ТӨРӨЛ, ТУСГАЙ МЭРГЭЖЛИЙН ЦЭРГИЙН ДҮРЭМ, ЗААВРУУДЫГ ШИНЭЧИЛНЭ

2017 оны 10 сарын 06

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2015, 2016 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулиар командлалууд бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч?

-УИХ-аар 2015 онд шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болоод  2016 онд шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулиудад төрлийн цэргийн командлалууд бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг  бүрдүүлж өгсөн.  Хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны сүүлчээр Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч төрлийн цэргийн командлалуудыг байгуулсныг та бүхэн мэднэ.  Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүтэц, зохион байгуулалтаа тодорхойлох, орон тооныхоо гаргалгаа, командлалын дүрэм, дотоод журам зэрэг удирдлагын баримт бичгээ боловсруулж батлуулах гээд ажил их л байлаа.

Одоо ч гэсэн баримт бичигтэй холбоотой зарим ажлууд үргэлжилж байна. Командлалын бие даан үйл ажиллагаа явуулах үйл явцаас гадна харъяа ангиудын байлдааны болон тайван цагийн орон тоог шинэчлэх, Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт хуурай замын цэргийн эзлэх байр суурийг тодорхойлох зэрэг ажил үе шаттайгаар хийгдэж байна.    

Эргээд харахад бие даан үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй асуудал тулгарах юм уу.  Хүний нөөц нь бүрдэв үү, мэргэжлийн боловсон хүчин нь хангалттай биз?

-Хэдийгээр Ерөнхий зориулалтын цэргийн командлал 2009 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан ч өнөөдөр бид шинэ эрх зүйн орчинд бүхнийг шинээр төлөвлөн зохион байгуулж байна. Асар ачаалалтай, хурдтай ажиллаж байж алба хаагчиддаа шинэ орчныг хуучин мэт дасал болгох шаардлагатай. Үүний тулд цаг наргүй л ажиллаж байна. Хөдөлвөл хөлс, зүтгэвэл амжилт гэдэг шиг тодорхой ололтууд  харагдаж байгаад командлагчийн хувьд талархаж сууна. Таны асуусанчлан мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэх хүрээнд  албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулах, тавигдаж байгаа шаардлага, шалгуур үзүүлэлтийг нь хангасан алба хаагчийг шаардлагатай албан тушаал дээр нь байршуулах зэрэг ажил ундарсаар байна. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд Хуурай замын цэргийн командлалын хувьд харьцангуй бэлтгэгдсэн мэргэжилтэнтэй, боловсон хүчинтэй.  Манай командлал гэлтгүй Зэвсэгт хүчний  боловсон хүчний хувьд би сэтгэл дүүрэн явдаг хүний нэг. Гадаад, дотоодын цэргийн сургууль төгссөн, мэргэжилдээ дурласан, зүтгэлтэй хичээж яваа,  хүнийхээ ч  хувьд зөв сайхан олон залуу манай Зэвсэгт хүчний эгнээнд байна. Эцсийн дүндээ энэ нь хамгийн сайхан шүү дээ.

Шинэ хууль амьдралд хэрэгжиж байж шалгардаг жамтай. Шинэчлэгдсэн батлан хамгаалахын багц хуулийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлээд ажиллахад засч сайжруулах шаардлагатай зүйл ажиглагдах юм уу?

-Хууль тогтоох байгууллагаар батлагдан гарсан хууль, эрх зүйн баримт бичгүүд амьдралд хэр нийцэв гэдэг  нь өөрөө хэрэгжиж байж үр дүнгээ харуулдаг учиртай. Тэр тусмаа хуулийг хэр оновчтой хэрэглэсэн бэ гэдгээс шалтгаалах байх л даа. Яах вэ, амьдрал баялаг учраас цаашид боловсронгуй болгох асуудлууд гарах байх.

Харин бидний хувьд амьдралд тэр нь болохгүй байна, энэ нь нийцэхгүй байна гэж гомдоллохоосоо илүү түүнд нийцсэн дүрэм, журмуудыг аль болох хэрэгжих үндэслэлтэй бүтээлчээр боловсруулан гаргахад л гол анхаарлаа хандуулж байгаа.

Төрөл, тусгай мэргэжлийн олон дүрэм, журам, зааврыг шинэчлэн боловсруулж шинээр батлагдсан байлдааны дүрэмд нийцүүлэх шаардлага бий. Үүний тулд  манай хамт олон энэ салбарт ажил, амьдралаа зориулсан, туршлага сургамжийн уурхай болсон ахмад үетэйгээ энэ чиглэлээр хамтран ажиллаж байна.

Багц хуулиудад санхүүтэй холбоотой хэд хэдэн заалтыг УИХ-аас хүчингүй болгосон. Үүнд алслагдсан анги, байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдад урамшуулал олгох гэх мэт олон заалт байсан?

-Шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулиудад цэргийн алба хаагчдын эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой нэлээд хэдэн заалт тусгагдсан байсан. Гэтэл олон улсын валютын сангаас хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдахын тулд эдгээр заалтын үйлчлэлийг нь зогсоосонд хувь хүнийхээ хувьд харамсдаг. Цэргийн алба хаагч байхын тулд зарим эрхээ хязгаарлуулж цаг наргүй ажлаар дарагддагийнх нь хувьд төр, засгаас заавал анхаарч, хайрлах ёстой. Мэдээж улс орны эдийн засаг сайжрахын цагт энэ заалтуудын үйлчлэл сэргэнэ гэдэгт найдаж байна. Өөрийн цэргийг тэжээж чадахгүй бол хүний цэргийг тэжээнэ гэдэг үг байдаг даа.

Таниас Зэвсэгт хүчинд өрнөж байгаа бусад үйл явдлын талаар асууя.  Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын мэдлэг, дадлага, чадварыг сайжруулахад хамтарсан сургуулиуд чухал үүрэгтэй байдаг. Энэ жил ямар сургуулиуд болов, ямар үр дүн үлдээв?

-Гадны Зэвсэгт хүчний мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтарсан сургууль, дадлага хийнэ гэдэг бол манай цэргийн алба хаагчдын хувьд мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох алдаж болшгүй том боломж. Мэдээж хамтарсан сургуулийн явцад орон орны цэргийн алба хаагчид хоорондоо ч сайхан анд, цэргийн найзууд болдог талтай.

Сүүлийн жилүүдэд уламжлал болсон Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг  говь талын нөхцөлд анх удаа зохион байгууллаа. Хээрийн сургуульд бид удаан хугацааны хадгалалтад байсан техник, зэвсэглэлийг хадгалалтаас гаргаж оролцууллаа. Мөн бүс нутгийн байлдааны ажиллагааны үед хэрэглэсэн зарим шинэлэг арга, тактикийг ч амжилттай туршиж үзлээ.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн цэргийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Зам-2017” сургууль амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулиар манай цэргийн инженерүүд ус өнгөрүүлэх хоолой угсрах, замын далан бусад байгууламжийг барих арга барилд суралцаж мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.  Ингэснээр манай цэргийн инженерүүд НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд  оролцох бэлтгэлээ ахиулсан гэж ойлгож болно.

Дээрх сургууль, дадлагаас гадна хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт Сэлэнгэ мөрөн дээр “Хотгор зам” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 467 метр урт төмөр бетон гүүрийн барилгын  ажлыг гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлж 1000 гаруй цэргийн алба хаагч ажиллаж байна.

Шинээр эхлүүлэхээр харилцан ярилцаж байгаа хамтарсан сургууль бий болов уу?

-Яриа хэлэлцээрийн түвшинд байгаа сургалт, дадлагууд байгаа. Ажил хэрэг болохоор нийтийн хүртээл болох биз дээ.

Удахгүй сургуулийн жилийн хүрээнд шалгалтууд эхэлнэ. Бэлтгэл хангагдав уу?

-Манай анги, байгууллагууд өнөөдөр өвлийг өнтэй давах бэлтгэлээ базаахаар шат шатандаа чармайн ажиллаж байна. Хуурай замын цэргийн командлалын хувьд Командлагчийн нэрэмжит цогцолбор шалгалт аль хэдийн эхэлсэн. Цэрэг халах, татах ажилтай давхцуулан үр дүн, нэр хүндийг нь бууруулах вий гэсэн болгоомжлол байсан учраас ЗХЖШ-ын удирдлагатай зөвшилцөөд цаг хугацааны хувьд бусад ангиудаас арай түрүүнд эхлүүлсэн хэрэг л дээ. Харин ЗХЖШ-ын цогцолбор шалгалтад хамрагдах ангиуд батлагдсан хуваарийнхаа дагуу шалгуулаад явна. Бэлтгэл хангагдсан гэж үзэж байгаа.

Ярилцахад халширмаар ч гэмээр зүйлийг тодруулахгүй өнгөрч болохгүй нь. Зэвсэгт хүчинд сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой осол, зөрчил гарч байгаа нь нууц биш. Энэ асуудалд ямар арга хэмжээ авав?

-Энэ онд хүний амь нас хохирсон, эд эрхтэн гэмтээсэн цөөнгүй осол зөрчил гарсан нь нууц биш ээ. Би төрлийн цэргийн командлагчийн хувьд тун их харамсч байгаа. Эцсийн дүндээ эргээд харахад гарч байгаа осол зөрчил нь хариуцлагатай л очиж холбогддог. Хувь хүнээс авахуулаад хариуцан ажиллаж байгаа албан тушаалтан, бүх шатны захирагч дарга нарын үйл ажиллагаанаас хамаарч байна гэдэг дүгнэлтийг бид хийж байгаа. Гэхдээ бид дүгнэлт хийгээд орхиогүй. Цаашид гарахгүй байх бүх нөхцөл бололцоог хангах ёстой гэж үзээд олон ажил зохион байгуулж байна.

Осол зөрчлийг дагаад сахилга, хариуцлагын асуудал ч давхар яригдаж байх шиг байна?

-Би асуудлын цаад учиг нь сахилга, хариуцлагатай л холбогдож байна гэдгийг танд хэлсэн. Тэгэхээр шат шатанд нь хариуцлага тооцож байгаа хэрэг. Өмнө нь тооцсоор ч ирсэн. Хууль, цэргийн дүрэмд юу гэж заасан байна тэр хариуцлагыг шат шатандаа хүлээж байгаа. Удахгүй бид гуравдугаар улирлын сахилгын дүнгээ гаргана. Энэ үеэр дээрх асуудлууд хөндөгдөж яригдах болно.

Цэргийн хөдөлмөр өөрөө эрсдэл өндөртэй байдаг?

-Таны хэлсэн зөв. Цэргийн хөдөлмөр өндөр эрсдэлтэй хөдөлмөр гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс хэзээ, хаана ч алдах эрхгүй гэдгийг цэргийн алба хаагч бүр алхам тутамдаа санаж, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хатуу мөрдөх ёстой. Ингэж чадаагүйгээс болж эрдэнэт хүний амь нас үрэгдэх, осол, зөрчил гарч гэмтэж бэртэх явдал гарч байна. Үүнийг таслан зогсоохын тулд бүх шатны захирагч /дарга/ нарын ажлын хариуцлага, цэргийн сургалт, бэлтгэлийн чанар үр дүнг сайжруулахад анхаарч байна. Тэгээд ч удахгүй болох удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалтаар ярих гол сэдэв нь үүнд чиглэгдэхээр төлөвлөж байгаа.

Энэ сэдвийг нэгэнт хөндсөнийх эмзэглэж явдаг зарим зүйлийг энд зориуд тэмдэглэж хэлмээр санагдчихлаа. Болж байгаа осол, зөрчлөөр далимдуулаад  цэргийн албаны нэр хүндийг гутаах, иргэдийг Зэвсэгт хүчний эсрэг турхирах, Зэвсэгт хүчинд үл итгэх байдлыг бий болгоход чиглэсэн гүтгэлэгийг төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаад маш их харамсч байна. 16 настай байхаасаа энэ салбарт зүтгэсэн хүний хувьд ийм асуудлыг хэвлэлээр улс төр болгон мушгин гуйвуулах болгонд эмзэглэдэг. Энэ нь цаад утгаараа ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулж болзошгүй гэдгийг холбогдох байгууллагууд нь судалж анзаардаг байлгүй дээ.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Танай сонины мэргэн уншигчдад сайн, сайхан бүхнийг хүсэхийн ялдамд үе үеийн түүхэндээ нэрээ цуурайтуулж  яваа монгол цэргийн босоо цагаан хийморь мөнх бадраг гэж ерөөе дөө.

Дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017