УРГАЦ АРВИН, ЗАЛУУС УРАМТАЙ БАЙНА

2017 оны 09 сарын 29

Сархадаас ч илүү сэтгэл согтоох увидас намарт бий гэлцдэг. Уулын модод шар, ногоон, бас улаан өнгөөр сүлэлдэж, хээр тал нь нэгэн жигд шарлаж цэгцэрсэн тийм нэгэн уйтай намар Сэлэнгэ аймагт л саатсан уу гэмээр дэндүү үзэсгэлэнтэй. Жаргах наран дор түмэн өнгөө гайхуулан тунарч харагдах газар тариалангийн бүс нутгаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баянжаргал, тус ангийн ар талын дарга, дэд хурандаа Ц.Одгэрэл тэргүүтэй дөрвөн хүн давхиж явна. Төмс хүнсний ногоо, өвс хадлан, тариа буудайгаа бэлтгэхээр өнгөрсөн наймдугаар сараас эхлэн намрын ажилдаа ханцуй шамлан гарсан залуусаа эргэж очих санаатай. Хурандаа О.Баянжаргал даргын хувьд ч залуустаа санаа зовоод долоо хоногтоо нэгээс хоёр удаа эргэдэг санж.
    Зам зууртаа шаргал намрын сайхныг бишрэнгээ ам хуурай явсангүй. Дэд хурандаа Ц.Одгэрэл саяхан БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн учраас ярих ч сэдэв ихтэй.
   “Монгол цэргүүд дэлхийн цэрэг болсон. Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэлээрээ илт давуу байдаг. НҮБ-ын төдийгүй олон орны цэргүүд монгол цэрэгт л итгэдэг” гэх тодорхойлолтыг өөрийн биеэр мэдэрсэн гээд энхийг сахиулагчдаа магтав. Ямар үүрэг өгнө “Мэдлээ, гүйцэтгэе” гээд гардаг залуус ямар олон бүтээн байгуулалт хийсэн, хүнд цагийн байдлуудыг амжилттай давсан, цаг уурын амаргүй нөхцөлд ажралгүй ажилласан тухай нь ам хуурайгүй ярилаа. Өө, тэгээд Өмнөд Суданы орчин нөхцөл, хүн зон гээд сонин сайхан бүхнийг хамж хуучилсаар хотоос үдээс хойшдоо гарсан бид уулын сүүдэр хүүшлэхийн алдад Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот буюу Мандал сумын ойролцоох төмс, хүнсний ногоо тарьсан тариалангийн талбайд ирлээ. Талбайн захад цэнхэр вагончиг, хоёр том маз машин, эртний танил ганц улаан комбайн харагдана. Танил гэсний учир би ч гэсэн ахлах ангидаа намрын ажилд дайчлагдаж, ангиараа төмс хурааж явсан цаг саяхан. 
   Тэнд манай хугацаат цэргийн алба хаагчид намрын ажлыг ёстой нэг гялалзуулж байна. Зарим нь овоолсон төмс, лууван, байцааг шуудайлж байхад үлдсэн хэсэг нь өнөөх шуудайтайг нь яах ийхийн зуургүй л өргөж аваачаад ачна. Тэд голдуу Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид байх бөгөөд энэ сарын 4-нээс эхлэн намрын ажилд дайчлагдсан ч манай залуусын хацар нь улаа бутран гар бяртай, эрч хүч нь дундраагүй, ядраагүй байгаа нь илт. Байлдагч Н.Даваадорж, Д.Болдбаатар нар гэхэд 40 кг-ын хоёр шуудайтай төмсийг ажрахгүй өргөөд гүйчих юм. Тэд хоёул Ховд аймгаас татагдан ирсэн бөгөөд намрын ажилд анх удаагаа гарсан гэнэ. Өдөртөө 1400-1500 орчим шуудай төмс, хүнсний ногоо ачдаг, ургац хураахад сайхан байна, хүйтрэхээс урьдан ургацаа хурааж дуусгахаар ажиллаж байна. Техникийн хүчээр тариалангийн талбайгаас авчирсан хүнсний ногоог бид зөвхөн шуудайлах, ачих үүрэгтэй байгаа хэмээн Увс аймгийн харьяат, байлдагч Б.Мөнхтулга онцолж байв. Тэд даараагүй, хоол унд ч сайн, саяхан ангийн захирагч маань эргээд явсан гэлээ. Үдшийн бүрий болохоос урьтан овоолсон төмсийг шуудайлж дуусгахаар завгүй ажиллаж буй залууст хурандаа О.Баянжаргал авчирсан боорцог, ус ундаа, тамхиа өгөөд аюулгүй байдлаа хэзээд тэргүүнд тавихыг захиад цааш хөдөллөө. Төд удалгүй Сэлэнгэ аймгийн Баруунхараа буюу Баянгол сумын нутаг дахь Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяа Хөдөө аж ахуй, экологийн албанд ирэхэд тогоочоос өөр хүн байсангүй. Учир нь тариаланчид сэрүү унахаас урьтан 05-23.00 цаг хүртэл борви бохис хийхгүй ажиллаж эл хуль талдаа. 
   Дэд хурандаа Р.Ганхуяг Хөдөө аж ахуй, экологийн албаныхан ЗХЖШ-ын Ар талын газраас өгсөн даалгаврын дагуу буудай, төмс, ногоо, хадлангаа бэлтгээд дуусах шатандаа орж байгаа, цаг агаар тогтуун байвал дахиад ч ургац хурааж авах төлөвлөгөөтэй гэлээ. Түүний хувьд байлдагчаас ажлын гараагаа эхлүүлсэн үндэсний бөхийн спортоор хичээллэдэг, Монгол Улсын өсөх идэр начин бөгөөд 2010 оноос хойш энэ албаны даргаар ажиллаж байна. Яг үнэндээ манай Зэвсэгт хүчинд данстай мөртлөө хүч, хөдөлмөрөө “зориулдаггүй” олон бөхчүүдийг бодвол тэр 20 гаруй хүнийг хариуцаад жилийн дөрвөн улирлын туршид хөдөө, хээр гэлтгүй газар тариалангийн ажил эрхэлж, өөрийн бодит хувь нэмрээ оруулж байгааг нь харахад бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Түүнтэй төсөрхөн хөөрөлдлөө.

-Сайхан намаржиж байна уу. Ургац арвин уу?
-Ургац арвин байна аа. Одоогийн байдлаар 300 гаруй тонн төмс, хүнсний ногоо хураагаад байна. ЗХЖШ-ын даалгаврыг 100 хувь биелүүлсэн гэсэн үг. Өвс хадлангийн хувьд ч гэсэн ялгаагүй хадаж, тээвэрлээд дуусах шатандаа орсон. Өмнөх жилүүдэд Баруунхараа орчмоос хадлангаа бэлтгэдэг байсан бол энэ жил ургац муу байгаагаас Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас бэлтгэж байна. Харин буудай тарианы хувьд зун бороо ороогүй учраас бага зэргийн алдагдалтай гарч байгаа. Гэхдээ газар тариалангаа бүхэлд нь авч үзвэл төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн.

-Энэ жил танай алба 10 жилийн ойтойгоо золгож байгаа байх аа?
-Тийм ээ. Өнгөрсөн хугацаанд мал аж ахуй, газар тариалан, нарийн ногоо, сүүний чиглэлээр ЗХЖШ болон Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлж ирсэн. Ялангуяа, сүүлийн жилүүдэд ангийн удирдлагаас дотоод нөөц бололцоогоо ашиглан газар тариаланд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж авч өгсөнд нь талархаж явдаг юм. Газар тариалан гэдэг өөрөө арчилгаа, усалгаа, тордлогоо байнга шаарддаг учраас манай хамт олон 3-11 дүгээр сар хүртэл ямар ч завгүй ажилладаг даа. Одоо 10 дугаар сар хүртэл цаг агаар тогтуун байгаасай гэж л хүсэх байна.

-Мал аж ахуйн чиглэлд ч гэсэн амжилттай байгаа гэж сонссон?
-Сүүлийн жилүүдэд мал маань сайн өсч тэр хэрээр Зэвсэгт хүчний анги, байгууллагад тарааж өгч байгаа. Тухайлбал, 10 гаруй ангид 80 тугалтай үнээ өгсөн. Мөн Улаанбаатар цэргийн хүрээний ангиудыг долоо хоногтоо хоёр удаа тараг, сүүгээр хангаж байна.

-Хөндлөнгийн асуулт тавихад та хэзээ Монгол Улсын өсөх идэр начин цолоо хүртлээ?
-2004 онд Монгол Улсын начин болсон. Түүний дараа намайг давсан бөх сэргээш хэрэглэсэн байсан гээд өсөх идэр начин цол нэмж олгосон, бөхийн спортоор 17 жил хичээллэсэн. Гэхдээ сүүлийн үед ажил ихтэй байгаа учраас төдийлэн хичээллэж чадахгүй байна даа. Би Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан. Байлдагчаас ажлын гараагаа эхлүүлсэн болохоор бөхөөс илүү Зэвсэгт хүчиндээ илүү хайртай даа гэлээ.

   Үтрэмийн талбайд тод гэрлүүд асч, хүржигнэсэн улаан машин түржигнэн ажиллаж, цоргоороо буудайгаа асгана. Зарим залуус үтрэмийн талбайд, О.Алзахгүй тэргүүтэй үлдсэн хэсэг нь хураасан буудайгаа албаныхаа хашаандаа өдөржин шигшиж хог хаягдлыг нь ялгаж байлаа. Энэ зун цаг агаар газар тариаланчдад тийм таатай байгаагүй ч хүч, хөдөлмөрөө дайчлан ажилласан залуусынхаа ачаар Зэвсэгт хүчин эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоо, буудайг хүнсэндээ хэрэглэнэ гэдэг нь хамгийн таатай мэдээ байлаа. Ингээд Баруунхараагаас цааш Сэлэнгэ аймгийн Түшиг сум хүртэл 250 км давхилаа. Өвс, хадлангаа бэлтгэж байгаа залуусаа эргэж очих, санаа сэтгэгдлийг нь хуваалцах санаатай довтолгож яваа нь энэ юм. Өмнөх жилүүдэд Баруунхараагаас хадлангаа бэлтгэдэг байсан ч энэ жил бас л өнөөх ургац муу байгаагаас нутаг сэлгэж.

   Хадлангийнхан маань нэлээд өндөрлөг газарт гэрээ барьжээ. Гэрт ороход Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч Б.Жавхлантөгс боорцог хайраад сууж байв. Мань эр хадлангийн хэддээ өглөөний цайнд боорцог, өдөр, оройд нь амт чанар сайтай хоол хийх үүрэгтэй ажиллаж байгаа гэнэ. Монгол, Оросын хил залгаа орчмын Зэлтэр хэмээх газрын хувьд модоор бүхэлдээ хучигдсан уулстай, үзэсгэлэнтэй нутаг юм. Өвс хадлан ч сайн ургаж. Үдшийн бүрийгээс урьтан өвсөө ачиж дуусгахаар завгүй ажиллах хадланчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

Жолооч А.Дэлгэрсайхан:
-Өвс, хадлан дээр ангийн 20-40 насны 10 гаруй залуу ажиллаж байна. Бид өнгөрсөн наймдугаар сарын 21-нээс гарсан, ирэх сарын 1-ний дотор ажлаа дуусгах төлөвлөгөөтэй. Энэ жил ган гачигдалтай зун болсон учраас нэлээд холоос хадлангаа бэлтгэж байна. Миний бие Хөдөө аж ахуй, экологийн албанд харьяалагддаг. Энэ албад орон нутгаас цөөнгүй хүн ажилд авсны нэг нь би.

Ачигч Г.Чинзориг:
-Зэвсэгт хүчний эгнээнд нэгдээд удаагүй байгаа ч хадлангийн талбайд олон сайхан ах нартай хамт ажиллаж байгаадаа баяртай байна. Ах нар надад олон зүйл зааж сургаж байна. Намрын ажил гэдэг чинь өөрөө их сайхан шүү дээ. Өмнө нь хадлан дээр ажиллаж байсан туршлагатай учраас түүртэх юм алга аа. Бид өдөртөө 1000 орчим бухал өвс бэлтгээд ачиж байгаа.

Дэд ахлагч А.Сод-Эрдэнэ:
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат. Зэвсэгт хүчинд ажиллаад хоёр жил болж байгаа. Шүүдэр унаагүй бол бидний ажил өглөө 06.00 цагаас эхэлдэг, унасан бол өдрийн 11.00 цагаас эхлэхээс өөр аргагүй. Тэгээд л өдөржин өвсөө бухалдаж, ачих гэсээр байтал хорвоогийн нэг өдөр хурдан өнгөрөх юм байна шүү дээ. Бороо орвол бидний ажил 1-2 хоног зогсчихдог тал бий. Ямар ч байсан ангийнхаа туслах аж ахуйд хэрэглэх өвсөө 100 хувь татаж авсандаа баяртай байна” хэмээн ярилцлага өгөх энэ залууг бусад нөхөд нь “Чи нөгөө яруу найргаа уншаач. Сурвалжлагч бүсгүйд намрын тухай шүлгээ уншиж өгөөч” гэж шоолон инээлдэх нь залуусын зан гэлтэй.

   Ингээд төд удалгүй бид ч хот руугаа буцах болж, ахлах дэслэгч Д.Дашдэмбэрэл тэргүүтэй залуус Сэлэнгийн бүс нутагт сэрүү унахаас урьтан ажлаа дуусгахаар үлдэв. Энэ цаг үед тариаланчид маань тун завгүй хөдөлмөрлөж байна, цаг агаар л тогтуун байгаасай.
Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.БОЛОРМАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017