ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

       ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг нэр төртэй гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески тэргүүтэй албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр угтан авч, баяр хүргэж, талархал дэвшүүлэв. Дэд хурандаа С.Бат-Эрдэнэ цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо элэг бүтэн ирснээ хошууч генерал Ж.Бадамбазарт илтгэснээр угтан авах хүндэтгэлийн арга хэмжээ эхэлсэн юм. Хошууч генерал Ж.Бадамбазар “Эх орон, Зэвсэгт хүчний өгсөн үүргийг амжилттай гүйцэтгээд ирсэн та бүхнээрээ бахархаж байна. Ажиллагааны газар оронд үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна эх орноо сурталчилж, монгол цэрэг ямар чадвартай вэ гэдгийг олон улсад таниулсанд тань баяр хүргэе. Ажиллагааны газар оронд байхдаа олж авсан мэдлэг, туршлагаа анги, байгууллагадаа очоод хэрэгжүүлээрэй” гээд Зэвсэгт хүчинд өрнөж буй цаг үеийн мэдээллийг хүргэсэн. Элчин сайд Майкл Клечески “ Монголын цэргийн алба хаагчдын ур чадварт үргэлж итгэдэг. Итгэхээс аргагүй чадвартай шилдэг цэргүүд байдаг юм. Та бүхнийг газардахыг хүлээж 10 минут гадаа зогслоо. Энэ үед багагүй жиндлээ. Гэхдээ энэ бол та бүхний хажууд юу ч биш гэдгийг ойлгож байна. Тийм л учраас та бүхнийг хүндэтгэн хайрлаж байна. Үүргээ амжилттай биелүүлсэн та бүхэн эх орондоо тавтай морил. Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд оруулж буй хувь нэмэрт бид ямагт талархаж байдаг юм” гэсэн.

      Энэ үеэр цэргийн багийн захирагч болоод анх удаагаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын сэтгэгдлээс хуваалцсан юм.

Цэргийн багийн захирагч, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн сургалтын офицер):

       -Манай цэргийн баг ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэсэндээ маш их баяртай байна. Бид үндсэн үүрэг гүйцэтгэлээс гадна эх орон, Зэвсэгт хүчнээ дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдад сурталчилах арга хэмжээг багагүй зохион байгууллаа. Гадаадын цэргийн алба хаагчдын дунд явагдсан уралдаан тэмцээнд ч амжилттай оролцсон байгаа. Тухайлбал, ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын цэргийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал явагддаг “Данкон" маршийн тэмцээнд 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцоход манай ротын алба хаагчид эхний 40 байрыг завсаргүй эзэлсэн.

-Үүргээ амжилттай гүйцэтгэчихээд эх орондоо газардах агшинд юу бодогдов?
    -Урт амьсгаа авсан. Олон аавын хүүгийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцаж байгаагийн хувьд санаа зовох зүйл бишгүй л их байлаа. Монгол Улс, Зэвсэгт хүчин, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөсөн гэдгээ ам бардам хэлмээр байна. Манай цэргүүдийн албандаа хандах хандлага, үнэнч шударга байдал, үүрэг гүйцэтгэх чадварт баазын удирдлага байнга талархаж байсныг онцлон хэлэхдээ баяртай байна. Биднийг мэргэжлийн удирдлагаар хангаж байсан БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хамт олон, найдвартай ар тал болж цагаан сүүний дээжээ өргөж байсан дайчдынхаа ар гэрийнхэнд баярласнаа илэрхийлье.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд ахлагч Н.Баасандорж:
        -Анх удаа үүрэг гүйцэтгэлээ, цаашдын ажил албанд хэрэгтэй олон зүйл ч сурч мэдэж авлаа. Миний хувьд “Данкон” маршийн тэмцээнд тэргүүн байр эзэлж, Дани улсын Элчин сайдын яамнаас шагнуулсан байгаа. 20 гаруй орны цэргийн алба хаагчдын урд төрийнхөө далбааг мандуулаад зогсоход их сайхан сэтгэгдэл төрж байсан шүү.

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хөгжимчин, дэд ахлагч Б.Амартүвшин:
        -Магадгүй зарим хүн энхийг сахиулагчид ирж л байдаг, явж л байдаг гэж боддог байж магадгүй. Гэхдээ тэр явж, ирэхийн хооронд асар их хариуцлагатай үе байдгийг хэлмээр байна. Алдах эрхгүй цаг хугацаа байдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Гадаадын цэргүүд бид бүхэнд хүндэтгэлтэй хандаж, монгол цэргүүд та нар мундаг шүү гэж хэлдэг байсан нь сайхан санагдсан.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн төлөвлөлтийн офицер, ахмад Д.Дүүрэн-Эрдэнэ:
         -Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө, Монгол Улс түүхэн үеэсээ дайчин эрстэй юм шүү гэдгийг батлахын төлөө манай цэргийн баг хичээж ажилласан. Бидний хичээл зүтгэл маань ч амжилттай боллоо. Сэтгэгдэл маш их өндөр байна. Ажиллагаанаас олж авсан дадлага туршлагаа албандаа зориулж ажиллана даа” гэсэн юм.

          Өдгөө ажиллагааны газар оронд дэд хурандаа Ц.Энхцогт захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийнхан тэдний албыг залгамжлан үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1275

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019