Түүхийн жимээр

2015 оны 04 сарын 16

БҮХНИЙГ ФРОНТОД, ЯЛАЛТАД

1941-1945 оны Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг зохион байгуулж, удирдахын тулд 1941 оны 9 дүгээр сард Сайд нарын Зөвлөлийн дэргэд Бэлэглэлийн төв комиссыг байгуулан энэхүү Төв комиссын салбарыг бүх аймаг, хот, сум, үйлдвэр албан газруудад ажиллуулах болжээ.

Дайны жилүүдэд “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах өргөн хөдөлгөөн орон даяар өрнөж, энэ хөдөлгөөнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцсон юм.

Бүгдийг тоочих боломжгүй тул нэг жишээ дурдая. Улаан Армид явуулсан бэлэглэлийн анхны цуваанд 7 дугаар морьт дивизийн дарга, цэргүүд 39934 төгрөг, 5 дугаар морьт дивиз 86121 төгрөг, 148 адуу, 99 хонь, 6 дугаар морьт дивиз 67695 төгрөг, Цэргийн ерөнхий сургууль 37218 төгрөг, 12 адуу, 20 хонь гэх зэргээр МАХЦ-ийн бүх нэгтгэл, анги, байгууллага төгрөг, адуу мал, эд хөрөнгөөр туслажээ. Энэ нь 3 жил үргэлжилсэн тасралтгүй тусламж байсан гээд бодоход чамгүй их тоо гарна.

Мөн “Монгол ард” нисэх эскадрилийг байгуулахад МАХЦ-ийн албан хаагчдаас 421237 төгрөг хуримтлуулсан бөгөөд Улаан армид зориулсан бэлэглэлийн Төв комиссын дансанд МАХЦ-ийн албан хаагчдаас 1944 оны 11 дүгээр сарын байдлаар 449000 төгрөгийг шилжүүлжээ.

1943 оны 3 дугаар сард болсон БНМАУ-ын 26 дугаар бага хурал Улаан армид туслах талаар гүйцэтгэсэн ажлыг сайшаагаад “Монгол ард” хэмээх нисэх онгоцны эскадриль байгуулах шийдвэрийг гаргаж, уг эскадрилийг байгуулахад шаардагдах хөрөнгийг 4 сар хагасын хугацаанд хуримтлуулж, 1943.09.25-ны өдөр Смоленск мужийн төмөр замын Вязовая өртөөний ойролцоох хээрийн аэродромд бөөрөн дээрээ “Монгол ард” гэсэн үсгийг тод цагаан будгаар бичсэн “Ла-5” хэмээх байлдааны 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг гардуулжээ.

1942 оны 1 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын 25 дугаар бага хурал “Хувьсгалт Монгол Улс” нэртэй танкийн цуваа байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх ажил зохион явуулахыг Сайд нарын Зөвлөлд даалгаж, энэхүү шийдвэрийн дагуу танкийн цувааг байгуулж, Монголын ард түмний бэлгийн 3 дахь ээлжийг хүлээлгэж өгөхөөр очсон маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид 1943.01.12-ны өдөр Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Уг танкийн цуваа нь тус бүрийн цамхаг дээрээ оросоор “Хувьсгалт Монгол Улс”, дээд захаар нь “МАХН-ын Төв хорооноос”, “БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс”, “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс”, “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Г.Бумцэнд”, “Монголын малчдаас”, “Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдээс” гэх мэтчилэн тус цувааг байгуулахад хөрөнгө нийлүүлсэн нийгмийн бүх давхарга, алба ба олон нийтийн байгууллага, 18 аймгийн нэр бичээстэй Т-34 болон Т-70 маркийн 53 шинэ танкнаас бүрдсэн байна. “Хувьсгалт Монгол Улс” хэмээх танкийн бригад нь Курскийн цүлхэнд болсон алдарт тулалдаанд оролцож, гарамгай гавъяа байгуулсан учир “Гвардийн”  гэдэг хүндэт цол хүртэж, “Гвардийн танкийн 44 дүгээр бригад” гэж нэрлэгдэх болжээ. Тус бригад 1944 оны 1 дүгээр сард Бердичев хотыг дайран эзлэх үед баатарлаг тулалдсан учир Бердичев хотын нэрэмжит болгосон. Бригад нь Берлиний чигт хийсэн ерөнхий давшилтад оролцож, германы цэргийн эсэргүүцлийг няцаан, 1945.04.25-ны өдөр Берлинд орж тус хотыг чөлөөлөлцжээ.

Дэлхийн II дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан арми, ард түмэнд 32 мянган агт морь бэлэглэж, бэлэглэлийн 8 удаагийн цуваа нийтдээ 400 сая илүү төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл, 300 килограмм алтыг өгч туслажээ.

Зөвлөлтийн ард түмэн, ЗХУКН, Засгийн газраас “Монголын ард түмний тусламжийг тус хоёр орны ах дүүгийн найрамдлын мөн чанарыг илтгэн харуулсан түүхэн ач холбогдолтой зүйл, ядрах цагт нөхрийн чанар танигдав.” гэж үнэлсэн байдаг.

Дайны жилүүдийн сонсогчид

Эх орны дайны жилүүдэд ЗХУ-ын цэргийн академи, дээд, дунд сургуулиудад МАХЦ-ийн дарга, сурагчдыг явуулан суралцуулах ажил ихээхэн нэмэгдсэн байдаг.

1942 оноос эхлэн Улаан-Үд хотын буудлага, тактикийн “Выстрел” курст МАХЦ-ийн бараг бүх ахлах дарга болон зарим дунд дарга нарыг суралцуулжээ.

Тухайн үед МАХЦ-т нэн чухал шаардагдаж байсан эдгээр боловсон хүчнийг сургаж, бэлтгэхэд ЗХУ 20,0 сая рублийн хөрөнгө зарцуулсан нь манай армийн байлдааны бэлэн байдал, байлдах чадварыг дээшлүүлж, дээд боловсролтой, инженер-техникийн үндэсний офицер, боловсон хүчинтэй болоход үнэлж баршгүй ач холбогдолтой болсон байна.

Зөвлөлтийн цэргийн сургуулиар 1941-1945 онуудад дээд сургуулийг 52, дунд сургуулийг 262 хүн тус тус суралцаж төгссөн байна.

40 адуу, 100 хонь бэлэглэжээ

Булган аймгийн Сайхан сумын харъяат Жамцын Цэнд 1942 онд Улаан армид 40 адуу, 100 хонь бэлэглэж байжээ.

Ж.Цэнд 1937 онд цэргийн албанд татагдан 6 дугаар морьт дивизийн бага даргын сургуульд суралцаж төгсөөд 1938 оноос мөн дивизийн 17 дугаар морьт хорооны 2 дугаар сумангийн жагсаалын даргаар алба хааж, 1939 оны Халхын голын дайнд сумангийнхаа ар талын хангалтыг хариуцахын зэрэгцээ шархдагсадад тусламж үзүүлж явжээ. Салааны дарга Ч.Янсанжавыг 5 дугаар сарын 28-ны өдрийн байлдаанд хүнд шархдаж, цус их алдсан үед гадуур, дотуур цамцыг огтлон шархыг нь боож, ар тал уруу гарган амийг нь аварсан байдаг.

Түүхэн захидал

 

Ерөнхий сайд, Бүх цэргийн жанжин, Улсын шалгарсан баатар, маршал нөхөр Чойбалсанд:

Манай хайрт удирдагчаа:

... дугаар ангийн байлдагчид, дарга нар бид Зөвлөлтийн баатарлаг ард түмэнтэй хязгааргүй найрамдалтай ба түүнд хайртайгаа илэрхийлж, СССР-т өнгөлзсөн фашистын жигшүүрт зэрлэгүүдийг бут ниргэх их хэрэгт өөрийн бүх хадгаламж ба өөрийн бүх хүч хийгээд хэрэгцээ гарвал амиа нь ч гэсэн зориулахад бэлхэн баймой.

Манай бүх хүмүүс “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн цуваанд мөнгөн хөрөнгөөр 13000 төгрөг, Октябрийн их хувьсгалын 25 жилийн ойгоор явуулсан бэлэгт 31850 төгрөг, Улаан армийн 25 жилийн ойгоор явуулсан бэлэгт 29571 төгрөгийг хуралдуулсан ба мөн биднээс олон зүйлийн юм цугларч фронтод явуулсан болой. Фронтод туслах талаар манай ангид тэргүүлж буй хүмүүс болвоос дэслэгч Цэрэн 1530 төгрөг, ахмад Дарамжав 1137 төгрөг, ахлах дэслэгч Даваасамбуу 1090 төгрөг, улс төрийн ахлах удирдагч Бямбажав 1000 төгрөг, ахлах дэслэгч Цэрэндорж 978 төгрөг, ахмад Жагварал 860 төгрөг, бага дарга Загд 143 төгрөг, сурагч Суръяа 115 төгрөг, Лхамсүрэнгийн эхнэр 165 төгрөгийг тус тус гаргав. Фронтод үзүүлэх тусламжийг хүчтэй болгох тухай Улсын 26 дугаар бага хурал дээр танаас хэлсэн үг бол биднийг хөдөлмөрийн шинэ эрэлхэг үйлсэд зоригжуулан “Монголын Ард” хэмээх нисэх онгоцны суман байгуулахад хөрөнгийг шинээр хуралдуулах сэтгэлгээг оруулав.

Бид байлдааны нисэх онгоцны суман байгуулж, тэдгээрийг Монголын Ард Улсын 22 жилийн ойгоор Монгол цэргийн байлдагчид ба дарга нар биднээс явуулсан бэлэг болгон Улаан армидаа улмаар шилжүүлэхэд өөрийн цалингаас 92 мянган төгрөгийг гаргахаар нийтийн хурал дээр шийдвэрлэв.

Хайрт нөхөр Чойбалсан аа! ... ангийн байлдагчид, дарга нар, улс төрийн ажилчид бид Монгол Ардын Хувьсгалт Цэргээс цугларсан хөрөнгөөр байлдааны нисэх онгоцны хэсгийг байгуулж, тэдгээрийг “Маршал Чойбалсан”, “Армийн комиссар Цэдэнбал”, “Монгол Ардын Хувьгалт Цэргийн байлдагч” хэмээн нэрлэхийг танаас хүсмүй. Энэхүү нисэх онгоцнууд Монголын Ардын Хувьсгалт Цэрэг ба Улаан армийн найрамдлын тэмдэг болог.

Нийтийн хурлын даалгавраар Зайсанов, Дондов, Даваасүрэн, Цэрэн, Раднаа, Даваасамбуу, Дарамжав, Суръяа, Цогной.

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017