“ДӨЛ”-Д ӨМНИЙН ГОВИЙН СУРАГЧИД МАНЛАЙЛЛАА

2017 оны 09 сарын 29

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв сэлүүхэн, сул чөлөөтэй байна гэсэн ойлголт огт байдаггүйг цэргийнхэн андахгүй. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдын бэлтгэл, хамтарсан сургалт дадлагууд, цэрэг дайчдын шандсыг сорьсон аливаа тэмцээн уралдаан гээд бүгд л тэнд өрнөх. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн турш монгол цэргийн залгамж халаа болсон ирээдүйн эх орончид мөн л Таван толгойд чууллаа. Ач холбогдол, гол зорилгын хувьд өргөн ойлголтыг агуулсан “Дөл” тэмцээн 20 жилийн дараа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын уралдаан болон зохион байгуулагдаж байгаа учраас тэр. Үеийн нөхдөө манлайлан эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарч ирсэн сурагчид тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулахаар тэмцээний нээлтийн ажиллагаанд жигдрэн жагссан байв. 
Энэ үеэр ҮБХИС-ийн харьяа “Тэмүүжин” өрлөг сургуулийн сурагчид жагсаалын, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн гардан тулааны үзүүлэх тоглолт сонирхуулсан нь тэмцээнд оролцогч хүүхдүүд, хурсан олны анхаарлыг эрхгүй татаж байв.

Тэнгэр аашаа хувирган хуйсганаж, цас, бороо холилдон орж, өвөл айсуйн дохио болсон жиндүү салхи сэвэлзэх нь тэднийг сорьж буй байгалийн нэг шалгуур гэлтэй. 
Тэмцээнд оролцогчдын эхний даалгавар нэг цагийн хугацаанд ханын сонин хийх байлаа. Загвар, өнгө үзэмж, мэдээллийн багтаамж, уран сэтгэмж, ур дүй шаардсан энэхүү даалгаврыг хүүхдүүд төвөггүйхэн гүйцэтгэв. Тэр тусмаа Өмнөговь, Сэлэнгэ, нийслэлийн Баянгол дүүргийн тасгуудын урласан ханын сонин нэлээд өвөрмөц өнгө төрхийг илтгэж, сонин бөгөөд содон шийдэлтэй байсныг дурдая. Харин тэмцээний эхний өдрийн дараагийн сорилт 16 тоот дасгал, жагсаалын бэлтгэлээр үргэлжилж, урлагийн үзүүлбэрээр өндөрлөв. Тасгууд 16 тоот дасгал, жагсаалын бэлтгэлийг өндөр түвшинд гүйцэтгэж байгаа нь тэдний бэлтгэл хэр хангагдсныг, нөгөө талаас баг тамирчид хэрхэн ач холбогдол өгснийг илтгэж байв. Урлагийн үзлэгийн тоглолтууд ч ялгаагүй өгөгдсөн цаг хугацаанд эх орон, эр цэргийн сэдвийг илтгэсний дээр үндэсний өв соёл, зан заншлыг хадгалсан бараг л мэргэжлийн түвшинд болов. 
Харин тэмцээний хоёр дахь өдөр жинхэнэ ширүүн “тулаан” өрнөлөө. Аль хүчтэй, авхаалж самбаатай нь ялалтад хүрдэг оргил хэсэг болох маршийн тэмцээн явагдаж буй учраас тэр. Тамирчдыг гараанд гарахын өмнө шүүгчид бичиг баримтын үзлэг хийв. Үүнтэй зэрэгцэн тухайн тасгийн танилцуулга явагдаж, урлаг, спорт, сурлагын амжилт гаргасан хүүхдүүд нэлээд их цоллогдож байсан нь “Дөл” тэмцээний гал гарсан өрсөлдөөнийг илтгэх нэг чимэг гэмээр. 
Дохионы пуужин тас хийх чимээтэй зэрэгцэн тамирчид гараанаас гарч үлээвэр хөгжмийн аянд хөл нийлүүлэн гүйсээр гранат шидэх эхний цэгт ирэв. Эрэгтэй, эмэгтэйгээрээ хоёр хэсэгт хуваагдан гранат шидэж тус тусын үнэлгээг авах ёстой. Яг энэ цэгээс хамгийн өндөр оноог авч бас алдаж болох учраас баг тамирчид маш нягт нямбай хандаж байгаа нь илт. Дараагийн сорилт болох саадын зурвасыг саадгүй давсан тамирчид галын бэлтгэлийн норматив биелүүлэх цэгт ирж тасгийн захирагчийн сугалсан галын бэлтгэлийн 12, 13 дугаар нормативуудыг чадварлаг биелүүлж, тасгийнхаа оноог цуглуулсны дараа тактикийн ажиллагаанд шилжив. Тасаг шүүгчийн тогтоосон заагаас дохиогоор гинжинд тарж, тэмдэглэсэн заагт, цөмийн дэлбэрэлтийн гялсхийлтээр ажиллаад тасгийн захирагчийн дараагийн командаар 25 м-ийн торон саадыг мөлхөлтөөр туулсан юм. Эдгээр даалгаврын дараа тамирчдын хүч багагүй саарч байгаа нь анзаарагдсан ч тэд хөнөөлтийн голомт, цэргийн байр зүйн болон химийн нормативуудыг тэсвэр гарган туулж, барианд хүлээх дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэгээр хүч сэлбэн, урам зоригтойгоор барианд орж байлаа. Даалгавар бүр амаргүй нь мэдээж. Хүүхдүүд сэтгэл зүйн бэлтгэл сайтай саад бүрийг даван туулж, саарсан нэгэндээ дэм өгсөөр хамтдаа бүх сорилтын ард гарч чадсан юм. Тамирчид цаг хугацаа ямар үнэтэй болохыг илүү их мэдэрсэн нь лавтай. Басхүү бэлтгэл сургууль хэр сайн хийснээс хамааран тэмцээнд хэрхэн оролцох өнгө тодорхойлогддог. Гэвч тухайн өдрийн тэнгэр, тамирчдын од мэдэх нь ч бас бий.

Ийнхүү ширүүн өрсөлдөөн өндөрлөж дүнгээ гаргахад Өмнөговь, Баянхонгор, Дорноговийн тасгууд эхний байруудад, Сүхбаатар, Дорнод аймгийн тасгууд тусгай байрт шалгарч бусдыгаа манлайллаа. 
Тэмцээний хаалтын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, хамтран ажилласан бусад байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцсон юм.

           ЦЭРГИЙН ЭРДЭМ УХААН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ

Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТ-ЭРДЭНЭ: 

-“Дөл” тэмцээнийг анх 1984 онд тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Ж.Ёндон гуайн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн юм билээ. Тэгээд 1996 оноос хойш тасраад байсныг 21 жилийн дараа буюу энэ жил Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болгон сэргээж байна. Энэхүү тэмцээнийг сэргээх хэд хэдэн шаардлага бий. Хамгийн гол нь шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын баримт бичиг болоод багц хуулиудад Монгол Улс өөрийгөө хамгаалах гурван гол тулгуур нь Зэвсэгт хүчин, орон нутгийн хамгаалалт, дайчилгаа байхаар тодорхойлсон. Орон нутгийн хамгаалалт гэдэг маань өөрөө иргэн бүрийн оролцоонд тулгуурлсан байх ёстой учраас батлан хамгаалах бодлогын үндэстэй нийцүүлж улс орон даяар энэхүү томоохон арга хэмжээг зохион байгууллаа. 
Тэмцээний гол ач холбогдол нэлээд өргөн хүрээг хамарч байгаа юм. Цэргийн хэргийн эрдэм мэдлэг, цэргийн төрлүүдийг оруулсан тэмцээн уралдаанаас өсвөрийн эх орончид маань чамлахааргүй зүйлд суралцаж, төлөвшлийг олж авна шүү дээ. Цэргийн эрдэм ухаан гэдэг дээд зэргийн зохион байгуулалт, сахилга бат, хүмүүжил төлөвшил, дотоод сэтгэл оюун, бие бялдар, ёс суртахуун, эх орон, эцэг эхээ хайрлах үзэл ухамсрыг төлөвшүүлдэг учраас хамгийн үнэ цэнэтэй. 
Хэлсэн үг, хийх ажлын ачаалал даахаас эхлүүлээд аливаад сургаж төлөвшүүлэх цэргийн энэ ухааны үндсийн үндэс нь эрийн гурван наадам юм гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон. Тиймээс цаашид энэ цогцолбор тэмцээнд үндэснийхээ уламжлал, тэр тусмаа монгол бөхийн элементүүдийг оруулах, ажлыг хийж байна. Бид зун “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд монгол бөхийн иж бүрэн сургалтыг явуулсан. Тэгэхээр зөвхөн бөх гэдэг талаас нь харах биш цэргийн гурван эрдмийн нэг нь бөх юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Бөхөөр дамжуулаад монгол эрчүүд бие бялдар, сэтгэл оюун, ёс зүй, сэтгэлгээ, сахилга хүмүүжлийн хувьд, хүн байх чанарын тухайд юуг олж авдаг вэ гэдгийг ойлгуулах, мэдрүүлэх том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэрэг. 
Өнөөдрийн энэ тэмцээнийг орон нутгийн хэмжээнд өрнүүлж, тэндээс шалгарсан багууд энд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Шат шатны тэмцээнд хүүхдүүдээ идэвхтэй оролцуулсан, цаад утга санааг нь ойлгож хүлээж авсан бүх эцэг, эхчүүдэд баярлаж байгаагаа уламжлая. Мөн ЗХЖШ болон төрийн цэргийн байгууллагууд, орон нутгийн удирдлага, цэргийн штабуудад талархаж байна. 
Тэмцээнд оролцсон хүүхдүүд маань цэргийн зохион байгуулалтад орж цэргийн эрдэм ухааны зах зухаас мэдрээд, сахилга зохион байгуулалттай байж багаараа амжилтад хүрэх ямар үнэтэй байдгийг мэдэрч, амьдралын зөв хэвшил дадалд богино хугацаанд ч гэсэн суралцжээ гэж харж байна. Эдгээр хүүхдүүд тухайн орон нутагтаа, сургуульдаа, найз нөхөддөө үлгэр дуурайлал үзүүлэх учиртай.

     “ДӨЛ” ГУРВАН ЖИЛ ТУТАМД...

БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.САЙХАНБАЯР: 

-“Дөл” тоглолтыг сэргээж, 20 гаруй жилийн дараа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болгон улсын хэмжээнд зохион байгууллаа. Өсвөр насны хүүхдүүдэд эх оронч үзэл хүмүүжил олгох, эх орон, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх, Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх гээд тэмцээний ач холбогдол, зорилго маш өргөн. 
Тиймдээ ч өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээнд явууллаа. Хорин нэгэн аймгаас, дүүргүүдээс шалгарсан 24 багийн хүүхдүүд эх орны дөрвөн зүг, найман зовхисоос ирж оролцлоо. Эд бол “Дөл” тоглолтод оролцох юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон мянган хүүхдийн төлөөлөл шүү дээ. 
Ихэнх аймгууд сумдынхаа сургуулиудад энэхүү тэмцээнийг явуулаад тэндээс шалгарсан хүүхдүүдээс шинэ баг бүрдүүлж ирсэн байна. 
Сум, аймаг, хороо, дүүргээсээ шалгарч дараагийн тэмцээнд оролцох юмсан гэсэн маш олон хүүхэд, багш нарын хүсэл эрмэлзэл хүчтэй байсныг онцлох хэрэгтэй. Түүнчлэн үе тэнгийн хүүхдүүд эрүүл, зөв зүйлийн төлөө, эх орныхоо үнэ цэнийн төлөө нэгдэж байгаагаараа онцлогтой. Тэмцээний явцыг ажиглаж байхад өөрсдийгөө цэрэг эрийн түвшинд бэлтгэх хүсэл тэмүүлэлтэй маш олон хүүхэд байна. Энэ бол хүүхэд бүрийн зүрхэнд эх орноо гэсэн үзэл байдгийг илтгэж байгаа хэрэг. 
“Дөл” тоглолтыг сэргээн явуулахад аймаг, нийслэл, дүүргүүдийн болон цэргийн штабуудын удирдлагууд маш сайн дэмжиж, хамтран ажилласныг дурдахад таатай байна. Мөн эцэг, эхчүүд ч дэмжиж, хүүхдүүдээ өглөө эрт босдог болсноос эхлээд тэдний хувийн зохион байгуулалт, сурлагын амжилтад нь ч эерэгээр нөлөөлж байгааг хэлж байна. 
Ер нь батлан хамгаалах бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх тухай асуудал хуульчлан орсон. Үүний нэг хэлбэр нь “Дөл” тоглолт гэж ойлгож болно. Цаашид эх орны ирээдүй хойч үе, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилгоор илүү өргөжүүлэх, сургуулиудын үндсэн онолын сургалтын хөтөлбөрт цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийн асуудлыг тусгайлан оруулах талаар БСШУЯ-тай хамтран ажиллана. Түүнчлэн “Дөл” тоглолтыг орон нутагт хоёр жилд нэг удаа, улсын хэмжээнд гурван жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

     ХҮЧ ТЭНЦҮҮ ӨРСӨЛДӨГЧИД БАЙЛАА

ЗХЖШ-ын Биеийн тамирын тасгийн дарга, хурандаа Д.ЦОГ-ЭРДЭНЭ: 

-Удаан хугацаанд завсарлаад байсан “Дөл” цэрэг-спортын тэмцээн энэ жил Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын уралдаан болон зохион байгуулагдлаа. Нэлээд өндөр ач холбогдол өгч, улс орон даяар явуулсан уг тэмцээний эхний шатны манлайлагчид болох 21 аймаг, нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 24 багийн 400 гаруй хүүхэд авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Хүүхдүүд тэмцээндээ үнэхээр мэрийлттэй, амжилт гаргая гэсэн чин сэтгэлтэй, идэвх зүтгэлтэй оролцсонд ерөнхий шүүгчийн хувьд сэтгэл өндөр байна. Мөн тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн бэлтгэлийг хангуулж, бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлэхэд аймаг, дүүргүүдийн удирдлагууд, тэр тусмаа цэргийн штабуудын удирдлага, хамт олон онцгой анхаарч ажилласанд талархах ёстой. Ер нь тал бүрийн хүчин чармайлтаар тэмцээн маань их сайхан болж өндөрлөлөө. Бүх аймаг, нийслэлийн бүх дүүргүүдийн ЕБС-иас шилэгдэн шалгарч ирсэн хүүхдүүдийн хувьд ч цэрэг эрсийн шандсыг сорьдог Таван толгойд ирж өрсөлдөнө гэдэг том сорилт төдийгүй, аз завшаан гэж бодож байна. 
Тэмцээний шүүлтийн хувьд ямар нэгэн асуудал гараагүй. Тэмцээнд ялах гэж л ирдэг учраас бүгд хүч тэнцүү өрсөлдөгчид байж чадлаа. Орон нутгийн багууд нэлээд хүчтэй, тэсвэр хатуужил сайтай байсан бол дүүргүүдийн багууд урлаг уран сайхны тал дээр нэлээд анхаарсан нь ажиглагдлаа. Эдгээр баг тамирчид маш ойрхон амжилтаар 24 байрыг эзэлсэн ч миний хувьд бүгд ялагч гэж харж байна. Яагаад гэвэл эд чинь тухайн орон нутаг, дүүргээсээ шалгарч ирээд 16 тоот дасгалаас эхлээд хими, тактикийн нормативууд гээд цэргийн эрдэмд бага ч гэсэн суралцаж чадлаа шүү дээ.

     ЯГ НАД ШИГ МӨРӨӨДӨЛТЭЙ ОЛОН ХҮҮХЭД БИЙ ГЭДЭГТ ОГТХОН Ч ЭРГЭЛЗЭХГҮЙ

“Ёл” тасгийн захирагч Б.Баасанжаргал: 

-Улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээний түрүүг авсандаа Өмнөговьчууд бид маш их баяртай байна. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Хамт олноороо нэгдэж, бэлтгэлээ маш сайн базаасны үр дүн гарлаа. Бид есдүгээр сарын тавнаас бэлтгэлд гарсан. Харин Таван толгойд есдүгээр сарын 17-нд ирсэн. Биднийг бэлтгэж, бүх талаар дэмжсэн аймгийнхаа удирдлагууд болон багш нартаа, аав ээжүүддээ, дасгалжуулагчдаа бас цэргийн талаас зөвлөж, зааж сургасан цэргийн штабын хамт олон, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа тасгийн хамт олныхоо өмнөөс илэрхийлж байна. Цэрэг спортын “Дөл” тэмцээнд оролцсоноор эх орноороо, эцэг өвгөдийнхөө баатарлаг үйлсээр бас энэ цагийн энхийг сахиулагч ах, эгч нараараа илүү бахархаж омогшлоо. Би хувьдаа цэргийн хүн болох тухай бодож төлөвлөж байтал ҮБХИС-д суралцах эрхийн бичгээр шагнууллаа. Мөрөөдөл маань биелэсэнд туйлын баяртай байна. Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд оролцсон үе тэнгийн 400 гаруй найзаас маань яг над шиг мөрөөдөлтэй олон хүүхэд бий гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахмад Д.МЭНДБАЯР
Гэрэл зургуудыг дэслэгч А.АЛТАНХУЯГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017