МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ ДЭД ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА

2017 оны 09 сарын 15

Намар цагийн налгар өдрүүдийг манай орны нийт музейчид хүсэн хүлээдэг уламжлал тогтжээ. Учир нь жил бүрийн есдүгээр сарын эхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүхий л музейн ажилтнууд нийслэл болон аль нэгэн аймагт чуулж, ололт, амжилтаа дүгнэж, туршлагаа хуваалцаж, шинэ мэдлэг, мэдээлэл авдаг уламжлалтай.

БСШУСЯ, Соёл, урлагийн газраас зохион байгуулдаг эл уламжлалт арга хэмжээ өнөө жил Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт “Музей ба хөгжил” сэдвийн хүрээнд найм дахь удаагаа явагдлаа. Мөн энэ үеэр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулснаараа онцлогтой байсан ба бага хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ, АНУ-ын албаны хүмүүс шилдэг илтгэлээ хэлэлцүүллээ. 

Мөн музейн захирал, менежер, олон нийттэй харилцах ажилтан, боловсролын болон бүртгэл, мэдээллийн ажилтнуудыг тус бүрт нь бүлэг болгосноор музейн менежмент, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлууд, нийгмийн харилцааг өргөтгөх асуудал, шийдэл зэрэг сэдвүүдийн хүрээнд олон хэлбэрийн мэдээлэл өгсөн сонирхолтой сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь шинэлэг байв. Энэ үеэр музейн сан хөмрөгт зураасан кодын системийг нэвтрүүлэх асуудлыг хөндөж, бүртгэл, мэдээллийн ажилтнуудыг төсөлд бүрэн хамрагдахыг уриалсан нь музейн цаашдын хөгжилд ихээхэн ач холбогдол өгөх юм.

Чуулганы нээлтийн ажиллагааны үеэр Соёл, урлагийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монгол цэргийн музейгээс “Ардын хувьсгалын баатрууд” түр үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Соёлын төвд дэлгэж, гадаад, дотоодын 600 гаруй зочинд үзүүлж, чуулганыг зохион байгуулагчдаас өндөр үнэлэлт авсны зэрэгцээ тус музейн хамт олноос сүүлийн жилд явуулж байгаа бодит ажлууд олон байгааг онцолсон нь бидний ажлын үр дүн байлаа.

Чуулганы гурав дахь өдөр урлаг, спортын бага наадмыг зохион байгуулж, уг наадмын хүндэтгэлийн тугийг Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн захирал Д.Бямбаа, Монгол цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнай нар өргөсөн юм.

Бага наадмын үеэр хот, хөдөөгийн 40 гаруй музейн ажилтнууд тус бүр 15 минутын хугацаанд урлагийн тоглолт үзүүлж, өрсөлдсөн бөгөөд гоцлол дуучин, хөгжимчин, бүжигчин, шилдэг уран уншигч шалгаруулав. Энэхүү урлагийн төрөлд Үлэг гүрвэлийн музей тэргүүн байр эзэлж, МЦМ-н хамт олон хоёрдугаар байрт шалгарлаа.  Түүнчлэн гар бөмбөгийн төрлөөр найман хэсэгт хуваагдаж, өрсөлдсөний дээр музейн захирлууд дартс шидэж, цэц мэргэнээ сорьсон юм.

Чуулганы хаалтын ажиллагааны үеэр тус музейн захирал, хурандаа З.Баярмагнай Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан юм. Тус музей 2017 онд гэхэд л нийслэл, дүүргүүд, зарим аймаг болон өөрийн музейн байрлалд түр болон нүүдлийн үзэсгэлэн арав гаруйг дэглэж, хот, хөдөөгийн 10 мянга гаруй үзэгчид болон гадаадын зочдод үйлчилсэн амжилт гаргасныг БСШУСЯ-ны удирдлага өндрөөр үнэлсэн  үнэлгээ байлаа.

Хүн төрөлхтний өв соёлыг хоёргүй сэтгэлээр хайрлан хамгаалж, хойч үедээ баяжуулан өвлүүлж үлдээх их үйлсэд хамтран зүтгэж явдаг музейчдын энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон тус музейн хамт олны амжилт арвин байсан талаар товч дурдахад ийм буюу.

Бэлтгэл  хурандаа Б.ОТГОНБАЯР


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017