ТЭМЦЭЭНИЙГ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЯАЖ ЗОХИОН БАЙГУУЛАХ БИЛЭЭ

2017 оны 09 сарын 15

Дэлхийн цэргийн спортын холбооны “Зүүн Азийн орнуудын жүдо бөхийн аварга” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багийн амжилтаар алтан медаль хүртсэн ОХУ-ын баг тамирчдын ахлах дасгалжуулагч,  хошууч А.Е.ПОДДУБНЬЕ

 

Монгол Улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Анх удаа Монгол Улсад ирж байна. Бидний хувьд цаг агаар маш тохиромжтой сайхан байлаа. Улаанбаатар хотод үе үе зөөлөн бороо орж  хот тэр аяараа борооны усанд өнгөө нэмсэн харагдана. Тэмцээн гээд Улаанбаатар хоттой төдийлөн танилцаж амжаагүй л байна. Зав гарвал хэд хэдэн газраар явж сонирхох, худалдаа хийх  бодолтой байгаа.

Жишээлбэл юу худалдаж авах вэ?

-Бидэнд Монголын Үндэсний баяр болох наадмыг сонирхуулсан. Энэ үеэр их зүйлийг мэдэж, харж авсан. Жишээлбэл, үндэсний сур сонирхолтой санагдсан. Үндэсний гэх тодотголтой дурсгал болгоод аваад явах олон зүйл дэлгүүрээр байгаа байх. Тэдгээрээс авч явах мөн тэмцээний бэлгэдэл болсон мазаалай баавгайн чихмэлүүдээс гэр бүлийнхэндээ зориулан авна.

Мазаалай баавгайн талаар та хэр сайн мэдэх вэ?

-Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц төрлийн баавгай бөгөөд зөвхөн монголд л амьдардаг онцлогтой. Мaзаалай нь байгалиас заяасан тоогоороо маш цөөн, түүн дээр байгаль, цаг уурын хүнд нөхцөл, ус болон хоол тэжээлийн хомсдол, хүний зохисгүй үйл ажиллагаа зэрэгт өртөж мөхлийн ирмэгт тулаад байна.

Тэмцээний зохион байгуулалт болон явцын талаар Таны бодол?

-Тэмцээнийг үүнээс илүү яаж зохион байгуулах билээ. Биднийг монголд ирсэн тэр цаг мөчөөс эхлээд л маш сайн зохион байгуулж байна.  Тиймээс  зохион байгуулагчдад нийт тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Уг тэмцээн спортоор өрсөлдөхийн зэрэгцээ нөхөрлөлийг бий болгосон агуулга ихтэй маш сайхан болсон.

Багаараа алтан медаль хүртлээ шүү дээ...

-Бид энэ тэмцээнд өндөр амжилт гаргаж алтан медаль авна гэж нэг их найдлага тавиагүй.

Яагаад тэр вэ? тэмцээн уралдаанд аль болох л түрүүлнэ гэж оролцдог биз дээ?

-Манай тамирчид маш сайн хичээсний үр дүнд алтан медалийг энгэртээ гялалзууллаа. Тамирчин хүн өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Азиуд тэр дундаа монгол жүдочид энэ төрлөөр өндөр амжилт гаргадаг.  Бидний гол өрсөлдөгчид бол монголын тамирчид байсан. Тэднийг ялж медаль хүртсэн тамирчдаараа бахархаж байна.

Таны хувьд энэ спортоор өндөр амжилт гаргахад монголчуудад юу нөлөөлдөг гэж бодож байна?

-Тамирчин хүнд байх  тэсвэр хатуужил монголчуудад илүү байдаг гэж боддог. Энэ нь газар нутгийн онцлогоос гадна бие бялдрын өв тэгш байдал, хэрэглэж байгаа хоол хүнстэй нь  шууд холбоотой гэж тайлбарлана.Та бүхний өмнө амжилт үргэлж байгаа. Орос, Монгол хоёр улсын ард түмэн бөхөд хайртай. Олон улсын дэвжээнд ч танай орны бөхчүүд манайхны хамгийн гол өрсөлдөгчид байдаг. Энэ удаа ч нотлон харууллаа.  Монгол Улсад хөл тавьсан мөчөөс явах хүртэл надад үнэхээр сайхан байлаа. Зүүн Азийн орнуудын харилцаа төдийлэн сайн байж чадахгүй байгаа энэ цагт монгол орон тэднийг эх нутагтаа цуглуулж, спортын дэвжээнд эв найрамдал бэлэглэсэнд талархаж байна. “Алдар” спорт хорооны баг, тамирчиддаа амжилт хүсье.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017