ЗЭВСЭГ УРЛААЧ ДАРХАН ЛУВСАН

2015 оны 05 сарын 01

Гадаад харилцааны яамны орой дээр нарны цацраг наадуулж гялалзан харагдах алтан Соёмбыг сонирхон ажаагүй хүн ховор биз ээ. Одоо л тэнгэр баганадсан барилгууд элбэгшиж хараа булаах болсноос биш, өмнө нь Гадаад яамны алтан Соёмбо нүдэнд тусахгүй өнгөрнө гэж үгүй байсан.  Хэзээ, хэн энэ бүтээлийг урласныг үнэндээ сонирхсонгүй явж.

Цэргийн хүн, тэр тусмаа зэвсэг засварын дархан хүн урласан тухай сонсоод бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Түүнийг такорьчин Чойровын Лувсан гэдэг. “Токарьчин” мэргэжил нь түүний бараг овог болжээ.  Лувсан гуайн гарын ураа шингээсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын доторх хээ угалз, Их тэнгэрийн орд харшийн оройд байгаа алтан Ганжир, маршал Х.Чойбалсангийн өвлийн ордон, музейн нарийн чимэглэл гээд олон бүтээл нь алсран одох цагийн урсгалд үнэ цэнээ алдаагүй, өнгө үзэмжээ гээгээгүй эзнийхээ нэр алдрыг оршоосоор байна.

Токарьчин Ч.Лувсангийн намтрыг баяжуулсан олон үйл явдлын нэг нь Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмаар Яармагийн дэнжид гаргасан үзэсгэлэн байлаа. Үзэсгэлэнд зочилсон маршал Х.Чойбалсан, Нисэх хүчний командлагч, хошууч генерал М.Зайсанов нар зэвсгийн урчуудын хийсэн бүтээлүүдийг үзэж байлдааны дайрагч ПО-2 онгоцны загварыг урлан хийснийг шалгаруулж Ч.Лувсанг ”Алтан гадас” одонгоор шагнажээ.  Мөн Халхын голын дайны ялалтын 15 жилийн ойгоор босгосон “Ерэн баатрын хөшөө”-ний бүх төмөр хийцийг хийсэн гээд тоочвол түүний хүч хөдөлмөр оролцсон бүтээлийн жагсаалт цааш хөврөнө.

1950-иад онд олон улсын буудлагын тэмцээнд оролцох армийн тамирчдад спортын зориулалтын гар буу нэн шаардлагатай болжээ. Цэрэг ба Нийгмийг хамгаалах яамны сайд, дэслэгч генерал Б.Доржийн тушаалыг биелүүлэхээр мөнөөх л Ч.Лувсан токарийн машиныхаа ард нойр, хоолоо умартан хэдэн хоног зогсов. Тэрээр спортын буудлагын анхны мастер, галт зэвсгийн дарга, ахмад Аюуштай зөвлөлдөн ур чадвар, оюун ухаанаа дайчлан ердийн “Нагаан” бууны овоо хараа, гол төмрийг өөрчлөн спортын анхны гар бууг зохион бүтээв. Энэ буунд “нагаан”-ны сум хэрэглэх бөгөөд цэц, тусгалын зай, буудлагын хурдыг ахмад Аюуш туршилтын буудлагаар шалгаж үзээд өндөр үнэлгээ өгчээ. Манай тамирчид Ч.Лувсангийн хийсэн буугаар тэр үеийн БНАГУ-д болсон ах дүү армиудын буудлагын тэмцээнд амжилттай оролцжээ.

Ч.Лувсан МАА-ийн удирдлагуудын урилгаар манай улсад зочилсон гадаадын олон хүндэт зочид, маршал, генералуудад хүндэтгэлийн сэлэм урлан хийж сэтгэл, чин зоригийг нь бадрааж явсан бурхан ухаантай дархан хүн явжээ. Тэрээр монголын олон урчууд, дархчуудтай хамтран ажиллаж байсны дээр цэргийн алба хаасан олон зуун залуусыг дархны ухаанд мэргэшүүлэн сургасан нэр хүндтэй багш байсныг хамтран ажиллаж байсан өдгөө амьд сэрүүн буурлууд батлан өгүүлдэг.

1930 оны баяр наадмаар Ч.Лувсан 5 давж Улсын начин цол хүртжээ. Тэрээр хүч тэнхээ ихтэй, нуруулаг сайхан хүн байсан тухай олон хүний дурсамжид өгүүлсэн байдаг.

Нэртэй токарьчны тухай дурсаад түүний төрсөн ах генерал Ч.Доржпаламын тухай дурдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Тэрээр 1902 онд Орос Улсын Буриадын нутаг Наушки тосгонд төржээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат аав, ээж хоёр нь Буриадын “Уушиг”-ийн тосгон хавиар нутагладаг буриад хүмүүс байжээ. Уг нутагт дайн самуун болж аав, ээж хоёр нь хүү Доржпаламыгаа дагуулан Монгол нутгийг зорин ирсэн аж.  Монголын хил рүү орж ирсэний дараа Лувсан мэндэлжээ. Доржпалам, Лувсан нарыг бага байхад аав Чойров (Чарив), ээж Цэриннямаа хоёр нь дайны хөлд үрэгдэв. Монгол нутагт цус нэгт ахан дүүсийнхээ дунд үлдсэн хоёр өнчин хүүг сайхан сэтгэлт ардууд хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүртэл эрвийх дэрвийхээрээ тус дэм болсон гэдэг.

Ч.Доржпалам 1921 оны 6 дугаар сард Ардын журамт цэрэгт өөрийн хүсэлтээр элссэнээс хойш тасаг, суман, хороо, дивизийн бүхий л албан тушаалыг хашиж, 1940-1943 онд Цэргийн ерөнхий сургуулийн захирал, Улаанбаатар гарнизоны дарга, 5 дугаар морьт дивизийн даргаар дэвшин ажилласан Монголын армийн чадварлаг дарга нарын нэг, 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчин байлаа.

Ийнхүү Чойровын хоёр хүү эрхэлсэн ажил албандаа амжилт гаргаж, хожим дурсагдах гавьяат үйл бүтээсэн эх орны эрэлхэг дайчид байсныг батлах баримт архивын сан хөмрөгт цөөнгүй бий. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017