АГААРЫН ЦЭРЭГ, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА

2017 оны 10 сарын 06

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.БАТБАЯР

Нисэхийн салбарын үүсэл хөгжлийн талаар ярилцлагынхаа эхэнд мэдээлэл өгвөл сонирхолтой байх боловуу?

-Дэлхий даяар нисэх хүчний үүсэл, хөгжил төдийлэн эрчимжээгүй, эхлэл төдий байсан ХХ зууны эхэн үед агаараар нисдэг аэроплан хөлөглөх хувь Монголын ард түмэнд тохиож, улмаар Монгол Улс сансрын уудмыг судлан, эзэмшсэн цөөхөн улс орны нэг болтлоо хөгжсөн. Үүнд нисэх хүчний салбарын оруулсан хувь нэмэр асар их. 1924 оны наймдугаар сард хуралдсан МАХН-ын гуравдугаар их хурлаас гаргасан нисэх онгоцтой болох заалтыг ард олноор дэмжин, өргөн олны дунд хандив тусламжийн хөдөлгөөн өрнүүлж, улс орноороо хүчин зүтгэл гаргаснаар үлэмж хэмжээний хөрөнгө, мөнгө цуглуулсан түүхтэй. Улмаар Монгол Улсын Засгийн газар, ард түмний хүсэлтийг ЗХУ хүлээн авч 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр анхны Ю-13 (Юнкерс) хэмээх бэлгийн онгоцыг Улаан-Үүдээс нисгэж, Улаанбаатар хотын Консулын дэнж дээр буулгаж байв. “Ю-13” онгоцыг хүргэж ирсэн Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин монгол нутагт, монгол хүнийг нисэхийн мэргэжилд бэлтгэн сургаж эхэлсэн учраас түүнийг анхны сургагч-багш гэж үздэг. Тэрээр 1926 онд Баянтүмэний хошуу, дараа нь зүүн хязгаар хүртэл нисэн Монголын анхны агаарын замыг нээж байсан юм.

Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр дөрвөн онгоц худалдан авч, нисэх онгоцны ангийг байгуулан, 1925 оны сүүлчээр дөрвөн онгоц, хоёр гэртэй, дөрвөн үхэр тэргээр онгоцны шатахууныг зөөвөрлөж, гараар онгоцоо цэнэглэдэг байсан. Түүнчлэн 1925 онд Монголын нисэх хүчний хөгжилтэй холбоотой бас нэг сонирхолтой үйл явдал болсон нь Оросын авиацийн анхдагчид болох М.Громов, И.Поляков, А.Томашевский, М.Волковойнов, А.Екатов болон Н.Найденов нарын жолоодсон “Р-1”, “Р-2”, “Ак-1” маягийн зургаан онгоцтой багийн Москва-Улаанбаатар-Бээжингийн нислэг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Цэргийн нисэхийн тухайд...

-Ер нь 1957 он хүртэлх нисэхийн түүх нь цэргийн нисэхийн түүх гэж ойлгож болно. Энэ үеэс эхлэн иргэний нисэх ерөнхийдөө тусдаа үүрэг гүйцэтгэж эхэлсэн гэж үздэг. Монголын иргэний нисэхийн үүсч хөгжсөн түүх нь цэргийн нисэх хүчнийхээ түүхтэй салшгүй холбоотой. Цэргийн нисэх хүчин эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ онц чухал албаны хүмүүсийг тээвэрлэх, иргэний зориулалтаар шуудан хүргэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, байгалийн гамшигтай тэмцэх, агаарын спортыг хөгжүүлэхтэй холбогдсон нислэгийг хийсээр ирсэн бөгөөд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1946.03.07-нд Цэргийн яамны шууд харъяанд Иргэний нисэх онгоцны отрядыг “Р-5” онгоц дөрөв, “По-2” онгоц хоёр, “Як-9у” онгоц нэг, “Супер” онгоц хоёр, “Ган-3” онгоц нэг, нийт 10 онгоцтой, 68 хүнтэйгээр байгуулсан байна.

Энэ тогтоолд ”Аймгийн төвүүдтэй харилцах харилцааг үндсээр нь сайжруулах, Засгийн газрын ба иргэний шууданг түргэн хүргэх, тэрчлэн тус улсын ард түмэнд хүн эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх Цэргийн яамны шууд харъяанд Агаарын иргэний нисэх отрядыг байгуулсугай” гэж заажээ.

1947 оноос Засгийн газрын шийдвэрээр Нисэх хүчний  онгоцуудад тусгай таних тэмдэг “Соёмбо”-ыг анх удаа их биеийн хажуу талд, сүүлэн дээр тавьдаг болсон. 1956 оноос МАХЦ-ийн нисэх хүчин бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэний агаарын тээврийн нислэг, тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн байна.Мөн онд ЗХУ-аас “Ан-2” онгоц 5-ыг хүлээн авч, нисэх бүрэлдэхүүнийг уг онгоцонд шилжүүлэн сургах ажлыг эрчимтэй явуулж эхэлжээ.

Монголын Иргэний нисэхийн үйл ажиллагааг удирдах байгууллага нь анх 1957 онд “Агаарын харилцааны газар” нэртэй байгуулагдаж, 1980 оныг хүртэл БНМАУ-ын (хуучнаар) Батлан хамгаалах яаманд харъяалагдаж байгаад 1980-1989 онд БНМАУ-ын Сн3-ийн 1980 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 32 тоот тогтоолоор Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газар /ИАТУЕГ/, 1989-1992 онд Зам, тээврийн яамны харъяалалд Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” нэгтгэл нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба 1992 онд Зам, тээврийн ерөнхий газрын дэргэд төрийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Агаарын харилцааны газрыг долоон хүний бүрэлдэхүүнтэй төрийн өмчийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх улсын үйлдвэрийг “МИАТ” компаниас салган зохион байгуулсан.

1993 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс Иргэний агаарын тээврийг удирдах газар (ИАТУГ) нэртэй, Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгvй байдлыг хангах төрийн хяналтыг гүйцэтгэх, Иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий байгууллага болсон бөгөөд 1999 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр батлагдсан “Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хуулиар ИАТУГ-ыг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) болгон өөрчилж, хуульчлан баталсан юм.

Иргэний нисэхийн Ерөнхий газартай байгуулсан хамтын ажиллагааны зөвлөлийн тухай мэдээлэл өгөхгүй юу? Зөвлөл байгуулах шаардлага юу байв?

-Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал 2017 оны тавдугаар сарын гуравны өдөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын ажил хэргийн уулзалтыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангид зохион байгуулсан. Уулзалтын үеэр хамтын ажиллагааны зөвлөл байгуулахаар тохиролцсон юм. ЗХЖШ, ИНЕГ-ын даргын хамтарсан 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/601, А/411 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ба Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдлаа. Иргэний болон Цэргийн нисэхийн салбар байгуулагдсан цагаасаа эхлэн хамтын ажиллагаатай явж ирсэн. Гэвч албан ёсоор хамтарсан ажлын хэсэг буюу зөвлөл байгуулагдан ажиллахаар болсон нь иргэний болон цэргийн нисэхийн хамтын ажиллагааны шинэ үе эхлэж байна гэж үзэж болно. Зөвлөлийн анхдугаар хурал 2017 оны есдүгээр сарын 27-ны өдөр ИНЕГ-т болж ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Д.Алтанцом тэргүүтэй удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга  миний бие ахалсан Агаарын цэргийн удирдах бүрэлдэхүүн оролцлоо. Хамтын ажиллагааны зөвлөлийг 2017-2018 онд ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Д.Алтанцом удирдах бөгөөд дараагийн жилд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга удирдах юм. Хурлын үеэр талуудаас гаргасан санал хүсэлтийг тусган зургаан багц 17 ажил бүхий 2017-2018 оны жилийн ажлын төлөвлөгөөг баталсан. Монгол Улсын Их Хурлын 2013 оны хоёрдугаар сарын долооны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн гуравдугаар зүйлийн 10 дахь заалт буюу “Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдал, иргэний агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангахад иргэний нисэх ба батлан хамгаалах салбар хоорондын хамтын  ажиллагааны хөтөлбөртэй байна гэсэн үндэслэлийн дагуу улсын болон иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр гарган ийнхүү хамтран ажиллахаар боллоо.

Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн хувьд...

-Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, агаарын зай, агаарын хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэний нисэх, улсын нисэх болон батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байгаа юм.  Мөн улсын болон иргэний нисэхийн хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, нисэхийн салбарт ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжийн уялдаа холбоог сайжруулах, агаарын зайн ашиглалтын талаарх өгөгдөл, мэдээллийг харилцан солилцох техникийн боломжийг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, тэдгээрийг бэлтгэх, дадлагажуулах зорилготой.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна. Үүнд:

-Агаарын цэрэг болон иргэний нисэхийн салбар хамтран ажиллах эрх зүйн таатай нөхцөл бүрдэнэ.

-Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй уян хатан агаарын зайн ашиглалт гэсэн зорилтын хэрэгжилт манай улсын хувьд сайжирна.

-Өндөр өртөгтэй бүтээмж, ашиглалт сайтай тоног төхөөрөмжийн өгөгдөл, мэдээллийг хамтран ашигласнаар эдийн засгийн хувьд ашигтайгаас гадна Агаарын цэргийн хувьд шинэ технологийг үйл ажиллагаандаа ашиглах нөхцөл бүрэн бүрдсэн байна.

-Цэргийн дадлага сургуулилтын бүс болон агаарын довтолгооноос хамгаалах бүсийн идэвхжилийн мэдээллийг шуурхай солилцох автомат системийг бий болгох эхлэлийг тавьсан байна.

-Агаарын зайн ашиглалтын талаарх мэдээллийг шуурхай солилцох сүлжээг зохион байгуулах техникийн шийдлийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн байна.

-Хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, хамтарсан ширээний болон бусад дадлага сургуулилтыг явуулж хэвшсэн байна зэргийг товчлон онцлоё. Үүнээс гадна үр дүн, ач холбогдол байгаа нь мэдээж хэрэг.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017