ГОВЬ ЦӨЛИЙН БҮС ДЭХ ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ӨНДӨРЛӨВ

2017 оны 09 сарын 08

     “Сэлэнгэ-2017” байлдааны буудлагатай тактикийн хээрийн  сургууль тавигдсан  үүргээ амжилттай биелүүллээ. Хуурай замын цэргийн төрөл мэргэжлийн анги, салбаруудаас томилогдсон бие бүрэлдэхүүн, бусад хангалтын нэгжүүд харилцан ажиллаж, улмаар сургуулийн даргалах бүрэлдэхүүний удирдах арга барил, бие бүрэлдэхүүний ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлд нөлөөлж чадсан үр дүнтэй сургууль боллоо. Орчин үед учирч болзошгүй цэргийн үйл ажиллагааны бодит байдалд ойртуулж, боловсруулсан бодлого төлөвлөгөөтэй, гурван үе шаттай, хоёр улсын хамтарсан хээрийн сургууль хоёр орны цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр үүрэг гүйцэтгэх чадварыг шалгасан говь, хээрийн бүсэд явагдсанаараа онцлог юм. Хамтарсан сургуульд монголын талаас 600 орчим цэргийн алба хаагч хамрагдсан бөгөөд дийлэнх хувь нь “Сэлэнгэ” сургуульд оролцож байсан туршлагатай. Түүнээс гадна 18-35 насны залуус нийт бие бүрэлдэхүүний 80-аас дээш хувийг эзэлж байгаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний боловсон хүчин тодорхой хэмжээгээр туршлагажиж байгааг харуулна. Тэртээ 40 жилийн өмнө Монгол, Оросын хамтарсан “Говь-77” хээрийн сургууль  энэ нутагт болж байсныг нутгийн иргэд бахархан дурсч, энэ удаагийн сургуульд амжилт хүсч байсан юм.  “Сэлэнгэ-2017” хээрийн сургууль наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын зургааны өдөр хүртэл явагдаж хаалтаа хийлээ.  Сургуулийн хаалтын ажиллагаанд БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ОХУ-ын Зэвсэгт хүчний  Дорнод цэргийн тойргийн командлагчийн I орлогч, штабын дарга, дэслэгч генерал Александр Юрьевич  Чайко, ОХУ-ын Цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа Геннадий Михайлович  Сулимук, БНХАУ-аас Монгол Улсад суугаа цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юу Хай нар болон албаны бусад хүмүүс  оролцож хээрийн сургуульд оролцсон хоёр орны цэргийн алба хаагчдад шагнал гардуулж, хамтарсан сургуулийн тугийг буулгалаа. 

ДАЙН ГЭЖ ЯМАР АЙМШИГТАЙ ЗҮЙЛ ВЭ ГЭДГИЙГ ХАМАР ЦОРГИХ ДАРИЙН УТАА МЭДРҮҮЛНЭ

     “Сэлэнгэ-2017” хамтарсан хээрийн сургуульд оролцох ОХУ-ын цэргийн алба хаагчид Зүүнбаян өртөөнд дөрөө мултлахад хамтарсан сургуулийн монгол талын удирдах бүрэлдэхүүн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн цоглог аятай угтсан юм. Энэ үеэр нутгийн ард иргэд үндэсний дээл хувцсаараа гоёж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, цагаан идээ барьж  зочиддоо хүндэтгэл үзүүлсэн. Алсын замд алжаасан тэднийг Зүүнбаян өртөөнөөс саахалт айлын зайтай орших Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хээрийн байрлалд хүргэж ирэв. Цэргийн хээрийн байрлалыг сайтар тохижуулсанд  ОХУ-ын цэргийн алба хаагчид сэтгэл хангалуун байлаа. Бага хэмжээний шуудуу татаж бүсчилсэн хээрийн байрлал хоёр шалган нэвтрүүлэх цэгтэй.  Цэргийн цагдаагийн бүлэг 24 цагаар үүрэг гүйцэтгэж, гарч байгаа хөдөлгөөн бүрт хяналт тавих нь хэн дуртай нь нэвтрээд орчихдог газар биш гэдгийг сануулна.  

     Монгол, ОХУ-ын  цэргийн алба хаагчдаас гадна энгийн ажилчдаар хүч нэмсэн цэргийн хотхонд үндсэндээ 1200 гаруй хүн сарын хугацаанд буюу сургууль дуустал байрлав. Тэд ч  байх ёстой газартаа, хийх ёстой ажлаа л хийнэ. Дор бүрнээ зүтгэл гарган ажиллаж байгаа тэднийг харсан хэн бүхэн зүүрмэглэж, зүгээр суухаас ичнэ.

     Хээрийн байрлалд 60 гаруй цэргийн ногоон асар шугамдсан мэт цэгцтэй баригдаж эргэн тойрон бүртийх хоггүй цэвэрхэн харагдана. Хоёр улсын цэргийн алба хаагчдын амрах байр жагсаалын талбайгаар зааглагдана.

     Ургах нарнаас жаргах наран хүртэл жагсаалын талбайн индэрт хоёр орны төрийн далбаа мандах бөгөөд найрамдалт харилцааг илэрхийлсэн хамтарсан сургуулийн далбаа  говийн салхинд долгиолон намирна.

     Эртлэн сэрэх хоёр орны цэргийн алба хаагчид хамтарсан сургуулийн нэгдсэн дадлага хийхээр хүчит мотор хүнгэнүүлж, хөх униар татуулсан тус тусын явган цэргийн байлдааны машинуудад сууна. Хоёр орны техникийн хувьд харилцан адилгүй ч түүнийг эзэмших ур чадварын хувьд ах нараас хол хоцрохгүй  манайхан 10 шахам км хол зайд байрлах галт байрыг зорино. Тэнгэр баганадсан тоос татуулан яваа тэрхүү цувааг харахад аварга могой мурилзан явах мэт сүртэй.

     Галт байранд хэд хэдэн удаа хамтарсан дадлага хийж, алдаа оноогоо ярилцсан. Хамтарсан сургууль бол бие бүрэлдэхүүнээс асар их бэлтгэл, дадлага хөлс хүчийг шаарддаг.  

     “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг олон хоног нойр хоолоо хасч, хүч хөдөлмөрөө зориулсан цэргийн алба хаагчдын төгсгөлийн шатны байлдааны буудлагатай сургуулилалт, хаяанд ирж дүн тавиулах цаг боллоо. 

     Галт байранд ЯЦБМ-ууд тус тусын цээл рүү гал явуулахад бэлэн байрлажээ. “Улсын хил орчмын говь, тал хээрийн бүсэд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаар хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэл явуулах” сэдвийн хүрээнд үзүүлэх сургууль, улаан дохиот пуужингаар эхэлж “Шуурга” командаар тус тусын цээл рүү гал нээлээ. Цэргүүдийн уухайн түрлэг тактиклан давшихыг харсан хүн бүр өөрийн эрхгүй огшино. Үндсэндээ 70 орчим минут үргэлжлэх байлдааны буудлагатай тактикийг үзүүлэх сургууль төлөвлөгөөний дагуу явагдаж байлаа.

     Дайсан хэмээн босгосон байнууд хэдхэн минутын дотор ёстой л будаа болох нь тэр. Командын байрнаас сургууль дууссаныг илтгэх цагаан пуужин хөөргөж, “Гал зогсоо” команд бүх холбоогоор цацагдлаа. Буудлагын талбайд хар утаа суунаглаж, галт сумаар завсаргүй довтолгосон танк, БТР, БМП үүргээ гүйцэтгэлээ гэсэн шиг улайсам гол төмрөөсөө хөх утаа хаялан зогслоо. Энэ дүр зураг, хамар цоргим дарийн утаа нь дайн гэж ямар аймшигтай зүйл вэ гэдгийг  мэдрүүлнэ.

     Афганистан, Ирак, Сири зэрэг байнгын буун дуу нижигнэсэн улсын ард иргэдийн өмсч яваа хувцсанд нь хүртэл дарийн утааны үнэр шингэсэн байдаг гэж бодохлоор ийм сайхан амар амгалангийн эх болсон монголд төрснөө их хувь заяа гэж бид эрхгүй бахархана. Говийн хэдэн манхан ч ах, дүү улсын цэргийн алба хаагчдын хөлд олон жилийн дараа хэсэгхэн ч гэсэн дарагдахыг хүссэн мэт  нүүр, нүдгүй элсэн шуурга, хурц нараар төөнөхөө хойш тавьж, биднийг ивгээсэн юм.

     “Сэлэнгэ-2017” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлэхэд цэргийн алба хаагчдаас гадна цаг наргүй зүтгэсэн тогооч, үйлчлэгч болон цэргийн алба хаагчдын хань ижил, үр хүүхдүүд ч “Онц” дүн авах эрхтэй.

 БЭСРЭГ НААДМААР УЛСАА СУРТАЛЧИЛАВ

     Сургуулийн бие бүрэлдэхүүн байрлаж байгаа цэргийн хуаранд эрээн хээтэй хөх асрууд баригджээ. Төв асрын баруун урдхан талд Монгол Улсын төрийн далбааг  байрлуулж,  уртын дуу чанга яригчаар цангинаж эхэллээ.  “Наадам эхлэх гэж байна” гэж цэргийн алба хаагчид зассан талбайг чиглэн гүйлдэнэ. Зүүнбаянгийнхан ч аль хэдийнэ наадмын талбайг эзлэн суужээ. Харин ОХУ-ын цэргийн зарим алба хаагч юу гээч болох гээд байгааг төдийлэн ойлгоогүй ч сонирхон зогсоно. Хөх асруудад “Шагайн харваа”-ны тэмцээн явагдаж Орос, Монгол цөм уухайлан дэмжиж байх зуур  хүчит 32 бөхийн  барилдаан эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд хүч  үзэхээр ОХУ-ын цөөн хэдэн цэргийн алба хаагчид зодог,  шуудаг өмсөж барилдах гэж байгаа нь эв дүй муутайхан харагдах. Залуу бөхчүүд шийдсэн мэхээ хийж, барилдаан ч үзүүштэй болж байлаа. Нутгийн уяачид хурдан соёолон насны морьдоо уралдуулахаар ирж наадмын талбайг нар зөв тойрч гараа руу явлаа. ОХУ-ын цэргийн алба хаагчдын сонирхлыг үндэсний сурын харваа ихэд татаж, харваж үзэх гэсэн нөхөд урт дараалал үүсгэжээ. Удалгүй хурдан соёолон гарааны зурхай руу тоос татуулан давхин ирж байгааг харсан монгол цэргийн алба хаагчид аргагүй л моринд хайртай ард түмэн гэдгээ нотлох мэт хурайлна. Хурдан соёолонг унаж хурдлуулсан бага насны хүүхдүүдийн эр зориг, хатуужлыг ОХУ-ын цэргийн алба хаагчид гайхан магтаж байв. Үндэсний хэмээх тодотголтой бэсрэг наадам ч хурсан олныг баясгаж, ОХУ-ын цэргийн алба хаагчдад монгол орноо сурталчилсан сайхан өдөрлөг говийн нэг өдрийн хугасыг ард үлдээсэн юм.

АХМАД УРАН БҮТЭЭЛЧИД  “БУТ” АВАВ

     Нэгэн үед Монгол Улсын Зэвсэгт хүчний соёл урлагийг өөрсдийн өнгө төрх, авьяас, чадвараараа тодорхойлж явсан ахмад уран бүтээлчид нэгдэж Цэргийн “Алдар” чуулгынхан хэмээх нэрэн дор уран бүтээлээ туурвиж байна. Ахмад уран бүтээлчид маань цэрэг хаана байна бид тэнд тоглох болно хэмээн алсын замд алжааж ядрахаа ч мэдэхгүй Дорноговь аймгийн Зүүнбаян тосгонд “Сэлэнгэ-2017” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнд урлагийн тоглолтоо сонирхууллаа. Ахмад уран бүтээлчид маань 60-75 насныхан хэдий ч яг л залуу насандаа дуулж, бүжиглэж байсан тэр эрч хүчээр тоглолтоо сонирхуулж бут авлаа. Монгол, ОХУ-ын цэргийн алба хаагчдыг мэл гайхуулсан уг тоглолтыг үзэж байсан цэргийн алба хаагчид нижигнэсэн алга ташилтаар уран бүтээлчиддээ урам хайрласан юм.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017