Хурандаа Г.Золзаяа: ҮЛДЭХ МӨРТЭЙ АЖИЛЛАХЫГ Л ЧУХАЛЧИЛЖ БАЙНА ДАА

2017 оны 11 сарын 24

“Би чинь ардын авьяастан, сайн дурын уран сайханчидтай л ажиллаж байсан болохоос анхнаасаа л цэргийн улс төр, соёл урлагийн ажилтан хүн шүү дээ” гэж яриагаа эхэлсэн энэ хурандаагийн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга хэмээх их айлын хойморт суусны нэг жилийн нүүр чуулгын түүхт 85 жилийн ойтой таширлан тохиож байгаа юм байна. Энэ хугацаанд тэрбээр чуулгынхаа хамт олонтой гар, сэтгэл нийлэн чамгүй ихийг амжуулсан нь гаднах өнгө төрх, үүднээсээ андашгүй. Энэ нь тохижилт үйлчилгээний талаар төдийгүй уран бүтээлч, ажилтан албан хаагчдын хийе бүтээе гэсэн чин сэтгэл ойгоо угтаж тайлагнасан тоглолт уран бүтээлүүдээс харагдана. Эх орны хаа хэрэгцээтэй газар томилсон удирдлагын шийдвэрт “Мэдлээ, гүйцэтгэе” хэмээн ёслоод гардаг цэрэг хүний ёсоор өнөөдрийг хүртэл 30 гаруй жилийн хугацаанд хурандаа Г.Золзаяа цаасан дээр бичгийн мөртэй бус газарт буусан бодит ажлын мөртэй үлдэхийг хичээн чухалчилж иржээ. Түүнтэй чуулгын түүхт ойн өмнө ярилцлаа.

-Чуулгын даргаар томилогдоод та чухам юунаас ажлаа эхэлсэн бэ?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар ЦДБЭЧ-ын дарга, Цэргийн соёлын төв өргөөний ерөнхий менежерээр томилогдож байлаа. Тамга гардсан анхны өдрөө чуулгыг удирдаж байсан үе үеийн дарга, удирдлагуудыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцсон. Хамт ажиллах уран бүтээлчид, ажилтан албан хаагчидтайгаа уулзаж, судалгаа, дүгнэлт дээр тэднийхээ санаа бодлыг тусгасан “Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга-85” хэмээх ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан. Манай чуулгын урын сан арвин баялаг, уран бүтээлчдийн чадвар чадамж өндөр, материаллаг бааз суурь нь бэхэжсэн, 80 гаруй жилийн баялаг түүхтэй мэргэжлийн урлагийн байгууллага. Миний хувьд уран бүтээлчид, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэдний ажиллаж амьдрах таатай нөхцөл боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг түлхүү бодолцож ажиллалаа. Анх ажлаа хүлээж авахад уран бүтээлчдийн маань тоглолтын хувцас төдийгүй цэргийн дүрэмт хувцасны хангалт, эдэлгээ, хөгжмийн зэмсэг, дасгал сургуулилтын байр танхимын тохижилт учир дутагдалтай байсан. Энэ нь тоглолт, уран бүтээлд цаашлаад цэргийн албандаа хандах хандлагад сөргөөр нөлөөлж байсан нь анзаарагдсан учраас “Цэргийн дүрэмт хувцас” гэсэн хэд хэдэн дэд багцтай төсөл боловсруулж, тоглолтын хувцас, жижиг хэрэглэл, ардын найрал хөгжмийн албаны хөгжим хэрэгслийг бүрэн шинэчилсэн. Тохижилт үйлчилгээний талаар бид “Өөдлөх айл үүднээсээ” гэдгийн адил үүд орчмын тохижилтоосоо эхэлсэн. Үзвэрийн танхим, үүдний фоейн, угталтын хэсэг, уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилтын танхимыг бүрэн шинэчилсэн. Удирдлагын бичиг баримтыг шинэчлэн, архивын хадгалалт хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар ажилласан.

-Энэ богино хугацаанд чамгүй ихийг амжуулсан нь таныг тун дажгүй менежер, удирдан зохион байгуулагч болохыг харуулж байна?
-Энэ дашрамд бидний ажлыг анхнаас нь дэмжиж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гаас хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууддаа талархлаа илэрхийлье. Энэ бүх аж ахуйн ажлын зэрэгцээ бид энэ жил нийт 187 уран бүтээлийг шинээр болон сэргээн тавьсан байна. Энэ хугацаанд 182 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн тоглолтыг зохион байгуулж, 50 гаруй мянган үзэгчдэд хүрч үйлчилсэн гэж бодохоор бахархалтай байна. Мөн “Цагаан сар-Монгол түмний уламжлалт баяр” тэмцээн, “Хатан ижий” хүндэтгэлийн ажиллагаа, “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зэрэг 60 шахам томоохон олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтарч ажиллалаа. Би удирдлагын хувьд уран бүтээлч, ажилтан алба хаагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд нэлээд анхаарсан. Манайхаас одоо БНХАУ-д 2 докторантур, ОХУ-д 2 магистрантур, СУИС, ҮБХИС-д 3 магистрантур, Удирдлагын академид 1, ахлагчийн шаталсан дамжаанд 1, гадаад хэлний дамжаанд 3 хүн суралцаж байгаа бөгөөд Увс, Дундговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн театруудад багш нараа томилон ажиллуулсан нь үнэхээр урлагийн байгууллагын хувьд эрдмийн хэмээх тодотголд дүйцэж байгаа байх аа.
Та томилолтоор цэргийн анги салбар, сургууль, музей, бүр энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан хүн. Цэргийн чуулгын удирдлагаар ажилласан энэ хугацаанд хэр уран бүтээлч сэтгэхүйтэй болж байна вэ?
-Би БХИС-ийн улс төрийн ангийг төгссөн. Миний ажлын үндсэн чиглэл нь батлан хамгаалах салбарт соёл урлаг, олон нийтийн ажлыг зохион байгуулах, төр засгийн бодлого шийдвэрийг урлаг соёлын замаар олон нийтэд хүргэх, цэрэг эрсийнхээ эх орондоо өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд нь эрч хүч өгөх явдал. Энэ утгаараа би тэс өөр байгууллага, орчинд ирээгүй гэж боддог. Гагцхүү сайн дурын уран сайханчдыг зохион байгуулж байсан бол энд зуун хувь мэргэжлийн уран бүтээлчидтэй нэг баг болон ажиллаж байгаагаараа л онцлог юм. Хорь гаруй жил цэргийн ангид ажиллахдаа салбарын захирагчийн орлогчоос ангийн захирагчийн орлогчоор ажилласан. Хаана ч очиж ажилласан би үлдэх мөртэй байхыг л хичээдэг.

-Таны ажил болон амьдралдаа баримталдаг эн тэргүүний зарчим энэ байх нь ээ?
-Тийм ээ. Аав ээж маань хоёулаа өнчин өрөөсөн, зовлон туулж амьдарсан ч төрүүлсэн есөн хүүхдээ мэдлэг боловсролтой, ажилд тууштай, чин сэтгэлээсээ ханддаг, хүмүүжил сайтай болгон өсгөсөн. Ууган хүүгийн хувьд аав ээждээ дэм болох, дүү нартаа үлгэрлэх, зөвлөх, дэмжих зэргээр чин сэтгэлээр хандаж явсан маань өнөөдөр өдий зэрэгтэй явахад нөлөөлсөн байх. Анагаах ухааны шилдэг эрдэмтэн, гавьяат тамирчин гээд дүү нар маань бүгд мундаг явна. Түүнээс гадна манай гэр бүл ч цэрэгжсэн гэр бүл. Гэргий маань 20 гаруй жил ахлагчийн албанд, би өөрөө 30 гаруй жил офицерын албанд, гурван хүүгийн маань хоёр нь цэргийн амьдралыг сонгосон.

-Та цэрэг, сонсогч, ахлагч офицеруудыг удирдаж байсан хүн. Харин уран бүтээлчидтэй ажиллах ямар байна?
-Уран бүтээлч хүмүүс баярлах, гомдох нь амархан. Тэдний ажиллах таатай нөхцлийг нь бүрдүүлээд, чөлөөтэй сэтгэх, бүтээн туурвих сэтгэлгээг нь задалж өгөх учиртай юм. Тэгээд хийсэн бүтээснийг нь олон нийтэд хүргэх, сурталчлах талаар анхаарч ажиллах хэрэгтэй санагдсан.

-Хөрш болон гадаад орнуудын цэргийн чуулгатай манай чуулгынхан хэр холбоо харилцаатай байдаг вэ?
-Манайхыг ОХУ-ын Александрын чуулгын дүү ч гэдэг. Анх үүсгэн байгуулагдахаасаа л орос мэргэжилтнүүд, уран бүтээлчидтэй нягт хамтын ажиллагаатай байсан. Мөн ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгынхантай харилцан айлчилж тоглох зэргээр хоёр хөрштэйгээ байнгын холбоотой байдаг. ЦДБЭЧ-ын гадаад харилцаа холбоог өргөжүүлэн тэлэх, уран бүтээлчдийн гадаадад айлчлан тоглох бололцоог бий болгох нь бидний ойрын томоохон зорилт болоод байна. Энэ дашрамд, ажлаа аваад гаргасан анхны тушаалаар томилогдон ОХУ-д айлчлан тоглож, уралдаанд оролцсон уран бүтээлчид маань цомыг нь аваад ирж байсныг дурсахад таатай байна. Гараа сайн байсан.

-Чуулгынхан маань дайнд оролцсон мэргэжлийн урлагийн цорын ганц байгууллага хэмээх түүхээрээ бахархдаг. Өнөөгийн энх цагт ч энхийг сахиулах ажиллагаанд уран бүтээлчид оролцож байна...
-Тийм ээ, одоогийн байдлаар манайхаас Афганистанд 2, Суданд 3 уран бүтээлч энхийг сахиулахаас гадна монголын төдийгүй олон улсын энхийг сахиулагчдад урлагаар үйлчилж байна. Би өөрөө энхийг сахиулах ажиллагаанд оролцож, дарийн утаа үнэртэж явсны хувьд эдгээр залуучуудаараа маш их бахархдаг.

-Таны ажлын өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Маш эрт ирнэ. Өмнөх орой уран бүтээлчид маань хэр оройтов, юу амжуулав гэдгээс эхлээд албадын дарга нарынхаа шинэ өдрийн төлөвлөгөө, дуудлагыг сонсохоос миний ажлын өдөр эхэлнэ дээ. Бүжигчний тайлаад тавьсан чийгтэй хувцас, хөгжимчний тавиад орхисон хөгжим зэрэг нь хэр бэлтгэл хийснийг харуулдаг. Удирдлагын хувьд би, хөлсний үнэ цэнийг мэдэрдэг, хөдөлмөрлөсөн хэнийг ч урамшуулж дэмждэг, тэдэнд харамгүй зөвлөдөг.

-Та хаа ч очсон ажлын өрөөгөө музейн дайтай тохижуулсан байх нь анзаарагддаг... 
-Ер нь орон гэр, ажлын байр тохь тухтай, дулаахан байх нь хөдөлмөрийн бүтээмж, сэтгэлгээнд хүртэл нөлөөлдөг. Тэгээд ч цуглуулга гэдэг хүнийг зорилго чиглэлтэй, эмх цэгцтэй, мэдрэмжтэй, цэвэр цэмцгэр болгодог, танин мэдэхүйг хөгжүүлж, танилын хүрээг тэлдэг гайхамшигтай зүйл шүү дээ. Өрөө маань тэгээд л сонирхолтой санагддаг байх. Урлагийн байгууллагын хувьд чуулгадаа ч тийм тансаг, эрхэмсэг орчин бүрдүүлэхийг эрмэлзсэн. Хүн бүрийн хувьд өглөө бүхэн шинэ, тохь тухтай, эрч хүчтэй байгаасай гэж боддог.

-Энд ирэхээсээ өмнө чуулгын уран бүтээлийг хэр их сонирхдог байв?
-Цэргийн бид чинь хүссэн хүсээгүй чуулгынхаа уран бүтээлээр амьсгалдаг. Ялангуяа цэргийн ангиудын соёл урлагийн ажлыг хариуцаж байсны хувьд уран бүтээлийг сонсч мэдрэх, хүмүүст таниулах, шилж сонгох, тодорхой бүтээл дээр тоглолт хийх зэргээр ажиллаж байсан. Манай чуулгын уран бүтээлчид хэзээнээсээ алдартай. Дуучдын хувьд жаран хар, арван цагаан, бүжгээс “Цэрэг бүжгийн чуулбар” гээд л... Манайхан авьяаслаг, чадварлагаас гадна байнгын бэлэн байдалд байдаг, маневерлах чадвартай зэргээрээ бусдаас ялгардаг онцлогтой.

-Ой болох гэж байгаа болоод ч тэр үү ойрд тоглолт, уран бүтээл их, хөл хөдөлгөөнтэй байна аа?
-Бид ойгоороо зөвхөн ганц тоглолт зохион байгуулаад өнгөрөхийг бодоогүй. Оны эхнээс л уран бүтээлчид маань хувь хувьдаа чуулгынхаа ойд зориулан шинийг бүтээж, хийж эхэлсэн. Уран бүтээлийн албад маань сар сараар уран бүтээл, албаа сурталчилж, амсхийлгүй ажилласан. Ахмад уран бүтээлчдээ ч марталгүй уран бүтээлийн тоглолт хийхийг нь дэмжсэн. Мөн сар сард хийж амжуулсан ажлаа дүгнэж, манлайлагчдыг тодруулж заншсан нь уран бүтээлч төдийгүй ажилтан алба хаагчдын ажиллах урам зоригийг сэргээсэн үр дүнтэй ажил болсон.

-Танд 85 жилийн түүхт ойн мэндийг хүргэхийн ялдамд бусдад хандсан таны мэндчилгээг сониноороо дамжуулъя...

-Алдар цуутай, алдрын хоёр одонтой, эрдмийн тодотголтой, дайнд оролцсон мэргэжлийн урлагийн энэ сайхан байгууллагынхаа түүхийг бичилцсэн үе үеийн уран бүтээлчид, өнөөдөр гар нийлэн ажиллаж байгаа хамт олон, хамтран ажилладаг, дэмжин тусалдаг байгууллагууд, мэдээж биднийг дэмжин урам өгдөг үзэгч түмэндээ чуулгынхаа түүхт ойн цогтой халуун мэндийг дэвшүүлье. Монгол цэргийн сүлд хийморь мандан бадарч, урлагийн тэнгэр Янжинлхам биднийг тэгш дүүрэн ивээж явдаг юм шүү.

Д.ГҮНЖИЛМАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017