АФРИКИЙН АЛСЛАГДСАН СУУРИНД “АЛТАН ЧАГНУУР” АЖИЛЛАГАА ЯВАГДЛАА

2019 оны 06 сарын 11

     БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа 8 дугаар мотобуудлагын батальон 2019 оны 06 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд тус улсын Рувенг мужийн Парианг суурингийн ойролцоох Конго тосгонд “Алтан чагнуур” эмнэлэг-хүмүүнлэгийн ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Конго тосгон нь Бентью хотоос 120 км, төв замаас 15 км алслагдсан, африкийн зах хязгааргүй ногоон талд нуур, цөөрөм, намгаар хүрээлэгдсэн, дэд бүтэцгүй, төрөл бүрийн могой, хортон шавьж элбэгтэй, явган хүний жим бүхий өтгөн мөчрөө дааж ядан дүнсийх өндөр моддын дунд байрладаг онцлогтой.

     Омог хоорондын зөрчил тэмцлээс үүдэн эрчүүд нь дайжсан, ундны усны хомсдолд орсон, худгийн ус нь хатуулаг ихтэй, бусад химийн элемент нь хүний биед тохиромжгүй, бохирдсон, хөрсний ус их хэрэглэдгээс оршин суугчдын дунд бэртэл гэмтэл, ходоод гэдэсний замын өвчлөлөөр муждаа тэргүүлдэг, 3 тосгоны заагт орших онцгой ач холбогдол бүхий байрлалтай зэргээс нь үүдэн тус тосгоныг сонгожээ.

     НҮБ-ын цэнхэр дуулгаар гоёсон энхийг сахиулагчид өглөөний ургах нартай уралдан байгаль цаг уурын хүнд нөхцөлд 15 км замыг 5 цаг туулан Конго сууринд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн эмнэлгийн дэргэд I шатны эмнэлгийн амбулаторийн байрууд /майхан дэлгэсэн/-ыг төхөөрөмжлөн мэс засал, чих хамар хоолой, мэдрэл, хүүхэд, дотор, шүд, эхо оношилгоо, зүрхний бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг чиглэлээр орон нутгийн иргэдэд 3 хоногийн турш эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж илэрсэн өвчлөлт, түүнийг цаашид хэрхэн эмчлэх талаар зөвлөмж өгч, сургалт явуулсан байна.Түүнчлэн орон нутгийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ, Монгол, Вьетнам Улсуудын эмнэлгийн байгууллагууд хамтран 27 нэр төрлийн эм, тариа, ороох, боох материал, эмчийн үзлэгийн бээлий зэргийг хүлээлгэн өгснөөс гадна оршин суугчдын нь 40 хувь нь мэс засал, гэмтлийн, 50 хувь нь дотрын, 10 хувь нь шүд, эмэгтэйчүүдийн өвчлөлтэй байгааг нь тогтоож, эмнэлгийн байр, хашаанд нь засвар үйлчилгээ хийж сэргээн, Монгол үндэстний урлаг соёлын хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулсан нь орон нутгийн удирдлага, иргэдийн талархлыг хүлээсэн байна.

     Энэхүү арга хэмжээний нээлтэд мотобуудлагын батальоны захирагч хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Эрүүл мэндийн яамны Муж хариуцсан дарга Абрехэм Атуол, Парианг суурингийн нарийн бичгийн дарга Виктор Нгуар, Конго суурингийн дарга Канг Куол, НҮБ-ын орон нутгийн орчуулагч Барнабас Чар, Гана Улсын Зэвсэглэсэн цагдаагийн эмэгтэйчүүдийн эмч дэслэгч Абремес, Конго суурингийн эмнэлгийн дарга сувилагч Жосеф Ачут, Барнавас Чол болон НҮБ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, эмч эмнэлгийн ажилтнууд оролцсон бөгөөд Конго суурингийн дарга Канг Куол хэлсэн үгэндээ “Монгол Улсын энхийг сахиулагчдын зохион байгуулж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хүнд хэцүү цаг үеийг даван туулсан иргэдэд, настай хүмүүс тэр дундаа хол явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах чадваргүй хүүхэд эмэгтэйчүүдэд шинэ ирээдүйг бэлэглэсэн сайхан үйл ажиллагаа” болж байгааг дурдаад мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, Монгол Улсын Засгийн газарт талархсанаа илэрхийлжээ. Мөн Конго тосгоны иргэн Симон “тосгоны оршин суугчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдгаас хол явж эмчид үзүүлж чаддаггүй. Харин энэ удаад НҮБ-ын цэргүүд, эмч нар биднийг зорин ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнд тосгоны бүсгүйчүүдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье” гээд Монгол Улсын энхийг сахиулагчдын үйл хэрэгт амжилт хүссэн.Энхийг сахиулагчид Хубилай баазын зүг хөдөлгөөн үйлдэхэд Монгол хүмүүн аян замын ерөөл хэлж, цагаан сүүгээ өргөн үддэгийн адил орон нутгийн хүндэтгэл, заншлын дагуу цувааны даргад “Тахиа” бэлэглэсэн бөгөөд даллан хоцрох нутгийн иргэд, нүцгэн хөлөөрөө даган гүйлдэх бяцхан бор хүүхдүүдийн гэнэн цагаан инээд, хуягт машины хүнгэнэх дуутай холилдон Конго тосгоныг орхисноор “Алтан чагнуур” хүмүүнлэгийн ажиллагаа амжилттай дууссан байна. Энэхүү ажиллагааг явуулснаар энхийг сахиулагчид нэлээдгүй туршлага, сургамжийг хуримтлуулсан байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1215

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019