ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХ ЁСТОЙ

2017 оны 10 сарын 16

Энэ удаагийн дугаараар Та бүхэнд “Захиргааны үйл ажиллагааны хэлбэр буюу захиргааны акт боловсруулах үе шат”-ны эрх зүйн зохицуулалтын талаар хүргэж байна.

Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор УИХ-аас 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг баталсан бөгөөд уг хууль нь 2016 оны долоодугаар сарын нэгнээс үйлчилж эхэлсэн.

Захиргааны үйл ажиллагааны хэлбэр нь “Захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт” байх бөгөөд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг өөрөө сонгож хэрэглэнэ.

“Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Шууд утгаараа тушаал нь захиргааны акт байна.

Захиргааны актыг дараах үе шаттайгаар батлан гаргана. Үүнд:

1.Оролцогчийн эрхийг хангах,

2.Нөхцөл байдлыг шинжлэн судлах,

3.Нотлох баримтыг цуглуулах,

4.Оролцогчийг сонсох,

5.Захиргааны актын хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг хөтлөх,

6.Захиргааны акт гаргах,

7.Захиргааны актыг мэдэгдэх,

8.Захиргааны актыг тайлбарлах,

9.Захиргааны акт хүчин төгөлдөр болох,

Оролцогчийн эрхийг хангах. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны актын эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно. Өөрөөр хэлбэл ажил, албан тушаалаас чөлөөлөх, халах гэж буй этгээдийг ойлгоно. Жишээ нь: ЗХЖШ-ын даргын .... дугаар тушаалаар ахмад Доржийг сахилга хариуцлагаар цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халахаар болжээ. Энэхүү захиргааны актын хувьд оролцогч этгээд нь Дорж байна.

Нөхцөл байдлыг шинжлэн судлах. Захиргааны актын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.

Нотлох баримт цуглуулах. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.Үүнд:

-Ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах,

-Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах,

-Шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах,

-Гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах,

-Баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах,

-Шаардлагатай бол туршилт хийх,

-Оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах.

Сонсох ажиллагаа явуулах Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Энэ үе шат нь захиргааны акт гаргах үе шатны хамгийн чухал шат бөгөөд сонсох ажиллагааг явуулалгүйгээр захиргааны акт батлан гаргасан тохиолдолд тухайн захиргааны акт /тушаал/ нь анх гарсан үеэсээ эхлэн хууль бус захиргааны акт байна.

Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ. Үүнд:

-Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;

-Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ.

Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:

-Сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;

-Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;

-Захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл.

Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна. Үүнд:

-Сонсгол зохион байгуулах;

-Саналыг бичгээр авах;

-Биечлэн уулзах;

- Утсаар санал авах;

- Цахим хэлбэрээр санал авах;

-Төлөөлөгчөөр дамжуулан санал авах;

- Бусад.

Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.

Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.

Захиргааны актын хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг хөтлөх. Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.

Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна.

Дагалдах хуудсыг албан хаагчид шагнал олгох, үр дүнгийн урамшуулал тооцох, сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход харгалзана.

Захиргааны акт гаргах. Захиргааны актыг амаар болон бичгээр гаргах бөгөөд агуулга ойлгомжтой, тодорхой байна. Захиргааны актыг цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно.

Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;

- Захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл;

-Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;

-Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах;

-Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах.

Захиргааны актыг мэдэгдэх. Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.

 

Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.

Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.

Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.

Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно.

Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно.

Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.

Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно.

Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй.

Захиргааны актын талаар тайлбарлах 

Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсвэл бичгээр тайлбарлах үүрэгтэй.

Захиргааны акт хүчин төгөлдөр болох. Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно.

Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017