ЗЭВСЭГТ ХҮЧИН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСНООРОО ГАДААД ХАРИЛЦААГАА УЛАМ ТЭЛСЭН

2017 оны 11 сарын 02

Энэ удаагийн “Ярилцах цаг”-ийн зочноор олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүүг урилаа. Тэрээр Монгол Улсаас Арабын орнуудад суух элчин сайдаар ажиллаж байсан дипломатч юм.

-Олон улсын улс төрийн бодлого судлалын профессорын хувиар геополитик, улс орнуудын харилцааны асуудлаарх олон нийтлэл нэвтрүүлэг, ярилцлагыг тань уншиж байсан. Энэ удаад геополитикт Монгол Улсын Зэвсэгт хүчний эзлэх байр суурийн тухай дагнан ярилцах сонирхолтой байна?

-Болно, болно. Мэдэх хэмжээндээ ярилцъя. Цэргийн мэргэжлийн хүн биш учраас хэллэг нь буруу байвал ойлгоорой.

-Эрдэм шинжилгээний ажил биш учраас болно биз дээ. Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагад та ямар байр суурьтай байдаг бол. Ололттой болон дутагдалтай тал харагддаг байх?
-Ололттой талыг нь илүү харж байна. Өнөөдөр Зэвсэгт хүчний хөгжилд энхийг сахиулах ажиллагаа чухал байр эзэлж байна, тийм үү. Тэгвэл энхийг дэмжих ажиллагаанд оролцох санаачилгыг гаргасан хүний нэг нь би. Үүгээрээ ч бахархаж явдаг.

-Тийм үү, би анх удаа сонсч байна?
-Танд жишээтэй нь ярьж өгье л дөө. Аль 20 гаруй жилийн өмнө “Улсын сүр нь цэрэгтээ” (“Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд 1996.08.16), “Монгол цэрэг Африкт хөл тавих уу?” (“Тусгаар тогтнол” сонинд 1996.07.15-21), “Монгол Улс НҮБ-тай яаж хамтран ажиллах вэ?” (“Засгийн газрын мэдээ” сонинд 1996.10.05) зэрэг нийтлэлээр социалист арга барилтай тэр үеийн армийг өөрчлөн шинэчлэх асуудлыг хөндөн бичиж байсан. Шуугиан дагуулсан нийтлэл ч болж БХЯ, ЗХЖШ хавиар бөөн яриа гарч байсан юмдаг. Үнэндээ социализмын үеэс улирч үлдсэн арми, цэргийн сэтгэхгүйг өнгөрсөн зууны сүүлчээр гээж чадсаныг би Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийн эхлэл гэж үздэг. Энхийг сахиулах ажиллагаанаас суурилаад батлан хамгаалахын гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрчтэй хөгжсөн нь мөн л том ололт. Өнөөдөр улсынхаа гадаад харилцаанаас давсан, түүнтэй уралдсан гадаад хамтын ажиллагааг БХЯ, ЗХЖШ л явуулж байна шүү дээ. 
Манай улсын “гуравдагч хөршийн бодлого” өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд буй болж, хэрэгжиж, одоо төлөвших шатандаа байгаа гэж үзвэл үүнд Зэвсэгт хүчний гадаад харилцаанд оруулсан хувь нэмэр асар их юм. “Гуравдагч хөршийн бодлого” манай улсын геостратегийн ач холбогдлыг өсгөж, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын нийгэмлэгт манай улсын эзлэх байр суурь, хамаарлыг нэмэгдүүлэхэд тус дэм болж байгаад гол ач холбогдол нь оршино. Манай “гуравдагч хөршийн бодлого”-ын нэг тод илэрхийлэл нь цэргийн хамтын ажиллагаа байгаа, цаашдаа ч байх бүрэн боломжтой.

-Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааны хүрээнд баримтлах бодлогын тухайд?
-Гадаад харилцааны салбарт баримтлах бодлого, түүний чиглэлээ БХЯ зөв оновчтой хэрэгжүүлж байна гэж хэлнэ. Тэгээд ч эрх зүйт төрт улсад гадаад хамтын ажиллагаа гэдэг нь хуулийн хүрээнд зохицуулагдаж, залгамж чанараа хадгалж явдаг учраас БХЯ-ны үе үеийн удирдлага түүнд хүчээ өгсөн болов уу. Өдгөө Батлан хамгаалахын сайдаар өмнө нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай, тулхтай улс төрч Н.Энхболд томилогдон ажиллаж байгаа нь нүдээ олсон томилгоо, зөв сонголт гэж бэлгэшээж байна. Н.Энхболд сайд Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааг бүр ч олон шат ахиулж магадгүй. 
Дээрх асуултын хүрээнд дэлгэрүүлэхэд мөнхийн хоёр хөрштэйгээ харилцан хамтран ажиллаж байна. Зээл тусламж авахаас эхлээд боловсон хүчнээ ч сургаж байна. Энэ талаарх таны байр суурь сонин байна?
-Хоёр хөрштэй батлан хамгаалахын салбарын хэмжээнд хэрхэн ажиллаж ирсэн түүхийг гадарлана. Манай улс өнгөрсөн зууны эхэн үеэс Хаант Орос, дараа нь Зөвлөлт Орос, ЗХУ-тай, 1950-иад оноос БНХАУ-тай цэргийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн баялаг түүх бий. Коммунист дэглэм нурсны дараа Монгол, Оросын аль аль нь нийгмийн өөр байгуулалд шилжиж, манай нутагт байрлаж байсан орос цэрэг гарснаар хоёр улсын цэргийн харилцаа зогсонги байдалд орсон шүү дээ. Энэ байдлыг 1993 оны Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны тухай БХЯ-д хоорондын хэлэлцээр сэргээж эхэлсэн гэж үзэж болно. Үндсэндээ 2000 оноос харилцаа сэргэж хоёр талын БХЯ, Зэвсэгт хүчний удирдлага, төрөл мэргэжлийн цэрэг, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчдийн айлчлал тогтмолжиж, Монголын талын хүсэлтийн дагуу ОХУ цэрэг-техникийн тусламж эргээд үзүүлж эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш хамтын ажиллагаа нь улам л өргөжин тэлсэн. Батлан хамгаалах салбарын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох цэрэг-техникийн хамтын ажиллагаа, тухайлбал, зэвсэглэл, байлдааны техник, галт хэрэгсэл, түүний нийлүүлэлт, тээвэрлэлт гээд ОХУ-тай түлхүү ажилладаг болов уу. БНХАУ-тай 30 жил тасарсан цэргийн харилцаа 1990 онд сэргэх эхлэл тавигдаж, түүнээс хойш тасралтгүй хөгжиж ирсэн. БНХАУ-ын БХЯ 1993 оноос Монгол Улсын БХЯ-нд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлж эхэлсэн, манайхны хувьд авсан нь ч тоймгүй их байх. Ганц жишээ дурдахад “Бага-баян” дахь “Энхийн төлөө төв”-ийг 2012 онд ашиглалтад оруулсан, түүний идэвхтэй нэг үйлчлүүлэгч нь би өөрөө учраас зориуд тэмдэглэн хэлж байна. Ер нь хоёр хөрштэй батлан хамгаалах салбарын харилцаа цэргийн болон хүмүүнлэгийн чиглэлээр эрчимтэй хөгжиж байна, цаашид цэрэг-техникийн чиглэлээр өргөжих ирээдүйтэй.

-Харин сүүлийн үед зарим орнууд манайтай батлан хамгаалах салбарын хүрээнд хамтран ажиллах сонирхол их байх шиг. Аль нэг орон гэлтгүй гэнэт харилцаагаа сайжруулах гэсэн, эсвэл тусламж дэмжлэг ихээр үзүүлээд эхлэх эрсдэлтэй байж болох талтай юу?

-Бид өөрсдөө хамтын ажиллагаандаа бэлэн, хүний нөөцөө энэ чиглэлд бэлтгэсэн байх ёстой. Би хувьдаа Монгол-Катарын цэргийн хамтын ажиллагааг үлгэр жишээч хамтын ажиллагаа гэж үздэг. Тодруулбал, Катар улстай терроризмын эсрэг тэмцэх, энхийг сахиулах болон байгалийн гамшигтай тэмцэх ажиллагаа, цэргийн алба хаагчдыг сургах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байгааг нь хэлж байна. Катарын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Хамад Бин Али Абдулла Аль-Аттияа 2007 онд Монголд айлчилснаар хоёр улсын цэргийн харилцаа эхэлсэн гэж үзвэл энэ 10 жилд чамгүй амжилтад хүрсэн юм билээ. Манай ЗХЖШ-ын дарга нар ч Катарт айлчилж, цэргийн алба хаагчдыг сургах, хамтарсан дадлага, сургууль хийх, энхийг сахиулах, терроризмтой тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах талаар хэлэлцэж “Монгол, Катар улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ” хүртэл байгуулсан. Энд нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэмээр байна. Би Каираас Катарыг хавсран элчин сайдаар ажиллаж байхдаа монголын цэргийн алба хаагчдыг Катарт араб хэлний дамжаанд хамруулах талаар БХЯ-ны удирдах нөхөдтэй хамтран ажиллаж байсан, түүнийгээ ололт гэж хардаг шүү.

-Манай улстай батлан хамгаалах салбарт харилцан хамтрая гэсэн шинэ улстай ямар байр сууринаас хандах ёстой вэ? Мэдээж манайд энэ талын туршлага бий. Гэхдээ дипломатчийн байр суурийг сонирхоё?
-Манай улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа улс орон олон болж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ тэдгээр улс нь бүс нутагтаа энх тайван, тогтвортой байдлыг хангах бодлогыг тууштай баримталдаг, олон улсын терроризмын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмждэг, оролцдог байх ёстой. Энэ зарчмыг баримтлах ёстой. Тийм улсуудтай эхний ээлжинд дэлхийн ба бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан мэдээлэл, санал солилцох, дараагийн ээлжинд болж өгвөл монголын цэргийн алба хаагчдыг тэдгээр улсад хэлний болон бусад сургалтад хамруулах хэрэгтэй. Гуравдугаарт, терроризмын эсрэг тэмцэх, энхийг сахиулах болон байгалийн гамшигтай тэмцэх ажиллагааны хамтарсан дадлага, сургууль хийх гэхчлэн шат дараатай хамтын ажиллагаа өрнүүлж болно. Гэхдээ бид өөрсдөө бэлтгэлтэй байх ёстой гэдгийг ямагт санаж мөрдөж байхыг дахин хэлье. Ер нь харилцааны эрсдлийг монголчууд бид өөрсдөө бий болгох гээд байдаг тал бий. Тухайлбал, гадаад олон түншид зэрэг, зэрэг амлах, гадаад түншүүдийг хамтын ажиллагааны төслүүд дээрээ мөргөлдүүлэх, улс төрчид нь хувийн сонирхлоо гаргаж тавих, төрийн бодлоготой хувийн ба бүлгийн сонирхлоо хослуулахыг зорих, төр засаг нь үе үе солигдож дараачийнх нь өмнөхөө үгүйсгэх, зээл тусламж, хөрөнгө оруулалтыг будлиантуулах гэхчлэн өнөөг хүртэл биднийг зовоож ирсэн дутагдал байна. Гэхдээ Зэвсэгт хүчинд ийм дутагдал гайгүй болов уу гэж итгэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсноороо Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж байна. Төр, засгийн удирдлагууд ч үүргээ амжилттай гүйцэтгэж яваа манай цэргийнхэнд талархал илэрхийлдэг?
-Манайх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд харьцангуй сүүлд хамрагдсан ч цэнхэр дуулгатнаа хандивладаг топ 20 улсын нэг болсон нь хамгийн том амжилт. Дипломатчийн хувиар энхийг дэмжих ажиллагааг эхнээс нь дэмжиж байсан учраас энэ оролцоонд сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ өнөөдөр дэлхий ертөнц эгзэгтэй, хэлж таашгүй, хурдтай өөрчлөгдөж, бүс нутагт геополитикийн үл танигдах тоглолт хийгдэх болж. Энэ бүхэнд бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Манай энхийг сахиулагчид дэлхийн аль ч улс орон, бүс нутагт алба хаших чадвартай, хөрвөх чадвартай гэдгээ нотлон харуулж чадаж байгаа учраас эрсдэх асуудал тулгарахгүй биз.

-Монгол Улс төвийг сахих бодлого баримталж байна. Үүнд Зэвсэгт хүчний оролцоо ямар байгаа бол?
-Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг сөхөөд үзэж болно. Лавшруулан судлая гэвэл Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэг эрх зүйн актуудыг үзэж болно. Энэ бүхэнд нь төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд туссан байгаа. Монгол маань энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулдаг улс. Энэ маань улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалахаас өөр сонголтгүй гэсэн үг. Манайх шиг жижиг улс цэрэг-стратеги, геополитик, хатуу хүчний бодлогоор оролддоггүй. Бага жижиг улсын гадаад бодлого гэдэг маань ихэвчлэн зөөлөн хүчний бодлогоор хэрэгждэг. Гадаад бодлогын үзэл баримтлалд ч биччихсэн байгаа. “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна. Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ. Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно. Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална” гээд заачихсан байгаа шүү дээ. Аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ, цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэдэг чинь бүгд л төвийг сахина гэсний илэрхийлэл биш гэж үү.

-Тийм байх...
-Дээр дурдсан хууль тогтоомж, үзэл баримтлалын хүрээнд Зэвсэгт хүчин ажиллах ёстой. Өнгөрсөн 27 жилд ерөнхийдөө нээлттэй, идэвхтэй, прагматик, олон тулгуурт, нэг ёсондоо төвийг сахисан гадаад бодлого хэрэгжсэн гэж хэлж болно. Төвийг сахина гэдгээ анхлан Гадаад бодлогын үзэл баримтлалдаа хоёр хөршийн сөргөлдөөн дунд гэдгээр эвтэйхэн суулгаж өгсөн байдаг юм. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүний статусаа тунхаглан хэрэгжүүлсэн. Цөмийн зэвсгээс ангид бүс болсноо ч зарласан. Энэ бүхэн маань төвийг сахиx бодлогын маань бүрдлүүд юм. Төвийг сахина хэмээн гадаад бодлогодоо хатуу тунхаглан зарлаж томъёолоогүй атлаа хэрэг дээрээ төвийг сахисаар ирсэн. Яг энэ сэдвээр миний бие “Олон улсын харилцаан дахь байнга төвийг сахих статус, Монголын гадаад бодлого” гэдэг номоо уншигчиддаа өргөн барьсан. Төвийг сахисан зарим улс орны түүхэн туршлага, онцлог, НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоох талаар манай улсаас явуулж буй дипломат чармайлтын түүхэн уг сурвалж, шалтгаан, өнөөгийн байдал зэргийг бүтээлдээ тусгасан. Төвийг сахих асуудлаар тусгайлсан бүтээлийн анхдагч нь миний энэ ном байх болов уу.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай юу?
-Энэ талаар ГХЯ ба Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөс тодруулах хэрэгтэй. Ер нь төвийг сахих бодлогыг баримтлах шаардлага тулгарах байх. Монгол Улс ямар нэг олон улсын шинж чанартай маргаан, мөргөлдөөнд татагдан ороогүй ч гэсэн маргаанд оролцсон манай хөрш, түнш улсууд байсаар л байна. Миний мэдэх хоёр жишээ байна. 2015 онд Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулган дээр төвийг сахих бодлогоо зарласны дараа яг тэр өдөр НҮБ-д “ISIL болон экстремизм, терроризмын эсрэг тэмцэл”-ийн асуудлаар дээд хэмжээний уулзалт болсон. Түүнд Монгол Улс оролцоогүй. Тэр үеэр АНУ-ын зүгээс ямар хүсэлт тавьж байсан бэ гэвэл, Сири, Иракт байлдаж байгаа АНУ тэргүүтэй “Лалын улс”-ын эсрэг олон улсын цэргийн хүчний эвсэлд манай улсыг оролцооч ээ гэдэг хүсэлт тавьсан. Уг эвсэлд 65 улс байгаа, 66 дахь улс нь болж оролцооч гэсэн. Гэхдээ Монгол Улсаас их юм хүсээгүй. Цэрэг оруул гээгүй, байлдуул гээгүй. “Монгол Улс” гэсэн нэрээ, төрийн далбаагаа ашиглуулна уу л гэж хэлсэн. Төрийн департаментад ч ингэж ярьсан. Монгол Улс төвийг сахисан гэдгээ НҮБ-д зарласан учраас бид оролцох боломжгүй ээ хэмээн бид тайлбарлаад өнгөрсөн. Хэрвээ бид Ирак, Сири дэх “Лалын улс”-ын эсрэг эвслийн 66 дахь гишүүн гээд төрийн далбаагаа мандуулчихсан явж байсан бол лалын хэт даврагчид манай улсыг ямар хэмжээнд үзэх вэ. Аль хэдийнээ террорист ажиллагааны талбар хэмээн онилчихсон байж мэднэ. Бельгийн Брюссель, Францын Парис, мөн Стамбул, Мюнхен, Ницце, Нью-Йорк хотуудад үйлдсэн халдлагуудаас эхлүүлээд гашуун сургамжийн олон жишээ бэлээхэн байна. Бас нэг жишээ. 2016 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчилсан. Тэрээр Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхдээ дэлхийн дүрвэгсдийн хямрал шийдэх асуудалд танай улс ямар үүрэгтэй оролцох гэж байна гэж асуугаад “Жил бүр 3000 дүрвэгчийг Сири, Иракаас хүлээн ав” гэж санал тавьсан. Хариуд нь “Манай улс төвийг сахисан статустай учраас бид анхнаасаа энд оролцоогүй юм” гэсэн xaриyлт өгөөд нэг удаа ам тагласан. АНУ-ын ТНБД-аас бас нэг санал тавьсан. “Хэрэв 3000 дүрвэгч хүлээн авахгүй бол таван сая ам.доллар төл” гэсэн. Дүрвэгсдийг төрүүлсэн “Арабын хавар”, түүнийг өдөөсөн мөргөлдөөнд манай улс оролцоогүй хэрнээ 3000 дүрвэгч авах юм уу, эсвэл таван сая ам.доллар жил бүр төлөх бололцоо бидэнд байна уу. Энэ мэт хүнд асуудлыг төвийг сахиснаараа ам таглаад өнгөрөөж болж байгаа юм.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Ингэхэд та өөрөө бэлтгэл офицер байх аа. Хаана, хэзээ цэргийн алба хааснаа сонирхуулаач?
-Би 24-тэйдээ их сургууль төгсгөөд нэг жил ажиллачихаад Ардын армид цэргийн албанд татагдсан. Эхлээд 122 дугаар ангийн карантинд сар хагасыг өнгөрөөгөөд офицер бэлтгэх түр курсэд гурван сар хагас суралцаад дэслэгч болсон түүхтэй. Ингээд гурван жил 180 дугаар ангийн Улс төрийн хэлтэст тусгай суртал нэвтрүүлгийн офицер байсан даа. Завсарт нь Монгол-Хятадын хилийн хэлэлцээрт орчуулагчаар түр ажилласан. 1980-1984 онд цэргийн жинхэнэ албанд байсан гэсэн үг. “Соёмбо” сониныг “Улаан од”, “Тусгаар тогтнол” нэртэй байх үеэс хамтран ажиллаж оны шагнал, БХЯ-ны “Хүндэт жуух”-аар шагнуулж явснаа эргэн санахад сайхан байна. Иймд сонины уран бүтээлчдэд ажил хөдөлмөр, уран бүтээлийн гялалзсан амжилт хүсэн ерөөе!

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017