З.Энхболд: ЭНХИЙГ САХИУЛАГЧИДДАА БАЯРЛАЛАА

2017 оны 09 сарын 25

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний мотобуудлагын Vl ээлжийн батальоны бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Энхийг сахиулагчдыг үүргээ нэр төртэй гүйцэтгэсний баталгаа болсон төрийн болон салбарын одон медалийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, командлалуудын удирдлагууд гардуулан өгөв. Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Та бүхэнд Монгол төрийн бодлого, шийдвэрийн дагуу итгэл хүлээлгэн даалгасан нэн хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж, эх орон, элгэн садандаа эсэн мэнд эргэн ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэг, НҮБ-ын бүрэн эрхт гишүүний байр суурийг бэхжүүлэн дээшлүүлэхэд та бүхэн нөр их хөдөлмөр, тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвар, чанд сахилга бат, нэгдсэн зохион байгуулалттай үйл ажиллагаагаараа үнэтэй хувь нэмэр орууллаа. Ингэснээр Монгол Улс дэлхийн олон улс оронтой ижил тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай орчин нөхцөл бүрэлдэж, улмаар манай улсын гадаад нэр хүнд дэлхийн тавцанд улам бүр өсөн нэмэгдэж, улс орны аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар барих Монгол төрийн бодлого бодит байдал дээр ажил болон хэрэгжиж байгаа чухал үйл хэрэг юм. Эх орныхоо захиас даалгаврыг биелүүлж яваа хүүгийнхээ, ханийнхаа, аав ээжийнхээ бат найдвартай ар тал болж, үргэлж сэтгэл зүрхээрээ хамтдаа байсан батальоны бие бүрэлдэхүүний ар гэрийнхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017