ХУУЛЬ ДҮРМЭЭ БАРИМТАЛЖ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛНА

2017 оны 11 сарын 16

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.

-Юуны өмнө ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэлийн төлөө явдаг элэгтэй хүн томилогдлоо гэж манай салбарынхан ам сайтай байна. Таны сайдаар ажиллахдаа баримтлах гол чиглэл юу байх вэ гэдгээс яриагаа эхлэе?

-Баярлалаа. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороонд дагнан ажиллаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд байнгын хорооны гишүүний хувиар, аюулгүй байдал батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэл хөгжилтэй холбоотой төрийн бүх шийдвэр хууль тогтоомж, эрх зүйн актыг гаргахад биечлэн оролцсон. Зарим хуулийн төслийг санаачилж, ажлын хэсгийг ахалсан байна. Энэ утгаараа батлан хамгаалах салбартай ойрхон явсан, зовлон бэрхшээлийг нь ч мэднэ. Гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр Засгийн газарт хоёр ч удаа ажиллаж байсан батлан хамгаалах салбарт анхаарал тавьж явдаг хүн томилогдлоо гэж манайхан ярьж байгаа юм билээ. Тэр нь ч бас сэтгэлд дотно байна.
Нэгэнт салбартайгаа ойр байсан учраас БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад байгаа дарга нар ч гэсэн хуучны танилууд. Энэ хүмүүстэй олон жил санал бодлоо хуваалцаж, хамтарч ажилласан учраас цаашдын ажилд маань ч тус дэм болох байх. Ажлаа авснаасаа хойш БХЯ-ны харьяа байгууллага, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын үйл ажиллагаатай танилцаж, цэргийн алба хаагчдынхаа санал хүсэлтийг нь сонслоо. Орон нутгийн зарим ангид ч ажиллалаа. Танилцах явцад харж байхад засч залруулах, хууль журмын дагуу болгох ажлууд байна.

-Тухайлбал?

-Цэргийн алба хаах журам, албан тушаалын зарим томилгоо, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зохион байгуулалт, бүтэцтэй холбоотой засч сайжруулах зүйлүүд байна. Энэ нь өмнө нь ажиллаж байсан сайд дарга нар болоод тухайн үеийн удирдлагуудын байр суурь, үзэл бодолтой холбоотой гэхээс илүү шинэчлэгдсэн эрх зүйн орчинтой уялдуулан зохицуулахтай холбоотой. Дараагийн анхаарах зүйл гэвэл хууль дүрмээ чанд баримталж, сахилга хариуцлагыг сайжруулах юм. Энэ удаагийн Засгийн газар ийм л шаардлагын үүднээс бий болсон. 
Хэдийгээр Ерөнхий командлагчийн зарлигаар баталсан дүрэм журам, өмнөх сайдууд, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар, ЗХЖШ-ын даргын гаргасан шийдвэрүүд байгаа хэдий ч тэр нь зарим талаараа зөрчилдөж, амьдралд мөрдөгдөх боломжгүй болсон байна. Энэ нь зарим талаасаа хүмүүсийн харилцаа, цаг үеэ ойлгох, мэдрэх чадавхтай ч холбоотойг үгүйсгэхгүй. Цаашдаа ийм байж таарахгүй. Цэргийн анги, байгууллагад ямар дүрэм, ямар журам байна тэрийгээ л баримтлах ёстой. Ингэж байж салбар нь өөрөө дэг журамтай, сахилга баттай, захирах захирагдах ёсоо баримтална. Байгууллага хоорондын харилцаатай холбоотой дүрэм журмыг эхний ээлжинд засч сайжруулах учиртай. Энэ нь төсөв шаардахгүй ажил учраас хэрэгжих боломжтой. Үүнээс гадна БХЯ, ЗХЖШ-аас хамаардаггүй бэрхшээлтэй асуудал олон байна.

-Зэвсэгт хүчний зэвсэг техникийн шинэчлэл, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах тухай биз дээ?

-Тийм ээ. Энэ ажил БХЯ, ЗХЖШ-аас илүү УИХ-аас шалтгаална. Ийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ тэр дундаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Засгийн газарт энэ асуудлыг сайн ойлгуулж алхам алхмаар шийдэхийн төлөө явна. Ялангуяа, зэвсэг техникийн шинэчлэлд анхаарах цаг нь болж. 
Урагштай явж байгаа нэг ажил бол БХЯ, ЗХЖШ-ын гадаад харилцаа. Ялангуяа энхийг дэмжих ажиллагаагаар дамжаад гадаад хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаа. Өнөөдөр манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа нь зөвхөн тэнд үүрэг гүйцэтгэж буй цэрэг дайчдын бэлтгэл чадавхийн тухай асуудал биш. Том утгаараа Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил дэвшил, сэтгэлгээний өөрчлөлтөд бүхэлдээ сайн нөлөөтэй. Цэрэг-техникийн хамтын ажиллагааг бусад түншүүдтэйгээ хэрэгжүүлснээр улс төр дипломатын аргаар батлан хамгаалах, аюулгүй байдлаа хамгаалах зорилтын хажуугаар Зэвсэгт хүчнийхэн эх орноо хамгаалах, чадавхийг нь бэхжүүлэхэд тус дэм болж байгаа маш том ажил юм. Миний бие амжилттай явж ирсэн энэ харилцааг сайдаар ажиллах хугацаандаа үргэлжлүүлэх, илүү бололцоотой хэмжээнд нь хүргэхийг зорьж байна. Энхийг дэмжих ажиллагааны эрх зүйн хуулийг гаргахад биечлэн оролцож байсны хувьд улс төр дипломат харилцаанд, Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжилд, цэргийн алба хаагчийн ур чадварыг сайжруулах ач холбогдолтой гэдгийг анзаарч, үргэлж дэмжиж ирсэн. Цаашид УИХ, Засгийн газрын хэмжээнд оролцогч олон талуудын ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэйг ойлгож байна.

-Энэ цаг үед УИХ-аар 2018 оны улсын төсөв батлагдлаа. Батлан хамгаалахад зарцуулах төсвийг бууруулахгүй байхын төлөө та мэдээж үгээ хэлж, учирлаж ойлгуулсан байх. Ер нь цаашдаа дэлхийн орнуудын жишиг шиг цэрэг армидаа зарцуулах төсвөө нэмэгдүүлэх сайхан цаг ирнэ гэдэгт бид итгэдэг?

-Манай улс харьцангуй жижиг. Хөгжингүй орнууд тэр дундаа томоохон Зэвсэгт хүчинтэй, дэлхийн хэмжээнд бодлого, зорилтоороо нөлөөлж чаддаг орнуудтай харьцуулахад шүү дээ. Гэхдээ улсын төсөвт цэргийн зардлаа тодорхой хэмжээгээр нэмэх шаардлагатай гэж үздэг хүмүүсийн нэг нь би. Сайдаар томилогдохоос өмнө ч ийм байр суурьтай байсан. Ингэх гурван учир шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-аар Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болоод батлан хамгаалахын багц хууль шинэчлэн батлагдсан. Энэхүү шинэ эрх зүйн баримт бичигт төрийн цэргийн байгуулал гэдэгт зөвхөн Зэвсэгт хүчин дан ганцаар хамаарахгүй байхаар хуульчилсан. Тодруулбал, шаардлагатай үед төрийн цэргийн байгуулалд Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага хамрагдах эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр батлан хамгаалах тогтолцоо тойруу утгаараа томорч байгаа учраас төсөв, санхүүжилтыг нь ч гэсэн нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа. Хоёр дахь том шалтгаан нь дээр хэлсэнчлэн зэвсэг техникийн шинэчлэлд анхаарах тухай. Цаг нь ч болсон. Манай салбарынхан өнөөдөр 1990 оноос өмнөх үеийн зэвсэг техникийг үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа нь нууц биш. Гуравдугаарт, Батлан хамгаалахын багц хуулиар улс орны батлан хамгаалахын тулгуур гурван чулуу нь орон нутгийн хамгаалалт, дайчилгаа, Зэвсэгт хүчин гэдгийг тодорхойлж өгсөн. Үүнтэй холбогдуулан цаашдаа УИХ-аар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг батлуулж, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Эдгээр хуулиуд шинэчлэн батлагдсанаар төсөв зардал илүү шаардагдах шинэ нөхцөл байдал үүснэ. Нэгэнт л хууль тогтоомжууд нь батлагдан хэрэгжиж байгаа бол төсөв мөнгийг нь ч гэсэн бодолцох ёстой. Энэ чиглэлээр тууштай ажиллах болно. 
Засгийн газар дөнгөж шинээр байгуулагдаж, төсвийн тодотгол нь түрүүчийн Засгийн газрын төлөвлөснөөр батлагдах учраас 2018 оны хувьд манай салбарын санхүүжилтэд төдийлэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ энэ жил зарим асуудал шийдэгдэж л байна. Дотоод, гадаадад суралцаад төгссөн 600 орчим цэргийн алба хаагчийнхаа цалинг өгч чадахгүй байсан. Үүнийг шийдлээ. Ирэх онд сургуулиа төгсөх сонсогчдын цалинг ч гэсэн улсын төсөвт суулгаж чадсан. Энэ мэтчилэн бага ч гэсэн ахиц гарч байна. Цаашдаа батлан хамгаалах салбарын төсвийг зохистой батлуулахын төлөө зөвхөн БХЯ хөөцөлдөх учиргүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас эрх зүйн шинэчлэлтэй ойртсон төсөвтэй байлгах бодлого, зорилтыг баримтлах ёстой.

-Нэг хэсэг улс орон даяар “Бүтээн байгуулалтын цэрэг” хөтөлбөр хэрэгжинэ гэж дээр, дооргүй ярьсан ч тэгсхийгээд намжсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга энэ хөтөлбөрийг эргэн сэргээх байр суурьтай байгаа гэсэн үү. Энэ талаар?

-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажилд Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр оролцож болох эрх зүйн зохицуулалттай. Ажлаа авснаас хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж ярьсан. Ерөнхийлөгчтэй хоёр ч удаа уулзсан. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс “Томоохон бүтээн байгуулалт тэр дундаа төмөр замын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс оролцуулах боломжийг судалж үзмээр байна” гэсэн чиглэл өгсөн. Урьд нь ч энэ чиглэлээр тооцоо судалгаа хийсэн зүйлүүд байгаа юм билээ. Одоогоор холбогдох албан тушаалтнуудтай санал солилцож, судалгаа хийж байна. Хэрэв бүтээн байгуулалтад оролцвол дараах зарчмыг баримтлах учиртай. Нэгдүгээрт, Зэвсэгт хүчин тайван цагийн үеийн бэлэн байдлаа алдагдуулахгүй хэмжээнд бүтээн байгуулалтын ажилд оролцох ёстой. Хэрэв Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтын томоохон ажилд оролцуулна гэвэл урсгал зардлуудыг нь бүрэн шийдэж өгөх ёстой. Зэвсэгт хүчинд одоо олгогдож байгаа төсвийн хэмжээнд улсын хэмжээний бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө тусгагдаагүй. Тиймээс дээрх хоёр нөхцөл хангагдвал Зэвсэгт хүчин хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд бүтээн байгуулалтад оролцоход бэлэн, тодорхой хэмжээний боломж ч бий. Өнөөдөр өөрийнхөө салбарын хэмжээний барилга байгууламж, цэргийн алба хаагчдын орон сууцыг барьж чадаж байна. Энэ ч бас тодорхой хэмжээний бүтээн байгуулалтын ажил юм.

-Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Дээр хэлсэнчлэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг шинээр батлуулж, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Одоо төсөл хэмжээгээр БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд танилцаж байна. Удахгүй өргөн барьж хаврын чуулганы хугацаанд УИХ-аар батлуулах зорилготой. Дээр нь Монгол Улсын цэргийн номлолыг шинэчлэх шаардлага байгаа. 2000 оны эхээр батлагдсанаас хойш 18 жил өнгөрч. Дэлхий, манай улсыг тойрсон бүс нутгийн цэрэг стратеги аюулгүй байдлын нөхцөл байдал, манай улсын хөгжлийн түвшин, шаардлага ч өөр боллоо. Эрх зүйн орчин өөрчлөгдсөн, энэ бүхэнтэй уялдуулж цэргийн номлолоо гаргах ёстой. Энэ ажилд сайдын хувьд ч тэр, гишүүний хувьд ч тэр ихээхэн идэвх чармайлт гаргаж ажиллах шаардлагатай.

-Сайд болсноос хойш сэтгэлд үлдсэн содон үйл явдал сэтгэгдэл юу байв?

-Саяхан Афганистанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнтэй уулзаж шагналыг нь гардууллаа. Мэдээж үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн дайчдаараа бахархаж байлаа. Хамгийн гол нь эр нөхөр, эхнэрээ эрүүл энх эргээд ирсэнд нь баярлаж байгаа аав ээж, ар гэр, үр хүүхдийнх нь өмнөөс сэтгэл үнэхээр хөдөлсөн. Цэрэг эр дайн дажинтай газраас эсэн мэнд буцаж ирэхээс илүү аз жаргал гэж юу байх билээ.

-Тэгэлгүй яах вэ. Ярилцлагын төгсгөлд, нийгэм рүү чиглэсэн хөтөлбөрүүд үргэлжлэх үү гэж асуумаар байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрөөс эхлээд?

-“Оюутан цэрэг” хөтөлбөр үргэлжилнэ. БХЯ, ЗХЖШ-аас хэрэгжүүлж байгаа, нийгэмд эерэг хандлагатай байгаа, дайчилгаа, бэлтгэл нөөцөд ч хэрэгтэй хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: “Соёмбо” сонин, дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017