ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ АШИГЛАХ ЖУРАМ

2014 оны 06 сарын 04

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн анги, байгууллагын эзэмшлийн газар ашиглах журам/

1994 оны 7 дугаар сарын 30-ны өдөр                                                         Улаанбаатар хот

Дугаар 395/111

 

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, байгууллагын байршил, эзэмшил газрын тухай” 89 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд ТУШААХ НЬ:

1. Цэргийн анги, байгууллагын эзэмшлийн газар ашиглах журмыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Цэргийн анги, байгууллагын эзэмшлийн газар ашиглах журмыг цэргийн хүрээ, хотхон, анги, байгууллага, тэдний байрладаг орон нутгийн захиргааны байгууллагуудад 1994 оны 8 дугаар сарын 1-ний дотор хүргүүлж мөрдүүлэхийг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий штаб /хошууч генерал Р.Гаваа/-т даалгасугай.

 

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД        ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ш.ЖАДАМБАА     

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД                                             З.БАТЖАРГАЛ

 

                      1994 оны 8 дугаар сарын 26-ний өдөр улсын бүртгэлийн 711 дугаарт бүртгэсэн

 

 

Батлан хамгаалахын сайд, Байгаль орчны сайдын

1994 оны 7 дугаар сарын 30-ны 395/111 тоот

тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.      Улс орны Батлан хамгаалах хэрэгцээ, шаардлагыг хангах үүднээс цэргийн анги, байгууллагыг байршуулах, сургалтын төв байгуулах, туслах аж ахуй эрхлүүлэх, түүнчлэн хээрийн сургууль хийлгэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байнга буюу түр хугацаагаар газар олгож эзэмшүүлнэ.

2.      Монгол Улсын засгийн газраас тогтоож олгосон цэргийн анги, байгууллагын эзэмшил газрын хил, заагийг эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллага хамтран тодотгож баталгаажуулна.

 

Хоёр. Цэргийн анги, байгууллагын эзэмшил газрын ангилал, ашиглалт

3.      Цэргийн анги, байгууллагын эзэмшил газрыг:

-          байнгын байрлалын;

-          сургуулийн төвийн;

-          аж ахуйн зориулалтын гэж  ангилна.

4.      Цэргийн хүрээ, хотхон, анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оршин суудаг түүнчлэн нисэх онгоц, нисдэг тэрэг, төмөр замын буудалтай, төрөл бүрийн агуулах байрласан дэвсгэр нутгийг байнгын байрлалын газар гэнэ. Байнгын байрлал нь байгаль орчныг хамгаалах журамд зохицсон бүх талын тохижилт, ариун цэвэр-эрүүл ахуйн шаардлагыг хангасан байвал зохино.

5.      Бие бүрэлдэхүүн байлдааны төрөл бүрийн зэвсэг, техник хэрэглэл харвалт, буудлага жолоодлого, бөмбөгдөлт, тэсэлгээ болон бусад дадлага, сургуулийг хийж байхад зориулан тусгайлан төхөөрөмжилсөн газрыг сургалтын төв гэнэ.

Сургуулийн төвийг хэсэгчилсэн буюу аж бүрнээр төхөөрөмжлөн замжуулж цэргийн анги, байгууллагын байнгын хамгаалалтад байлгана.

6.      Сургуулийн төвд аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг байлдааны төрөл бүрийн зэвсэг, техник, хэрэгслийг хэрэглэн дадлага сургууль явуулах дүрэм, зааврын дагуу цэргийн тухайн ангиас зохион байгуулж явуулна.

7.      Цэргийн анги, байгууллагын удирдлага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран сургалтын төвийн аюулгүйн хил хязгаарыг нарийвчлан тогтоож, орчны нийт оршин суугчдад сайтар мэдүүлсэн байна.

8.      Цэргийн анги, байгууллагын удирдлагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр сургуулийн төвийн аюултай бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, айл буулгах, мал бэлчээхийг хатуу хориглоно.

9.      Байлдааны галт хэрэглэлээр харвалт, буудлага, бөмбөгдөлт, тэсэлгээ хийхийн өмнө сургуулийн төвийн дэвсгэр нутаг дээр оршин суугаа айл, бэлчээрийн малыг нүүлгэн шилжүүлж, хамгаалалт тавина.

10. Цэргийн ангиуд нь сургуулийн төвд хийсэн харвалт, буудлага, бөмбөгдөлт, тэсэлгээ бүрийн дараа талбайд үзлэг хийж тэсрээгүй сум, галт хэрэглэлийг олж аюулгүй болгож байна.

Тэсрээгүй сум, галт хэрэглэлийг олж аюулгүй болгоогүйгээр сургуулийн төвийн талбайд хүн, мал оруулахыг хориглоно.

11. Цэргийн анги, салбар, байгууллагын мал, газар тариалан эрхлэх, өвс тэжээл, мод бэлтгэх зэргээр туслах аж ахуй хөгжүүлэх нутгийг аж ахуйн зориулалтын газар гэнэ.

12. Аж ахуйн зориулалтын газарт хашаа саравч барих, суваг шуудуу татах, газар хагалах, худаг гаргах, мод бэлтгэх, зам засах асуудлыг цэргийн анги, байгууллагын удирдлага, нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.

 

Гурав. Хээрийн сургуулийн газрын зөвшөөрөл авах, түүний ашиглалт

13. Сургуулийн сэдэв, бодлого-төлөвлөгөөний дагуу тусгайлан төхөөрөмжилсөн сургуулийн төвд хийх бололцоогүй бол команд штабын болон тактикийн сургуулийг /цаашид хээрийн сургууль гэх/ түр зөвшөөрөгдсөн газар орон дээр явуулах бөгөөд уг газрыг хээрийн сургуулийн газар гэнэ.

14. Батлан хамгаалах яам хээрийн сургууль явуулах газрын асуудлаар нутгийн захиргааны холбогдох байгууллагад уг сургууль эхлэхээс нэг сарын өмнө бичгээр хүсэлт тавина. Нутгийн захиргааны байгууллага зохих хариуг 20 хоногийн дотор БХЯ-нд мөн бичгээр өгнө.

15. Хээрийн сургуулийн үеийн аюулгүй байдлыг сахиулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг цэргийн анги, байгууллага болон нутгийн захиргааны удирдлага хамтран зохион байгуулж хэрэгжүүлнэ.

16. Цэргийн анги, байгууллагууд нь хээрийн бүх төрлийн нуувч, харилцах шуудуу, нүх саадыг сургуулийн төгсгөлд буцаан дарж, газрын хөрсийг тэгшлэн хог хаягдлыг цэвэрлэж, нутгийн захиргааны байгууллагад нотломжоор хүлээлгэн өгнө. Нотломжийг гурван хувь үйлдэж БХЯ, холбогдох нутгийн захиргааны байгууллага, цэргийн тухайн анги, байгууллагад тус тус хадгална.

17. Хээрийн сургуулийн үед цэргийн анги, байгууллагын буруугаас эвдэж гэмтээсэн зүйлийг БХЯ, цэргийн холбогдох анги, байгууллагууд өөрийн хүч хэрэгслээр сэргээн засварлаж, нутгийн захиргааны байгууллага буюу холбогдох иргэнд хүлээлгэн өгнө.

18. Энэ журмыг зөрчин шаардлагатай аюулгүйн арга хэмжээ сахиулаагүйгээс осол эндэгдэл гарвал хэн буруутай этгээдэд хариуцлагыг хүлээлгэнэ.

19. Хээрийн сургуулийн явцад гэнэтийн аюул /гал түймэр, усны үер гэх мэт/ тохиолдвол осол аюулгүй болгох, хэлмэгдэгчдэд тусламж үзүүлэх ажлыг БХЯ, цэргийн анги, байгууллага болон нутгийн захиргааны байгууллага хамтран гүйцэтгэнэ.

Дөрөв. Газар эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын хүлээх үүрэг

20. Цэргийн хүрээ, хотхон, анги, салбар, байгууллагын захирагч /дарга/ нь өөрийн анги, байгууллагын эзэмшил газрыг Монгол Улсын хууль, тогтоомж, цэргийн дүрэм, зааварт заасан ёсоор зориулалтын дагуу ашиглана.

21. Цэргийн анги, байгууллагын эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах /нэмэх буюу багасгах/, эзэмшлийг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргана.

Цэргийн анги, байгууллагын эзэмшил газрыг өөр зориулалтаар ашиглах, зайлшгүй шаардлага гарвал төрийн захиргааны төвийн болон нутгийн захиргааны холбогдох байгууллагууд Батлан хамгаалах яамтай хамтран саналаа боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байна.

22. Цэргийн анги байгууллагууд:

-          олгосон газрыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зөв зохистой эзэмших асуудлыг төрийн захиргааны төвийн болон нутгийн захиргааны холбогдох байгууллагын өмнө хариуцна;

-          байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг байнга авч хэрэгжүүлж байх;

-          эзэмшлийн талаар гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахын хамт, холбогдох байгууллагад мэдээлж, тэдний тусламж дэмжлэгийг авах;

-          аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцах үүргийг хүлээнэ.

23. Нутгийн захиргааны байгууллагууд:

-          анги байгууллагын газар эзэмшилд байнгын хяналт тавих;

-          аюулгүй байдлыг сахихтай холбогдсон арга хэмжээнүүдийг нутгийн иргэдэд таниулж мэдүүлэх, тэднээр сахиулах явдлыг хариуцах;

-          байгаль орчныг хамгаалах талаар тухайн цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлэх;

-          цэргийн анги, байгууллага, иргэдийн маргааныг зохицуулан шийдвэрлэж байх үүрэгтэй.

24. Төрийн захиргааны төвийн байгууллага:

-          батлан хамгаалах хэрэгцээнд олгосон газрын ашиглалтын байдлыг үе үе шалгуулан илэрсэн дутагдлыг засуулах;

-          хээрийн сургуулийн аюулгүй байдлыг сахиулах болон сургуулийн үед гарсан осол, бусад гэнэтийн аюулын үед шаардлагатай хүн хүч, техникийн болон мэргэжлийн хүмүүсийг томилон явуулж /урин ирүүлж/ хохирлыг арилгах талаар тусламж үзүүлэх;

-          батлан хамгаалах хэрэгцээний газар ашиглалттай холбогдон гарсан маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд тусгай комисс томилон ажиллуулж Засгийн газрын гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хариу өгөх;

-          Засгийн газраас газар ашиглалтын талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тохиолдолд хууль хяналтын байгууллага уг маргааныг эцэслэн барагдуулах, бусад тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017