МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭХ ОРНЫ ИХ ДАЙНЫ ЖИЛҮҮДЭД ЗӨВЛӨЛТИЙН АРД ТҮМЭН, УЛААН АРМИД ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛСЭН НЬ

2015 оны 04 сарын 20

  Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, түүхийн ухааны доктор (Ph.D),  профессор,хурандаа С.Ганболд

Хүн төрөлхтөний түүхэнд өнгөрсөн ХХ зуун багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас  дэлхийн II дайн дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилсөн, Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлсөн байдлаараа түүхэн үйл явдал байв. Дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт татагдан оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн билээ. Эл дайн нь ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн юм.  Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11,9 сая (6,8 сая хүн амь үрэгдэж, 4,6 сая хүн сураггүй болж, олзлогдсон) болжээ. Дайны жилүүдэд зөвлөлтийн 34,5 сая цэргийн албан хаагч дайчлагдан дайнд оролцсон байна. Дайнд 13,7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7,4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2,2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4,1 сая хүн  өлсгөлөнгөөр нас баржээ. Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй  тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын  станцыг дээрэмдсэний улмаас учирсан  хохирлын нийт өртөг 128 (зарим баримтад 450 тэрбум гэдэг) тэрбум доллар болсон байна. Монголын ард түмэн энэ дайнд шууд гар бие оролцоогүй ч Монгол Улсын хөгжил, дэвшил, тусгаар тогтнолыг ЗХУ-тай шууд холбон үзэж байсны хувьд дайн эхэлсэн өдрөөс Гитлерийн Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй ариун тэмцэлд нэгдэн орсон юм. Зөвлөлтийн ард түмний эх орны аугаа их дайн эхэлсэн тэр өдөр 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хурал болж ЗХУ-д Гитлерийн Герман халдан довтолсныг эрс жигшин эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн хамт Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнтэй гар гараасаа барилцан явж, Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан юм. Маргааш өдөр нь буюу 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын өргөн чөлөөнд нийслэлийн иргэдийн цуглаан болж, Зөвлөлтийн ард түмэн, улаан армид “өөрсдийн хэр чинээгээр тусламжийг үзүүлэхэд бэлхэн” гэдгээ илэрхийлж байв. Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсож, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болжээ. Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч эхэлсэн юм. Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал илэрхийлэлт бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн хэмээн ангилан үзэж болно.  Дайн эхэлсэн тэр үеэс үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө 400 хувиас доошгүйгээр давуулан биелүүлэх, ээлжийн амралтаа авахгүй ажиллах, өдөр бүр 2-5 цаг илүү ажиллах, амралтын өдрөөр ажиллан Улаан армид туслах хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг бүх л үйлдвэрийн ажилчид дэмжин амралтын өдрүүдэд ажиллах явдал улмаар нийтлэг үзэгдэл болжээ. Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөн ажилчин, малчин, сэхээтэн, цэргийн алба хаагчид болон өндөр настан, сургуулийн сурагчид, үндсэндээ Монголын нийгмийн бүх л давхаргын дунд аяндаа, сайн дураар үүсэн олон түмнийг хамрах болов. Түүнчлэн ард олноос фронтод мөнгөн тусламж үзүүлэх санаачилга гаргах болжээ. Ард түмний дунд ийм хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулж Ардын Сайд нарын Зөвлөлийн 1941 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор Улаан армид зориулсан “бэлгүүдийг хүлээн авах ажлыг зохиох, уул бэлгүүдийг улмаар хүрүүлэн явуулах” эрхлэн зохион байгуулах “Бэлэглэлийн төв комисс” байгуулагдаж, даргаар нь жанжин Д.Сүхбаатар агсны гэргий, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Янжмааг томилон ажиллуулжээ. Энэ комиссын салбарууд аймаг, сум, үйлдвэр, албан газруудад мөн байгуулагдав. Тус комиссын үндсэн ажил нь Зөвлөлтийн улаан армид зориулж бэлэг бэлтгэх явдал байсан бөгөөд ард түмнээс цугларсан бэлгийг тусгай цуваа болгож илгээж байв.

1941 оны ХI сард Улаан армид зориулан  монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээв. Түүнд багтсан зүйлийг Аж үйлдвэрийн комбинат, Үйлдвэрийн хоршооллын ажилчид 1941 оны төлөвлөгөөнөөс  гадуур, илүү цагаар  буюу ням гариг, ээлжийн амралтаараа ажиллан  бүтээсэн бөгөөд нийт 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440  нэхий хөнжил зэргийг илгээжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 587.000 төгрөгийн үнэ бүхий зүйл байжээ. Анхны энэ цуваа нь чухам хэдэн вагоноос бүрдсэн тухай баримт хараахан олдоогүй бөгөөд бэлгийг Куйбешев хот руу илгээсэн байна. Цувааг хүлээлгэн өгөхөөр Монголын талаас албан ёсны төлөөлөгч томилогдоогүй ажээ. Зөвлөлтийн Улаан армийн 24 жилийн ойг тохиолдуулан 1942 оны II сард бэлгийн хоёр дахь цувааг илгээв. Энэхүү цувааг  БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Бэлэглэлийн төв комиссын дарга С.Янжмаа, МАХЦ-ийн хошууч (өдгөө Монгол Улсын баатар) П.Шагдарсүрэн, яруу найрагч Л.Цэнд-Очир, сайн малчин Б.Пунцаг, партизан Д.Дамба, ажилчин Баасан, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайд Ж.Самбуу  нарын арваад хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид армийн генерал Г.К.Жуковын командалсан Баруун фронтын 49 дүгээр армийн их бууны ба буудлагын дивиз, хороодын дайчдад гардуулан өгчээ.  Гучин долоон  вагон тэрхүү бэлгийн цуваанд 148  тн 100 кг төрөл бүрийн  мах  8 тн хиам, 10 тн  төрөл бүрийн боов боорцог,  4,5 тн  тос,  8000 литр архи хийгээд  5,5 сая  ширхэг папирос, 2750 хос эсгий гутал, 2706 дах,  4100 дулаан хантааз, 1320 богино нэхий  дээл, 6290 хос бээлий, 4500 гэрийн эсгий, 2000 суран бүс болоод савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү багтжээ.  Түүний үнийн дүн нь 7,187,140 төгрөг болжээ. 1942 онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бэлэглэлийн  гурав дахь  цувааг   мөн оны   ХI  сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлгөн БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн ахалсан нам, улс олон нийтийн байгууллагын зүтгэлтэн, аж үйлдвэр, соёл шинжлэх ухааны  ажилчин, ажилтан 40-өөд хүнтэй төлөөлөгчдийн  томоохон   бүрэлдэхүүн хүргэжээ. Монголын ард түмний  чин сэтгэл, цаг наргүй хөдөлмөрөөр бүтсэн нийт   236  вагон тэрхүү бэлгийн зүйлст:  богино нэхий дээл 30115, эсгий гутал 30500 хос, үстэй бээлий 31257, үстэй хантааз 31090, цэрэг бүс 33300, ноосон цамц 2290, нэхий хөнжил 2011, дах 3050, эсгий гэр 150, гэрийн эсгий 2428, бусад гутал (үстэй сөөхий, цагаан ултай) 2575 хос, эмнэлгийн шаахай 7158 хос, казах  эмээл 600; мах 316 тонн,  зээр 26758 ширхэг,  тос 92 тонн, хиам 84,8 тн, чанамал жимс 12954 кг, чихэр З6900 кг, печень боовны зүйл 70400 кг, эдийн саван 50600 кг оролцсоноос гадна; савхин дээл 150, торгон савхин гутал 150 хос, ажлын савхин гутал З00 хос, цаначны малгай  900, цагаан архи 480 хайрцаг, бичгийн дугтуй 56050, өврийн дэвтэр 27875, нийтийн бэлэглэл 127 авдар, хувийн бэлэглэл  22176, мөн цаг, хутга зэрэг хүний хэрэглээний маш олон төрлийн зүйлс багтжээ.  Бэлгийн нийт үнэ нь 9,252,340 төгрөг болжээ. Энэхүү цуваа нь дайны  үед  явуулсан цуваануудын дотроос томоохонд орох бөгөөд Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд,  Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижид, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нараар толгойлуулсан 4 хэсэгт хуваан Баруун, Баруун хойд, Волоховын ба Калинины фронтод гардуулан өгчээ.  Улаан армийн 25 жилийн ойд  зориулсан бэлгийн ээлжит  дөрөв дэх удаагийн цувааг  1943  оны III сарын 1-нд явуулжээ.  МАХН-ын Төв Хорооны  Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын ахалсан энэхүү цуваанд: 12 000 хос эсгий гутал, 12000 хос савхин гутал, З000 хос ботинк, нисэгч нарын гутал 500 хос, шаахай 1000 хос, 10 000 шинель, 3066  хөвөнтэй өмд  цамц, морин цэргийн эмээл 1000, цэрэг бүс  10500, эсгий гэр 38, унадаг дугуй 628 ба зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин, хутга, тамхи оролцуулсан 132 ширхэг бэлэг;  нийт 205 тн хүнсний зүйл (цөцгийн тос 68 тн, хиам 80 тн, чихэр боовны зүйл  65 тн), зээр 16745,  зэрлэг гахай 715, ятуу 18985, саван 30 тн, улаан архи 33 торх зэргээс гадна хувийн бэлэг 16973-ийг тус тус явуулсан бөгөөд 110 вагон бүхий цувааг хоёр хэсэгт хуваан  зохион байгуулж, Ю.Цэдэнбал ба  БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайдын орлогч, корпус командлан захирагч Ж.Лхагвасүрэн нараар удирдуулсан, тус бүрдээ арваад хүнтэй төлөөлөгчдийн хэсэг Баруун фронтын 20, 61 дүгээр армийн дивиз, Москвагийн ойролцоох алсын нислэгийн  хүнд бөмбөгдөгч онгоцны  гвардийн 1 дүгээр дивиз, Төв фронтын танкийн армийн анги, нэгтгэлүүдэд гардуулжээ.  Тав дахь удаагийн бэлгийн цувааг 1943 оны 11 дүгээр сарын эхээр Зөвлөлтийн улаан армид илгээжээ. Бэлгийн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав, Н.Жагварал нарын  арав шахам хүнтэй төлөөлөгчид фронтод хүргэсэн ажээ. Уг цуваа нь 32 вагоноос бүрдсэн бөгөөд түүнд цэргийн богино нэхий дээл, шинель, үстэй хантааз тус бүр 1200 ширхэг, эсгий болон савхин гутал, үстэй бээлий тус бүр 1200 хос, хүнсний зүйл үхэр, хонины мах 58 тн, зээрийн мах 44 тн, гахайн мах 15,6 тн, хиам 15,9 тн, цөцгийн тос 15,6 тн, нарийн боов 13,1 тн, 4000 орчим хувийн бэлэг багтжээ. Зургаа дахь удаагийн бэлгийн цуваа нь 1945 оны 1 дүгээр сард фронтод хүрсэн бөгөөд түүнд эсгий  гутал 31 000, янз бүрийн савхин гутал 1600, цэрэг нэхий дээл 20 000, шинель  2000, ямаан дах 1010, дарга цэргийн суран бүс 22000, үстэй хөнжил 870, эмнэлгийн шаахай 3000, хүзүүний ороолт  2000, ноосон бээлий 2486, гэр 6, эсгий 5408 метр, эдийн саван, махор тамхи 83 гаруй тн, малын ба гахайн мах 158 тн, колбас, шар тос, чанамал жимс бүгд 80 шахам тн, зээр 14424, шувууны мах 2364, сүлжмэлийн зүйл ширхэг буюу хосоор 4920 зэрэг нийт 36 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, хувийн бэлэг 12460  багтсан 127 вагоноос  бүрдэж байв. Цувааны 102 вагоныг Наушкаас, 25 вагоныг  Чойбалсан  станцаас тус тус илгээсэн бөгөөд нийт үнэ нь 8 сая төгрөг байжээ. Цувааг  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Янжмаа, элчин сайд Ж.Самбуу  нарын төлөөлөгчид Украины 1 дүгээр фронтын төлөөлөгчийг Москва хотноо урин ирүүлж хүлээлгэн өгчээ. Сүүлийн хоёр цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан ажээ. Монголын ард түмний  хөрөнгөөр байлдааны зэвсэг  хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр хэмээн Монголын төр засаг үзсэн тул 1942 оны I сард хуралдсан БНМАУ-ын  25 дугаар Бага Хурлаас ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулж, Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө хуралдуулах ажлыг зохиохыг Засгийн газар даалгасан тогтоолыг гаргажээ. Энэ дагуу   манай  улсын засгийн газраас 2,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг 1942 оны II сард ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн ба  мөн оны I-ҮII сарын хооронд ард олноос 2 сая орчим төгрөг цугларсан байв. Энэ бүхний  үндсэн дээр танкийн бригадыг ЗХУ-д үйлдвэрлэсэн  Т-34 загварын танк 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулж,  1943 оны I сарын 12-нд  Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг  хүргэн очсон  маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид  хүлээлгэн өгчээ. Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол улс” хэмээн бичиж, харин  дээд захаар нь “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс”, “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Г.Бумцэнд”, “Монголын малчдаас”, “Монголын сэхээтнээс”, “Партизануудаас”, “Албан хаагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “Ардын цэргээс”, “Чекистүүдээс”, “Үйлдвэрчний эвлэлээс”, “Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдээс”, “Аж үйлдвэрийн комбинатын ажилчдаас”, “Уурхайчдаас”, “Ардын гэгээрлийн ажилтнаас”, “Эмнэлгийн ажилтнаас”, “Хилчдээс”, “Гар үйлдвэрийн хоршооллоос”, “Сайн дурын морьт отрядаас”, “Сангийн аж ахуй, өвс хадлангийн машинт станцын ажилчдаас”, “Сурагч пионеруудаас”, “Уран сайхны ажилтнуудаас”, “Бүх арван найман аймгийн ардуудаас тус бүр”, “Зөвлөлтийн харьяат нараас”, “Монголд суугаа Зөвлөлтийн эмэгтэйчүүдээс”, мөн аймаг тус бүрийн ардуудаас  гэж бичсэн байв. Танкуудыг экипаж бүрд нь нэг бүрчлэн хүлээлгэн өгч нэрийн дэвтэр, ногдох бэлгийн хамт гардуулсан бөгөөд нам, төрийн байгууллага, удирдах зүтгэлтний нэрэмжит танкуудыг гардуулахад төлөөлөгчдийн гишүүд бүгд байсан бөгөөд бусад танкуудыг гардуулахад холбогдох байгууллага, газрын төлөөлөгчид биечлэн оролцжээ. Үүнд: Ардын цэргийн танкийг БНМАУ-ын баатар Гонгор, сайн дурын морьт отрядын танкийг хошууч генерал Мижид, ажилчдын танкийг арьс ширний заводын мастер Гомбо, оёдолчин эмэгтэй Жадамба, аймгийн танкуудыг Дорноговь аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Чойдог, Баян-Өлгий аймгийн төлөөлөгч Хашгамбай, Говь-Алтай аймгийн Хасагжаргалант сумын дарга Рагчаа, Өмнөговь аймгийн Аргалант сумын дарга Баатар, Архангай аймгийн Их-Тамир сумын малчин эмэгтэй Янжинлхам, партизан нарын танкийг ардын журамт цэргийн ахмад дайчин Тогтох, малчдын танкийг улсын сайн малчин Цэвэгмид, сэхээтэн урлагийн ажилтан нарын танкийг ардын жүжигчин Ц.Цэвэгмид, зохиолч Ц.Дамдинсүрэн, Зөвлөлтийн харьяат нарын танкийг төлөөлөгчдийн гишүүн эмэгтэй Иванова, Монгол дахь орос тариачин Афанасьев зэрэг хүмүүс биечлэн гардуулсан ажээ. “Хувьсгалт Монгол”  танкийн бригад нь Курскийн дэргэдэх тулалдаанд оролцож гарамгай гавьяа байгуулсан учир “Гвардийн” гэдэг хүндэт цол хүртсэн ба улмаар  БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны ХI сарын 18-ны өдрийн 65 дугаар хурлын тогтоолоор БНМАУ-ын “Байлдааны гавьяаны  улаан тугийн одон”-гоор шагнагджээ. Дараа нь 1944  оны I сард Бердичев хотыг дайран эзлэх үед баатарлагаар тулалдсан учир тус хотын нэрэмжит болгожээ. “Хувьсгалт Монгол улс” гвардийн танкийн бригад нь 44 дүгээр бригад хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд Москвагийн дэргэдээс аян дайны  түүхэн замналаа эхэлж, байлдааны үүргээ гарамгай биелүүлсэний учир ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар Лениний, Кутузовын, Улаан тугийн, Суворовын, Богдан Хмельницкийн, Улаан таван хошуу одон болон өмнө дурдсан  БНМАУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон зэрэг хоёр улсын төрийн дээд шагналыг хүртэж, бригадын дарга, хурандаа И.И.Гусаковский ЗХУ-ын хошой баатар, 15 хүн ЗХУ-ын баатар цолоор, дарга, байлдагч 7770 хүн Зөвлөлт, Монгол, Польшийн  одон тэмдгээр тус тус шагнагджээ. Дашрамд дурдахад Францын интернационалчдын “Нормандия Неман” нисэх эскадрилийг эс тооцвол “Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Зөвлөлтийн улаан армийн доторх гадаадын хөрөнгөөр байгуулагдсан анхны нэгтгэл байв. Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль билээ. “Монгол ард” эскадрилийг байгуулах тухай шийдвэрийг 1943 оны III сард болсон Улсын ХХҮI Бага хурлаас гарган хэрэгжүүлсэн юм. Монголын ард түмэн “Фронтод зориулан байлдааны нисэх  онгоцнуудыг  хурдан шуурхай байгуулъя” уриан дор шаардагдах хөрөнгийг 4 сарын хугацаанд хуримтлуулжээ. 1943 оны  ҮII сарын 22-нд Бэлэглэлийн Төв комиссоос “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулахад зориулсан 2 сая төгрөгийг ЗХУ-ын Санхүүгийн Ардын комиссиаратын дансанд шилжүүлсэн байна. Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг дэслэгч генерал А.С. Благовещенскийн нэгтгэлд 1943 оны  IХ сарын 23-нд  гардуулжээ. Тус эскадриль нь  Волхов, Калининий болон Баруун фронт, Брянскийн фронт, Балтийн нэгдүгээр, Белоруссийн гуравдугаар фронтод байлдаж  Курск, Витебск-Орш, Сандомирийн тулалдаанд оролцож, Белорусс, Литва, Дорнод Прусс, Польш, Герман, Чехословакийн нутгийг чөлөөлөлцөн байлдааны үүргээ амжилттай биелүүж, монголын ард түмний итгэлийг биелүүлсэн билээ. “Монгол ард” эскадриль нь сөнөөгч онгоцны 2 дугаар хорооны бүрэлдэхүүнд багтан янз бүрийн фронтод гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж, 1944 оны ҮII сард Оршийн нэрэмжит болжээ. Дайны жилүүдэд БНМАУ-ын Засгийн газар өөрийн ард түмний хөрөнгөөр байгуулагдсан танкийн бригад болон нисэх эскадрилийн бие бүрэлдэхүүнийг шефлэн авч хувцас, хүнсний бүхий л хангамжийг дааж байв. Зөвхөн тэдэнд зориулсан тусгай бэлгийг бэлгийн цуваанд тухай бүр хамтатгаж, 5 дахь цувааг бүхэлд нь зориулжээ. Мөн техник шинэчлэлд нь зориулж 1943-1945 онд 3 удаа тус бүр 2 сая төгрөгийг гуйвуулсан байна. Фронтод туслах мөнгөн хөрөнгө бий болгохын тулд үйлдвэр, албан газрын ажилчин, албан хаагчид амралтын өдрүүдээр “субботник” хийж, олсон орлогоо Бэлэглэлийн төв комисст шилжүүлэх нь түгээмэл байсан юм. Улаан армийн хэрэгцээнд зориулж агт морьд худалдаж, бэлэглэх нь Эх орны дайны фронтод туслах нэг чухал ажил байв. ЗХУ-ын зүгээс улаан армийн хэрэгцээнд зориулж агт худалдаж авах санал тавьсны дагуу МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс 1942 оны 3 дугаар сард сайн дураар агт морьд худалдахыг ард түмэнд уриалжээ. Үүний дагуу малчин ардуудаас “Сайн морьд улсдаа худалдъя” уриан дор улсаас тогтоосон үнээр морьд худалдах компанит ажил орон даяар өрнөжээ. Энэ ажлын үр дүнд Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 морьд худалдаж, 32,500 гаруй шилдэг хүлгийг  бэлэглэжээ.  Энэ тоог Монголын судлаачид ихэвчлэн дурдаж ирсэн бөгөөд Оросын талын зарим баримтад эх орны дайны үед БНМАУ-ын Засгийн газар 437,189 морьд худалдсан нь 88 сая төгрөг, 20 орчим мянган морьдыг бэлэглэсэн нь 3,876,560 төгрөг болно гэсэн байх нь ч бий. Улаан армид очсон монгол морьд дайны хүнд хүчрийг эр цэргийн адил үүрч Берлин орж, ялалтад хувь нэмрээ оруулсан билээ. Эх орны дайны фронтод монгол морь унаж, олон удаагийн тулалдаанд оролцсон Д.С.Добрушин: “анхлан монгол морь хүлээн авахад бие жижиг гэж баахан голоод...цэргүүд олзны, том биетэй морь авч унах гэж хүсдэг байсан...Марш хийгээд 3 хоног хатирах газар хатирч, шогших газар шогшуулаад ирэхэд ...германы том морьд...4-5 цаг яваад усан хулгана болтлоо хөлрөөд ирэхэд монгол морь огт зүгээр, маршаар яваагүй юм шиг л харагддаг байсан. Зарим үед гол, горхи, худаг ус дайралдахгүй морьд харангадаж ядраад, явдал нь удаашраад ирэхэд монгол моринд тийм юм харагдахгүй огт сааталгүй, нэгэн хэвийн л яваад байна. Манай морьт корпуст монгол морины нэр хүнд ингэж л дээшилсэн юм” гэж хожим дурсан бичсэн байна. Мөн ЗХУ, БНМАУ-ын баатар, армийн генерал, морьт цэргийн нэрт дарга И.А.Плиев: “Монгол нөхдийн гар таталгүй биднийг хангаж байсан номхон сурамгай морьд нь Зөвлөлтийн танктай зуузай холбон давхисаар Берлин хүрсэн юм” гэж монгол морьдыг үнэлсэн байдаг юм. Монголын ард түмний тусламжийн өөр нэг хэлбэр нь улаан армийн дайчдад зориулж хувийн бэлэг илгээж байсан билээ. Хувийн бэлэгт дулаан ороолт, бээлийнээс эхлээд хүний хэрэглээний чухал зүйлүүдийг ихэвчлэн хийдэг байв. Тэдгээрийг хувь хүн өөрөө бэлтгэхээс гадна үйлдвэр, хоршооллын газруудад нэгдсэн журмаар савлан бэлтгэж худалдаж байв. 1942-1944 онд Төв комиссоос Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд бэлгийн дэлгүүрүүд нээж, эрэлт хэрэгцээ болон худалдан авах чадварыг харгалзан янз бүрийн үнэтэй бэлгийг хэдэн зуу, мянгаар гаргасан нь олны талархлыг ихэд хүлээж тэр даруй борлогддог байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотноо анх нээгдсэн бэлгийн дэлгүүрт 39-79 төгрөгний үнэтэй 3000 ширхэг бэлэг гуравхан өдрийн дотор борлогдож, хүмүүс өөрсдийн захидлыг дотор нь хийгээд Бэлэглэлийн комиссын төлөөлөгчдөд гардуулан өгч байжээ. Дайны жилүүдэд чухам хэдий тооны хувийн бэлэг илгээсэн тоо бүрэн гараагүй ч 1944 оны сүүлчээр “Үнэн” сонинд бичсэнээр монголын хөдөлмөрчин ардууд 37,941,659 төгрөгийн үнэ бүхий хувийн бэлгийг илгээсэн гэж мэдээлсэн байх ажээ.  Улаан армид зориулсан бэлгийн дотор хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор малын болон ангийн мах байнга орж байв. 1942 онд Сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга С.Лувсангаар ахлуулсан “Ангийн төв комисс” байгуулж, туршлагатай анчдаар бүрдсэн ангийн бригадуудыг нийслэл, аймгуудад байгуулж, зээр, зэрлэг гахай агнуулах болсон байна. Үүнд жишээ болгож улаан армид бэлэглэх зээр агналтын 1944 оны мэдээг үзвэл, төлөвлөгөөгөөр 24,000 зээр агнахаас 28,339 зээр агнаж, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байх ажээ. Албан газар, аймгуудын дотроос Цэргийн явдлын яам 4500 зээр агнахаас 8000 зээр агнасан байна. Засгийн газраас байгуулсан ангийн бригад л гэхэд 1942 онд 4700, 1943 онд 2300, 1944 онд 7070, бүгд 14,070 зээр агнасан байна. Тус бригадын анчдаас Дашзэгвэ 1944 онд 828 зээр агнаж тэргүүлжээ. Дотоод явдлын яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба Дотоодын цэргийн командлагч, корпус командлан захирагч Б.Дорж өөрийн хүсэлтээр зээр агнах ажилд оролцож, 1942-1943 оны өвөл 740 гаруй зээр агнаж, улаан армийн бэлэглэлд хувь нэмрээ оруулсан байна. Монголын ард түмэн 1943 оноос эхэлж Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийг сэргээхэд зориулж зүтгэх хүчний ба үржлийн мал бэлэглэх болсон юм. Бүрэн бус мэдээгээр 1943 онд Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийн хамтралуудад Увс, Өвөрхангай, Дорноговь аймгаас нийт 3800, 1944 онд Белорусст 5597 морьдыг тус тус бэлэглэсэн бол 1944 оны 12 дугаар сарын байдлаар зүтгэх хүчний адуу, үржлийн үхэр 1211, хонь, ямаа 40,123, бүгд 41,334 толгой мал цугларсан байжээ. 1945 оны эхээр гаргасан нэгэн мэдээнд Зөвлөлтийн чөлөөлөгдсөн районы ард түмэнд зориулж үржлийн мал тавин мянга шахмыг цуглуулсан бөгөөд урин дулаан цагт Зөвлөлт рүү явуулна гэжээ. Дайны дараа ч энэ хэлбэрийн тусламж үргэлжилж, 5 сая төгрөг, олон мянган мал тусалсан тухай  сонин хэвлэлд бичиж байв. Тухайн үед ЗХУ-д сурч байсан оюутан, сонсогч нар бэлэг хуримтлуулах ажилд идэвхтэй оролцож, чадах бүхнээ хийж байсан бөгөөд Москва хотод суралцаж байсан цөөн оюутнууд стипендээсээ 23,300 рубль хуримтлуулж Бэлэглэлийн төв комисст шилжүүлж байв. Түүнчлэн монгол оюутан, сонсогч нар суралцаж буй хотдоо дайсны тагнуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэх, нисэх буудлыг хамгаалах, танк эсэргүүцэх саад байгуулах, нуувч, шуудуу ухах, эргүүл, манаанд гарах, дайсны хаясан шатаагч бөмбөгийг унтрааж аюулгүй болгох, өвчтөн, шархтаныг асрах, донор болох зэргээр фашизмтай хийж байгаа тэмцэлд гар бие оролцож байжээ. Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмэн, түүний дотор цэргийн албан хаагчдаас фронтод очиж байлдах хүсэлтээ олонтаа илэрхийлж байсан юм. Түүний хамт буудах намнахад сайн хүмүүс эх орны дайны фронтод очиж тулалдах саналаа илэрхийлж, сайн дураараа отряд байгуулан цэргийн бэлтгэл сургуулийг хэдэн сараар зохион байгуулалттай хийж байсан явдал Өвөрхангай, Өмнөговь аймагт гарч байв. БНМАУ-ын төр, засгийн удирдлага эх орны дайны фронтод туслах нэг хэлбэр нь Зөвлөлтөөс авдаг импортын бүтээгдэхүүнийг эрс багасгах, ердийн хөсгийн тээврийг дэлгэрүүлэх, орон нутгийн нөөц бололцоо, малын ашиг шимийг бүх аргаар бүрэн ашиглах замаар өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж, дотооддоо хийж чадах зүйлийг гадаадаас авахыг аль болохоор багасгах зорилт дэвшүүлж, дайны жилүүдэд хэрэгжүүлж иржээ. Тусламжийн дараагийн нэг хэлбэр нь Монголд амьдардаг Зөвлөлтийн харьяат нарт үзүүлсэн тусламж юм. Тус улсад амьдарч буй зөвлөлтийн иргэдийг улаан армид татах болсонтой уялдаж тэдний ар гэрт улсаас тэтгэвэр олгож, мөн байлдаанд оролцож тахир дутуу бологсод, амь үрэгдэгсдийн ар гэрт тусгай тэтгэвэр олгож байв. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр “Тус улсад байнга суудаг бөгөөд фронтод дайчлагдсан Зөвлөлтийн харьяат нарын гэр бүлд улсаас тэтгэвэр олгож байх журам” тогтоов. Уг журмаар тэдний ар гэрийн байдлыг харгалзаж 20-100 төгрөгийн тэтгэвэр олгох болсон ажээ. Түүнчлэн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 1944 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол Ард Улсын дотор үргэлж сууж байгаад улаан армид татагдан очиж, байлдааны улмаас дутуу тахир болж, тус улсад эргэж ирсэн Зөвлөлт улсын харьяат цэргийн албан хаагчид, түүнчлэн дайны фронтод амь үрэгдэгсдийн ар гэрийн хүмүүст олгох тэтгэвэр ба хөнгөлөлтүүдийн тухай” тогтоо гаргажээ. Тогтоолд зааснаар 1 дүгээр зэргийн дутуу тахир болсон жагсаалын цэрэгт 125, бага даргад 155, дунд тушаалын даргад 200, ахлах тушаалын даргад 250 төгрөг, 2 дугаар зэргийн дутуу тахир болсон дээр дурдсан цэргийн албан хаагчдад 90-180 төгрөг, 3 дугаар зэргийн дутуу тахир бологсдод 60-120 төгрөг сар бүр олгох, амь үрэгдсэн буюу сураггүй болсон цэргийн албан хаагчийн ар гэр нь хөдөлмөрийн чадваргүй хүн 1-тэй бол дурдсан эрэмбээр 50-100 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй хүн 2-той бол 75-150 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй хүн 3-аас дээш бол 100-200 төгрөг сар бүр олгох, ЗХУ-ын баатар цолтонд тэтгэврийг 25 хувиар нэмэгдүүлэх, түүнчлэн тэдгээр дайчдын гэр бүлийн хүмүүсийг улсаас тэргүүн ээлжинд орон сууцаар хангах, ар гэрийн хүмүүс нь хөдөлмөрийн чадваргүй бол улсын орон сууц, цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлж, түлшээр хангаж байхыг зааж, энэ заалтуудыг 1941 оны 6 дугаар сарын 22-оос эхлэн хамааруулж үзэх болсон байна.   Хот, хөдөөгийн эмэгтэйчүүд фронтод туслах үйл хэрэгт тус нэмэр болох зорилгоор сүлжмэл эдлэл хийх ажилд идэвхийлэн оролцож байсан ба 1944 оны байдлаар сүлжмэлийн 100 гаруй дугуйланд 1400 орчим эмэгтэйчүүд хамрагдаж, 43,000 гаруй төгрөгийн үнэ бүхий 4920 ширхэг хувцас нэхэж, Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийнханд илгээсэн байна. Түүнчлэн тус улсад ажиллаж, амьдарч буй Зөвлөлтийн харьяат нар бэлэглэлийн ажилд идэвхтэй оролцож, зөвхөн 1944 онд л 7,800,000 төгрөгийг олон тооны хувийн бэлгийн хамт фронтод илгээжээ. МАХН-ын Төв Хороо, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор “Зөвлөлтийн улаан армийн дарга, байлдагчдын ар гэрт, ялангуяа өнчрөгсдөд Монголын ард түмнээс тусламж, бэлэглэл явуулах ажлыг өргөнөөр зохиохыг” Бэлэглэлийн Төв комисст даалгаж байв. Монголын ард түмэн фронтод бэлэг хуримтлуулах хөдөлгөөнд ихэд идэвхтэй оролцож байсан бөгөөд үүнд жишээ болгож дурдвал, Увс аймгийн Өмнөговь сумын эмэгтэй Бадам хургатай 500 хонь, Аж үйлдвэрийн комбинатын ажилчин Рэнцэнханд 9000 төгрөг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин Бавуу 2000 төгрөг, 30 морь, Архангай аймгийн Чулуут сумын малчин өвгөн Цэрэндамба 3000 төгрөг, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цогт-Очир 1000 төгрөг, адуу 12, хонь 14, үхэр 1, тэмээ 2, Завхан аймгийн Дөрвөлжин сумын өвгөн Дорлиг 55 морь, Булган аймгийн Сайхан сумын Дашням 50 морь, Хишигбаяр 30 морь, Цэнд адуу 40, хонь 100, Увс аймгийн Тэс сумын Бардоо 49 морь, Төв аймгийн Эрдэнэ сумын эмэгтэй Гончигдулам 170 төгрөг, алтан бөгж, Баянцагаан сумын эмгэн Оодой 7000 төгрөг, Улаанбаатар хотын эмэгтэй Цэрэндулам 1000 төгрөг, алтан бөгж 2, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Зундуй 4230 төгрөг, Улаанбаатар хотын Гар үйлдвэрийн ажилчин Доржпалам, Ичинхорлоо, Дорж, Аж үйлдвэрийн комбинатын эсгийлэх фабрикийн ажилчин Дамдинжав, төмрийн тасгийн Баасан, 5 дугаар хорооны 14 дүгээр хорины Дуламсүрэн, 4 дүгээр хорооны эмэгтэй Мажигсүрэн, нарын зэрэг 3-5 мянган төгрөг бэлэглэсэн хүмүүс олон байв. Ерөөс Монголын ард түмэн ЗХУ-ыг тус улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа бологч төдийгүй ах хэмээн хүндэлж, хайрлаж байсны илэрхийлэл нь энэхүү дайн байсан билээ. Зөвлөлтийн ард түмэн, улаан армид туслах ажилд идэвхтэй оролцсон 521 хүнийг дайны жилүүдэд төрийн дээд шагнал одон, медалиар шагнаж урамшуулсан ажээ. Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөнд Монгол ардын хувьсгалт цэргийн албан хаагчид идэвхтэй оролцож байсныг дараахь баримтаас харж болно. МАХЦ-ийн бие бүрэлдэхүүн “Монгол Ард” нисэх онгоцны эскадрильд зориулж 198,000 төгрөг, улаан армийн бэлэглэлд зориулж 1944 оны 11 дүгээр сарын байдлаар 449,000 төгрөгийг Бэлэглэлийн төв комиссын дансанд шилжүүлсэн байв. Дайны жилүүдэд цэргийн албан хаагчдаас нийтдээ 3 сая гаруй төгрөгийг бэлэглэлд зориулж хуримтлуулсан байв. Хязгаарын цэргийн дайчид бэлэглэлийн эхний ээлжинд 103,094 төгрөг, бусад эд материал, бэлгийн 2 дугаар цуваанд 150,434 төгрөг, 3 дугаар цуваанд 326,151 төгрөг, “Хувьсгалт Монгол” танкийн бригад байгуулахад 79,310, “Монгол Ард” нисэх онгоцны эскадриль байгуулахад 155,162 төгрөгний хөрөнгө хуримтлуулжээ. Хилчин дайчдаас хөрөнгө хуримтлуулах ажилд олон хүн идэвхтэй оролцсоны дотор морьт хорооны Үржинханд 10 морь, мөн хорооны эмэгтэй Хишигжаргал алтан бөгж, Дотоод яамны Төв сургуулийн ахмад Хорлоо гэр бүлийн хамт 1600 төгрөг, алтан бөгж 1, жолооч Лувсанбаатар 1120 төгрөг бэлэглэж байжээ. Монгол Улсын төр засаг улаан армид туслах нэг хэлбэр нь Монгол ардын хувьсгалт цэргийн байлдааны бэлэн байдал, байлдах чадварыг дээшлүүлж, Германы холбоотон Японы зүгээс хийж болзошгүй түрэмгийллийг няцаахад ямагт бэлэн байх ёстой хэмээн үзэж байсан юм. Тиймээс ч батлан хамгаалах зардалд ихээхэн хөрөнгө төсөвлөж, эх орны дайны туршлагаас суралцах, байлдааны бэлтгэл сургалтыг байлдааны цагийн байдалд ойртуулсан нөхцөлд хийх шаардлага тавьж байжээ. Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэн, түүний улаан армитай сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлж байсны тод жишээ нь захидал, илэрхийлэлт байсан юм. Ажилчин, малчин, албан хаагч, оюутан, сурагч, цэргийн албан хаагч зэрэг нийгмийн бүх л давхаргын төлөөлөл байлдаж буй улаан армийн дайчид, тэдний удирдлагад хандаж, дайснаа ялахыг билэгдсэн, чин сэтгэлийн үгтэй захидлыг олон мянгаар нь фронт руу илгээж байв. Хувийн бэлэг бүхэнд захидал дагалдуулж илгээж байсны дээр уг бэлгийг хүлээн авсан улаан армийн дайчид ч хариу талархсан, ялалтад итгэлтэй байгаагаа илэрхийлсэн мөн л төдий тооны захидлыг фронтоос Монголд ирүүлж байв. Фронтоос ирсэн захидлыг монголчууд хүлээн аваад гэр бүл, хамт олон, хот айлаараа цуглаж дахин дахин олонтаа уншиж байсан бөгөөд тэдгээр захидлуудаас тухайн үеийн сонинд өргөнөөр хэвлэн нийтэлж байжээ. Энэхүү захидлуудыг олон түмэнд түгээх зорилгоор тусгайлан эмхэтгэж “Монголоос фронтод, захидлын цоморлиг”, “Фронтоос Монголд, захидлын цоморлиг” нэртэйгээр 1944 онд хэвлүүлж байв. Мөн МАХН-ын Төв Хорооны дэргэд фронттой захидлаар харилцах тусгай тасаг байгуулагдан ажиллах болжээ. Гитлерийн Герман ЗХУ-д итгэл эвдэн гэнэт халдан довтолсон явдлыг Монголын ард түмэн буруушаан үзэхийн хамт Монгол болон Зөвлөлт, ОХУ-ын удирдагч нар эл дайн болон манай ард түмний фронтод туслах хөдөлгөөнийг хэрхэн үнэлж байсныг дараах баримтаас харж болно. Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан Улсын Бага Хуралд 1943 онд үг хэлэхдээ “Германы фашистуудын СССР-ийг эсэргүүцэж байгаа дайн бол манай улсын эсрэг дайн мөн. Энэ тэмцлийн бүх хүнд бэрхшээлийг ах Зөвлөлтийн ард түмний хамт эдлэх нь манай ариун үүрэг мөн” хэмээн мэдэгдэж байв. Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын төлөөлөгчдөд зориулж 1943 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Кремлийн ордонд хийсэн дайллага дээр И.Сталин: “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголчууд бидэнд дайн үүссэн анхны өдрөөс эхлэн тусалсаар ирсэн, тусалж ч байна” хэмээн онцлон тэмдэглэж талархлаа илэрхийлж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн билээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн хэлэлцээний үеэр хэлсэн үгэндээ: “Эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас үзүүлсэн тусламжийг бид өндрөөр үнэлдэг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Ийнхүү  дайны фронтоос 6-7 мянган км  алслагдсан гүн ар талд  Монголын ард түмэн бүхий л бололцоогоо дайчлан хөдөлмөрлөж, Улаан армид туслах олон хэлбэрийн ажлыг  өрнүүлсэний дүнд  нийтдээ  435  сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл ба З00 орчим кг алтыг биетээр өгч, улсаас тогтоосон үнээр агт морьдоо худалджээ. Монголын ард түмнээс үзүүлсэн эл тусламжийг Монгол Улсын тухайн үеийн төсөв болон дайны жилүүдэд АНУ, Их Британиас ЗХУ-д өгсөн тусламжтай харьцуулан үзэх нь зүйтэй юм. Монгол Улсын төсвийн орлого, зарлага, батлан хамгаалах зардал /сая төг/

Он

Төсвийн орлого

Төсвийн зарлага

Батлан хамгаалах зардал

Төсвийн зарлагад эзлэх хувь

1941

166.2

176.8

81.9

46.3

1942

149.3

157.9

81.5

51.6

1943

182.3

185.4

96.7

52.2

1944

230.7

217.2

105.5

48.6

1945

301.9

287.7

121.7

40.3

 АНУ 1941 оноос өөрийн холбоотнууддаа тусламж үзүүлэх “lend lease” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж 50,1 тэрбум ам долларын эд зүйл олгосон ажээ. Энэ нь байлдааны зэвсэг, техник, бусад цэргийн эд хогшлыг түрээсээр зээлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр ажээ. Түүний багагүй хэсэг нь ЗХУ-д оногдож эл хөтөлбөрийн дагуу 11,3 тэрбум ам долларын зэвсэг, техник, хүнс, хувцас нийлүүлсэн байна. Тухайлбал, АНУ-аас ЗХУ-д дайны жилүүдэд

-        байлдааны нисэх онгоц-14795 ш.
-        ачааны автомашин-375883 ш.
-        жип машин- 51503 ш.
-        трактор-8701 ш.
-        мотоцикл-35170 ш.
-        зенитийн их буу-8213 ш.
-        тэсрэх бодис-345735 тонн
-        ачааны вагон-11155 ш.
-        галт тэрэгний зүтгүүр-1981 ш.
-        радио станц-38051 ш.
-        хээрийн телефон утасны аппарат-400711 ш.
-        телефон утасны кабель-2 сая км
-        радио локатор-445 ш.
-        цэргийн гутал-15,417 сая хос
-        автомашины дугуй (покрышка)-3,8 сая ш.
-        байлдааны усан онгоц-552 ш.
-        мөс зүсэгч усан онгоц-3ш.
-        металл боловсруулах суурь машин-38,1 мянган ширхэгийг тус тус нийлүүлсэн ажээ.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017