ХҮНДРЭЛ ЯРИХААС ИЛҮҮ ДОТООД НӨӨЦ БОЛОМЖОО АШИГЛАЖ БАЙНА

2017 оны 11 сарын 02

Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Одсүрэн саяхан болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар яригдсан сэдэв бүрээр ангийнхаа бүрэлдэхүүн болоод харьяа салбаруудынхаа захирагч нарт сургалт явууллаа. Гурван хоногийн хугацаанд үргэлжилсэн энэхүү цугларалтаар шинэ хууль, дүрэм журмын тухай мэдээлэл хүргэж, сургалт бэлтгэлээ сайжруулж, сахилга хариуцлагаа дээшлүүлэх талаар ярилцсан юм. Энэ үеэр ангийн захирагч, хурандаа Ж.Одсүрэн болон зарим салбарын захирагч нарын сэтгэгдлийг хуваалцлаа.

Ангийн захирагч, хурандаа Ж.Одсүрэн:

-Цугларалтын ач холбогдол, үр дүнгийн тухай ярихгүй юу?

-Манай анги тусгай салбарын захирагч нарын цугларалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ удаагийн цугларалтыг хоёр асуудлын хүрээнд ЗХЖШ-аас дэвшүүлсэн бодлого, зорилтыг салбарууддаа хүргэх гол зорилготойгоор зохион явууллаа. 
Нэгдүгээрт, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар яригдсан шинэчлэгдсэн хууль дүрмүүд мэдээллийн аюулгүй байдал, сургалт бэлтгэл, сахилга хариуцлага гэсэн сэдвүүдээр хичээл зааж, сургалт зохион байгуулсан.
Хоёрдугаарт, 2017-2018 оны сургуулийн жилийн хүрээнд явагдах сургалт бэлтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулж батлуулсан. Цугларалтад Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр тэргүүтэй командлалын хэлтсийн дарга нар оролцсон. Сургалтын үеэр Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд Агаарын цэргийн командлал, холбогдох албаны авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анги салбаруудад цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Мэдээж манай салбарынхны цугларалт нийслэлд явагдсан учраас Агаарын цэргийн командлалаас мэргэжлийн удирдлагыг оролцуулж, тодорхой сэдвээр үүрэг чиглэл авсан үр дүнтэй сургалт болсон.

-Салбарын захирагч нараас гадна нууцын дарга, оперативын жижүүрүүдийг хамруулсан бололтой?
-Тийм ээ. Салбаруудад хууль хэрэгжүүлэх, сурталчилахаас эхлээд захирагчийн тушаал боловсруулахад нууцын дарга нар чухал үүрэгтэй. Тийм учраас тэдний хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч байна. Ялангуяа ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль дүрмээ баримтлах тухай, хүний ажил, амьдралтай холбоотой асуудал шийдвэрлэхдээ судалгаа шинжилгээ хийсэн байх тухай олон сэдвээр ярилцлаа.

-Танай ангиар сонин юу байна? Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангасан уу?
-Манай анги шинэчлэгдсэн хууль, дүрмийн хүрээнд шинэ бүтэц орон тоонд шилжсэнтэй холбоотой хийж хэрэгжүүлж байгаа ажил маш их байна. Мөн хөрөнгө мөнгөтэй холбоотой бэрхшээлүүд тулгарч байгаа ч манай хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглаж аль болохоор богино хугацаанд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэж ажилласаар ч ирсэн. 
Бид цаашдаа шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ агаарын цагийн байдлыг хянах нэгдсэн системд шуурхай шилжиж, үйл ажиллагаагаа хэвшүүлэхийн төлөө хичээж байна. Шинэ бүтэц орон тоондоо хурдан дадаж ажилласнаар байнгын бэлэн байдлыг хангаж агаарын цагийн байдлын мэдээ дамжуулах хурд хугацааны хувьд нэг шат ахина. Харин өвөлжилтийн бэлтгэл ажлаа өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан хангаад дууссан. Салбаруудынхаа өвөлжилтийн бэлтгэлийг ч шалгаж, үр дүнг нэгтгээд байна.

-Агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх сайжруулах талаар ямар ажил хийгдэж байна вэ?
-Агаарын цэрэгт ашиглах зэвсэглэл, техникийг шинэчлэх, сайжруулах нь өөрөө цаг хугацааны асуудал юм. Үйл ажиллагаандаа ашиглаж байгаа зэвсэглэл, тээврийн хэрэгслүүд маань хуучирсан. Гэсэн хэдий ч манай инженер техникийн бүрэлдэхүүний ур чадварын хүчинд ихэнх техник хэрэгслүүдийн ашиглалтын хугацаа дууссан ч өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэсээр байна. Мэдээж хойшдоо эх орноо агаарын довтолгооноос хамгаалахад шаардлагатай зэвсэг, техникээ шинэчилж сайжруулах нь зайлшгүй юм. Энэ чиглэлээр БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын хэтийн төлөвлөгөөнд үе шаттайгаар шийдэхээр тусган хэрэгжүүлж байна. Бидний хувьд шинэ техникээ хүлээхээс илүү боловсон хүчнээ сургаж бэлтгэх нь чухал юм.

ЭНЭ ЖИЛ ХОЁР БАРИЛГЫНХАА ДЭЭВРИЙГ ШИНЭЧИЛСЭН
Хошууч Г.Насанхүү /322 дугаар салбарын захирагч/:

-Энэ удаагийн цугларалтаар 2017-2018 оны сургуулийн жилийн төлөвлөгөөгөө ярилцаж, шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээлэлтэй боллоо. Ялангуяа, шинэчлэн батлагдсан агаарын цэргийн дүрмийг заалт бүрээр нь харилцан ярилцлаа. БХЯ, ЗХЖШ-ын баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудаас эхлээд сургалтаар олж авсан мэдээлэл гэвэл их бий. Сургалтаар олж авсан мэдлэгээ салбарынхандаа хуваалцахаас гадна үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Манай хамт олон энэ онд Зэвсэгт хүчний хөгжлийн санхүүжилтээр хоёр байрныхаа дээврийг завсарласан. Хамт олон маань орон нутагт батлан хамгаалах салбарыг сурталчилахад ихээхэн итгэл зүтгэлтэй ажиллаж байгааг хэлэх ёстой. Нэгэн сэтгэлээр зүтгээд л байна даа. Ер нь жирийн нэгэн офицерийн хувиар эрх зүйн шинэчлэлүүд, тодорхой бүтээн байгуулалтуудаас харахад Зэвсэгт хүчний ирээдүй өнгөтэй сайхан байна.

НУУЦ ХАДГАЛАЛТЫН ТАЛААР ТОДОРХОЙ ҮҮРЭГ АВЛАА
Ахлах ахлагч С.Батмөнх /086 дугаар салбар/:
-Манай салбар 2016-2017 оны сургуулийн жилийн хүрээнд ололт амжилтаар дүүрэн байна. Командлалын болоод ЗХЖШ-ын даргын нэрэмжит шалгалтад амжилттай дүгнэгдсэн. Энэ удаагийн цугларалтаар мэргэжлийн цэрэгт суурилсан цэргийн сургалт, бэлтгэл сэдвийн хүрээнд олон мэдээлэл олж авсандаа баяртай байна. Ялангуяа, архив болон нууц хадгалалт, мэдээллийн аюулгүй байдал, тушаалын боловсруулалтад анхаарах зүйл гэхчилэн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой сэдвээр мэдээлэлтэй боллоо. Манай 086 дугаар салбарынхан ангийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар бүрийг амжилттай гүйцэтгэж, эх орноо батлан хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээж байна. Хамт олныхоо нэрийн өмнөөс Зэвсэгт хүчний нийт мөрдэс нэгт журмын нөхөддөө ажлын амжилт хүсье.

МАНАЙ САЛБАРЫН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Ахмад Б.Энхжин /113 дугаар салбарын захирагч/:

-Энэ жил манай салбарын түүхт 50 жилийн ой тохиож байна. Тэртээ 1967 онд анх үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. Ойдоо зориулж штабын байр, шалган нэвтрүүлэх байраа иж бүрэн засварлах, тохижилт үйлчилгээг сайжруулах зорилгоор олон бүтээлч ажил өрнүүлж, орон нутагтаа батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг сурталчилах өдөрлөгийг зохион байгуулсан. Ойн баярын арга хэмжээг гурван өдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр баярын хурал, цэргийн ёслолын жагсаал, бөхийн барилдаан гээд олон арга хэмжээ зохиогдсон. Мөн баярын хуралд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, манай ангийн захирагч, хурандаа Ж.Одсүрэн тэргүүтэй албаныхан оролцож, хөдөлмөр, зүтгэлээ зориулсан үе, үеийн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлсэн. Манай салбар 1982 онд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шалгалтад онц дүнтэй шалгагдаж, онц салбарын нэг болсон сайхан түүхтэй. Энэ түүхээ давтахын төлөө, Зэвсэгт хүчний тэргүүний салбар болохын төлөө их, багагүй хичээн ажиллаж байна. Энэ завшааныг ашиглаад түүхт 50 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлсэн ЗХЖШ-ын удирдлага, орон нутаг болоод ангийн удирдлага, үе үеийн ахмад буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017