АЖИЛ, АМЬДРАЛ ШИЙДЭХ ТУШААЛ БҮР СУДАЛГААТАЙ БАЙХ ЁСТОЙ

2017 оны 09 сарын 29

Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн цугларалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд “Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад Зэвсэгт хүчний нөөцийн мэргэжилтнүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд болов. Цугларалтаар тэдний гүйцэтгэх үүрэгтэй нь холбоотой уулзалт ярилцлага, салбарын хуулийн тухай мэдээллээс эхлээд хувь хүний манлайллын талаар дотоод гадаадын эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулсан байв. Тухайлбал, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд гүйцэтгэх үүрэгтэй нь холбоотой Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, хүний нөөцийн бодлого, зорилт болон төрийн албаны эрх зүйн зохицуулалт, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж болоод захиргааны акт боловсруулах тухай сургалтууд явагдаж, тулгамдаж буй асуудлаа ярилцав. ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Гантөмөр хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хууль, эрхзүйн мэдлэгээ сайжруулах ёстой. Та бүхний гүйцэтгэх үүрэг бусдын ажил, амьдралтай холбоотой байдаг учраас хуулийн хүрээнд нухацтай хандаж бай. Тушаал, шийдвэр бүхний цаана судалгаа хийгдсэн байх ёстой. Зарим тохиолдолд “Тийм хүн ажлаа хаяж явлаа эсвэл ийм хүн эрүүл мэндээр тэнцэхгүй байна, ажлаас чөлөөлж болох уу” гээд даргынхаа гарын үсэгтэй бичиг ирүүлдэг. Энэ нь цаад утгаараа та нарын ажлын үзүүлэлт, ажлын гүйцэтгэл юм. Яагаад гэхээр цэргийн албанд авах хүнийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулсан байх ёстой. Та нар сайн шалгаагүйгээс болж эрүүл мэндийн хувьд асуудалтай нь хожим илэрч байна. 
Тэгээд халах гэхээр 18 сарын тэтгэмж гээд бөөн дарамт авчирдаг. Энэ талаас сайн судалж бай. Хоёрдугаарт, өөрийн дураар ажлаа хаях гэсэнд нь Зэвсэгт хүчин таны амьдралд ямар хэрэгтэй, ямар найдвартай вэ гэдгийг нь ойлгуулж бай гэхчилэн тулгамдаж буй асуудлыг нь харилцан ярилцав. Сургалтын төгсгөлд ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Алтанхуяг тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгсөн. Тус хэлтсээс Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад алба хаагчдынхаа судалгааг сайжруулах, хувийн мэдээллийг нь тодотгох тухай албан даалгавар хүргүүлжээ. Энэ даалгаварт хариу ирүүлээгүй, дутуу ирүүлсэн, хангалттай ирүүлсэн ангиудыг нэрлэж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан алба хаагчдыг ч нэр цохон дуудаж байв. Төгсгөлд нь гүйцэтгэх ажилтай нь холбогдуулан авсан шалгалтын дүнг танилцуулж, алба хаагч бүрт сертификат гардуулан өгөөд ажлын амжилт хүссэн юм.

Орон нутаг дахь анги, байгууллагын зарим цэргийн алба хаагчийн сэтгэгдлээс хуваалцлаа.

Ахлах дэслэгч Б.ЦЭЦЭГСҮРЭН: 
/340 дүгээр анги/
-Манай анги анх байгуулагдахад 21 аймгаас офицер, ахлагч томилогдож, гэр бүлийн хүнийг нь ажлын байраар хангахаас эхлээд орон байр хүнд байсан. Одоо бол энэ бэрхшээл арилсан. Ангийн 40 айлын орон сууц ашиглалтад орж, алба хаагчийн олонхи нь энэ байранд амьдарч байна. Харин манай аймагт монгол хэлтэй цэцэрлэг цөөхөн байдаг учир хүндрэлтэй талдаа байгаа.

Ахмад Б.МӨНХБАЯР: 
/338 дугаар анги/
-Хүний нөөцийн мэргэжилтэн хууль, эрхзүйн өндөр мэдлэгтэй байх ёстой. Тушаал, шийдвэр, захирамжийн төслийг боловсруулдаг учраас мэдлэгтэй байхаас аргагүй юм. Энэ удаагийн сургалт шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн талаар мэдээлэл хүргэхэд ач холбогдолтой байлаа. Манай ангийн тулгамдаж байгаа асуудал гэвэл нөхөн хангалт дутуу байна. Энэ нь бусад алба хаагчиддаа ачаалал авчирдаг тал бий” гэлээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.БОЛОРМАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017