ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ

2014 оны 10 сарын 22

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Цэргийн албыг дүйцүүлэх )

2008 оны 12 дугаар сарын 3-ны өдөр                                                         Улаанбаатар хот

Дугаар 49

 

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. 

           Монгол Улсын Ерөнхий сайд                                   С.БАЯР 

                        Батлан хамгаалахын сайд                                       Л.БОЛД

               

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 49 дүгээр
                                                                                                                   тогтоолын хавсралт
 



                                                                     ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ

 

                                      Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаахад энэ журмыг дагаж мөрдөнө.

2. Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн энэ журамд заасны дагуу өөрийн хүсэлтээр орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн онцгой байдлын асуудал хариуцсан чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн бусад байгууллага (цаашид "алба хаалгагч байгууллага" гэнэ)-д цэргийн албыг дүйцүүлэн хааж болно.

3. Монгол Улсын иргэн (цаашид "иргэн" гэх)-ий цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацааг хуулиар зохицуулна.

4. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн I улиралд багтаан аймаг, нийслэл бүрээр тогтооно.

5. Иргэнээр цэргийн албыг дүйцүүлэн хаалгах арга хэмжээг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

6. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургалт, дадлага, орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах дайчилгаа" (цаашид "дайчилгаа" гэх), цугларалт болон хил хамгаалалтад оролцсоныг үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

                                 Хоёр. Дүйцүүлэх албанд иргэнийг авах

7. Иргэнийг дараахь шалтгаанаар цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж болно:

а) сүм, хийдэд албан ёсоор шавилан суугаа;

б) шашин шүтлэг-ёс зүйн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй болохыг цэрэг татлагын товчоо тодорхойлсон;

в) хил орчмын нутагт байнга оршин сууж хил хамгаалалтад туслах гишүүний үүргийг биелүүлдэг.

8. Иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаахыг хүссэн өргөдлөө сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах цэрэг татлагын товчоонд гаргана.

                                Гурав. Цэргийн албыг дүйцүүлэн хаах

9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын асуудал хариуцсан чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, хилийн хорооны удирдлага тухайн цэрэг татлагын товчооны шийдвэр, хуваарийн дагуу цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг хүлээн авч бүртгэн, уг албыг хаалгах ажлыг зохион байгуулна.

10. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийн дагуу дараахь үүрэг гүйцэтгэнэ:

а) орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох;

б) аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг (ой, хээрийн түймэр, усны үер, ган, зуд, цөлжилт, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдах зэрэг)-ийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээрээс хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, түүнтэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох;

в) хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх;

г) улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох;

д) хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;

е) улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн босголтын ажилд зохион байгуулалттай оролцох.

11. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн тухайн сум, дүүргийн Засаг дарга, алба хаалгагч байгууллагаас дуудсан хугацаанд хувийн бэлтгэлээ ханган ирж, оногдуулсан үүргийг гүйцэтгэнэ.

12. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн алба хаах хугацаандаа 6 сараас доошгүй хугацаагаар дүйцүүлэх албаны оногдуулсан үүргийг биечлэн гүйцэтгэсэн байна.

13. Цэргийн штаб, иргэн болон алба хаалгагч байгууллага цэргийн албыг дүйцүүлэн хаах тухай гэрээ байгуулна.
 


                                        Дөрөв. Дүйцүүлэх албаны сургалт
14. Цэргийн албыг дүйцүүлэн хаах шийдвэр гарсан иргэний цэргийн анхан шатны бэлтгэл болон үүрэг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, алба хаалгагч байгууллага хамтран зохион байгуулна. Дайчилгааны бэлтгэл нөөцийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтын хөтөлбөрийн дагуу цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг жилд 1 удаа, гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг жилд 2-оос доошгүй удаа тус бүр 14 хоногийн хугацаагаар зохион байгуулж явуулна. Сургалтын хөтөлбөрийн 30 хүртэл хувьд орон нутгийн онцлогийг харгалзан зохих өөрчлөлт оруулж болно.

15. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургалт, дадлагын ном, сурах бичиг, үзүүлэн таниулах материал, гарын авлага, техник хэрэгслийн жагсаалтыг алба хаалгагч байгууллага тогтоож, хангана.

16. Алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар ажиллаж байгаад цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцогдсон иргэн цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад заавал хамрагдана.

17. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний цэргийн анхан шатны бэлтгэл болон үүрэг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж болно.

                         Тав. Дүйцүүлэх алба хааж байгаа иргэний хүлээх үүрэг

18. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

а) томилгоот үүргээ биелүүлэх мэдлэг, чадвар эзэмшсэн байх;

б) цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаанд өөрийн ажил, амьдралыг албаны эрх ашигт нийцүүлэн зохицуулах;

в) даалгасан үүргийг шударга, хариуцлагатай биелүүлэх;

г) дайчилгаа зарласан болон цугларах дохио хүлээн авмагц заасан газар, тогтоосон хугацаанд хувийн бэлтгэлээ бүрэн ханган хүрэлцэн ирж, оногдуулсан үүргийг гүйцэтгэх;

д) тухайн орон нутгаас 5-аас дээш хоногоор гадагш явах тохиолдолд заавал аймаг, дүүргийн Цэргийн штаб эсхүл сумын Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авах;

е) сум, дүүргийн Засаг дарга, алба хаалгагч байгууллагын удирдлагын шийдвэрийг биелүүлэх;

ж) оногдуулсан үүрэгтэй нь холбоотой зөрчил гарсан үед энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, алба хаалгагч байгууллагын удирдлагад шуурхай мэдэгдэх.

                       Зургаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, алба хаалгагч байгууллагын чиг үүрэг

19. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

а) Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг үндэслэн сум, дүүрэгт алба хаах иргэний тоог батлах;

б) аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал тухайн жилд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний сургалт, бусад шаардагдах зардлыг батлах;

в) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнд үүрэг гүйцэтгэхэд шаардагдах эд материалын жагсаалтыг батлах.

20. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

а) цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний нэрсийн жагсаалтыг батлах;

б) дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал тухайн жилд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний сургалт, бусад шаардагдах зардлыг батлах.

21. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

а) цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны талаархи саналаа батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сард багтаан гаргаж өгөх;

б) цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний сургалт, алба хаахтай холбогдон гарах зардлын төсвийн төслийг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

в) Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан жагсаалт болон Цэргийн штабын саналыг тус тус үндэслэн цэргийн дүйцүүлэх албыг хаалгах, халах тухай шийдвэр гаргах;

г) цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэл сургалт зохион байгуулах;

д) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн оногдуулсан үүргээ үнэнчээр биелүүлж амжилт гаргавал тэднийг шагнах, урамшуулах, дээд шатны байгууллагын шагналд тодорхойлох.

22. Сум, дүүргийн Засаг дарга дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

а) сумын Засаг дарга цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлт гаргасан иргэний хүсэлт, үндэслэлийг нарийвчлан хянаж, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөн саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх;

б) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургалт, цугларалт, дайчилгаа, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

в) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах;

г) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн оногдуулсан үүргээ үнэнчээр биелүүлж амжилт гаргавал тэднийг шагнах, урамшуулах, дээд шатны байгууллагын шагналд тодорхойлох;

д) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн оногдуулсан үүргээ гүйцэтгэж байх үедээ тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу холбогдох тэтгэвэр, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлүүлэх;

е) цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаандаа хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар сургалт, цугларалт, дайчилгааг тасалсан, үүрэг биелүүлэхээс татгалзсан, сахилга хариуцлага алдсан, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн иргэнийг уг албанаас хасах саналаа аймгийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх (дүүргийн Засаг дарга иргэнийг уг албанаас хасах);

ж) шаардлагатай тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн оногдуулсан үүргээ гүйцэтгэх үед нь ажлын хувцас, багаж хэрэгслээр хангах арга хэмжээ авах;

з) цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаа дууссан иргэнийг уг албанаас халах тухай саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх (дүүргийн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан жагсаалт болон Цэргийн штабын саналыг тус тус үндэслэн цэргийн дүйцүүлэх албыг хаалгах, халах тухай шийдвэр гаргах);

и) алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар ажиллаж байгаа иргэнийг цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцуулах тухай саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх.

23. Цэрэг татлагын товчоо дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

а) цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлт гаргасан иргэний өргөдлийг аймаг, дүүргийн Засаг даргад уламжлах;

б) алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар ажиллаж байгаа иргэнийг цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох тухай саналаа аймгийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх.

24. Цэргийн штаб дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

а) аймаг, дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн цэргийн үүрэгтний үнэмлэхэд цэргийн дүйцүүлэх албанд элсүүлсэн болон хугацаа дууссан тухай тэмдэглэл хийх;

б) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнд алба хаах хуудас олгох, алба хаасан тэмдэглэлийг хөтлөх;

в) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

г) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа байдал, түүний зохион байгуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж, Засаг даргад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

д) цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбогдсон бүртгэл, тайлан, мэдээллийн асуудлыг эрхлэх;

е) цэргийн албыг дүйцүүлэн хаагчийн цэргийн анхан шатны бэлтгэл болон үүрэг гүйцэтгэх мэргэжлийн анхан шатны мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалтыг алба хаалгагч байгууллагатай хамтран зохион байгуулах;

ж) цэргийн албыг дүйцүүлэн хаагчтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх.

25. Алба хаалгагч байгууллага дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

а) цэргийн албыг дүйцүүлэн хаахаар хуваарилагдан ирсэн иргэнийг хүлээн авч, байнга дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүдийг танилцуулах, үүрэг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалтыг аймаг, дүүргийн Цэргийн штабтай хамтран зохион байгуулах;

б) цэргийн албыг дүйцүүлэн хаагчид үүрэг гүйцэтгэх үед байр, хүнс, тусгай хувцас, хэрэгслээр хангах;

в) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн оногдуулсан үүргээ үнэнчээр биелүүлж амжилт гаргавал тэднийг шагнах, урамшуулах, шагналд тодорхойлох;

г) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний алба хаасан тухай тодорхойлолтыг аймаг, дүүргийн Цэргийн штабт гаргах, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийх;

д) цэргийн албыг дүйцүүлэн хаасан иргэнийг уг албанаас халах тухай санал, тодорхойлолтоо аймаг, дүүргийн Засаг даргад гарган өгч шийдвэрлүүлэх;

е) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн оногдуулсан үүргээ гүйцэтгэж байх үедээ тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу холбогдох тэтгэвэр, тэтгэмж олгуулах саналыг эрх бүхий байгууллагад тавих;

ж) гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилга хариуцлага алдсан болон бусад шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах боломжгүй болсон иргэнийг уг албанаас хасах тухай саналаа аймаг, дүүргийн Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх.

26. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

а) цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтэй иргэнийг харьяалах сум, дүүргийн Засаг даргад уламжлах;

б) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнийг дуудсан хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлж сургалт, цугларалт, дайчилгаанд оролцох, оногдуулсан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах;

в) цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургалт, дадлага, дайчилгаа, цугларалт болон хил хамгаалалтад оролцох хугацаанд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалж, дундаж цалин хөлсийг олгох.

                             Долоо. Бусад зүйл

27. Зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан газарт ирээгүй, сургалт, цугларалт, дайчилгаанаас зайлсхийсэн болон энэхүү журмыг зөрчсөн цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнийг уг албанаас хасч, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулна.

28. Цэргийн дүйцүүлэх албанаас хасагдсан иргэн цэргийн жинхэнэ алба хаах үүргээс чөлөөлөгдөхгүй.
29. Цэргийн дүйцүүлэх албанд иргэнийг авах, уг албыг хаах, түүнээс хасах, халахтай холбогдсон зөрчил, маргааныг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн иргэн гомдлоо дээд шатны байгууллага буюу шүүхэд гаргана                                                   


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017