ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

2014 оны 10 сарын 22

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам/

 

2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр                                             Улаанбаатар хот

Дугаар 38

 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

                                Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

                                Батлан хамгаалахын сайд Л.БОЛД

             

 

          Засгийн газрын 2011 оны 38 дугаар

          тогтоолын хавсралт

 

         

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

 

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2. Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох цалин хөлсөнд дараахь цалин, нэмэгдлийг оруулан тооцно:

2.1. Албан тушаалын үндсэн цалин.

2.2. Цэргийн цолны цалин.

2.3. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл.

2.4. Хилийн нэмэгдэл.

2.5. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл.

2.6. Онцгой нөхцөлийн нэмэгдэл.

2.7. Хууль тогтоомжийн дагуу олгосон бусад нэмэгдэл, цалин.

3. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно.

4.  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно.

5. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт" гэдгийг анги, байгууллага нь татан буугдсан, цэргийн албан хаагчийн ажлын байр нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр цомхотгогдсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсныг үндэслэнэ.

6. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "биеийн эрүүл мэндээр" гэдгийг эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн тогтооно.

7. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авах хүсэлт гаргахдаа тухайн цэргийн албан хаагч дараахь бичиг баримтыг бүрдүүлж, тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтанд өгнө:

7.1.      Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа сунгасан тухай шийдвэр.

7.2.      Нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг урьдчилан авахыг хүссэн хувийн өргөдөл.

7.3.      Ажиллаж байгаа анги, байгууллагын удирдлагын тодорхойлолт.

7.4.      Албан тушаалын цалингийн тодорхойлолт.

8. Төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 7-д заасан бичиг баримтыг хүлээн аваад тэтгэмж олгоход шаардагдах хөрөнгийг дараа жилийн төсөвт тусган олгох ажлыг зохион байгуулна.

9. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй болно. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараас хэтрэхгүй байна.

10. Тэтгэвэр тогтоолгосон болон халагдсан офицер, ахлагч нар цэргийн албанд дахин ажиллаж байгаад халагдах үед энэхүү журмын 3, 7-д заасан нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмжийг дахин олгохгүй.

11. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тодорхойлно. Цэргийн алба хаасан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.

12. Цэргийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь офицер, ахлагчийн хувийн хэрэг, архивын лавлагаа, сүүлийн 5 жилийн цалингийн тодорхойлолт байна. Архивын лавлагаа авах боломжгүй тохиолдолд цэргийн албанд ажилласан хугацааг шүүхээр тогтоолгоно.

13. Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.

14. Цэргийн албан хаагчийн ажиллаж байсан анги, байгууллагын захирагч /дарга/, санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн цэргийн албан хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ.

15. Сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр нэг удаагийн тэтгэмжийг буруу тогтоож олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017