“АХЛАГЧ ХОТХОН”-Д 600 АЙЛ АМЬДАРНА

2017 оны 10 сарын 06

ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.ГАНТӨМӨР 

ЗХЖШ-ын ахлагчийн албан тушаалд томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Ажлаа юунаас эхэлж байна вэ?

-Энэхүү албан тушаалд томилогдсоноос хойш гурван сарын хугацаанд ахлагч нарын сургалтын чиглэлд нэлээд анхаарч байна. Хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болно гэсэн том зорилго бидний өмнө тавигдсан тэр утгаараа Зэвсэгт хүчний гол цөмийг бүрдүүлж байгаа ахлагчийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн цэрэг гэж ойлгож болно. Чадварлаг сургагдсан, мэргэшсэн ахлагчийн бүрэлдэхүүнээс мэргэжлийн цэргийн цөм бүрдэнэ шүү дээ. Миний бодлоор цэргийн сургалт, бэлтгэл гэдэг маань цэргийн алба хаагчдын эн тэргүүний хөдөлмөр байдаг гэж ойлгодог.  

Тиймээс ахлагчийн удирдлагын шаталсан дамжаануудаас анх удаа “Ахлагчийн удирдлагын анхан шатны дамжаа”-г ХЗЦК, ҮБХИС-ийн хамтарсан сургалтын хөдөлгөөнт бүлэг бүсчилсэн хэлбэрээр баруун аймгууд дахь алслагдсан анги, салбаруудын ахлагч нартай зохион байгуулж эхэллээ. Мөн олон улсын хамтарсан сургалтуудад ахлагч нараа түлхүү оролцуулж сурган дадлагажуулж байна.

Үүнээс гадна ахлагчийн албаны эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Цэргийн дүрмийн шинэчилсэн хувилбарт ахлагч нарын албан тушаалын гүйцэтгэх үүргүүдийг тодорхой болгох, даргалах албан тушаалын ахлагч нарын жагсаалд эзлэх байрыг зааж өгөхөөр саналаа тусгуулснаас гадна “Ахлагчийн алба хаах журам”-д оруулах саналаа хэлэлцэн боловсруулж байгаа зэргээс ажлаа эхлүүлээд байна.

Сургалтын хөдөлгөөнт бүлгийн талаар тодруулахгүй юу? Бүсчилсэн байдлаар Зэвсэгт хүчний бүх анги, салбарт хүрч сургалт явуулах уу?

            -Сургалтын хөдөлгөөнт бүлэг их онцлогтой. Бид жил бүр удирдлагын сургалтуудыг ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг түшиглэн зохион байгуулдаг боловч анги, салбаруудын ахлагч нарыг хангалттай тоогоор сургах боломж бололцоо хязгаарлагдмал байдаг. Тиймээс уг сургалтыг бүсчилж явуулснаар тухайн бүсэд байгаа анги, салбаруудын ахлагч нар олон тоогоор хамрагдаж чадахаас гадна эдийн засгийн хувьд ч ашигтай гэж үзэж байна.

Ахлагч нарын нийгмийн хамгааллын асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ асуудал өөрөө өргөн цар хүрээтэй том асуудал л даа. Дан ганц ахлагч нарын гэхээсээ илүү бүх цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд чиглэсэн салбарын бодлого, хэрэгжүүлж төлөвлөсөн ажлууд байдаг. Эдгээр асуудлын хүрээнд ЗХЖШ-ын ахлагчийн хувьд ахлагч нарт хандсан нийгмийн асуудлыг дээд удирдлагуудад уламжилж зөв оновчтой шийдвэр гаргахад нь санал бодлоо тусгуулах нь миний ажлын үндсэн нэг үүрэг.

Одоогоор 2013 онд эхэлсэн боловч төсөв хөрөнгийн асуудлаас шалтгаалж тодорхой хугацаанд зогсонги байдалтай байсан “Ахлагч хотхон”-ыг бүтцийн хувьд бага зэрэг өөрчлөн сайжруулж, ирэх оноос эхлэн ашиглалтад оруулахаар анхаарч байна.  Тодруулбал, “Ахлагч хотхон” анх 80 айлын хаус хэлбэртэй байсныг 600 айлын орон сууц болгон өргөжүүлж эхний ээлжинд 300 айлын орон сууцыг ирэх оны наймдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ бол ахлагч нарын нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын нэг төдийгүй, тэдний нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж харж байгаа.

Таны цаашдын ажлын бодлого, төлөвлөгөө юунд чиглэгдэж байна вэ?

            -Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийн дагуу ахлагч нарыг хөгжүүлэх бодлогыг сургалт ба нийгмийн асуудалтай нь уялдуулан төлөвлөж эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахад гол анхаарлаа чиглүүлнэ.

Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний нүүр царай нь Зэвсэгт хүчний дийлэнх бүрэлдэхүүн болсон ахлагч нар байдаг. Тиймээс манай ахлагч нарын хувьд бие бялдар, сэтгэлзүй, боловсролынхоо түвшнээр мэргэжлийн цэргийн түвшинд хүрэх шаардлага тавигдаж байгаатай холбогдуулан сургалтын орчинг бүрдүүлж, ёс суртахуун, ажлын байрны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх замаар энэ зорилгыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

            Цаашид Зэвсэгт хүчний ахлагч нараас гадаад улсуудад зохион байгуулагддаг сургалтуудад хэлний болон бие бялдрын шалгуур, шаардлага хангасан ахлагч нарыг  мэргэжлийн болон удирдлагын шатны сургалтуудад хамруулах, түүний хажуугаар даргалах албан тушаалын ахлагч нарыг манай улсын Зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаатай АНУ-ын Аляска мужийн цэргийн анги, байгууллагад 7-10 хоногийн хугацаатайгаар харилцан туршлага солилцох хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байгаа.

            Мөн 2018 онд тэргүүн ахлагч, даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалт, “Тэргүүний ахлагч нарын зөвлөгөөн”, ахлагчийн албаны хөгжил, цаашдын чиг хандлагын талаар судалдаг судлаачдын эрдэм шинжилгээний хурал, Ахлагч бэлтгэх сургалтын стандартыг ахлагч нарт тавигдаж байгаа шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан ахлагчийг бэлтгэх зорилгоор шинэчлэн боловсруулах, тухайн сургалтын стандартыг хангасан ном гарын авлагыг боловсруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

            Ахмад Д.МЭНДБАЯР


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017