ТОХОЙ НИЙЛҮҮЛЭН СУУЖ БАЙСАН СУРАГЧИД ЖАГСААЛД ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАЖ СУРЧЭЭ

2017 оны 09 сарын 25

ҮБХИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилд  шинээр элсэн суралцахаар бүртгүүлсэн 590 гаруй хүүхдийн 400 нь эрэгтэй, 200 шахам нь эмэгтэй. Оюуны их өргөөнд элсэн суралцагсдын тоо жилээс жилд өсөн нэмэгддэг нь энэ сургууль, цаашлаад Зэвсэгт хүчний нэр хүнд ард иргэд, хүүхэд, залуусын дунд хэрхэн үнэлэгддэгийг харуулна. Эл сургуульд элссэн хэн бүхэн эрдэм боловсролоос гадна цэргийн хэргийн мэдлэг, дадлагад суралцаж  мэргэшсэн  боловсон хүчин болж төгсдөг билээ. 

Цэргийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж байгаатай холбоотойгоор ҮБХИС энэ жил шинэхэн оюутнуудаа  анх удаагаа хээрийн байрлалд 10 хоногийн хугацаатай байрлуулж,  цэргийн анхан шатны  мэдлэг олгох хичээл, сургалтыг  сургуулиас томилогдсон 60 гаруй сургагч багш, ажилтан албан хаагчид явуулсан юм. Тал бүрээс цугласан 590 гаруй хүүхдэд хээрийн байрлалд  цэргийн дүрэм, цэрэг эх оронч үзэл хүмүүжил олгох, жагсаалын бэлтгэл, цэрэгжилтийн спорт гэсэн дөрвөн төрлийн  78 цагийн хичээл,  сургалтыг  зохион байгуулжээ. Товчхон дурдахад бидний ирээдүй болсон оюутнуудад тангараг өргөсөн цэргийн алба хаагчид тэсвэр хатуужилд хэрхэн суралцдаг  талаар мэдээлэл өгсөн сургалт болж өнгөрлөө.

Хүүхдүүд  анх удаагаа  цэргийн хээрийн сургалтын төвд байрлаж, цэргийн хэргийн мэдлэгийн талаар бага ч атугай мэдэж авах боломж олдсонд баяртай байлаа. Цэрэг ногоон майханд байрлах үе тэнгийн залуус гэр бүлээсээ  хол тасаг, салаа, ротод  нэг хамт олон болж,  нэгдсэн удирдлага, нэг командаар жигдрэх нь сонирхолтой  байсан нь мэдээж. Саяхан л сурагчийн ширээнд тохой нийлүүлэн сууж байсан хүүхдүүд  жагсаалын талбайд хөл нийлүүлэн алхаж  сурчээ.   Эдгээр оюутнууд өөр өөрийн зорилго чиглэл, мөрөөдөлтэй ирсэн нь илт. 

Гагцхүү тэрхэн  мөрөөдөл, зорилгыг  өчүүхэн зүйлээс болж үгүй хийхгүйн тулд сургагч багш, удирдагчид мэдрэмжтэй ажиллах нь чухал. Эс тэгвээс  албандаа үл дасах, шантрах асуудал гарахыг үгүйсгэхгүй.  Ер нь оюутнуудыг  хээр гарахаас нь өмнө  өөрийгөө хэрхэн бэлдэх талаар  сургалт явуулснаар сэтгэл зүйн болон учирч болох бусад эрсдэлээс бага ч атугай зайлс хийнэ.

Цэргийн бэлтгэл сургууль бол хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг цаг ямагт сорьдог  амаргүй зүйл. Энэ бүхнээс шантрах нэгэн байхад үүнийг даван гарах сэтгэл зүйн бэлтгэлтэй нь  хавьгүй их гэдгийг уг сургалтад хамрагдсан оюутнууд нотолж, зөвхөн эрүүл мэндийн шалтгааны улмаас цөөн хэдэн хүн  хасагдсан талаар сургалтыг зохион байгуулагчид ярьж байлаа.  Шинээр элсэн орсон оюутнуудад цэргийн хэргийн мэдлэг олгохоос гадна сургуулийн  эрдэмтэн докторууд ирж Монгол Улсын түүх, дэлхий дахинд өрнөж байгаа цаг үеийн үйл явдлын талаар яриа танилцуулга хийсэн нь далайд дусал нэмэр боллоо. Мөн түүнчлэн оюутан, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс оюутнуудын дунд  гар бөмбөгийн тэмцээн, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг  сонирхуулж  оюутнуудын идэвх санаачилгыг  нэмэгдүүлсэн юм.

          Цэнхэр дуулгаар гоёсон энхийг сахиулагч болно

Оюутан Н.МАРАЛМАА:

-ҮБХИС-д элсэх мөрөөдлөө биелүүллээ.Өвөө маань цэргийн дарга байсан. Намайг цэргийн хүн болоорой гэж захиж,  дэмждэг  байлаа. Өвөөгийнхөө захисаар цаашид шамдан суралцаж,  цэргийн хүн болно.  Ах, эгч нар маань ч энэ салбарт хүчин зүтгэж яваа. Цэргийн алба бол амар зүйл биш. Гэхдээ хүн зорьсондоо хүрэхийн тулд тулгарсан саад бэрхшээлийг сөрөх сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужилтай байх ёстой. Цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтад  хээрийн  байрлалд хамрагдаж их зүйлийг мэдэж авлаа.  Хүн үзээгүй зүйлээ төсөөлөн боддог шүү дээ. Төсөөлөл болгон бодит амьдралаас их, бага хэмжээгээр зөрөөтэй байдгийг ойлгосон. Хээр байрлах 10 хоногийн хугацаанд шантарч, халширмаар зүйл бишгүй байсан ч түүнээс илүү энэ албанд дасах зүйл их байдаг юм  байна гэдгийг мэдэрсэн. 

Өглөөний бослого, гүйлт, жагсаалын бэлтгэл, цэргийн хүний заавал мэдэх ёстой жагсаалын 10 дуу  гээд л найз нартаа ярих сайхан дурсамжууд цээжинд минь дүүрэн байна.  Ямар ч байсан өвөөгийнхөө захиасаар цэргийн хүн болж цэнхэр дуулгаар гоёсон энхийг сахиулагч болохын төлөө хичээж суралцах болно.

 

          Өөрийгөө таних тэр жимийг бидэнд гаргаж өгсөн багш нартаа  баярлалаа

Оюутан  Ц.МӨНХЖИН:

-Бидний үеийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим ертөнцөөс л батлан хамгаалах салбарын тухай ойлголтыг цухас авдаг, энэ салбарын тухай төдийлэн сайн мэддэггүй. Залуус маань тухайн нийгэм цаг үеэ дагаад өөрийн хүсэл сонирхлоороо биш нийгэмд шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд элсэн суралцдаг. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг үүнээс болж ажлын байргүй төгсөгчид олширдог. Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн суралцвал бидэнд амжилт ойрхон. Би цэргийн дарга болох сонирхолдоо хөтлөгдөн ҮБХИС-д элсэн орсон юм.

Хээр байрласан хэдэн хоногт цэргийн хэргийн анхан шатны мэдлэгийг тодорхой хэмжээнд  шахуу хөтөлбөрийн дагуу явуулсан. Тулгарсан бэрхшээл ч бишгүй байлаа. Хамгийн сайхан нь жагсаалд үе тэнгийн найзуудтайгаа хөл тавин алхаж, оройн тоонд жагсаалын дуу гарган явахад эр хүний хийморь өөрийн эрхгүй сэргэдэг. Сургалтад хамрагдсан бидэнд багшилж,  байгаа бүрэлдэхүүн маш чадварлаг,  заах арга барил нь ч таалагдсан. Өөрийгөө таних тэр жимийг гаргаж өгсөн сургагч багш нартаа  баярлалаа.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017