МАНАЙ ЭМНЭЛГИЙН ШУГАМААР ЭНЭТХЭГ ЭМЧ НАР ИРЭХ САРЫН 4-7-НД ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ ХИЙНЭ

2017 оны 11 сарын 24

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа хүлээж аваад төд удалгүй Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр “Эмнэлгийн материаллаг бааз эмч, сувилагч нарын ажиллах тав тухтай орчинг төрөөс болон БХЯ-наас онцгой анхаарч нэлээдгүй хөрөнгө оруулсан. Эмнэлгийн ажилтан алба хаагчид маань ажиллах нөхцөл бололцоо сайжирсанд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Эмнэлгийн ажилтан, алба хаагч бүр хүнд суртал, элдэв чирэгдэл, гомдол гаргахгүй төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд захирагдаж ажиллах ёстой” хэмээн хэд хэдэн тодорхой үүрэг чиглэлийг Цэргийн төв эмнэлгийн удирдах бүрэлдэхүүнд өгсөн юм. Батлан хамгаалахын сайдын өгсөн эдгээр үүргийн хэрэгжилт болон өвчтөн, эмнэлгийн үйлчилгээ авч буй иргэд рүү хандсан ямар ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар тус эмнэлгийн дарга-ерөнхий эмч, хурандаа Ч.ГҮРБАЗАРААС тодрууллаа.

-Цэргийн төв эмнэлгийн хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлыг сонирхвол?

-Цэргийн төв эмнэлэг 1921 онд байгуулагдаж цэргийн алба хаагчдад төдийгүй ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж ирсэн. Өдгөө тус эмнэлэг цэрэг, цагдаа, төрийн тусгай албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад дайчид, нийслэлийн Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн эмнэлэг нь улс орны хэмжээнд нийтийг хамарсан гамшиг, осол, өвчлөлийн үед улсын эрүүл мэндийн салбарт томоохон дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оролцож байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багууд Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн, тавигдсан үүргээ чадварлаг гүйцэтгэсээр яваа. Манай эмнэлгийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцсан. Бид энэ үеэр цаашид авч хэрэгжүүлэх ажил, тулгамдаж байгаа асуудлуудаа сонордуулсан. Бид бол төрийн албан хаагчид тэр тусмаа мөрдэс зүүсэн хос тангарагтай хүмүүс. Тиймээс өөрчлөлтийг өөрсдөөсөө хэмээн захирах захирагдах ёсоо дээдэлж, хүнд сурталгүй, үйлчлэх гэх мэт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн ажиллаж байна.
Энэ сарын 16-ны өдөр ЭМШУҮИС, ҮБХИС-ийн зарим багш нарыг урьж нийт ажилчиддаа харилцаа, хандлагын талаар яриа танилцуулга хийсэн нь үр дүнгээ өгөх байх. Түүнчлэн 11 дүгээр сарын 20-ноос ирэх сарын 20-ны хооронд “Эерэг харилцаанд хамтдаа нэгдье” нэртэй сарын аяныг эхлүүллээ. Ингэснээр үйлчлүүлж буй иргэдээ дээдэлсэн, тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлэхэд алба, тасгууд хэрхэн санаачилгатай ажиллах гэх мэт үр дүн гарах юм. Уг аяныг сар бүр уламжлал болгон явуулснаар иргэдээс ирэх санал гомдол багасна. Цэргийн төв эмнэлэгт өдрийн эмчилгээг 11 дүгээр сарын нэгнээс эхлүүлээд байгаа. Энэ нь ажлын ачаалал ихтэй, ажлын шаардлагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хүндрэлтэй үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, ажлын хажуугаар эрүүл мэндийн тусламжийг давхар авах зэрэг олон давуу талтай.

-Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд цөөнгүй байгаа байх?
-“Аврахуйн арга ухаан”-ыг цэргийн эмнэлэгт хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Цэрэг хүн тушаал аваад үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ ч утгаараа эмч нарт маань нэмэлт чадвар шаардлагатай болж байгаа юм. Жишээлбэл, шүхрээр буух, ууланд авирах, усанд сэлэх гэх мэт чадваруудыг зарим анги, байгууллагаа түшиглэн эмч нарт олгосноор ямар ч эрсдэлтэй нөхцөлд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх, бүр тодруулбал аврахуйн арга ухаанаараа улсдаа тэргүүлэх зэрэгтэй болох боломжтой гэж харж байна. Ойрын хугацаанд хийх томоохон ажил бол “Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв”-ийг “Хордлого судлалын төв” болгох төсөл юм. Уг ажил үндсэндээ бэлэн болж байгаа. Ингэснээр архаг хордлоготой өвчтөнүүдийг эмчлэх, шаардлагатай эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх зэрэг олон давуу тал гарч ирнэ. Мөн бусад эмнэлгийн жишгээр хүндтэй буюу ахмад дайчин, хүнд өвчтөнд үйлчлэх, тэднийг шаардлагатай эмч нартай уулзуулахын тулд заавал эмнэлэгт ирж урт дараалалд зогсож, удаан хүлээлгэхгүйн тулд амбулатори холбогч томилсноор эдгээр хүмүүст хүндрэл, чирэгдэл бага гарна.

-Эмнэлгийн гадаад хамтын ажиллагаа ямар түвшинд байдаг вэ?
-Эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд эмнэлгийн гадаад хамтын ажиллагаа маш чухал. Бид анагаах ухаан өндөр хөгжсөн Энэтхэг Улсын “BLK” гэдэг эмнэлэгтэй хамтарч ажиллах санамж бичгийг энэ ондоо багтаагаад байгуулахаар төлөвлөж байна. “BLK” нь хавдар, ясны чөмөг шилжүүлэн суулгах, зүрх, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн, элэгний өвчлөл, бөөр шилжүүлэн суулгах, нурууны мэс засал, гоо сайхны мэс засал, хүүхдийн зүрх судасны эрчимт эмчилгээгээр дагнасан 11 төвтэй улсдаа томоохонд тооцогдох эмнэлэг юм. Энэ эмнэлгийн эмч нартай хамтраад хэд хэдэн хүндэвтэр мэс засал хийсэн. Тэдгээр эмч нар 12 дугаар сарын 4-7-ны хооронд дахин ирнэ. Эмч нар манай эмнэлэгт дөрвөн төрлийн мэс заслыг хийх боломжтой гэж үзсэн. Тодруулбал бүдүүн, шулуун гэдэсний хагалгаа, шархлаанууд, ходоодны хавдар, хөхний хавдар, эмэгтэйчүүдийн хавдар, элэг тайрах буюу залгах гэсэн мэс заслуудыг манай эмнэлэгт хийх боломжтой. Дашрамд дуулгахад харьяаллын бус ч бай чадварлаг эмч нараар үнэ төлбөргүй үзлэг хийлгэх боломж энэ гурван өдөрт байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч А.АЛТАНХУЯГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017