ЭНХИЙГ САХИУЛАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

2017 оны 11 сарын 24

Манай шилдэг энхийг сахиулагчийн нэг, ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Улсын төв клиникийн нэгдүгээр эмнэлэг, Халдвар судлалын үндэсний төвийн хамтарсан эмч нар түүнийг цаг алдалгүй яаралтай хагалгаанд орохыг анхааруулжээ. Учир нь биеийн байдал цаг хугацаа алдах тусам доройтож, эмчилгээнд муугаар нөлөөлөх учраас элгээ солиулах хагалгаанд яаралтай орохыг сануулсан хэрэг юм. Энэ цаг үед мөрдэс нэгт журмын нөхөд нь тусламжийн гараа сунгаж байгаа сайхан мэдээг дуулгая. Ялангуяа, халуун цэгүүдэд энхийг сахиулж буй манай цэргийн алба хаагчид санаа нэгдэн өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа юм. Тухайлбал, БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Д.Энхбаатар захирагчтай VII мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонд туслах сайн үйлсийн аянд нэгдсэн тухай мэдээллийг манай сурвалжлагч, ахлах дэслэгч Э.Очхүү бидэнд ирүүллээ. Үүнд “Монгол цэргийн эр зоригийн илрэл болсон мөрдэс нэгт хамтран зүтгэгч, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн холбооны дарга, ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндон нь “Элэгний хатуурал” хэмээх хүнд өвчнөөс болж хагалгаанд орох шаардлагатай байгаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан даруйд цэргийн багийн бие бүрэлдэхүүн сайн дурын аянг өрнүүлж тодорхой хэмжээний хандив цуглууллаа. Хандивийг VII мотобуудлагын батальоны ар гэрийн төлөөлөл тун удахгүй Ш.Самбуу-Ёндонд болон түүний гэр бүлийнхэнд гардуулж өгнө. Мөн VII ээлжийн мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн нярав, дэд ахлагч Б.Батбилэгийн хүү Б.Баттөр нь 11 дүгээр сарын 5-ны өдөр дэлүүний хорт хавдартай гэсэн онош гарч, яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Иймээс батальоны зүгээс хамтран үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчийнхаа хүүд 1 сая төгрөгийн хандив өгөхөөр шийдвэрлэв. Энэ завшааныг ашиглан Зэвсэгт хүчний нийт цэргийн алба хаагчдаа энэхүү хандивын аянд нэгдэн, хамтран зүтгэгч, мөрдэс нэгт нөхрийнхөө үр хүүхдэд туслах эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэжээ.

Энхийг сахиулагчдаас гадна хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олон, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины хамт олон болоод Ш.Самбуу-Ёндонгийн багын найз н.Ундрах-Эрдэнэ нар сэтгэлийн хандив өргөж, хурдан эдгэхийг ерөөжээ.

Монгол цэргийн нэрийг баатарлаг үйлсээрээ дэлхийд цуурайтуулсан, энхийг сахиулагчдын маань оргил нь болсон мөрдэс нэгт ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонд одоо л та бидний сэтгэлийн дэм тус, итгэлийн гал юу юунаас илүү хэрэгтэй байна. Сайхан сэтгэл, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ХАНДИВЫН ДАНС: 
Төрийн банк:310000281515, хүлээн авагч нь Ш.Самбуу-Ёндон
Голомт банк:1709052959, хүлээн авагч нь Ш.Самбуу-Ёндон
XААН банк: 5753394116 /Эхнэр Л.Сүхбат/. 
Харилцах утас: 99796090, 89072789.

Ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонд туслах аяныг зохион байгуулах түр комисс


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017