ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТАЛААРХ ХЯТАДЫН ТУРШЛАГЫН ТУХАЙ

2017 оны 10 сарын 27

2016 оноос эхлэн жил гаруй хугацаанд Хятадын орон нутгийн батлан хамгаалах тогтолцоонд томоохон өөрчлөлт гарлаа. Энэ нь Хятадын цэргийн стратегийн өөрчлөлтийн дагуу, батлан хамгаалах болон зэвсэгт хүчний байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа юм. Урьд нь “Ардын дайны онол”, “Идэвхтэй хориглон хамгаалалт” зэрэг цэргийн стратегийг баримталж байх үед Хятадын орон нутгийн хамгаалалт нь дараах бүтэц, зохион байгуулалт, үүрэгтэй байжээ.
Ши Жиньпиний цэргийн шинэчлэлийн өмнөх Хятадын Мужийн цэргийн тойргийн зохион байгуулалт, үүрэг
1950-иад оны дунд үеэс мужийн цэргийн тогтолцоо эхлэн байгуулагдаж, 1960-аад он гэхэд, Хятадын 27 муж, өөртөө засах оронд цэргийн тойргууд, Бээжин хотод цэргийн хүрээ, Тяньжин, Шанхай, Чунцин гэсэн төвд шууд захирагддаг хотуудад хамгаалалтын тойргууд байгуулагдан бэхжижээ.
Муж (өөртөө засах орон)-ийн цэргийн тойрог нь засаг захиргааны нэгжээр бүсчилэн тогтоосон, ХАЧА-ийн орон нутгийн хамгаалалтыг гардан хариуцдаг гол байгууллага бөгөөд тухайн мужийн хэмжээнд нөөц хүчний байгуулалт, тайван цагт цэрэг татлага, дайны цагт цэргийн дайчилгаа явуулах үндсэн үүрэгтэй байв. Хөгжлийн явцад цэрэг, орон нутгийн хоорондын харилцааг зохицуулах, тухайн мужид зохион байгуулагдаж буй цэргийн холбогдолтой бүх ажил, тухайлбал, цэрэг татлага, цэргийн дайчилгаа, бэлтгэл цэргийн дивиз (зарим нутагт хороо)-ийн удирдлага, сургалт бэлтгэл, цэргээс халагдсан хүмүүст энгийн ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлэх ажил, иргэний цэрэг, хил хамгаалалт, эргийн хамгаалалт, орон нутаг дахь батлан хамгаалах зориулалттай инженерийн байгууламж зэрэг албыг хариуцдаг болж өргөжжээ.
Мужийн цэргийн тойрог нь цэргийн том тойргийн захиргаанд байхын зэрэгцээ, мөн мужийн коммунист намын хорооны Цэргийн хэрэг эрхлэх байгууллага, Цэргийн төв зөвлөлийн Батлан хамгаалах дайчилгааны хороо болон мужийн Ардын засгийн газарт давхар удирдагддаг байв.
Бүтэц, зохион байгуулалтын хувьд штаб, улс төрийн газар, ар талын газар, зэвсэг техникийн газар, шүүх, прокурор зэрэг нэгжтэй, мөн хэд хэдэн цэргийн дэд тойргийг шууд удирдлагаар хангадаг, зохих тооны мэдлийн цэргийн ангиудтай, өөрөө армийн дэсийн /зиндааны/ байгууллага байж, командлагч, орлогч командлагч, штабын дарга, улс төрийн комиссар, улс төрийн орлогч комиссар, улс төрийн газрын дарга нар нь хошууч генерал цол эдэлдэг байлаа.
Ши Жиньпиний цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн батлан хамгаалах тогтолцоонд хийсэн томоохон өөрчлөлтүүд
БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс 2015 оны 5 дугаар сард “БНХАУ-ын цэргийн стратеги” нэртэй Батлан хамгаалахын цагаан номыг хэвлэж нийтэд танилцуулсан билээ. Тус цагаан номонд “...Хятадын мөрөөдөл нь хүчирхэг улс болох, зэвсэгт хүчний мөрөөдөл бол хүчирхэг арми байх мөрөөдөл мөн. Хүчирхэг арми улс орноо хамгаалж чадна, хүчирхэг улсад хүчтэй арми зайлшгүй хэрэгтэй. ...Шинэ нөхцөлд мэдээлэлжсэн дайнд байлдаж чаддаг, ялж чаддаг армитай байна...” гэсэн стратегийн зорилтыг дэвшүүлсэн. Үүний дараа 2015 оны 12 дугаар сарын 31-нд “Батлан хамгаалах болон зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх тухай БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн санал” гэсэн бодлогын баримт бичгийг боловсруулан гаргаж хэрэгжүүлж байна. Энэ баримт бичигт орон нутгийн батлан хамгаалалт буюу мужийн цэргийн тойргуудад хийгдэх шинэчлэлийн талаар “бэлтгэл цэргийн тогтолцоог сайжруулах”, “иргэний цэргийн бие бүрэлдэхүүний тоог цөөлөх”, “цэргийн нэгтгэл ангиудын байршилт, бүтцийг өөрчлөх”, “цэрэг-иргэний хосолсон хэрэглээг хөгжүүлэх”, “дайчилгааны тогтолцооны нэгдсэн удирдлагыг бэхжүүлэх” гэсэн гол заалтуудыг тусгажээ.
Дээрх саналд тусгасан үүрэг чиглэлийн дагуу мужийн цэргийн тойргийн гүйцэтгэх үүргийг цөөлж, бүтцийн хувьд маш цомхон болгосны зэрэгцээ БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн бүтцэд шинээр байгуулсан Батлан хамгаалах дайчилгааны газарт шууд захирагдах болжээ. 
Мөн үүний зэрэгцээ бүх байлдааны ажиллагааны тойрог (Долоон том цэргийн тойргийн оронд шинээр таван байлдааны ажиллагааны тойрог байгуулсан)-ийн нэгдсэн удирдлагыг давхар хүлээнэ. Урьд нь цөөн бус мужийн цэргийн тойргууд цэрэг татлага, цэрэг-иргэний хосолсон хэрэглээ, батлан хамгаалах зориулалттай инженерийн байгууламж, нөөцийн хангалтын ажлаас гадна, шууд мэдлийн цэргийн ангиудтай байсныг өөрчилжээ.
Цэргийн төв зөвлөлийн Батлан хамгаалах дайчилгааны газрын дарга дэслэгч генерал Шөн Бинь-ний хэлснээр, “...Шинэчлэлийн дараах шинэ тогтолцоон дахь мужийн цэргийн тойргийн ажил үүргийг таван газрын бүтцээр нь ойлгож болно. Мужийн цэргийн тойргууд нь гамшиг, онц байдал, дайны байдлын удирдлагын газар, орон нутгийн намын хорооны цэргийн хэргийн газар, нөөц хүчний байгуулалтын газар, орон нутгийн засгийн газрын цэрэг татлагын газар, цэрэг-иргэний хосолсон хэрэглээг зохицуулах газартай байна. 
Бусад үүргийг нь өөр байгууллагуудад хуваарилан өгсөн. Тухайлбал, мужийн цэргийн тойргийн харьяанд байсан цэргийн нэгтгэл, ангиудыг тухайн бүсийг хариуцдаг байлдааны ажиллагааны тойргийн Хуурай замын цэргийн штабт, мужийн цэргийн тойргийн шүүх, прокурорын газрыг Цэргийн төв зөвлөлийн Улс төр, хуулийн хороонд, бэлтгэл цэргийн офицеруудыг шилж сонгох, сургаж бэлтгэх ажлын хэрэг эрхлэх газрыг ХАЧА-ийн Хуурай замын цэрэгт тус тус шилжүүлсэн байна.
Мужийн цэргийн тойрогт тухайн орон нутгийн засгийн газарт давхар удирдагддаг, дивизийн дэсийн цэрэг татлагын газар, орон нутгийн хотуудад хорооны дэсийн цэрэг татлагын газрыг тус тус байгуулж, шянь (манай сумтай дүйцэх засаг захиргааны нэгж)-ний цэрэг татлагын газрыг татан буулгаж, зөвхөн цэрэг татлагын үеэр орон нутгийн хотын цэрэг татлагын газраас хүн томилон цэрэг татлагын комиссын хэлбэрээр ажиллуулах болсон байна.
Хятадын цэргийн удирдлага “...Мужийн цэргийн тойрог нь гамшиг, онц байдал болон дайны үеийн үүргийг сайн ханган биелүүлснээр үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжлийн эрх ашиг, нийгмийн тогтвортой байдал, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлст зохих хувь нэмрээ оруулна. Гамшиг, онц байдал, дайны байдлын үеийн үүргээ үр ашигтай хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, бүх төрлийн төлөвлөлтүүдийг боловсронгуй, бодитой боловсруулж, зэвсэг техник, тоног төхөөрөмжийн хангалтын нөөцийг бэлэн байлгах, дайны цагт орон нутгийн засгийн газартай нягт хамтран ажиллах удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь мужийн цэргийн тойргийн зайлшгүй чухалчлан анхаарч, гүнзгийрүүлэн судалж, шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэх ажил мөн...” гэж үзэж байгаа ажээ.
Дүгнэлт:
Хятадын удирдлага зэвсэгт хүчний шинэчлэлтийг гүнзгийрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд мужийн цэргийн тойргийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийж, цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй болгон, “байлдааны ажиллагааны тойргууд цэргийн ажиллагааг хариуцна” гэсэн үндсэн зарчмынхаа дагуу, тэдгээрийг байлдааны үүргүүдээс /хилийн хамгаалалт, эргийн хамгаалалт, шууд мэдлийн цэргийн ангиудыг удирдлагаар хангах гэх мэт/ чөлөөлсөн байна.
Хятадын орон нутгийн хамгаалалтын бодлого нь тухайн орон нутгийн нийгмийн тогтвортой байдлыг хангах, батлан хамгаалах дайчилгааны нөөцийг бэлэн байлгах, улс ардын аж ахуйг богино хугацаанд дайны байдалд шилжин ордог хөрвөх чадвартай болгох их гүрнүүдийн жишигт хүрэхэд чиглэж байна.

Цэргийн атташе, хурандаа Б.ГАНЗОРИГ 

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017