МАНАЙ АЛДАР ГАВЬЯАТНУУД

2014 оны 09 сарын 12

    АДХЦ-ийн 50 жилийн түүхийн хугацаанд сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, гавьяат нисгэгч,хурандаа  Д.Цэрэндорж, С.Лхагважав, Л.Пүрэвсүрэн, С.Жанар, Т.Сугар, А.Цогнэмэх, Б.Дашаахүү, нисэхийн гавьяат техникч Ч.Цэрэндорж, гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Цэргийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Дашзэвэг, Техникийн ухааны доктор Ж.Гүррагчаа, Б.Эрдэнэбат, Ч.Баттулга, Л.Болдбаатар, Цэргийн ухааны доктор Ч.Улаанхүү нар төрөн гарчээ.

 

РАДИОЛОКАТОРЫН ИНЖЕНЕР БОЛСОН МИНЬ

     Киев хотын Радиотехникийн инженерийн цэргийн дээд сургууль төгссөн анхны 10 залуусын нэг би 1971 оны 7 дугаар сард 065 дугаар ангид засварын инженерээр томилогдон очиход захирагч шууд л “За, нөхөр дэслэгч чи тэгэхээр маргааш хөдөө ротод засварын ажлаар явах хэрэгтэй” гэлээ.  Ингэж л ажлын гараагаа эхэлсэн юм. Тэр хүн бол сүүлд УАДХЦ-ийн командлагч болсон, хошууч генералл Цогийн Геннадий агсан байлаа. Ц.Геннадий БХЯ-нд УАДХ хэлтсийн дарга байхад би тус хэлтэст радиолокаторын ахлах инженерээр арав гаруй жил ажиллахдаа зарчимч шаардлага, хатуу сахилга бат, хөдөлмөрч арга барилаас суралцаж, ажлын дөртэй болсон бөгөөд армид 31 жил алба хаасны 25 жилийг төрлийн цэрэгтээ зориулжээ. БХИС-ийн холбоо, артиллерийн тэнхимийг түшиглэн УАДХЦ-ийн тэнхимийн суурийг тавьснаар мэргэжлийн офицер ахлагч нарыг дотооддоо бэлтгэж эхэлсэн юм. Тэнхимийн багшлах боловсон хүчнийг бүрдүүлэхэд даргаар хурандаа Л.Дашдаваа, орлогч даргаар дэд хурандаа С.Гантөмөрийг, багш хошууч Л.Мөнхбаяр, Л.Маналжав, ахлах дэслэгч Ч.Баттулга, С.Отгонбаяр, Ж.Ганбат нарыг уралдаант шалгалтаар сонгон авч ажлаа эхэлсэн. 1992 онд Тэнхимийн даргын ажлыг хүлээн авах үед тэнхим орон тоо зохион байгуулалтаар өргөжиж радиотехникийн инженер, зенитийн артиллерийн командын офицер, РЛС-ын оператор, дизельчин зенитийн бууны дарга, ахлагч бэлтгэх болсноос хойшхи 20 гаруй жилийн хугацаанд тулгын чулууг нь тулалцсан тэнхим маань мэргэжлийн офицер 300, ахлагч 300 гаруй  хүнийг бэлтгэн гаргаснаар анги, салбарын мэргэжлийн боловсон хүчний хангалт 90-95 хувьд хүрчээ.

Бэлтгэл хурандаа С.ГАНТӨМӨР

 

 

ТЭНГЭРТ 1526 ЦАГ 33 МИНУТ

   1987-1990 онуудад УАДХЦ-нисэх хүчний газарт байцаагч-нисгэгчийн албыг хаших хугацаанд сөнөөгч бөмбөгдөгч онгоцны нисгэгчдийн нислэгийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн зэрэгтэй нисгэгчид, багш нисгэгчдийг бэлтгэх байлдааны буудлага, бөмбөгдлөг, пуужин харвалт, агаарын байг илрүүлэн устгах нислэгт сургаж, дадлагажуулах, нислэгийн аюулгүй байдлыг анги, эскадриль, салбараар хангуулж ажиллуулахад өөрийн хүч чармайлт, мэдлэг боловсрол, нислэгийн дадлага туршлагаа дайчлан ажиллаж байлаа.

Цэргийн нисэх хүчний ариун жагсаалд багтаж нисэж байсан он жилүүдэд 1526 цаг 33 минутын 2717 удаагийн нислэгийг, багш нисгэгчээр 248 цаг 47 минутын 484 нислэгийг тус тус амжилттай үйлдсэн нь орчин үеийн дуунаас хурдан сөнөөгч бөмбөгдөгч тийрэлтэт онгоцоор тогтоосон дээд амжилт болж одоогоор давтагдаагүй нь нисгэгчийн ур чадварыг илтгэсэн тод жишээ болон үлдсэн юм.

МИГ-21 онгоцоор гарч болох дээд өндөр 19000 м-т гарч, нисэж болох дээд хурдыг 2175 км/цагт хүргэж байв. ЗХУ-д их засварт ороод ирсэн онгоцыг агаарт нисэж шалгаад хүлээж авдаг эрх бүхий анхны нисгэгч төдийгүй, дотооддоо хөдөлгүүр сольсон онгоцуудаар биечлэн агаарт нисэж нислэг үйлдэж шалгадаг бүрэн эрх авсан анхны нисгэгч. Миний бие 1983-1987 онд хорооны захирагч-нисгэгч байх хугацаанд үйлдэж байсан олон сайхан нислэгүүдээс 1984 оны хавар Таван толгойд болсон хээрийн сургуульд анхлан 500 кг-ийн 2 ширхэг бөмбөг хаяж, удирдлагагүй пуужин /нэг блокондоо 32 ш/ 64 ширхэгийг нэг /залпаар/ зэрэг харваж онилсон байг онож явсан цагаа дурсахад таатай байна.

Бэлтгэл дэд хурандаа С.ШАРАВСАМБУУ

 

АНХДАГЧ ОЛОНТОЙ АНГИ БАЙЛАА

АДХЦ-ийн анхдагчуудын нэг, чөлөөнд байгаа хурандаа Л.ДАШЖАРГАЛ ярьж байна

 

Та АДХЦ-тэй хэрхэн холбогдсон бэ?

-Миний бие АДХЦ-тэй холбоотойгоор барахгүй, маш ойр дотно, санан дурсах сайхан цаг үе, залуу халуун нас минь энэ цэрэгтэй холбоотой. 1964 оны 10 дугаар сард УАДХ цэргийн ангиуд анх байгуулагдаж, Улиастайн голд дундаа нэг гал тогоо, клубтэйгээр нэг хашаанд гал голомтоо бадрааж байхад анхны цэргийнх нь нэг болж байлаа. Ер нь миний бие энэ цэрэгтэй нэлээд хэдэн анхдагчаар холбоотой. Тухайлбал, зенит пуужингийн дивизионы радио техникийн батарейны УB кабины анхны холын зайн ахлах оператор, тасгийн бага түрүүч цолтойгоор хугацаат цэргийн албаа эхлүүлж, 1965 оны хавар  сайдын шалгалтаар ангийн 17 онц сурлагатны нэг нь болж байлаа. 1965 оны 5 дугаар сард. ЗХУ-ын сансрын нисэгч А.Николаев, В.Терешкова нар манай улсад ирж, офицеруудын ордонд армийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийхэд хурлын тэргүүлэгчдийн байранд 065 дугаар ангийн бага дарга Насанбатын хамт сууж байснаа санан дурсаж бэлгэшээх дуртай.

Учир нь монгол хүн сансарт нисэх анхны бэлтгэл, сонгон шалгаруулалтыг гардан хийх аз завшаан надад тохиож, сансрын нисэгч Ж.Гүррагчаа 065 дугаар ангийн, түүнийг сонгон шалгаруулсан би 028 дугаар ангийнх, АДХЦ-хэн шүү дээ гэж бодоход сайхан байдаг юм.

Та хаана ямар сургууль дүүргэж, энэ  цэргийн гал тогоонд харьяалагдах болсон бэ?

-1965 онд Киев хотын артиллерийн инженерийн дээд сургуулийн команд штабын ангид элсэн суралцаж, 1969 онд наймуулаа төгсөж ирсэн нь цэргийн дээд боловсролтой АДХЦ-ийн анхны боловсон хүчнүүд болж байлаа. БХЯ-ны УАДЭХ хэлтэст байлдааны бэлтгэл хариуцсан ахлах офицероор томилогдон офицерын албаны гараагаа эхлүүлсэн дээ. БХЯ нүүж шинэ байранд ороход гар бие оролцож явсандаа бахархалтай байдаг.

Та АДХЦ-ийн анхдагчуудыг сайн мэдэх хүний нэг. Тэднээс онцлон дурсахгүй юу?

-Би энэ цэрэгтэй холбогдоод 50 жил болж, армид алба хаасан 30 шахам жилийн талыг нь уг цэрэгт өнгөрүүлсэн болохоор санаж дурсах сайхан хүмүүс олон бий. 028 дугаар ангийн анхны дарга, хошууч Ч.Пүрэвдорж гэж шулуун шударга зантай, жинхэнэ цэргийн дарга намайг цэргийн сургуульд явуулж, гарыг минь ганзаганд хүргэсэн ачтан. БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, ЗХЖШ-ын даргаар хамгийн олон жил ажилласан гавьяат үйлстэн. 50 жилийн ойгоор нэг ангийг тэр хүний нэрэмжит болгохоор хөөцөлдсөн боловч бүтсэнгүйд сэтгэл тун дундуур байна. Гэвч гавьяат үйлсийг нь мөнхжүүлэх ажил хэзээ нэгэн цагт бүтнэ гэдэгт итгэлтэй байна. 1970 оны 2 дугаар сараас шинээр байгуулагдсан 134 дүгээр ангийн анхны штабын даргаар томилогдон очиход намайг цэрэг байхад штабын дарга байсан дэд хурандаа Г.Нанзайхүү ангийн даргаар ажиллаж, сургууль төгсөж ирсэн залуу офицерууд биднийг ажил алба, амьдрал ахуйд сургаж дадлагажуулсан буянтай буурал юм. Миний анхны батарейн дарга, хамт суралцаж төгссөн хурандаа Л.Өлзий сайн дарга, сайн нөхөр, хамтран зүтгэгч, халамжлан хүмүүжүүлэгч байсан. Энэ хүнтэй хамт төгссөн бид 7 их азтай хүмүүс. Бид 8-аас 1 генерал, 5 хурандаа цолтон гарсны дээр АДХЦ-ийн командлагч 2, ангийн захирагч 4, эрдэмтэн 1 төрж, гадаад оронд улс орноо төлөөлөн ажилласан 2 хүн байна гэх зэргээр дурсан санах хүн маш олон.

Та анхдагч гэж ярих дуртай бололтой …?

-АДХЦ үүсэн байгуулагдсантай холбоотой ардын цэрэг, армид тогтсон дэг журамд зарим өөрчлөлт орсныг  би анхдагч гэж нэрлэмээр байдаг. 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд би “АДХЦ-ийн анхдагчид, алдартнууд” гэсэн илтгэл тавьсан юм.  Түүнд их, дээд сургууль, техникумаас 1964 оны 10 дугаар сард цэрэг татсан нь анхдагч байсан. Тэр цэргүүд ажил, албаны зайлшгүй шаардлагаас цэргийн анхан шатны бэлтгэл “карантин” гэж хийлгүй шууд салбар, салаадад хуваарилагдан албаа эхлүүлсэн нь анхдагч. Офицер, цэргүүд хамт хичээллэж, орос багш, зөвлөх сургагчтай байсны дээр хугацаат албаны бага дарга орос мэргэжилтэн, хугацаат албаны бага даргатай байсан нь бас л анхдагч болно. Би Попов гэж түрүүч мэргэжилтэнтэй байж, бид 1990 оны эх хүртэл холбоотой байлаа. 028, 065 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 1964 оны 10 дугаар сараас 1965 оны 5 дугаар сар хүртэл богино хугацаанд тухайн үеийн хамгийн сүүлийн үеийн зэвсэглэл болох зенитийн пуужин, радиолокацийн техникийг маш шахуу хөтөлбөртэйгээр судалж эзэмшин зенит пуужингийн анхны буудлагаа 1965 оны 7 дугаар сард “Онц” гүйцэтгэж, радиолокацийн ротууд байлдааны жижүүрлэлтийн үүргээ 1965 оны 9 дүгээр сараас амжилттай гүйцэтгэж эхэлсэн нь мөн л анхдагчид болно. Зенит пуужингийн буудлагыг 028 дугаар анги 8, 134 дүгээр анги 7 удаа ОХУ-ын Чита хотын ойролцоох “Телембай” полигонд дан “Онц” дүнтэй гүйцэтгэж байсан нь гадаад оронд байлдааны үүрэг гүйцэтгэж хамтын ажиллагааг бэхжүүлж байсан анхдагчид юм. Армийн “Онц” ангийн болзлыг 028 дугаар анги анх удаа хангасан. 1990 оноос армийн зарим анги, салбарыг мэргэжлийн болгох арга хэмжээг хэрэгжүүлсэн билээ. Цэргийн шинэчлэлийн энэ бодлогын хүрээнд 065 дугаар анги 1991 оны 7 дугаар сараас 1992 оны 7 дугаар сард төв, хөдөөгийн салбаруудыг хугацаат цэргийн алба хаагчидгүй болгон байнгын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн анги, салбар болох эхлэлийг тавьсан нь армидаа анхдагч болсон.

АДХЦ-ээс төрсөн алдартнууд гэвэл бас л олон хүнийг нэрлэнэ биз?

-Тийм ээ, маш олон бий. Тэдэн дундаас Монгол Улсын анхны сансрын нисэгч, ЗХУ, БНМАУ-ын баатар, УИХ, Засгийн газрын гишүүн, БХЯ-ны сайд асан, хошууч генерал Ж.Гүррагчаа энэ цэргээс төрөн гарсан нь бидний бахархал. Манай цэргээс ЗХЖШ-ын дарга хэмээх өндөр албан тушаалд дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, Ц.Бямбажав нар ажилласан юм. Хошууч генерал Г.Түмээ, Ц.Геннадий, Ч.Улаанхүү, Л.Пүрэвдорж, С.Ванчиндорж, Ч.Магсар, О.Жалбажав, З.Болдбаатар зэрэг генералууд манай цэрэгтэй ажил, албаны холбоотой байсанд баярлаж явдаг. Түүнчлэн манай цэргээс 20 шахам эрдэмтэн доктор, 14 гавьяат цолтон, 10 гаруй улсын цолтой бөхчүүд, олон арван алдар хүндтэй тамирчид төрөн гарсан юм. АДХЦ цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан энэ цэрэгтэй гурван анхдагчаар холбоотой буурал хурандаа би энэ цэрэгтэй ажил, алба, амьдралаа холбож явсан ахмадууд, одоо алба хашиж байгаа офицер, ахлагч, албан хаагчид Та бүхэндээ баярын мэнд хүргэж, аз жаргал, амжилт бүтээл бүхний дээдийг хүсэн АДХЦ-ийн бие бүрэлдэхүүн эрдэм мэдлэг, авьяас чадвараараа Зэвсэгт хүчний дотор байнга манлайлан тэргүүлж ирсэн сайхан уламжлалыг хадгалж, улам баяжуулж, бадрааж явахыг ерөөе.

Дэд хурандаа Г.БААТАРНУМ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017