БИД ЦЭРЭГ БОЛЛОО (2)

2012 оны 11 сарын 05

2012 оны II ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд ирсэн дайчид 10 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 14-нийг дуустал Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байнгын байрлалд цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байна. Тусгай бэлтгэгдсэн талбай, суралцах орчноор бүрэн хангагдан хичээллэж байгаа нь байлдагчдын сэтгэгдэлээс тод харагдаж байлаа. Эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэхээр ирсэн цэргүүдэд хоёр төрлийн үндсэн хичээл орж байна. Цэргийн албанд дасгах сургалт, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт. Эдгээр хичээлийг өдөрт 8 цагаар долоо хоногт зургаан өдрөөр орж байгаа ажээ.

Намрын нар ээсэн өдөр буюу 10 дугаар сарын 27-ны өдөр цэргүүд бусад өдрүүдтэй адил сургалт бэлтгэлдээ гарч, талбайд цуглаад байх мөчид ЦДБЭЧ-ын 80 хүний бүрэлдэхүүнтэй “десант” буув. Хурандаа Ч.Гансүхээр ахлуулсан уран бүтээлчид өөрсдийн урлагийн тоглолтоо толилууллаа. Цэрэг, эх орны сэдэвтэй алтан үеийн дуунууд, эрэмгий хурц бүжгүүдээрээ хуран цугларсан байлдагчдыг алмайруулаад амжсан. Үүний зэрэгцээ залуусын сэтгэлийг догдлуулж, монгол эр хүн тэр дундаа байлдагч болсноороо бахархан омогших сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж чадсан нэгэн залуу гарч ирсэн нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн эмнэлгийн зааварлагч, дэд ахлагч Ш.Даваацэрэн байлаа. Тэрээр хип хоп урсгалаар дуулдаг бөгөөд өөрийн зохиосон ”Өвдөг бүү сөхөр!” дуугаараа ая дууны мэндчилгээ хүргэсэн. Тэрээр энэ дуугаа Афганистан улс дахь ЭДА-ны V ээлжийн багт явж байхдаа зохиосон хэмээн дурдсан юм. Дууны мөр болгонд эх оронч үзэл, их түүх, хөх толбо, чонон сүлд гэсэн үг, утга, агуулгыг “сийлж” өгсөн нь дан ганц байлдагчид ч биш офицер, ахлагч нарын ч сэтгэлийг догдлуулаад авсан. Дарга нар түүний дууг сонсож байхдаа өрөөсөн хөлийнхөө өлмийг хөгжмийн хэмнэлээр сэмхэн хөдөлгөж байгаагаас энэ нь тод харагдана. ЦДБЭЧ-ын тоглолтыг үзэж сонирхсон дайчид “Урд өмнө нь зурагтаар л ийм тоглолт үзэж байсан. Харин өнөөдөр дэргэдээс нь үзсэндээ баяртай байна” гэж хэлж байв. Мөн ЦДБЭЧ-ын зарим хамт олон дээр дурдсан дэд ахлагчтай хамтарч уран бүтээл хийх санал тавиад байгаа гэсэн.

Үүний дараа сургалт бэлтгэлийн үйл ажиллагааг удирдаж байгаа Сургалтын төвийн захирагч, дэд хурандаа Д.Өлзийбаяртай уулзаж ярилцлаа

Энэ жилийн цэрэг татлагаар ирсэн залуусын боловсролын түвшин урьд жилүүдийнхээс өөрчлөгдсөн үү?

-2012 оны II ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын боловсролын түвшин харьцангүй дээгүүр байгаа нь анзаарагдсан. Энэ нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч эхлээд цэргийн алба хаасан байх шаардлагыг тавьж байгаатай холбоотой. Уг шаардлагын дагуу цэрэгт татагдан ирэх залуусын тоо нэмэгдсээр байна.

Цэргийн алба хаагчдыг Засгийн газраас стратегийн томоохон орд, газруудад ажиллуулах талаар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотой энэ салбарт тохирох мэргэжилтэй залуус хэр байна?

-Энэ талаар бид саяхан цэргүүдийн дунд тодорхой судалгаа явууллаа. Жолооч мэргэжилтэй цэргүүд олон байна. Тухайлбал уул, уурхайн хүнд машин механизм барьж байсан залуус нэлээд ирсэн байна. Үүнээс дүгнэн харахад стратегийн томоохон орд, газруудад Зэвсэгт хүчний зүгээс ажиллах хүчээр хангах бүрэн нөөц бололцоо байгаа гэж тодорхойлсон.

Энэ жилийн сургалтын төвийн орчин, суралцах нөхцөл цэргүүдэд хэр таалагдаж байна вэ?

-Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тавиулангийн талбай, ойр орчныг байнгын бүрэлдэхүүнээр сургалт явуулах чиглэлээр засаж, тохижуулсан. Зэвсэгт хүчнийг сурталчлах олон тасалгаа, өрөөнүүдийг хийж өгсөн. Тийм болохоор цэргүүдийн сэтгэл санаа алба хаах хугацаандаа хангалуун байна.

Сургалтын онцлогоос дурдана уу?

-Энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний 7 ангид хуваарилагдах цэргүүд ирээд байгаа. Тэдний салаа, салбарын дарга, мэргэжилтэнгүүд цуг байрлаж, цэргийн албанд дасгах сургалт явуулж байна. Тиймээс сургалт 24 цагийн турш явагдаж байна гэж ойлгож болно. Үүгээрээ томоохон онцлогтой, үр өгөөжтэй сургалт болж байгаа.

М.МӨНХЗОРИГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 815

Веб холбоос: 11

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016