НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЗӨВХӨН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ОЛГОНО

2017 оны 10 сарын 06

Энэ удаа та бүхэнд “Албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох нэг удаагийн тэтгэмж”-тэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар хүргэж байна.

Албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт ямар хэмжээний тэтгэмж олгох вэ?

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу “цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцах”-ыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.

Түүнчлэн дор дурдсан нөхцөлийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно. Үүнд:

-Гадаад улс болон орон нутагт албан томилолтоор ажиллах,

-Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцах,

-Цэргийн сургалт бэлтгэл, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох,

-Улсын хил, онц чухал объектыг хамгаалах,

-Орон нутгийн хамгаалалтын арга хэмжээнд оролцох,

-Хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хорио цээрийн дэглэмийг сахиулах,

-Тэсэрч дэлбэрэх зүйл, цацраг идэвхт болон химийн хорт бодисыг аюулгүй болгох, устгах,

-Аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах,

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох,

-Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох,

-Томилгоот бусад үүрэг гүйцэтгэх.

Дээрх нөхцлийг цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох бөгөөд уг хугацаанд нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож, тэдний ар гэрт нэг удаа олгоно.

Албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох нэг удаагийн тэтгэмжийг хэнд олгох вэ?

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмжийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад заасны дагуу “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүн”-д олгоно. Нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох нэг удаагийн тэтгэмжийг гагцхүү гэр бүлийн гишүүнд олгох бөгөөд өөр бусад этгээдэд олгож болохгүй гэж хуульчилжээ.

 

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХУУЛИЙН ТАСАГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017