2015 ОН ИХ ХӨДӨЛМӨРИЙН ЖИЛ БОЛНО Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.СҮХБАТ

2015 оны 01 сарын 16

Өнгөрсөн онд ЕЗЦК болон харьяа ангиудынх нь хувьд ямар он байв? Ажлаа товч дүгнэвэл…

-Ерөнхий зориулалтын цэргийн командлал 2014 онд “Цэргийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал бүхий нэгжийн тоог нэмэгдүүлж, чадавхийн түвшинг дээшлүүлэх” зорилго тавьсан.

Мөн ЗХЖШ-ын газар, хэлтсүүд, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалтай харилцан ажиллагаагаа дээшлүүлж, үйл ажиллагаагаа уялдуулах, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн алба, хангалт үйлчилгээг анги, салбаруудын бэлэн байдлын түвшинг дээшлүүлэхэд чиглүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөлтийн арга зүй, агуулгыг боловсронгуй болгох, харьяа ангиудын удирдлага штабтай явуулсан КШХС-ийг агуулгын хувьд өмнөх сургуулиудын үргэлжлэл болгон нэг сэдвийн хүрээнд, нэгдсэн байдлаар зохион байгуулах, инженерийн салбаруудын хээрийн гаралтыг сургалтын орчинг сайжруулах бодит, бүтээлч ажил үүрэг гүйцэтгэхэд чиглүүлэх, хамт олны идэвх санаачлага, бүтээлч ажиллагаанд тулгуурлах чиглэлийг баримталж ажиллалаа. 

            Онцлох ажлуудаас дурдвал Зэвсэгт хүчний 016, 014, 120 дугаар ангиудын нэгдсэн КШХС, Зэвсэгт хүчний 167, 327 дугаар ангиудын КШХС,  АДХ-ын цэрэгтэй хамтран зохион байгуулсан Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан уламжлалт “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, Монгол Улс, Япон улсын инженерийн цэргийн анх удаагийн хамтарсан сургалт дадлага, хилийн цэрэгтэй хамтарсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ротын тактикийн хээрийн сургууль, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зэвсэглэл, байлдааны техникийн нөхөн хангалт, алсын зайн марш, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулиудын оюутнуудтай зохион байгуулсан цэргийн анхан шатны бэлтгэл сургалт зэргийг нэрлэж болно.

Түүнчлэн цэргийн албанд татагдсан дайчидтай цэргийн анхан шатны нэгдсэн бэлтгэл сургалтыг 2 удаа зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдад 60 гаруй мэргэжлээр цэргийн мэргэжил олгосны зэрэгцээ энгийн мэргэжил олгох сургалтад 300 орчим хугацаат цэргийн алба хаагчийг хамруулан, ХАА-н фермер, тогооч, барилгын засал чимэглэлчин, “В” ангиллын жолооч, хүнд машин механизмын оператор, өрлөгчин, цахилгаанчин мэргэжил эзэмшүүлж, 30 гаруй цэргийн алба хаагчийг боловсрол олгох сургалтад хамрууллаа.

Сургалтын орчин, материаллаг баазыг дээшлүүлэх чиглэлээр ч чамгүй ажлууд хийгдсэн санагдаж байна?

-Сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн олон бүтээлч ажлууд хийгдсэн. Тухайлбал, шинэ дайчдын сургалтын төв, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн мини полигон, ажиллагааны удирдлагын танхим, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн биеийн тамирын хотхон, ЗТР-ын хичээлийн байр, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн удирдлагын байр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн буудлага, гал удирдах цахим полигон, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн биеийн тамирын заал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвийн гал тогоо, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, номын сан, чийрэгжүүлэлтийн төв зэргийг шинээр байгуулж, тохижуулж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

            Эцэст нь дүгнэж хэлэхэд командлалын бие бүрэлдэхүүн үйл ажиллагааг зорилго, зорилттойгоо уялдуулан төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах, цэргийн ажиллагааг төлөвлөх, цэргийг ашиглах мэдлэг, дадлагаа нэмэгдүүлэхэд суралцсан, үүрэг гүйцэтгэх нэгжийн тоо, чадавхийг нэмэгдүүлэх, зорилтот сургалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн сургалтын орчин, материаллаг баазыг  бэхжүүлэх, цэргийн сургалт, хангалтын нэгдлийг хангахад амжилт олсон,  сургуулийн жилд зохион байгуулагдсан төрөл бүрийн сургуулиудад оролцсон бүрэлдэхүүн, зэвсэглэл, техник нэмэгдэж, энэ хэмжээгээрээ бие бүрэлдэхүүний дадлага, ур чадвар, зэвсэглэл, техникийн болон анги, салбаруудын бэлэн байдлын түвшинг дээшлүүлсэн, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, цэргийн албаны хувьд зөрчил, дутагдалтай сургамжийн жил байлаа.

2015 оны хувьд…

-Манай хамт олон 2015 оны үйл ажиллагаандаа “Цэргийг хөгжүүлэх, ашиглах төлөвлөлтийг боловсронгуй болгох, зорилтот сургалтыг эрчимжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийн түвшинг дээшлүүлэх” үндсэн зорилгыг дэвшүүлэн ажиллах болно. Энэ зорилгоо хангахын тулд энэ жил “Цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлж, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлын орчинг сайжруулах” гэсэн зорилтыг дэвшүүлж байгааг зориуд цохон тэмдэглэж байна.

Энэ онд гол үйл ажиллагаагаа Ерөнхий зориулалтын цэргийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хөгжлийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах, зарим анги, салбаруудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар үүрэг гүйцэтгэх нэгжийн тоог нэмэгдүүлэх, улмаар үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлж, бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөт КШХС, тактикийн хээрийн сургууль, буудлага, дадлага, хээрийн гаралтын агуулга, чанарт онцгой анхаарах, цэргийн сургалт хангалтын нэгдлийг хангахад чиглүүлж ажиллах болно.

Түүнчлэн хэд хэдэн тактикийн хээрийн сургууль, байлдааны буудлагыг шөнийн цагт явуулах, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургалтын төв, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн жолоодлогын талбайг төхөөрөмжлөх, энэ жилийг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан ангиудад ахлагч нарын сургалтын танхим байгуулах зэрэг ажлууд өрнөсөн, амжилт бүтээл арвин жил болно гэдэгт итгэлтэй байна. 

 Ахмад Х.ГАНЗУЛ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 764

Веб холбоос: 11

Нийт зураг: 218

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016