МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2017 оны 12 сарын 28

Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, тэр дундаа өнөө цагийн Зэвсэгт хүчний хөгжлийн суурийг бүрдүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, мятрашгүй тэмцсээр ирсэн бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, эх орныхоо томилолтоор даян дэлхийн энх амгалангийн манаанд нүд цавчилгүй соргогоор зүтгэж, үүргээ гүйцэтгэж яваа энхийг сахиулагчид, нэгэн цаг дор улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ хөгжлийн үйлсэд гар, сэтгэл нийлж, мөр зэрэгцэн алба хааж, хамтран зүтгэж байгаа эрхэм генерал, офицерууд, ахлагч нар, түрүүч, байлдагчид, ажилтан албан хаагчид Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье! 
Улиран одож буй 2017 онд Та бид хамтдаа Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийн түүхийн нэгэн баялаг хуудсыг эргүүллээ. Түүх болон үлдэж байгаа энэ онд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага Зэвсэгт хүчний Жанжин штаб Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлагийн статустайгаар бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ой тохиосон нь онцлог бөгөөд цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа олон чухал зорилтуудыг хангах, тухайлбал шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалах салбарын багц хуулиудыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангаж, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг үе шаттайгаар шийдвэрлэх эхлэлийг тавьсан он жилүүдийн нэг байлаа. 
Монгол Улсын Зэвсэгт хүчний тайван цагийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүн дээшлэн бие бүрэлдэхүүний сурлагын чанарт ахиц гарч, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэн, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжихийн зэрэгцээ, төрлийн цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдаж, бие бүрэлдэхүүний алба хаах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготой олон арван бүтээн байгуулалтын ажил Зэвсэгт хүчний анги, салбаруудад хэрэгжсэн амжилт бүтээл арвинтай хуучин оноо үдэж, хийж бүтээх урам зориг, хүсэл эрмэлзлэл дүүрнээр шинэ оноо угтаж байгаад миний бие туйлын сэтгэл хангалуун байна. 
Эх орондоо тангараг өргөж, эр цэргийн албаа хааж байгаа эгэл жирийн байлдагчаас эхлээд Зэвсэгт хүчний ариун жагсаалд багтсан мөрдэс нэгт бүхий л алба хаагчдын маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэл энэхүү амжилтад шингэснийг хоёр оны зааг тохион буй энэ торгон мөчид бахархан дурьдаж, онцлон тэмдэглэхэд таатай байна. 
Ирж буй 2018 он бидний хувьд амжилт бүхнээ бататгах, амжаагүй бүхнээ гүйцээх их үйлсийн талбар байж, Зэвсэгт хүчний түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх сайхан жил байна гэдэгт итгэл дүүрэн байна. 
Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлж, ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол цэргийн яруу алдар ямагт мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017