“ДӨЛ”-ИЙНХЭН ГАЛ БОЛОН ДҮРЭЛЗЭНЭ

2017 оны 09 сарын 25

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ өдрүүдэд нэгэн онцлог тэмцээн явагдаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний төдийгүй гадны улс орнуудын цэргийн алба хаагчдыг хамарсан сургалт, дадлага, олон улсын хээрийн сургууль, дамжаа, тэмцээн уралдаан гээд олон арга хэмжээ тасралтгүй шахам зохион байгуулагддаг энэ газар  өнгө өнгийн дүрэмт хувцсаар жигдэрсэн ирээдүйн мөрдэстнүүдээр дүүрч, тэдний цовоо сэргэлэн дуу хоолой хаа сайгүй цангинана. Энэ бол Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний бэлтгэл явагдаж байгаа цаг үе юм. Энэ сарын 17-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн гурван дүүргийн шилдэг баг тамирчид  өрсөлдөж байна. 1970, 1980-аад оны үед ид хүчээ авч, Ерөнхий боловсролын сургуульд бараг хичээл болон ордог байсан тус тэмцээн 1980-аад оноос хойш ганц, хоёр явагдсаныг эс тооцвол үндсэндээ тасарсан гэж хэлж болно. Харин энэ жил Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болгон улсын хэмжээнд зохион байгуулах эрхэм үүргийг БХЯ, ЗХЖШ, харьяа анги, байгууллагууд хүлээж, бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ. Мөн  БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын хамт олон ч хамтран зохион байгуулж  байна. Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалахад бэлтгэх гээд олон чухал ач холбогдлыг агуулсан тус тэмцээнд оролцож буй 24 тасгийн бэлтгэлийн явцыг ажихад нэлээд ач холбогдол өгч, эртнээс бэлтгэсэн нь илт. Зөвхөн дүрэмт хувцасны тухайд гэхэд л багийнхаа онцлогийг харуулсан хувцсаар ижилсэж, нутаг усныхаа бэлгэдэл уул ус зэргийг дүрсэлсэн таних тэмдгийг зориулж хийлгэсэн байх жишээтэй. Бие биетэйгээ өрсөлдөж, аваргын төлөө хүч үзэх зорилготой хэдий ч бэлтгэлийн үеэр нэг нэгнийхээ алдаа оноог хэлж өгөн, зөвлөлдөж байгааг харахад спорт гэх агуу зүйлийг үргэлж сайхан нөхөрлөл дагадгийг эрхгүй илтгэнэ. Тэмцээний эхний өдөр баг тамирчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ирж байрлан, хувийн бэлтгэлээ базаасан бол хоёр дахь өдөр сургалтын талбайд бэлтгэлээ хангасны дараа үндэсний бөхийн үүсэл, хөгжил, уламжлал, шинэчлэлийн талаар хичээлд хамрагдсан.

Харин тэмцээний гурав дахь өдөр буюу 19-нд соёл, сурталчилгааны өдөрлөгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ҮБХИС, Монгол цэргийн музейгээс гаргасан үзэсгэлэнг сонирхож, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан. Ирээдүйн мөрдэстнүүд ЗХЖШ-аас дэлгэсэн зэвсэг техникийн үзэсгэлэн, ҮБХИС-ийн багш, сонсогчдын бүтээсэн автомат роботууд зэрэг бүтээлийг ихэд сонирхож байлаа. ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолт ч тэднийг багагүй огшоож, даган дуулж, бүжиглэж байсан юм. Хүүхдүүдэд олон төрлийн зэвсэг техник, сургалтын төвийн орчин нөхцөл, хоол унд гээд шинэ сонин зүйлс их байгаа нь илт. Ямартаа л хоолны зааланд “Энэ олон хүний хоолыг ямар хурдан хийж, ямар хурдан тавагладаг юм бэ” гэх яриа чих дэлсэж байхав. Үнэхээр ч арын албаныхны ажил хөдөлмөрийг онцлохгүй байхын аргагүй. Зургаан зуу гаруй хүний хоол хүнс, байрлах байр, цэвэрлэгээ үйлчилгээ гээд бодохоор цаг наргүй хүнд хөдөлмөр гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ олон байгууллага, хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн цаана хүүхэд залуусаа гэх сэтгэл байгаа болохоор тэмцээн амжилттай болж өндөрлөх нь дамжиггүй. Баг тамирчид 21, 22-нд хууль эрх зүйн сорил, тасгийн гүйцэтгэх ажиллагаа, дасгал нормативууд, марш, гүйлтийн тэмцээнээр өрсөлдөж, аваргаа тодруулах юм. Энэ өдрүүдэд сурсан, мэдсэнээ шавхан өрсөлдөж, “Дөл”-ийнхэн гал болон дүрэлзэнэ.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017