 08 сарын 31

Говийн жин үд. Алтан соёмбот тугаа асгар нарны дор хийсгэсэн танк, хуягт тээвэрлэгч, явган цэргийн байлдааны машин тэргүүлсэн цэргийн хүнд техникүүд цуваа татан хөдөлж буй нь эр хүний сэтгэлийг эрхгүй огшоох. Бүх төрлийн гал шуургалж, монгол цэргийн хээрийн бэлтгэл сургууль эхэлж буй. Түүнийг Очир овогт О.Эрдэнэбаатар хэмээх хал үзсэн хурандаа биечлэн удирдах авай. Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын унаган хүү. 1993 онд ЦНДС-ийг Ерөнхий цэргийн команд, явган цэргийн байлдааны ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэсэн. Зүүнбаянгийн цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ...-р ангиудад дөрвөн жил ажиллаад, 1997 оноос Элитийн батальонд ротын захирагч, дараа нь Хүндэт харуулын анги, Танкийн хороонд сургуулийн мотобуудлагын батальоны штабын дарга, сургууль, байлдааны мотобуудлагын батальоны захирагч, тэгээд Ховдын хороонд штабын дарга, захирагч, Батлан хамгаалах удирдлагын академид багшилж байгаад одоо Хуурай замын цэргийн командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж буй. Говийн тэнгэр дор “Сэлэнгэ-2017” сургуулийн штабын дарга О.Эрдэнэбаатар хурандаатай ийн хөөрөлдсөн болой.

-Анд Зөвлөлтийн армитай манай цэрэг эрс байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хийдэг нь нэгэнт уламжлал болон тогтжээ. Энэ жилийн Зэвсэгт хүчний бэлэн байдал, ур чадварыг сорих ээлжит сургууль өнөө маргаашгүй эхлэх гэж байна. Эндээс хоёулаа яриагаа эхэлье дээ.

-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ сургууль нэлээд олон жил явагдаж байна. Анх “Дархан” нэртэйгээр гурван жил явагдаж байсан бол сүүлийн үед хамтарсан хээрийн сургуулийн нэр өөрчлөгдөж, “Сэлэнгэ” нэртэй болоод байгаа. Нэг жил нь Монгол Улсад, дараа жил нь ОХУ-ын нутаг дэвсгэрт болдог дэг жаягтай. Монгол Улсад “Дархан”, “Сэлэнгэ” хээрийн сургуулийн бэлтгэл дадлага ихэвчлэн төвийн бүс буюу Улаанбаатар хот, Тавантолгой дахь сургалтын төв, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын сургалтын төвд болдог байсан бол 2014 онд ээлжит “Сэлэнгэ” сургууль Дорнод Монголын их хээр талд болсноороо онцлог байлаа. “Сэлэнгэ-2017” сургуулийн нэг онцлог нь Оросын талын санал тавьснаар говь, тал хээрийн бүсэд хууль бус бүлэглэл, террорист үйлдлийг таслан зогсоох арга тактикийг боловсруулах явдал юм.

-Баянд та бүхэн маань хэзээ хөл тавив?

-Өнөөдөр хүртэл найм хоногийн турш бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Бэлтгэл ажил маань дажгүй шүү. Бараг 80 хувьтай гэж хэлж болно. Бие бүрэлдэхүүний дадлага, ур чадвар ч өндөр байгаа.

-Нөхөр хурандаа, юу гэсэн үг вэ. Хорин хувь дутуу байна гэж ойлгож болох уу?

-Бэлтгэл ажлын хоног хугацаа их давчуу байгаа. Дээр нь тухайн газар орны нөхцөл байдал, хээрийн сургалтын талбай, анги байгууллагын хадгалалтаас гаргасан зэвсэг техникийн хүчин чадлаас үүдэн 80 хувьтай гэж хэлж байгаа юм. Бид богино хугацаанд техникийнхээ бэлэн байдлыг хангах, бие бүрэлдэхүүнийхээ ур чадварыг эрс нэмэгдүүлэх зорилгоор хоног шахаж ажиллаж байна. Гэхдээ “Сэлэнгэ-2017” хээрийн сургууль эхэлтэл нэлээд хэд хоногийн хугацаа байна аа.

-Хүнд техникүүд лав л ойрын жилүүдэд нар, салхи үзээгүй байх шүү?

-Хорь гаруй жил хадгалсан зарим техникийг ажиллагаанд оруулж байна. Техник үйлчилгээ, тусгал тааруулах гээд юм юм л бий. Манай монгол цэргийн инженерүүд мундаг шүү дээ.

-Та чинь усанд сэлээд гараад ирсэн юм уу, эсвэл Зүүнбаянгийн саунд суугаа юу. Наад хувцас хунар чинь, усан хулгана болчихож. 

-Энэ яахав дээ, хар хөлс. Газар нутгийн онцлог байна л даа. Говьдоо саяхан хөл тавьсан болохоор жаахан хөлс гараад байх шиг байна.

-Говийн уур амьсгал ч зэрлэг үедээ зэрлэг шүү.

-Уг нь би Зүүнбаянд дөрвөн жил болсон хүн дээ. Түүнээс хойш төсөөрсөн юм байлгүй, хөлс их урсаад байдаг болчихож.

-Түүндээ ч биш байх аа. Би төсөөлдөг юм. Ухаандаа захирагч хүн чинь Хажуу ухаагийн орой дээрээс дурандаад л, богино долгионы станцаар ч юм уу, цагаан хоолойгоор хашгичаад байж баймаар юм. Гэтэл та цуваа татсан хүнд техникүүдийн хойно урд нь гараад, дагаж давхиад, тоосон дунд явдаг нь ямар учиртай юм?

-Энд онцлог байна аа. Манай Зэвсэгт хүчний 336 дугаар анги бол хадгалах бааз байж байгаад сая шинэ зохион байгуулалтаар Мотобуудлагын тусгай хороо болсон. Ингээд өргөтгөн зохион байгуулагдаж, “Сэлэнгэ-2017”-д байлдааны болон тактик, техникийн хээрийн сургуульд голлох үүрэгтэй оролцож байгаа. Бие бүрэлдэхүүн маань цоо шинэ залуучууд. Зэвсэг  техникээрээ буудаж үзээгүй, дадлагажаагүй улс гэсэн үг. Тиймийн тул алтан нарыг алгаараа хааж байгаад араараа мэдэрнэ гэдэг шиг байнга даган явж, дүрэм зааварчилгааг дор бүр нь хэлж өгөн, анхнаас нь сургаж байгаа байдал энэ л дээ.

-Энэ олон залуус дунд хугацаат цэргийн алба хаагчид байгаа гэж үү. Би болохоор дандаа мэргэжлийн дайчид гэж ойлгосон шүү дээ.

-Хугацаат цэргийн алба хаагчид байлгүй яахав. Өнгөрсөн хавар цэргийн албанд татагдсан хүүхдүүд. Гэхдээ эд маань цэргийн эрдэмд боловсрохын төлөө маш шаргуу ажиллаж байна.

Мотобуудлагын хоёр рот байгаа. Эдгээр ангийн десантын бүрэлдэхүүнийг хугацаат цэргийн алба хаагчид ерөнхийдөө бүрдүүлж байгаа. Явган цэргийн байлдааны машинтай мото буудлагын рот, тусгай үүргийн батарей, зенитийн салаанаас гадна Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд өнгөрөгч тавдугаар сард татагдаж ирсэн цэргүүд оролцож байгаа.

-Эд маань сэтгэл санааны хувьд ямар байна. Бараг хар нялхаараа шахуу хүүхдүүд эр зориг, бие бялдрын хүмүүжил суулгах хээрийн гаралтаас зүрх нь үхэж мэднэ. Танд тийм зүйл анзаарагдав уу? 

-Өмнө нь энэ анги харуул хамгаалалтын үндсэн үүрэгтэй байсан бол одоо эх орныхоо хамгийн торгон шугам дээр үүрэг гүйцэтгэхээр ирж байна гэсэн утгаараа дайчдын сэтгэл санаа их өөдрөг байгаа шүү. Дээрээс нь өөрсдийнхөө арчилж хамгаалж, эзэмшиж байгаа зэвсэг техникээрээ буудах сонирхол асар их байгаа нь харагдаж байна.

-Та түрүүнд нэлээд өнө удаан жил хадгалсан техникүүдийг гаргаж ирлээ гэж байна. Цагаан морин жилийн хувьсгалаас хойш асаагаагүй гэсэн үг үү?

-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар өмнө нь сэргээн сайжруулах үйлчилгээний чиглэлээр тусгай комисс томилогдож, газар дээр нь хориод хоног ажиллаж, зэвсэг техникийг удаан хугацааны хадгалалтаас гаргаж, үүрэг гүйцэтгэх ажиллагаанд шат дараалалтай оруулж эхэлсэн. Техникийг асааж, бага зайнд марш үйлдэх явцад зарим хүндрэл үүсэх нь мэдээж. Юу гэвэл банкинд тоос шороо орсон, резин эдлэлүүд хадгалалтын явцад муудаж, жаахан халаахад зад үсэрч байна. Асаалтын систем, хөргөлтийн системийн резин эдлэлүүд цоорч байна. Явах эд ангийн тохиргоо ч учир дутагдалтай. Үндсэндээ 1997 онд нэг буудлага болж байсан юм. Түүнээс хойш хорин жил өнгөрчээ.

-Механик инженерүүдийг алтан гартай гэдэг. Тэд зэвсэг техникийг бэлэн байдалд оруулахад гаршсан улс байдаг биз дээ.

-Манайх автын засварын болон хуягтын засварын гэсэн хоёр бүлэгтэй энд хөл тавьсан. Энэ ангийн онцлогийг дээр хэлсэн. Мотобуудлагын тусгай хороо болсон гээд. Явган цэргийн байлдааны машин, хүнд, хөнгөн танк, бусад байлдааны нэгжүүд дээр ажиллах хүн хүч, мэргэжлийн орон тоогоор хомсхон байгаа. Тиймийн тулд өмнө бусад хээрийн сургуульд оролцож байсан дадлага, туршлагатай механик жолооч нар, засварчдыг хотоос татан авчирч эл хээрийн сургуульд оролцуулж байна. Эндэхийн орон тоон дээр байгаа механик жолооч нарыг дагалдуулаад сургах, дадлагажуулах, чадваржуулах чиглэлд маш анхаарч ажиллаж байна.

-Оросын бие бүрэлдэхүүн цогцоороо ирэх үү, зөвхөн хүн хүч нь ирэх үү?

-Зэвсэг техник, хүн хүчтэйгээ ирэлгүй яахав. ОХУ-аас мотобуудлагын батальонууд оролцоно. Хоёр томоохон цуваагаар орж ирэх юм.

-Хоёр орны хамтарсан хээрийн сургууль нь эрт цагийн уламжлалаа бодсон ч, дайчин нөхөрлөлийн цадиг түүхээ санасан ч сонин сайхан үйл явдал болох байх даа. Тэгээд ч аагим халуун Монголын говьд...

-Бидний дунд уламжлал болсон олон арга хэмжээ байдаг юм. Хоёр орны “Соёл урлагийн өдөрлөг”. Өөрөөр хэлбэл нэг бүтэн өдөр нөхөрсөг уралдаан тэмцээн, урлаг уран сайхны тоглолтууд зохион байгуулдаг. Ер нь уг сургуулийн зорилго нь хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох. Дээрээс нь бие бүрэлдэхүүнийг чадваржуулах, нэгтгэх асуудал юм. Тиймээс аль аль тал нь нэлээд сэтгэл тавьж ажилладаг. 

-Энэ жил байгаль дэлхий их сайхан байна. Говь нутагт ойрд үзэгдээгүй хар ногоон зун болж байна. Та нар газар лусаа аргадаж баясгав уу?

-Энэ жил Зүүнбаянд сайхан зун болж байна. Таанын үнэр хамар цоргиулж буйг та мэдэрч байна уу. Тэр Баруун ухааг хар даа. Тэр харагдаж байгаа Хонгилцав, Цагаан тээгийн бараа ямар байна даа. Гол үйл ажиллагаа маань энэ дунд л явагдана.

-Та нэлээд аяншсан дүртэй болсон байна. Орон гэрээсээ гараад удаж байна уу?

-Нэг их удаагүй. Найм л хонож байна.

-Орос цэргүүд маань хэзээ Баянгийн хүрээнд хөл тавих вэ?

-Яг долоо хоногийн дараа тэд буулаа.

-Ингэхэд өөрөө Орост цэргийн сургуульд суралцсан уу?

-Юу гэж, монголдоо цэргийн сургууль дүүргэсэн. 

-Та чинь ерөнхийдөө цэргийн бүх салбарыг дамжчихсан хүн юм аа даа?

-Би ерөнхий цэргийн мэдэх ёстой зүйлийг шат дараалан өөрийн болгох гэж чармайсан. Одоогоор энэ чиглэлээр ганцхан албан тушаалд л очоогүй байна. Тэр юу гэхээр хуучнаар Оператив тасгийн дарга, одоогийнхоор бол Мотобуудлагын хорооны Ажиллагааны удирдлагын тасгийн дарга.

-Зүүнбаяндаа ирэлгүй удсан хүн үү. Эсвэл байнга ирж буцдаг уу?

-Би чинь эндэхийн хүргэн. Манай гэр бүлийн хүн Зүүнбаянгийнх. Жилдээ дор хаяж нэг ирчихээд буцдаг. Хан Баянзүрх хайрхандаа очно, Өвөр баясгалант Хамарын хийд, хойд Шамбалдаа мөргөчихөөд буцдаг.

-Эх дэлхий маань уур амьсгалын өөрчлөлт, бусад хүчин зүйлсүүдээс шалтгаалан их өөрчлөгдөж байна шүү.

-Анх 1993 онд намайг ирж байхад энэ эргэн тойронд байгаа тууриуд чинь сургалтын төвүүд байлаа. Хайрханы наад талд 149, Артиллерийн төв буудлагын талбай, тухайн үеийн АА-ийн 132 дугаар анги, БТР-ийн хороо байсан. Наад талд нь 131 дүгээр анги, 138 дугаар ангийн буудлагын талбай, Танкийн хорооных... гээд л томоохон ажиллагаа явуулна.

-Гадаадаас нэг ёсны зочид ирж байна. Монгол нутгийнхаа үзэмжийг өөд татаж энэ балгасуудыг цэвэрлэж, ийш тийш нь хурааж зөөх үү. Энэ хэвээрээ байсан нь хээрийн сургуульд чимэг болох уу? 

-Дээр би өгүүлсэн. Хадгалах бааз байгаад мотобуудлагын хороо болсонтой холбогдоод энд сургалтын төв хэрэгтэй байна. Сургалтын төв  байна аа гэдэг нь бие бүрэлдэхүүнийг сургах, сурсан онолоо дадлагажуулахад асар хэрэг болдог зүйл. Эхний ээлжинд ОХУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль энд болно гэдэг энэ ангид юм үлдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл сургалтын анхан шатны материаллаг бааз тавигдана.  

-Орос цэргийн дарга нарыг та бүхэн хүлээн авахдаа говь нутгийн аяллын зам гаргасан уу?

-Бид энд нисдэг тэргээр буугаад, командын байрыг сонгоод, ерөнхий бодлогоо тодорхойлоод, дараа нь Хан Баянзүрх хайрхан дээр гаргасан. Зарим хүмүүст гойд сонин сэтгэгдэл төрж буй нь мэдрэгдсэн. Гадныхан Монголын говь гэж ийм сайхан юм байдаг юм байна. Говийн уул нь, ус нь, тал нь ийм байдаг юм байна. Ургамал нь ийм байдаг юм байна гэж байхад бид эрхгүй эх орноороо бахархах сэтгэл төрсөн. 

-Мөдхөн энд газар доргиж эхэлнэ. Зүүнбаянгийн цэргийн хүрээ сэргэх мэт болох байх даа.

-“Сэлэнгэ-2017” хамтарсан хээрийн сургуулийг үзэх хүсэлт орон нутгийн засаг захиргаанаас тавьж байгаа.

-Малчид, мотоциклтой улсууд та бүхнийг дурандаад л сууж байна даа. Тэр урд ухаа дээр байгаа улсыг хар аа.

-Тийм тийм. Сайншандаас хүмүүс сонирхож болох уу гэсэн хүсэлт тавьж байна. Бид наймдугаар сарын 30-нд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна. Тэнд хоёр улсын орчин үеийн зэвсэг  техникийн үзэсгэлэн нээх юм.

-Монголд байгаа гадаадын цэргийн атташе нар хүндэт зочноор морилох уу?

-Одоогийн байдлаар дээрээс тийм шийд алга байна. Дээд удирдлагын байгууллагаас тодорхой тооны хүн ирнэ. Мөн УИХ, бусад байнгын хорооны гишүүд ирж үзэх сонирхол ихтэй байгаа юм билээ. Орон нутгаас УИХ-д нэр дэвшсэн гишүүд, бусад дэмжигч хүмүүс ирж үзэх сонирхолтой байгаа гэдгээ анхан шатанд илэрхийлчихээд байна.  

-Гал дүрэлзсэн залуус хуягт тээвэрлэгч, танкийг олисхийлгээд, нүргэлүүлэн хөдөлж байхад сэтгэл огших уу?

-Цэргийн хүн зэвсэг техникээ хараад огшилгүй яахав. Монгол хүн морио хараад яадаг билээ.

-Ерөнхийдөө 20 жил сэрэлгүй хэвтсэн зарим техникийг манай инженерүүд гүн нойрноос нь сэрээсэн гэхээр сайхан байна.

-Манай инженерүүд үнэхээр “Алтан гартай”.  Өнөөдөр нэг танк жолоодлогын явцад зогсоход тэр нь тийм байна гээд оношилж чадаж байна гэдэг чинь тэр хүний мэдрэмж, оюун ухаан, толгойд байгаа эрдэм нь гарт нь орсон байна аа л гэсэн үг. Нүдээр үзэхэд тийм л байна. Өчигдрийн байдлаар, БМП явж байгаад зогссон. Тэгэхэд манай нэг залуу юу ч гэлээ эд ангийн нэрийг хэлсэн. Би санахгүй байна. Засахад ганц отвёрк байхад болгочихмоор байна гэсэн. Тэгээд би машинаасаа отвёрк гаргаж өгөхөд нөгөө эд ангийг гаргаж ирээд хоёр үлээгээд л буцаагаад хийхэд БМП нь асчихаж байгаа юм. Тэгэхээр манай механик инженерүүдийн оюун ухаан, алтан гар энд шингэж, техникүүд нь хөдлөөд явж байгаа юм.

-Сургуулилт л юм чинь болзошгүй аюул, осол эсвэл инээдтэй хөгтэй тохиолдол гарав уу?

-Энд бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр өдөр болгон сануулж, өглөө болгон машин техниктэй харьцаж байгаа хүнд уншуулж байгаа. Хүн юм чинь тодорхой хэмжээний, өөрийн болгоомжгүй үйлдлээс хэрэг зөрчил гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар найм хоног бид зэвсэг техниктэй нэлээд ноцолдлоо. Одоогоор тийм юм гараагүй.

-Олон эрс цугларсан газар онигооноос авахуулаад юм юм л ургана даа.

-Одоохондоо тийм юм гараагүй л байна. Мэр сэр инээдтэй юм гарсан сураг байсан. Гэхдээ нүдээр үзээгүй болохоор хэлж мэдэхгүй нь.

-Мартсанаас, Чойрт нэг танкийг унахааргүй тэгш газар онхолдуулж дэлхийд байхгүй сонин явдал болсон гэж нэг хэсэг сэтгүүлчид шуугисан. Тэр тухай та дурсаач. 

-Тал газар ч юу байхав. Маш хурдтай явж байгаад хажуу тийш гэнэт эргэлт хийчихсэн юм билээ. Баянталын хээрийн нисэх буудлын талбай гэж байдаг юм. Тэнд гэсэн. Маш ховор тохиолдол  юм гэнэ билээ. Онигоо ч юм уу, юу ч юм, сүүлд нь хүмүүс ярьж байхыг сонссон. Оросууд “Монголчууд танк унагаачихлаа. Бид энэ дээр нэгийг анхаарах ёстой юм байна” гэсэн явган яриа байдаг л юм билээ.

-За тийм байж, та энэ эгшинд “Соёмбо” сониноор дамжуулаад өөр юу хэлмээр санагдаж байна?

-Энэ сургуулийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж байгаа ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, дээрээс нь энэ сургуульд анх удаа оролцож байгаа цэрэг дайчдынхаа тухай бодохоор сэтгэл их хангалуун байна. Мөн энэ сургуульд хамтран оролцож байгаа ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн энд хөл тавихад сэтгэл бүр ч огших байх. Сая бид төлөвлөлтийнхөө хурлыг хийгээд энд буулаа. Тэд Монгол нутгийн ийм орчин, ийм өвөрмөц байгалийн тогтцыг хараад юм юм л бодогдоно доо. ОХУ-д маань говь гэж байхгүй. Би монгол хүний хувьд сайхан говь нутгаараа бахархдаг. Тэр хойшоо Данзанравжаагийн хайрхан уулыг хар. Зангирч дүнсийгээд л, бид бүхнийг ширтэж байна.

-Баярлалаа, нөхөр хурандаа. Танд цэргийн хэргийн амжилт хүсье!

2017.08.19 /Зүүнбаян. Цагаан тээг

Хөөрөлдсөн:

Авгаржин Жа.БАЯРАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017