Thank you MONGOLIA, Thank you MONBATT

2017 оны 10 сарын 27

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VII батальон ажиллагааны газар оронд хүрэлцэн ирснээс хойш удаагүй байгаа боловч энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлсээр байна. 2017 оны аравдугаар сарын 16-ны өдөр дотоодын дүрвэгсдийн хуаранд орон нутгийн ард иргэд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, ялангуяа 14-15-нд шилжих шөнө болсон хэрэг явдалд талархаж баярын цуглааныг зохион байгууллаа. 
Батальоны цэргийн алба хаагчдыг орон нутгийн иргэдийн дунд орж ирэх үед тойрон зогсож байсан хүмүүс “Thank you Mongolia, Thank you MONBATT” хэмээн дуу нэгтэйгээр хашгирч байсан нь манай цэргийн алба хаагчдын үйл хэрэг нэн чухал болохыг илтгэж байв. 
Баяр хүргэх цуглааны арга хэмжээнд БНӨСУ-ын Юнити мужид суух НҮБ-ын “UNMISS” ажиллагааны мужийн зохицуулагч Хироко Хирахара оролцсон бөгөөд тэрээр энэхүү цуглаан дээр “Монголын батальоны хийсэн бүхэнд баярлалаа, мөн хийх бүхэнд баярлалаа” гэж хэлсэн юм.
Мөн баярын цуглаанд дотоодын дүрвэгсдийн хуарангийн иргэд том цаасан дээр “Бид урьд нь маш олон удаа халдлагад өртөж байсан. Гэхдээ одоо биднийг UNMISS ажиллагааны цэргийн багууд хамгаалж байгаа болохоор тайван байна. Баярлалаа, баярлалаа Монбатт. Бид бүхэн та нарын ажлыг үргэлж дэмжих болно. Тиймээс биднийг хамгаалсаар байгаарай гэх зэргээр талархсан сэтгэлээ бичсэн байсан нь өөрийн эрхгүй анхаарал татсан явдал байлаа.
Тус батальоны хариуцлагын бүс дэх дотоодын дүрвэгсдийн хуаран руу 2017 оны аравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө зэвсэгтэй этгээдүүд халдсан бөгөөд манай цэргийн алба хаагчид шуурхай, дүрмийн дагуу зөв арга хэмжээ авч ажиллаагүй бол орон нутгийн энгийн иргэдийн амь нас хохирч болох байсан юм. БНӨСУ-д явагдаж байгаа “UNMISS” ажиллагааны мандатад заагдсан үндсэн үүргүүдийн нэг бол энгийн иргэдийг хамгаалах явдал билээ.
Болсон явдлын дараахан Бентью суурин дахь тус батальоны байрлалд НҮБ-ын “UNMISS” ажиллагааны Хүчний командлалын штабын дарга, бригадын генерал Боед Робэйрт нэг өдрийн ажлын айлчлал хийх үедээ манай цэргийн алба хаагчдыг өндрөөр үнэлж, үүссэн цагийн байдлын үед зөв шийдвэр гаргаж, шуурхай арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлсэн болохыг онцолсон юм. 
Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны дотоодын дүрвэгсдийн хуаранд зэвсэгт этгээдүүдийн эсрэг явуулсан ажиллагаа нь монгол цэргийн бэлтгэл, мэргэжлийн ур чадварыг илтгэн харуулж, орон нутгийн иргэдийн энхийг сахиулагчдад итгэх итгэлийг нэмэгдүүлсэн бодитой жишээ боллоо.
Дашрамд дурьдахад тус батальоны хариуцлагын бүсэд хамаарах дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган орон гэргүй дүрвэгсэд байгаа бөгөөд дэлхийн хамгийн олон дүрвэгсэдтэй хуарангийн нэгд тооцогддог. Манай цэргийн багийн бие бүрэлдэхүүний сэтгэл санаа өндөр, үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Манай сурвалжлагч, ахлах дэслэгч Э.Очхүү мэдээлэл ирүүллээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017