МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН ҮНДЭС

2014 оны 06 сарын 04

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН ҮНДСИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 5 дугаар сарын 15-ны өдөр                                                         Улаанбаатар хот

Дугаар 56

 

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол, шийдвэрийг Төрийн цэргийн бодлогын үндэст нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

З.Зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг тусгайлан боловсруулж Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар тухай бүр батлуулж байхаар тогтоосугай.

4.Монгол Улсын "Төрийн цэргийн бодлогын үндэс"-ийг "Төрийн нууцын тухай хууль"-д нийцүүлэн хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасугай.

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /С.Зориг/-нд даалгасугай.

6.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Цэргийн номлолын үндэс"-ийг хүчингүй болсонд тооцсугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

 

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 56 дугаар тогтоолын хавсралт



МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН ҮНДЭС

 

1.Нийтлэг үндэслэл

Монгол Улсын  төрийн цэргийн бодлогын үндэс нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох батлан хамгаалах бодлогыг тодорхойлсон тулгуур баримт бичиг мөн.

Төрийн цэргийн бодлогын үндэс нь аливаа зэвсэгт түрэмгийлэлд төрөөс хандах хандлагыг тодорхойлох, дайн, зэвсэгт мөргөлдөөний аюулаас сэрэмжлэх, улс орноо гадны зэвсэгт түрэмгийллээс хамгаалах, цэргийн байгуулалт, зэвсэгт тэмцэл явуулах талаар төрөөс баримтлах албан  ёсны үзэл баримтлал бөгөөд өөрийгөө хамгаалах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд тулгуурлана.

Монгол Улсын цэргийн байгуулалтын улс төрийн үндэс нь зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт мөн.

Монгол Улсын өөрийгөө хамгаалах зарчим нь орон нутгийн хамгаалалтад үндэслэсэн батлан хамгаалах нэгдмэл тогтолцоонд тулгуурлана.

Төрийн цэргийн бодлогын үндэс нь батлан хамгаалах үйл ажиллагааны талаархи Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрийн үндэс мөн.

Монгол Улсын төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх явдлыг хууль тогтоомжоор зохицуулж, эдгээр хууль тогтоомжид төрийн цэргийн бодлого хэрхэн тусч байгаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавина.

Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэст олон улсын болон бүс нутгийн цэрэг улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэргийн хэрэгт гарч байгаа өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал тодотгол хийж байна.

 

П.Зэвсэгт түрэмгийллийн аюулаас сэрэмжлэх төрийн бодлогын үндсэн чиглэл

Олон улсын харилцаанд харилцан ойлголцох, итгэлцэх, түншлэх төлөв давамгайлах болж байгаа ч дайн, зэвсэгт мөргөлдөөний аюул бүрэн  арилаагүй, дэлхий дахинд, түүний дотор Ази, Номхон далайн бүс нутагт хамтын аюулгүй байдлын тогтолцоо бүрдээгүй байна. Үүнээс үүдэн орон нутгийн дайн болон хилийн зэвсэгт мөргөлдөөний аюул, заналхийлэл оршсоор байна.

Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа хангах гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөний аюулыг сэрэмжлэн зайлуулах, энх тайванч бодлогоо олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудад нийцүүлнэ.Үүнд:

-цэргийн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх нь маргаантай асуудлыг шийдвэрлэх арга зам гэж үзэхгүй бөгөөд аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй;

-өөр улсын эсрэг ямар ч тохиолдолд цэргийн хүчээ түрүүлж хэрэглэхгүй, цэргийн аюул, заналхийлэл бусдад учруулахгүй, бусдын зэвсэгт түрэмгийлэлд өөрөө өртсөнөөс бусад тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй;

-Нэгдсэн Үндэстний Байгууллагын  үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу биелүүлэх;

-Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул, заналхийлэл учирсан буюу учрах нь бодитой болсноос бусад тохиолдолд цэргийн аливаа эвсэл холбоонд нэгдэхгүй;

-Монгол Улсын хуульгүйгээр гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх бодлогыг чанд баримтална.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдалд цэргийн хүчээр заналхийлсэн, зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн улс орон, тэдний энэхүү зэвсэгт түрэмгийлэлд холбоотон нь болж буй этгээдийг дайснаа гэж үзнэ. Монгол Улс гаднын зэвсэгт түрэмгийллийн эсрэг өөрийгөө хамгаалах зэвсэгт тэмцэл явуулна.

Монгол Улс дараахь нөхцөл байдлыг өөрийн эсрэг чиглэсэн зэвсэгт  түрэмгийлэл гэж үзнэ. Үүнд:

-аливаа улс орон манай улсын нутаг дэвсгэрт цэргийн хүчээр цөмрөн орох, халдан довтлох;

-хилийн гаднаас манай улсын болон цэргийн объектод зэвсгийн хүчээр цохилт хийх;

-гадаад улсын зэвсэгт хүчин тус улсын нутаг дэвсгэрт байрлах, дамжин өнгөрөхдөө энэ тухай Монгол Улсын хуулийг зөрчих;

-аливаа улс орон, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу түр  буюу удаан хугацаагаар эзэмшүүлж буй газар нутгийг бусад улс орны эсрэг зэвсэгт түрэмгийллийн зорилгоор ашиглах;

-аливаа улс орон тусгайлан бэлтгэсэн зэвсэглэсэн хүмүүсийг зохион байгуулалттайгаар Монгол Улсад нэвтрүүлэх улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт  алан хядах, хорлон сүйтгэх болон бусад хууль бус үйл ажиллагаа явуулах;

-аль нэг улс орны дотоодын зэвсэгт мөргөлдөөнд оролцогч талууд Монгол Улсын хилийг зөрчих, цөмрөн орох.

Монгол Улс өөрийгөө хамгаалах зорилтоо хэрэгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэс болгон улс төр-дипломатын аргыг урьдал болгоно.

Олон улсын хэмжээнд  болон Ази-Номхон далайн бүс нутагт албан ёсны түвшинд аюулгүй байдлын олон талт яриа хэлэлцээ явуулах, аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнийг сэрэмжлэн зайлуулах, цэргийн хоёр талын болон олон талт итгэлцлийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцох, олон түнштэй байх, үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг дээдэлж аюулгүй байдлаа улс  төрийн аргаар хангах гадаад бодлогыг тууштай явуулах нь Монгол Улсын төрийн эрхэм зорилт байна.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгож, түүнийг олон этгээдийн баталгаагаар бэхжүүлэх,цөмийн зэвсгийн туршилтыг хориглох, үл дэлгэрүүлэх горимыг чанд сахиулах бодлого, үйл ажиллагаанд  идэвхтэй оролцоно.

Монгол Улс үй олноор хөнөөх зэвсгийг бүтээн үйлдвэрлэх, нөөцлөн хуримтлуулах, хэрэглэхийг хориглох болон тэдгээрийг устгах талаархи олон улсын хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж, энэ талаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллана.

Дэлхийн улс орнуудтай, нэн ялангуяа хөрш гүрнүүдтэй бүх талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж цэргийн итгэлцлийг бий болгох, үндэснийхээ язгуур ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх буюу татагдан орохоос сэрэмжлэх замаар гаднын цэргийн заналхийлэл үүсэх шалтаг, шалтгаан гаргуулахгүй байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын цэргийн байгууллага болон бусад улс орнуудтай цэргийн харилцаа тогтоон хөгжүүлнэ.

Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлж, цэргийн чадавхийг дээшлүүлнэ.

Бусад улс орны зүгээс зэвсэгт түрэмгийлэл үйлдэх нь тодорхой болсон тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:

- зэвсэгт түрэмгийлэл үйлдэхээр зэхэж буй улс орон, этгээдтэй яриа хэлэлцээ хийх, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын холбогдох бусад байгууллага, нөлөө бүхий улс орнуудад хандаж, дэмжлэг хүсэх замаар зэвсэгт  түрэмгийллийн аюулыг зайлуулах, өөрийгөө хамгаалахад чиглэсэн улс төр, дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах;

- Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын цэргийн эвсэл, Монгол Улсыг дэмжигч нөлөө бүхий улс орнуудтай батлан хамгаалах асуудлаар гэрээ, хэлэлцээр цаг алдалгүй байгуулах, цэргийн холбоотны харилцаа тогтоох, түүнчлэн тэдгээрийн цэргийн хүчнийг хууль тогтоомжийн дагуу нутаг  дэвсгэртээ  байрлуулах, зэвсэг техникийн туслалцаа авах;

-улс орныг дайны байдалд шилжүүлэх болон зэвсэгт түрэмгийллийг няцаахад чиглэсэн арга хэмжээг хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх.

Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоогдсон төр, нийгмийн байгууллын үндэс, үндэсний эв нэгдлийн эсрэг чиглэсэн дотоодын нийтийг хамарсан   эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх бодлого чанд баримтална.

  Ш.Монгол Улсыг батлан хамгаалахад хүн ам, эдийн засаг, нутаг дэвсгэрээ бэлтгэх чиглэл

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг гаднын зэвсэгт түрэмгийллээс хамгаалахад улс орны бэлэн байдлыг хангах үүднээс төрөөс дараахь чиглэлийг баримтална. Үүнд:

-нийт иргэд, залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, олон нийтийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, цэрэг иргэний харилцааг төлөвшүүлэх;

-хүн амын эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүй, бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх;

-иргэдээс цэргийн алба хаах хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн урамшилт бодлого боловсруулж  хэрэгжүүлэх;

-төрийн захиргааны төв, нутгийн  захиргааны байгууллагын удирдах албан тушаалтныг сургууль, цугларалтад хамруулах замаар тэдний  цэрэг-стратегийн бэлтгэлийг дээшлүүлэх;

-батлан хамгаалах удирдлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж бэхжүүлэх;

-ард иргэдийг хөнөөх хэрэгслийн хөнөөл, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн ослын аюулаас хамгаалах, хор уршгийг  арилгах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх;

-эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлохдоо батлан хамгаалах ашиг сонирхлыг харгалзаж байх;

- тайван цагт ба дайны үед цэргийн болон хүн амын зайлшгүй хэрэгцээнд шаардагдах гол нэр төрлийн материал, хэрэгслийн нөөцтэй байх;

-төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, соёл, шинжлэх ухааны байгууллагуудыг тайван цагаас дайны байдалд шилжүүлэх зохих бэлтгэлтэй байлгах;

-өмчийн хэлбэр  харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага нь цэргийн хэрэгцээнд шаардагдах техник, материал хэрэгслийг шилжүүлэх, нийлүүлэх, үйлдвэрлэх бэлтгэлтэй байх;

-нутаг дэвсгэрээ өөрийгөө хамгаалах зорилгод нийцүүлэн төхөөрөмжлөх дэс дараатай арга хэмжээ авч байх.

1Ү.ЗЭВСЭГТ ХүчНИЙГ БЭЛТГЭХ чИГЛЭЛ

Монгол Улс тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай зэвсэгт хүчинтэй байна.

Зэвсэгт хүчин нь өөрийгөө хамгаалах бодлогод зохицсон цэргийн техник, хэрэгсэлтэй байна.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нөхөн хангалтыг мэргэжлийн армийн жишигт ойртуулан холимог аргаар гүйцэтгэнэ.

Зэвсэгт хүчний бүтэц, төрөл мэргэжлийн цэргийн зохистой харьцааг цэрэг-улс төрийн байдал, батлан  хамгаалах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулиар тогтооно.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар цэргийн байгууллага байгуулахыг хориглоно.

Зэвсэгт хүчний чиг  үүрэг, байгуулалтын зарчим, бүтэц, удирдлага болон түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно.

Зэвсэгт хүчин нь гаднын зэвсэгт түрэмгийллийг саатуулан няцаах, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон  олон  улсын холбогдох бусад байгууллага, нөлөө бүхий улс орнуудаас түрэмгийлэгчдэд даралт, шахалт үзүүлэн шийдвэртэй арга хэмжээ авах хүртэл улс орны удирдлагад улс-төр дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

Зэвсэгт  хүчин тайван цагт дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:

-эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт түрэмгийллээс хамгаалахад бэлэн байх;

- улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих;

- улсын онц чухал обьектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

-хөнөөх хэрэгслийн хөнөөл, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн ослын аюулаас хүн ам, эд баялгийг хамгаалахад туслах;

-дайчилгааны нөөцийг бүрдүүлж, хүн амыг цэргийн хэрэгт сургах;

-хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэх;

-Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчний хүрээнд үүрэг гүйцэтгэх,  хуулиар тогтоосон бусад үүрэг гүйцэтгэх.

Зэвсэгт хүчин нь болзошгүй зэвсэгт түрэмгийллийг саатуулан няцаах үүргээ биелүүлэхэд шаардагдах бэлтгэлийг тайван  цагт хангасан байна.

Монгол Улс гаднын зэвсэгт түрэмгийлэлд өртвөл түүнийг саатуулан няцаах, өөрийгөө хамгаалах зэвсэгт тэмцлийг бүх хүч хэрэгсэл, боломжийг нэгтгэн дайчилж, ард иргэдийн дэмжлэг оролцоонд тулгуурлан явуулна. Тэгэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу бусад улс орон, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгийг авч болно.

Болзошгүй зэвсэгт түрэмгийллийг няцаахад зэвсэгт хүчнийг дараахь чиглэлээр бэлтгэнэ. Үүнд:

-зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, мэргэжлийн чиг баримжаатай анги салбарын тоог нэмэгдүүлж, чадавхыг дээшлүүлэх;

-улс орны зах зээлийн эдийн засгийн харилцаа, цэргийн гүйцэтгэх үүргийн онцлогт зохицсон нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог бий болгох;

-цэргийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цэргийн удирдах болон мэргэжлийн боловсон хүчний  мэдлэг, чадварыг дээшлүүлэх;

-батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, мэдээллийн найдвартай тогтолцоог бүрдүүлэх, цэргийн шинжлэх ухаан, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх;

- дэлхий дахины болон бүс нутгийн улс орнуудын цэрэг- улс төрийн бодлого, цэргийн хэрэгт гарч буй өөрчлөлт, хөгжилт, орон нутгийн дайн, мөргөлдөөн, хил хамгаалалтын сургамжийг судалж, дүгнэлт хийн, цэргийн бие бүрэлдэхүүний нөхөн хангалтын журам, цэргийн алба хаах хэлбэрийг боловсронгуй болгох.

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017