ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТАГТ ОРШИЖ БАЙГААГИЙН ХУВЬД ДЭЭРХ АСУУДАЛД ИЛҮҮ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

2017 оны 09 сарын 25

БХЯ, ГХЯ, БХЭШХ, ҮБХИС хамтран “Зүүн хойд Азийн эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.  БХЯ-наас 2013 онд “Зүүн хойд Азийн Аюулгүй байдал”, 2014 онд “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал”, 2015 онд “Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал”, 2016 онд “Зүүн хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол хөгжлийн чиг хандлага” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан юм. Энэ удаад “Зүүн хойд Азийн эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд олон улсын хурлыг  зохион байгууллаа.

Бүс нутгийн улс орнууд олон улсын харилцааны орчинд гарч байгаа өөрчлөлттэй уялдан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж мөн эдийн засгийн аюулгүй байдлаа хангах нь тулгамдсан асуудал болоод байгаа учир энэ удаагийн хурлыг дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь Зүүн хойд Азийн эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил, хамтын ажиллагааны тулгамдаж байгаа асуудалд дүн шинжилгээ хийж,  улс орны хөгжил, аюулгүй байдалд үзүүлэх стратегийн ач холбогдлыг нэгтгэн дүгнэж, мэдээллийн сан бүрдүүлэн боловсруулахад чиглэгдэж байгаа юм.

Хурлыг удирдан явуулсан Батлан хамгаалахын дэд сайд Т.ДУЛАМДОРЖ:

-Зүүн хойд Азид эдийн засгийн хамтын ажиллагаа бүрэн төлөвшөөгүй байна. Учир нь бүс нутгийн зарим улс орнуудад түүхэн үйл явдал, улс төрийн уур амьсгалаас үүдсэн үл ойлголцол байсаар байгаа юм. Мөн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь хувьсамтгай, худалдаа хөрөнгө оруулалт нь тогтворгүй зэрэг тулгамдсан асуудлууд оршсоор байна. Иймд тулгамдаж байгаа асуудлуудаа яаралтай шийдвэрлэх шаардлагатай юм.

БХЭШХ-гийн захирал, доктор профессор, хурандаа Б.МӨНХСАЙХАН:      

-Зүүн хойд Азид эдийн засгийн хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага тулгарч, энэ чиглэлээр шинэ санаачилга гаргах нь чухал болоод байна.  Ялангуяа, манай улс дэлхийн эдийн засгийн цөм нь болж байгаа Зүүн хойд Азийн бүс нутагт оршиж байгаагийн хувьд дээрх асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал,  ОХУ-аас чөлөөт эдийн засгийн бүс байгуулах санал гаргаж байгаа. Энэ хүрээнд Евро Азийн эдийн засгийн холбоог байгуулсан бөгөөд энэхүү холбоонд манай улсыг нэгтгэх асуудлаар яриа хэлэлцээр хийгдэж байна. Хэрэв энэхүү гэрээг хийж чадвал ОХУ руу зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм. 

ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын хүрээлэнгийн судлаач ВАСИЛИЙ КАШИН:

-Манай улсын хувьд нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээгээрээ бүс нутагтаа доогуур байр эзэлдэг. Гэтэл Зүүн хойд Ази нь дэлхийд экспортын хэмжээгээрээ 27, импортын хэмжээгээрээ 22 хувийг эзэлж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт тус бүс нутагт нэмэгдсээр байна. Энэ их өсөлтийг дагаад эдийн засгаа сэргээх боломж манай улсад байгаа гэдгийг зарим судлаачид тодорхойлсон байна.

Ийнхүү Зүүн хойд Ази руу чиглэсэн эрдэм шинжилгээний хурал тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд оролцсон зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачдад  Монгол цэргийн музейгээс гаргасан “Монгол цэрэг энхийн цэрэг” үзэсгэлэнг  сонирхуулсан бол ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн хэсэгчилсэн тоглолтоор бэлэг барьсан юм.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017