ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ ӨӨРӨӨ ИРГЭН РҮҮ ЧИГЛЭСЭН ХУУЛЬ

2017 оны 09 сарын 15

МҮОНРТ-ийн “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам,  Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцлоо. Тэд “Батлан хамгаалах салбар өнөөдөр” сэдвийн хүрээнд сэтгүүлч Б.Бямбацэцэгтэй ярилцсан юм. Ярилцлагыг товчлон хүргэе.

2016 онд батлан хамгаалахын багц хууль шинэчлэн батлагдснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байх гэж харж байна. Гэхдээ гол асуудал руу орохоос өмнө батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх ямар шаардлага байв гэдгээр ярилцлагаа эхлүүлье?

Ц.ДАШЗЭВЭГ:

-Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн орчин 1992 оноос буюу ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдах үед бүрдсэн. Үндсэндээ 1992-1996 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд батлан хамгаалах бодлогыг зохицуулсан хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Яах вэ, тэрнээс хойш бага зэргийн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Гэсэн ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засаг ихээхэн өөрчлөгдсөн учраас үүнийг дагаад салбарын багц хуулийг шинэчлэн найруулах шаардлага ургаж гарсан.

Та нэг тодорхой жишээ хэлэх үү. Ямар хуулийн ямар заалт энэ цагийн шаардлагыг хангахгүй байсан гэж?

-Олон жишээ хэлж болно. Шинэчлэн найруулсан учраас  ганц, хоёр нэмэлт өөрчлөлт оруулсан юм шиг хэлж болохгүй байна. Олон өөрчлөлт бий. Тухайлбал, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог өмнөх хуулиудад тодорхой тусгаагүй байсан бол шинэчлэн батлагдсан хуулиудад энэ асуудлыг тодорхойлж өгсөн.  Энэ бол маш чухал. Батлан хамгаалах тогтолцооны үндэс нь нэгдүгээрт төр, захиргаа, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт байна. Хоёрдугаарт, мэргэшсэн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин байх бол гуравдугаарт, нэгдмэл удирдлага төлөвлөлт бүхий дайчилгаа байна гэж тодорхойлсон. Энэ нь цоо шинэ ойлголт.   Хөгжингүй эсвэл хүчирхэг Зэвсэгт хүчинтэй орнуудад мөн адил гурван үндэс байдаг юм билээ. Жишээлбэл, Зэвсэгт хүчин, цэрэг аж үйлдвэрийн цогцолбор, цэргийн шинжлэх ухаан гурвыг тулгуур үндэс гэж үздэг. Манай улс хөрөнгө санхүүгээс эхлээд ийм байх боломж одоохондоо байхгүй учраас өөрийн хөрсөн дээр тааруулж  орон нутгийн хамгаалалт, Зэвсэгт хүчин, дайчилгаа гурвыг батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болгон буулгасан хэрэг л дээ.  Мань мэтийн судлаачдын дүгнэснээр энэ нь батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулуу юм.

Улс орны хамгийн чухал салбарын хуулийн тогтолцоог ярьж байгаа учраас иргэдэд сонирхолтой байгаа гэдэгт итгэж байна. Монгол Улс оршин тогтнохын үндсэн суурь нь Зэвсэгт хүчин өөрөө байдаг. Энэ утгаараа батлан хамгаалах салбар хууль, эрх зүйн сайн орчинтой байж улс орны  оршин тогтнохын баталгаа болно?

Г.САЙХАНБАЯР:

-1990 он буюу нийгмийн шинэ тогтолцоонд шилжих үед батлан хамгаалах салбар хууль эрх зүйн шинэчлэлээ бусад салбаруудаас түрүүлж хийсэн. Хамгийн эхний хууль гэхэд 25 орчим жил мөрдөгдсөн байна. Аливаа хууль амьдралд туршигдаж, ашиглагдаж байж улам боловсронгуй болдог жамтай. Энэ ч утгаараа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль  анх батлагдсанаас хойш 20 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуульд 16,  Батлан хамгаалах тухай хуульд  зургаа, Зэвсэгт хүчний тухай хуульд таван удаа нэмэлт,  өөрчлөлт оруулсан байна.  Дэлхий нийтийн аюулгүй байдал, зэвсэгт мөргөлдөөний шинж чанар, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болоод глобалчлал, аюул заналын төрөлтэй холбогдуулан өөрчлөлт оруулсан гэсэн үг.  Бид 20 жилийн өмнө мэргэжлийн чиг хандлагатай өөрийгөө хамгаалах үүрэг бүхий  Зэвсэгт хүчин байгуулна гэж зорьж байсан бол өдгөө энэ зорилтоо бүрэн биелүүлсэн байна. Өнөөдөр манай Зэвсэгт хүчний 60 гаруй хувийг мэргэжлийн бүрэлдэхүүн эзэлж байгаа. Нэгэнт 20 жилийн өмнөх зорилтоо биелүүлсэн учраас шинэ хуулиараа мэргэшсэн бие бүрэлдэхүүнтэй, мэргэшсэн Зэвсэгт хүчинтэй байна гэж тодорхойлсон. Цомхон, чадварлаг гэдгийг бодлогын түвшинд авч үзэж байх  жишээтэй. Мэдээж шинэчлэн батлагдсан хуулиудыг олон улсын бусад орны цэргийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэхийн тулд удаан хугацаанд тооцоо судалгаа хийсэн.  Бүр тодруулж хэлбэл,  2006 оноос хойш 10 гаруй жилийн туршид Батлан хамгаалах яам, цэргийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид  ажилласан.

 

Шинэ хуулиар батлан хамгаалах салбарын тогтолцоог шинэчилж чадсан нь хамгийн том алхам гэж Ц.Дашзэвэг та яриандаа онцоллоо. Тогтолцоог шинэчилсэн талаар дэлгэрүүлж яриач?

Ц.ДАШЗЭВЭГ:

-Манай салбарын өмнөх хуульд батлан хамгаалах тогтолцоо гэдгийг  батлан хамгаалах зорилго бүхий улс төр, нийгэм, эдийн засаг,  эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ юм тодорхойлсон.  Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо юу вэ гэхээр түүгээр ойлгоно.  Харин шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах тухай хуулиар батлан хамгаалах тогтолцоог орон нутгийн хамгаалалтаас, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнээс, нягт төлөвлөсөн нэгдмэл удирдлага бүхий дайчилгаанаас бүрдэнэ гэж зааж өгсөн. Энэ бол  том амжилт, том алхам.  Бид бүхэн энэ том ажлын ард гарлаа гээд зүгээр суусангүй.  Батлан хамгаалах яам энэ жилдээ багтаж Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. 1996 онд батлагдсан Дайчилгааны тухай хуульд нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбогдуулаад нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Энэ өөрчлөлтүүдийг нэг мөр хийвэл иргэний нийгэм, цэргийнхэнд батлан хамгаалах тогтолцоо  улам тодорхой болно.

Г.САЙХАНБАЯР:

-Батлан хамгаалахын багц хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулаад манай төдийгүй бусад салбарын дагалдах 31 хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Манай салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа өөр салбарын олон хууль бий. Цаашдаа энэ бүх хуулийг шинэчлэн батлагдсан багц хуулиудтай нийцүүлэх арга хэмжээг авах ёстой. Хоёрдугаарт, зайлшгүй ярих ёстой зүйл 1998 онд УИХ-аар батлагдсан Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийн тухай юм. Энэхүү баримт бичгийг УИХ-аар 1998 онд буюу салбарын хуулиудаас  хожуу батлан гаргасан байдаг.  Ингэснээр хуулиудын харилцан холбоо, үйлчлэлийн хүрээг эргэж харах шаардлага байнга гарч байсан. Харин 2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн батлагдсаны дараа буюу 2016 онд энэ баримт бичигтэйгээ нийцүүлэн бусад суурь хуулиудаа багцаар нь оруулж батлуулсан нь онцлог  байгаа.

Батлан хамгаалахын гадаад харилцаа жилээс жилд өргөжин тэлж байна. Дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн ээлтэй үйл ажиллагаа явуулахад тэргүүлэх байр суурь эзэлдэг гэж сонссон. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлаас онцолбол?

Ч.СОСОРБАРАМ:

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан хоёр хөрштэйгээ тэргүүлэх, тэнцвэртэй харилцаа тогтоох, гурав дахь хөрштэй хамтран ажиллах гэсэн үзэл баримтлал нь батлан хамгаалах салбарт амжилттай хэрэгжиж байна. Бид улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах нэр хүндийг гадаадад өргөх, дэлхий дахины төдийгүй бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, цэргийн шинэчлэлийг гадаадын тусламж дэмжлэгээр тэтгэхэд манай салбарын гадаад хамтын ажиллагаа чиглэж байна. Энэ чиглэлээр олсон амжилт гэвэл их бий. Ялангуяа, Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд гадаадын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалтыг хэрхэн зохион байгуулав  гэдгээс тодорхой харагдана.  Өнөөдөр манай Зэвсэгт хүчний нэр хүнд олон улсад өндөр байна. Өндөр байгаа учраас төр, засгаас  улс төр, дипломатын аргыг батлан хамгаалах аюулгүй байдлаа хангах гол арга хэрэгсэл болгоход анхаарч байна. Мэдээж Зэвсэгт хүчний удирдлага, цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэснээр энэ нэр хүндийг олж авч байгаа. Үүний үр шимээр манай гадаад хамтын ажиллагаа  өргөн хүрээнд гарч ирсэн.

БХЯ гадаад орнуудын батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй харилцан хамтран ажиллаж байна. Гэхдээ тэдгээр орнуудтай  харилцахдаа хүрч болох хэм хэмжээ, хүрч болохгүй хэм хэмжээ гэж байдаг болов уу?

-Сонирхолтой асуулт байна. Ямар улстай аль хүртэл харилцдаг вэ гэж асууж байх шиг байна. Гэхдээ бид дипломат аргыг баримтлан хоёр хөрштэй тэнцвэртэй, бусад орнуудтай харилцан хамтран ажиллаж байгаа гэж түрүүн хэлсэн. Тухайлбал, ОХУ-тай цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж байгаа бол БНХАУ-тай мөн адилхан энэ сэдвээр харилцана.  Монгол шиг энхтайванч улс аль ч оронтой цэргийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан хамтран ажиллах бололцоотой.

Ямар нэгэн хил хязгаар байдаггүй гэж ойлголоо. Зөвхөн зохистой харилцааг хамтын ажиллагаандаа баримтлах ёстой юм байна. Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатараас асуух асуулт байна. Монгол Улсын хууль бүрийг иргэн дагаж мөрддөг. Тэгвэл багц хуульд иргэн рүү чиглэсэн ямар зүйл заалт байгаа бол?

Ж.БОЛДБААТАР:

-Үндсэн хуульд Монгол Улсын бүх эрэгтэй хүн хугацаат цэргийн алба хаана гэсэн заалттай.  Нөгөө талдаа 1993 онд Иргэний цэргийн үүрэг болон цэргийн алба хаагчдын эрхзүйн байдлын тухай хууль гэж батлагдсан. Цэргийн алба хаагч болон иргэний  хуулиар хүлээсэн үүргийг нэг хуулиар зохицуулж байсан. Тэгвэл 2016 онд энэ хууль нь Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж хоёр салсан. Мэдээж энэ нь асар их ач холбогдолтой, хэрэгцээ шаардлага нь ч тийм байсан. 

Өнгөрсөн хугацаанд иргэдтэй ажиллаж, тэдэнд хууль сурталчилж байхад гурван зүйл ажиглагдсан.  Нэгдүгээрт,  хуулийн хэм хэмжээг орон даяар тогтоож өгч байна. Хоёрдугаарт, иргэдийн хуулиа биелүүлэх үүрэг, хариуцлагыг албажуулж өгч байна. Гуравдугаарт, хуулийн хэм хэмжээнд тогтоож өгсөн зарим зүйлийг журмаар хэрэгжүүлж байна.   Иргэд батлан хамгаалахын багц хууль гэж яриад байгаа болохоор цэргийнхэнд хамаатай гэж ойлгож магадгүй. Тэгвэл Цэргийн албаны тухай хууль өөрөө иргэн рүүгээ чиглэгдэж гарсан хууль.  Энэ талаар цөөхөн жишээ дурьдая. Хуучин цагт хугацаат цэргийн албыг зөвхөн биеэр хаахаар заасан байдаг бол шинэчлэн батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар цэргийн албыг таван хэлбэрээр хааж болно.  Тухайлбал, өөрийн биеэр, дүйцүүлэх хэлбэрээр, гэрээт цэргээр, оюутан цэргээр, мөнгөн хэлбэрээр хаах гэсэн таван төрөлтэй.  Төр, засгаас иргэнд таван хэлбэрээр сонголт бий болгож байгаараа онцлог юм.

Хугацаат цэрэг, оюутан цэргийг иргэд байнга сонирхож, анхаарлаа хандуулж байдаг. Тухайлбал, оюутан цэрэг гэхэд дээд боловсрол эзэмших явцыг нь тасалдуулахгүйгээр алба хаах боломжийг давхар олгож байгаа талаар ярихгүй юу?

-Монгол Улсын Үндсэн хууль бол заавал биелүүлэх эрхзүйн чадамжтай. Цэргийн алба хаавал тухайн хүнд ямар боломж нээгдэх, ямар боломж хаагдах вэ гэдгийг хуулиараа  баталгаажуулан өгсөн. Төрийн албаны тухай хуульд 1990 оны зургаадугаар сарын наймнаас хойш төрсөн эрэгтэйчүүд цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд ажилд орох боломж нь хязгаарлагдана. Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас хугацаат цэргийн алба хаасан залуусын ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэх, очиход нь ажлын байраар хангахад анхаарч байна. Оюутан цэргийн тухайд дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ. Анх хөтөлбөр байсан бол одоо сургалт болон өргөжсөн гэдгийг та бүхэн мэдэх байх.

Батлан хамгаалахын багц хууль шинэчлэн батлагдснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийв, хуулийн үр шимийг хүртэгсэд хэр байна?

Г.САЙХАНБАЯР:

-Хуулийн үйлчлэлийн хүрээнд хэрэгжилт ямар байв гэдэг өөрөө өргөн агуулгатай ойлголт.  Нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Батлан хамгаалахын багц хууль шинэчлэн батлагдсан гэхээр иргэд огт хуульгүй орчин байсан эсвэл маш муу хууль байсан гэж ойлгож магадгүй. Тэгвэл тийм биш. Түүхийн шалгуураа давсан, үүргээ амжилттай гүйцэтгэсэн сайн хуулиуд байсан. Гагцхүү нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс үүдэж шинэчлэн батлуулах шаардлага байсан.   Шинэчлэн батлагдсан багц хуульд эрх мэдлийн зааг ялгааг маш тодорхой болгох үүднээс улс төрийн дээд удирдлага, захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн дээд удирдлага, цэргийн захиргааны удирдлага гэж зааг ялгааг нь тогтоож өгсөн. Цэргийн мэргэжлийн дээд удирдлага нь ЗХЖШ байна.  Мөн Батлан хамгаалах тухай хуулиар төрийн цэргийн байгууллагыг тогтоож өгснийг та бүхэн мэднэ. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг болоод Дотоод цэрэг, Онцгой байдлын алба нь  төрийн цэргийн байгууллага юм. Энгийн цаг хугацаанд өөрсдийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах боловч хэрэгтэй цагт буюу дайны үед Зэвсэгт хүчний удирдлагад шууд захирагдан үүрэг гүйцэтгэнэ.

Ц.ДАШЗЭВЭГ:

-Ж.Болдбаатар хурандаа ойлгомжтой хэллээ. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Оюутан цэрэг ард түмний дэмжлэг ихтэй сургалт. Ард түмэн юу гэж буруу ойлгочих вий гэж эмээж байна гэхээр “БХЯ төрийн албанд ажиллах боломжийг оюутан цэргээр  олгож байна” гэж. Энэ бол асар буруу ойлголт. Хааяа оюутан цэргүүдтэй уулзаж, юу сурч мэдэж байгааг нь асуухаар “Төрийн албанд ажиллах боломж үүгээр нээгдэж байгаад баяртай байна” гэдэг. Ердөө тийм биш шүү. Залуусыг эх орноо батлан хамгаалах зохих ёсны бэлтгэлтэй болгож байгаа талаас нь харах хэрэгтэй. Энэ ойлголт нь хэзээд  түрүүлж явах ёстой.  Өнөөдөр залуу малчид ховордож байна, цэргийн алба хаахаар яваад хотод шингэж байна гэсэн яриа бий. Тэгвэл магадгүй “Малчин цэрэг” хөтөлбөрийг ч хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Тодорхой гэрээ байгуулан залуу малчдыг цэргийн эрдэмд сургаж, нутагт нь буцааж болж байна.

Нөгөө талаас Г.Сайханбаяр генералын ярьсан удирдлагын тухай асуудалд нэмэх зүйл байна.  Нэг олон даргатай болгох гээд удирдлагыг нэмчихсэн юм биш л дээ. Хуучин хуульд зөвхөн ерөнхий удирдлага, цэргийн мэргэжлийн удирдлага гэж заасан байлаа. Их бүрхэг талдаа. Ерөнхий гэдэг үгийг  тайлбар толиос харахаар баримжаалах гэж уншигдаад байдаг юм. Тийм учраас зааглаж өгсөн. Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлагыг Улсын Их Хурал, төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ, цэргийн захиргааны удирдлагыг төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, салбарын захирагч, цэргийн мэргэжлийн  удирдлагыг төрөл, мэргэжлийн цэргийн дарга нар Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр манай улс Ерөнхийлөгчтэй, тэр нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг мөртлөө парламентын засаглалтай. Гаднаас харахад өвөрмөц тогтолцоотой улс гэж харагддаг байх. Төрийн эрх мэдлийг хуваарилах тогтолцоо, онцлогоос хамаараад удирдлагыг заагласан энэ юм.

Шинэчлэн батлагдсан хуулиудаар Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг Батлан хамгаалахын сайд хэрэгжүүлнэ гэсэн заалт бий. Яагаад иргэн өөрөө тавьж болохгүй гэж. Батлан хамгаалахын сайд иргэнийг төлөөлөх субъект мөн үү?

Г.Сайханбаяр:

-Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт гурван үндсэн зүйлээс бүрдэнэ. Үүнд, Зэвсэгт хүчинд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа, удирдлага, боловсон хүчнээр дамжуулан хяналт тавих, төсөвт хяналт тавих байдлаар иргэний хяналт тавина.  Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалахын сайд төр, засаг нийт иргэдийн өмнөөс төлөөлөл болж иргэний хяналтыг батлан хамгаалах салбарт тавих ёстой.  Хуулиараа ч Батлан хамгаалахын сайд өөрөө иргэний хяналт тавих субъект мөн. Хууль хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд харахад Батлан хамгаалахын сайд хууль тогтоомжийн хэрэгжилтийг  хангуулахын тулд тушаал шийдвэр гаргаж, бие бүрэлдэхүүнд шаардлага хүргүүлж байна. Хоёрдугаарт, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд батлан хамгаалахын төсвийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулж,  гүйцэтгэлд нь хяналт тавьж байна. Харин цаашдаа удирдлага, боловсон хүчнээр дамжуулан хяналт тавихад анхаарах асуудал урган гарч ирэх болсон.  Юу гэхээр өмнөх жишгээр Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын зарим боловсон хүчнийг томилдог байсан. БХЯ-нд Төрийн албаны салбар зөвлөл гэж том байгууллага бий. Энэ байгууллагын дүгнэлтээр ЗХЖШ-ын орлогч даргаас эхлээд зарим албан тушаалтан, ангийн захирагч нарыг томилдог байсан. Гэтэл шинэчлэн батлагдсан хуулиар Батлан хамгаалахын сайд өөрийн удирдлагад байгаа агентлагт томилгоо хийх эрхгүй, хуулиар хязгаарлуулсан. Үүнийг эргэж харах ёстой.

Монголчууд бид цэргийн алба хаагчдаараа бахархдаг ард түмэн. Ялангуяа, манай энхийг энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, сахилга бат өндөр гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.  Энэ талаар ярихгүй юу?

Ц.ДАШЗЭВЭГ:

-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь салбартаа том ололт амжилтыг авчирч байна. Зарим хүн “Мөнгөний хойноос хэдэн цэргүүдээ эрсдэлтэй газар руу явууллаа” гэж шүүмжлэх нь бий л дээ. Тийм шүүмжлэл байх л зүйл. Ямар ач холбогдолтойг хэлье. Нэгдүгээрт, улс төрийн ач холбогдолтой.  Тэд маань үүрэг гүйцэтгэлтээрээ шалгарч шилдэг байснаараа монголын нэр хүндийг НҮБ-д төдийгүй олон улсад өргөж байна. Хоёрдугаарт, эдийн засгийн ач холбогдолтой. Яагаад гэж үү. Монголын цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаагийн нүүрээр хүчирхэг орнуудын дэмжлэг туслалцаа ирж байна. Гуравдугаарт, өөрсдөд нь эдийн засгийн том тусламж болж байна. Хашаа байшинтай болох эсвэл орон сууцны төлбөрийн удирдчилгааг шийдэж хувийн амьдралд нь өөрчлөлт орж  байна. Дөрөвдүгээрт, цэргийн ач холбогдолтой. Бид цэргүүдээ НҮБ-ын буюу хүний мөнгөөр эрсдэлтэй орчинд сургаад авчихаж байна. Ийм олон давуу чанарыг агуулж байдаг юм. Мэдээж үүрэг гүйцэтгэх орчин нөхцөл эрсдэл ихтэй. Гэхдээ бид цэргүүддээ итгэдэг. Хүнд нөхцөл тулгарвал өөрсдийн сонор сэрэмжээр хохирол багатай давж чадна гэдэгт нь бүрэн итгэдэг.

Яриаг буулгасан дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017