МОНГОЛ ДАЙЧИД ЭНХИЙГ САХИУЛАХААР МОРДОНО

2017 оны 09 сарын 01

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VII ээлжийн мотобуудлагын батальон, Судан Улсын “Дарфур” мужид явагдаж буй “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 28-нд боллоо. Арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, командлалууд,  ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдлага болон бусад албаны хүмүүс, үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Цэргийн багуудын алба хаагчид ЗХЖШ-ын даргын тушаалаар өнгөрсөн зургаадугаар дугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн тус төвийн сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй хамтран ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтад хамрагдсан. Энэ удаагийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн үеэр “Хааны эрэлд-2017” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуультай уялдуулж БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн VII ээлжийн батальоноос нэг мотобуудлагын рот АНУ-ын нэг салаатай хамтран ротын хээрийн сургуулийг зохион байгуулж, бие бүрэлдэхүүний бие дааж үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг дээшлүүлсэн сургалт явагдсан нь онцлог байсан юм. Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Монгол Улсын Зэвсэгт хүчин 2005 онд НҮБ-д албан ёсоор цэрэг хандивлан Африкийн Сьерра-Леон улсад цэргийн баг илгээснээс хойш энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.  Энэ хугацаанд  үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд Монгол цэргийг дахин таниулж өдгөө НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Та бүхнийг  Монголын ард түмэн бахархал болгон дээдэлж, хүндэтгэж явдгийг энэ өдөр зориуд хэлмээр байна. Өмнөх багуудын амжилтыг буухиалж, үүргээ нэр төртэй биелүүлээд ирээрэй” гэсэн юм.

Одоогийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих зургаан ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагч, цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч, штабын офицероор үүргээ амжилттай гүйцэтгэж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017