ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЙГУУЛАЛТЫГ 2015 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

2014 оны 06 сарын 04

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЙГУУЛАЛТЫГ 2015 ОН ХҮРТЭЛ

ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

 

 Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

       Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ нөхцөлд улс орныг батлан хамгаалах хэрэгцээ шаардлага, орчин үеийн цэргийн урлагийн онолд гарч буй зарчмын өөрчлөлт, дэлхийн улс орнуудад хийгдэж буй цэргийн шинэчлэлийн нийтлэг чиг хандлага, Монгол Улсын аюулгүй байдлын орчны үнэлгээ, түүний хэтийн төлөв, зэвсэглэл техникийн өнөөгийн болон хэтийн төлөв байдалд хийсэн үнэлгээ, цэргийн эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсруулсан эрдэм шинжилгээний даалгаврын дүгнэлт, “Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэслэн Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нь тайван цагт болон дайны үед Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргүүдээ биелүүлэх бэлтгэлийг хангах үндсэн нөхцөл байна.

         Иймд батлан хамгаалах тухай хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүрэг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зэвсэгт хүчний шинэчлэлийн зорилт, агуулгад нийцүүлэн Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлуудыг боловсронгуй болгон хөгжүүлэх нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

           Зэвсэгт хүчний байгуулалтыг цаашид төгөлдөржүүлэх үндсэн зорилго, зорилтуудыг Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлтийн хэтийн төлөв, улс орныг батлан хамгаалах хэрэгцээ, Зэвсэгт хүчний байгуулалтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагад тулгуурлан тодорхойлов.

           Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр нь Зэвсэгт хүчний цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан хэрэгжих урт хугацааны бодлого, үйл ажиллагааны баримт бичиг мөн.

 

 1.1. Зэвсэгт хүчинд тавигдаж буй өнөөгийн шаардлагууд:

 1.1.1. Зэвсэгт хүчин нь тайван цагийн бүтэц, зохион байгуулалтаараа олон талт үүргийг бие даан гүйцэтгэх чадвартай хөнгөн, хөдөлгөөнт, мэргэжлийн анги салбаруудаас бүрдсэн байх;

 1.1.2. Гүйцэтгэх үүрэгтээ зохицсон зэвсэглэл, техник хэрэглэлээр бүрэн хангагдсан байх;

 1.1.3. Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий офицер, ахлагч, гэрээт цэргээр тайван цагийн орон тооны дагуу бүрэн хангагдсан байх;

 1.1.4. Улс орныг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай хуулиар хүлээсэн олон талт үүргийг гүйцэтгэх чадавхийг хангахуйц санхүү-эдийн засгийн нөөцтэй байх;

 1.2. Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд:

 1.2.1. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол, уламжлалт бус бусад аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний чадавхи, боломж хязгаарлагдмал байгаа;

 1.2.2. Батлан хамгаалах төсөв нь зөвхөн хэрэглээний шинжтэй байгаагаас Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэглэл техникийг үе шаттайгаар шинэчлэх чадавхийг нэмэгдүүлэх боломжгүй байгаа;

 1.2.3. Зэвсэгт хүчний үндсэн зэвсэглэл, байлдааны техникийн дийлэнх нь 25-30 жил ашиглагдаж технологийн хувьд хоцрогдож цаашид сэргээн сайжруулах, засвар үйлчилгээ хийхгүйгээр ашиглах боломж хязгаарлагдмал болсон;

 1.2.4. Цэргийн сургалт, бэлтгэлийн материаллаг бааз нь Зэвсэгт хүчинд мэргэшсэн цэргийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагын түвшинд бүрэн хангаж чадахгүйн дээр цэргийн албан хаагчдын ахуйн хангалт, нийгмийн хамгаалал нь тэднийг албаа сэтгэл хоёрдохгүй хаах эрэлт, хэрэгцээг хараахан хангахгүй байгаа зэрэг болно.

 

 Хоёр. Хөтөлбөрийн үндсэн зорилго, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд
2.1. Хөтөлбөрийн үндсэн зорилго

      Батлан хамгаалахын нөөцийн удирдлага, зориулалтыг боловсронгуй болгох замаар хуулиар хүлээсэн олон талт үүрэг гүйцэтгэхэд нь нийцүүлэн Зэвсэгт хүчинд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх, зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, сургалт бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь хөтөлбөрийн үндсэн зорилго байна.

      Ингэснээр Зэвсэгт хүчнийг үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, уламжлалт бус бусад аюулын үед хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх чадавхитай, мэргэшсэн болгон хөгжүүлнэ.

 

 2.2. Зэвсэгт хүчний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд:

 2.2.1. Уламлалт бус аюул заналхийллийн шинэ орчин, хуулиар хүлээсэн үүргүүддээ зохицсон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх, ялангуяа Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол, уламжлалт бус бусад аюулын үед хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх бэлтгэлээ дээшлүүлэх;

 2.2.2. Батлан хамгаалах нөөцийн удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгосноор Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник шинэчлэл, түүний дотор тайван цагт иргэн, цэргийн нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техникийн шинэчлэлийг эхлүүлэх;

 2.2.3. Цэргийн нөхөн хангалтыг боловсронгуй болгох, тэргүүн ээлжинд тайван цагт Зэвсэгт хүчинд алба хаах бие бүрэлдэхүүний зохистой харилцааг шинэчлэн тогтоож, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгох, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах.

 

 Гурав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үндсэн арга хэмжээ

 3.1. Уламжлалт бус аюул заналхийллийн шинэ орчин, хуулиар хүлээсэн үүргүүддээ зохицсон Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх, ялангуяа Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол, уламжлалт бус бусад аюулын үед хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх бэлтгэлээ дээшлүүлэх чиглэлээр:

 3.1.1. Зэвсэгт хүчнийг олон талт үүрэг гүйцэтгэх чадавхи бүхий, өндөр мэргэшсэн болгон хөгжүүлэхтэй уялдуулан батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

 3.1.2. Орон нутгийн хамгаалалтыг бүрдүүлж, төлөвшүүлэхэд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх;

 3.1.3. Бүсийн тулгуур төвүүдэд байршилтай мотобуудлагын ангиудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх;

 3.1.4. Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага болон Зэвсэгт хүчний цэргийн ангиудын штабыг олон улсын цэргийн төлөвлөлтийн штабтай хамтран ажиллах боломжтой хувилбарын судлан туршиж, 2007 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх;

 3.1.5. Аюулгүй байдлын шинэ орчин нөхцөл, улсын дайчилгааны төлөвлөгөөтэй уялдсан цэргийн дайчилгааны төлөвлөгөөний олон талт хувилбаруудыг шинээр боловсруулж, мөрдүүлэх;

 3.1.6. Цэргийн нөөцийн хэмжээ, цувраажилтыг шинэчлэн тогтоож, төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогод нийцүүлэн бүсийн тулгуур төвүүдэд шилжүүлэн байршуулах, цэргийн дайчилгааны хэрэгцээт зарим төрлийн нөөцийн 70 хүртэлх хувийг улсын нөөцөд хадгалах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар орон нутгийн батлан хамгаалах чадавхийн үндсийг бүрдүүлэх;

 3.1.7. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх зориулалтаар бүсийн төвүүдэд байршилтай Зэвсэгт хүчний анги, салбарыг түүнчлэн 2007-2010 онд 3, 2010-2015 онд 3 сургалтын төвийг тус тус байгуулах.

 3.1.8. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг зориулалт бүхий 2 ангийг 2006-2009 онд орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техникээр бүрэн хангах, 2010 оноос гуравдахь ангийг шинээр байгуулж, улмаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үндэсний цэргийн байнгын хүчнийг 2015 он гэхэд 2500 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах;

 3.1.9. Цэргийн цагдаагийн салбарыг 2007 онд шинээр байгуулах;

 3.1.10. Зэвсэгт хүчний “Сургалтын нэгдсэн төв”-ийг “Энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төв” болгох;

 3.1.11 Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн эмнэлэгийн хөдөлгөөнт багийг 2007-2009 онд, томилгоот ангиудын эмнэлэгийн нэгж, энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төвд дэлгэн байрлуулах зориулалттай хээрийн цэргийн эмнэлэгийг 2010-2015 онд тус тус байгуулах

 3.1.12 Хими инженерийн болон бусад тусгай мэргэжлийн бүлэг, салбарын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх

 3.1.13 Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий тусгай томилгоот анги, салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэн хөдөлгөөнт чадварыг сайжруулж байнгын бэлэн байдлыг хангах

 3.1.14 Цэргийн ангиудаас уламжлалт бус аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх зориулалттай, уян хатан, хөнгөн бүтэц, зохион байгуулалт бүхий “Зориулалтат хүчин”-ийг байгуулах, томилгоожуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх

 3.2 Батлан хамгаалах нөөцийн удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгосноор Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх түүний дотор тайван цагт иргэн, цэргийн нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техникийн шинэчлэлийг эхлүүлэх чиглэлээр

3.2.1 Батлан хамгаалахын нөөцийн удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд урт, дунд хугацааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, Батлан хамгаалах төсвийн бүтцийг олон улсын жишигт ойртуулах, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г холбогдох дэд байгууллагаар шийдвэрлүүлж түүнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөр, гадаад хамтын ажиллагааны шугамаар гадаад орнуудаас Батлан хамгаалах салбарт үзүүлэх буцалтгүй тусламж, хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хөрөнгө, улсын хэмжээний бүтээн байгуулалтын томоохон ажил, арга хэмжээнд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах, илүүдэл авто, хуягт танкийн зарим техник хэрэгслийг зах зээлд зарж борлуулснаар төсвийн гадуурх орлогыг төвлөрүүлэх

 3.2.3 Цэрэг иргэний нисэхийн байгууллагуудын хамтран ажиллах талаар засгийн газрын дэд төсөл хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний зарим төрлийн /нисдэг тэрэг, авто болон тусгай/ техник хэрэгслийн ашиглан төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд төлбөрт үйлчилгээ үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
3.2.5 Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхитай батальон, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зориулалт бүхий цэргийн анги, тоимлгоот салбаруудын зэвсэглэл, техникийн эхний ээлжинд шинэчлэх, сайжруулах
3.2.6 Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техник хэрэгсэлд технологийн шинэчлэл хийх, идэвхитэй галын хэрэгслийн хүчин чадлын нэмэгдүүлэх

 3.2.7 Цэргийн удирдлагын холбоо мэдээллийн системийг олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний анги салбаруудыг тоон системийн өгөгдөл, дуу, дүрс дамжуулдаг программын удирдлагатай станцуудаар хангах, байнгын цахилгаан холбооны системийг тоон системийн техник технологиор шинэчлэн шилэн кабельжуулах дэд төслүүдийг 2007-2012 онд хэрэгжүүлэх

 3.2.8. Техникийн чанар байдлын хувьд үүрэг гүйцэтгэх боломжтой автохуягт танкийн техник, артиллер, зенит болон буудлагын зэвсэглэлд сэргээн сайжруулах үйлчилгээ хийж, тодорхой хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлэх;
3.2.9. Гадаадын улс орнуудын сайжруулалтын технологийг нэвтрүүлэх, давхар зориулалт бүхий жижиг үйлдвэр, авто техник оношлох лабораторийг байгуулах, засварын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах замаар зарим төрлийн байлдааны зэвсэглэл, цэргийн техникийн байлдааны боломжыг дээжлүүлэх.

3.3. Цэргийн нөхөн хангалтыг боловсронгуй болгох, тэргүүн ээлжинд тайван цагт Зэвсэгт хүчэнд алба хаах бие бүрэлдэхүүний зохистой харьцааг шинэчлэн тогтоож, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгох, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн албан хаагчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр;

3.3.1. Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн албан хаагчидтай явуулах төр, цэргийн уламжлал, эх оронч хүмүүжлийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулаж мөрдүүлэх;

3.3.2. Иргэнийг гэрээт цэргийн албанд элсүүлэх болон алба хаалгах журмыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах замаар гэрээт цэргийн албыг бэхжүүлэх, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдын тооны эзлэх хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх;

3.3.3. Цэргийн мэргэжил олгох боловсролын стандарт, сургалтын агуулга, технологийг олон талт үүрэг гүйцэтгэх чадавхи бүхий, өндөр мэргэшсэн Зэвсэгт хүчний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгох;

3.3.4. Цэргийн сургуулиудын бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, технологийг боловсронгүй болгох, сургалтын материаллаг баазыг нь бэхжүүлэх, сонсогчдын ахуй нөхцлийг сайжруулах;

 3.3.5. Зэвсэгт хүчний ангиудын сургууль-дадлагын байр, танхми, хээрийн дадлагын талбайг орчин үеийн сургалтын тренажёр, бусад тоног төхөөрөмжөөр ханган, бие бүрэлдэхүүний болон дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтыг явуулах боломжийг нэмэгдүүлэх

 3.3.6 “Зэвсэгт хүчний гадаад хэлний сургалтын төв”-ийг бэхжүүлж, энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцох болон нийт бие бүрэлдэхүүнтэй англи хэлний эрчимжсэн сургалт явуулдаг тогтолцоог бүрдүүлэх;

 3.3.7 Цэргийн албан хаагчдын урт хугацааны зээл өгөх, газар эзэмших эрх олгох, барилгын материалыг хөнгөлөлттэй үнээр худалдах, байгууллагын мэдлийн орон сууц барих зэрэг аргаар 2006-2010 онд офицер, ахлагч нарын 5 хувь, 2011-2015 онд 6.5 хувийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх;

 3.3.8 Цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчинд гэрээгээр ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн хүмүүст үзүүлэх халамж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөнгөлөлт үзүүлэх тусгайлсан журам боловсруулан хэрэгжүүлэх, цэргийн амралт, сувилал, аялал жуулчлалын сүлжээ бий болгох;

 

Дөрөв. Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх үндсэн арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

 4.1 Мотобуудлагын болон төрөл мэргэжлийн цэргийн байнгын бүрэлдэхүүнтэй анги, салбар, тусгай томилолт салбар, нэгжүүдийн үүрэг гүйцэтгэх чадавхи дээшилж байнгын бэлэн байдалтай салбаруудын тоо нэмэгдэнэ;

 4.2 Зэвсэглэл, техникийг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлснээр энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаа, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зориулалт бүхий цэргийн анги, томилгоот салбаруудын байлдааны зэвсэглэл, техник үе шаттайгаар шинэчлэгдэж, чанар байдал нь дээшилнэ;

 4.3 Цэргийн сургуулиудын бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, технологи өндөр хөгжилтэй орнуудын цэргийн их, дээд сургуулиудын жишигт ойртож, сургалтын материаллаг бааз нь сургалт-эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг явуулах таатай орчныг бүрдүүлснээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх ажиллагаа Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд нийцнэ;

 4.4 Цэргийн бүх шатны удирдлагын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны агуулга, технологи олон улсын жишигт ойртоно;

 4.5 Цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчинд гэрээгээр ажилллагчдын нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэж, офицер, ахлагч, гэрээт цэргийн албыг амьдралын зорилгоо болгон, итгэл үнэмшилтэй алба хаах нөхцөл бүрдэнэ;

 4.6 Монгол Улсын эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх цэгцтэй тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд бие бялдар, сэтгэл зүйн өндөр тэсвэр хатуужлыг эзэмшүүлэх зорилго бүхий сургалт бэлтгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болно;

 4.7 НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох чадавхи бүхий хүчинтэй болсноор 2015 оноос эхлэн жил бүр мотобуудлагын батальон хүртэлх нэгжээр үүрэг гүйцэтгэх боломжтой болно.

 

 Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиолдож  болох эрсдлийн төсөөлөл

 Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэхэд шаардагдах төсөв хөрөнгийн эх үүсвэр дутагдах явдал нь хөтөлбөрийн хэрэгжилтэнд нөлөөлөх гол эрсдэл байх болно.

      Улс орныг батлан хамгаалах төсөв нь зөвхөн хэрэглээний шинж чанартай байгаагаас гадна Зэвсэгт хүчний хөгжил, хэтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нөхцлийг хангах, байлдааны зэвсэглэл, цэргийн техникийн шинэчлэх, цэргийн албан хаагч, ажилтан, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх явдлыг эрс хязгаарлах магадлал өндөр байна.

 

 Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

 6.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах гол асуудлууд

 6.1.1 Тохиолдож болох эрсдэл, саад бэрхшээлийг урьдчилан судалж нарийвчлан тооцоолох, түүнийг сэргийлэх, арилгах, даван туулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх

 6.1.2 Хөрш болон бусад улстай харилцах ухаалаг, тэнцвэртэй цэргийн гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг баримтлах

 6.1.3 Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх тухай асуудлаар олон нийтэд нээлттэй байх, тэднээс дэмжлэг авах талаар чармайж ажиллах

 6.1.4 Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийг төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого болон бүсчилсэн хөгжлийн бодлого, үйл ажиллагаатай нягт уялдуулан хэрэгжүүлэх

 6.1.5 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд материаллаг нөөцийн хүчин зүйлийг тулгуур болгохын зэрэгцээ Зэвсэгт хүчний оюуны чадавхийг оновчтой ашиглах

 6.1.6 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад болон эцсийн үр дүнг шалгах, хянах, үнэлэх үнэлгээний системийг шинээр боловсруулж мөрдөх

 

 

 6.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, хууль эрх зүйг боловсронгуй болгох асуудлууд

 6.2.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газар, БХЯ, ЗХЖШ, цэргийн анги, байгууллагын хүлээх үүрэг, хариуцах ажлаар нь нарийвчлан боловсруулж батлуулах

 6.2.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг нарийвчлан төлөвлөж батлуулах, санхүүжилтийг тасалдуулахгүй байх.

 6.2.3 Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн акт, тушаал, шийдвэрүүдийг цаг тухайд нь боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, батлагдан гарсан хууль, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах

 

 6.3 Хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөх

 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө 2 үе шаттай байна.

 I шат /2006-2010 он/- Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн болон материаллаг баазыг хангах

 II шат /2011-2015 он/- Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж дуусгах

 Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын дэд хөтөлбөр, БХЯ-ны төслүүдийг хэрэгжүүлнэ.

 

 6.4 Хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрүүд

 6.4.1 Дотоодын нийт бүтээгдэхүүнд батлан хамгаалах төсвийн эзлэх хувь хэмжээг улс орны эдийн засгийн хөгжлийн төлөв, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан олон улсын жишигт үе шаттайгаар ойртуулах асуудлыг төр засгийн түвшинд шийдвэрлүүлэх

 6.4.2 Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн 50 хүртэлх хувийг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд төвлөрүүлэх асуудлыг холбогдох дээд байгууллагаар шийдвэрлүүлэх

 6.4.3 НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөрийг Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавхийг дэмжихэд төвлөрүүлэх

 

( Уг хөтөлбөр Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 304 дугаар зарлигаар батлагдсан)

 

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017