ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХАНГАЛТЫН МӨН ЧАНАР

2014 оны 01 сарын 10

1. 1 Цэргийн сэтгэл зүйн хангалтын зорилго ба үүрэг.

 

Дэлхийн цэрэг, армийн тухай эртний сонгодог онолд сэтгэл зүйн хангалтын зорилго, мөн чанарыг ойлгомжтойгоор тодорхойлсон байдаг. Түүнд дурдахдаа: Дайн, байлдааны үед өөрийн цэргийн оюун санаа, ёс суртахууныг дээд зэргээр бэхжүүлж, дайсны оюун санаа, ёс суртахууныг дээд зэргээр сулруулах нь  ялалтад хүрэх зайлшгүй нөхцөл мөн. 

Орчин үеийн ойлголтоор цэргийн ёс суртахуун-сэтгэл зүйн байдал гэдэг нь:

- дайны хүнд бэрхшээлийг даван туулах цэргийн оюун санааны бэлэн байдал ба чадавхи, цагийн байдлын ямарч нөхцөлд байлдааны ажиллагааг идэвхтэй явуулж дайснаас өрсөж ялалтад хүрэхийн тулд өөрийн бүх хүч чадлыг ухамсартайгаар зориулах;

- ялалтад шийдвэртэй хүрэхийн тулд байлдах чадавхийн чухал хүчин зүйлийн нэг болох хүндрэл, бэрхшээлийг даван туулах чадвартай байх;

- ёс суртахуун-үзэл суртлын үзүүлэлтээр дайснаас илүү байх юм гэж тодорхойлсон байна.

 Оюун санаа, ёс суртахууны бодит байдал нь улс орны нийгмийн байгууламж, үндэстэн ба цэрэг, армийн нэгдлийн түвшин, эх оронч үзлээс үлэмж хамаардаг. Дайны явцад ялалтаа хадгалж байгаа өөрийн цэргийн таатай нөхцөл эсвэл эсрэгээр цэргийн амжилтгүй үйл ажиллагаа, их хэмжээний хохирол, ар тал дахь хүнд байдлууд нь цэргийн оюун санааны байдалд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Сэтгэл зүйн хангалт нь цагийн байдлын ямарч нөхцөлд тавигдсан байлдааны үүргийг биелүүлэх ёс суртахуун-сэтгэл зүйн өндөр чанар, тогтвортой байдлыг бие бүрэлдэхүүнд төлөвшүүлэх, дэмжих, нөхөн сэргээх зорилгоор захирагч, штаб, соёл хүмүүжлийн болон  бусад албан тушаалтнуудын гүйцэтгэж байгаа  үүрэг, зорилго, чиглэл, байр, цаг хугацаа, дараалал, ажиллагаанд оролцож байгаа хүч, хэрэгслүүдээр нь зохицуулсан цогцолбор арга хэмжээ юм.

Цэргийн сэтгэл зүйн хангалтын зорилго нь бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдал, гүйцэтгэх үүргийн онцлог, мэдлэг чадварын түвшин, материал-техникийн хангалт болон байлдааны ажиллагааны олон хүчин зүйлүүдийг тооцож үзсэний үндсэн дээр тодорхойлогдоно.

Чеченьд явагдсан байлдааны ажиллагааны туршлагаас үзэхэд сэтгэл зүйн хангалтанд дараах зорилгууд тавигдсан байна. Үүнд:

-гэнэт өөрчлөгдөж байгаа цэрэг, нийгэм-улс төр, мэдээлэл сэтгэл зүйн хүнд цагийн байдалд тавигдсан байлдааны үүргийг амжилттай биелүүлэхийн тулд бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдлыг дэмжих, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах,

 -нутгийн оршин суугчид ба өөрийн цэргийг дайсны мэдээлэл, сэтгэл зүйн нөлөөллөөс хамгаалах,

 -бие бүрэлдэхүүний сэтгэл санааны хохирлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй явуулах,

 -сэтгэл зүйн хямрал, цочролд орсон цэргийн алба хаагчдыг  хэвийн байдалд нь хурдан оруулах нөхцлийг бүрдүүлэх зэргээр тодорхойлсон байна.

Сэтгэл зүйн хангалт нь байлдааны ажиллагааны үед улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, зорилгодоо хүрэх, түрэмгийллийг няцаах баталгаа өгөх, тайван цагт тавигдсан үүргийг биелүүлэх түвшинд цэргийн аюулгүй байдлыг дэмжих зорилгоор бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг буй болгох, байнга нэмэгдүүлэх замаар гүйцэтгэгддэг.

Сэтгэл зүйн хангалтыг улс оронд мөрдөгдөж буй хууль эрх зүйн актууд, Олон Улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээ, зөвшилцөл /үүрэг, хариуцлага/ -үүдийг тооцсоны үндсэн дээр зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

Сэтгэл зүйн хангалтын зорилгыг тодорхойлохдоо түүний үүрэг, агуулга, арга, хэлбэр, түүнчлэн оролцож буй хүч, хэрэгсэлтэй нягт уялдуулах шаардлагатай.

Байлдааны ажиллагааны үед сэтгэл зүйн хангалтын үндсэн үүргүүд:

  • байлдааны ажиллагааны талбарт үүссэн цэрэг-улс төрийн болон ёс суртахуун-сэтгэл зүйн цагийн байдлыг байнга судалж, цэрэгт цаг тухайд нь хүргэх, төр засаг, цэргийн удирдлагын бодлого, шийдвэрийг бие бүрэлдэхүүнд тайлбарлан таниулах;
  • бие бүрэлдэхүүний байлдааны болон сэтгэл зүйн байдлыг судлах, дүгнэх, урьдчилан таамаглах;
    • хамт олны дунд сэтгэл зүйн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, чанд сахилга, зохион байгуулалт, гар нийлэмжтэй ажиллагааг хангах;
    • эсрэг талын байлдааны болон ёс суртахуун-сэтгэл зүйн байдлыг судлах, үнэлэх, урьдчилан таамаглах;
    • дайны байдлын хууль эрх зүйн актуудад нийцүүлэн цэргийн алба хаагчдын нийгэм-эдийн засгийн баталгааг хангах;
    • цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх болон байлдааны үүрэг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай материал, хэрэгслийг бүрдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах;
    • эсрэг талын мэдээлэл, сэтгэл зүйн ажиллагааны сөрөг нөлөөллөөс өөрийн цэрэг ба орон нутгийн иргэдийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх;
    • сэтгэцийн хямрал, цочролд орсон цэргийн алба хаагчидтай явуулах сэтгэл зүйн тусламж, сэтгэл заслын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх;
    • цэргийн болон олон нийтийн хэвлэл-мэдээллийн хэрэгсэл, соёл урлагийн байгууллагуудын  хоорондын үйл ажиллагааны уялдаа, холбоог хангах;
    • соёл, гэгээрлийн техник хэрэгслийн хангалтыг цаг тухайд нь зохион байгуулах, техник, хэрэгслийн эвдрэл, гэмтлийг засварлах, сэргээн босгох.

 

Цэргийн сэтгэл зүйн хангалтын үндсэн зүй тогтоол /закономерность/:

- цэргийн сэтгэл зүйн хангалтын агуулга, зохион байгуулалт, идэвхтэй байдал нь дэлхийн цэрэг-улс төрийн байдал, олон улсын харилцаа, олон нийтийн хандлага, цэргийн аюул заналын бодит түвшин, шинж чанаруудтай нягт уялдах;

- онцгой бие даасан шинжтэй байх;

-сэтгэл зүйн хангалтын агуулга, арга зүй нь түүнийг хэрэглэх хүрээ,  нөхцлөөс хамааралтай байх;

-сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулж явуулах урьдчилсан нөхцөл нь тухайн улс орны цэргийн бодлогын шинж чанар, байлдах урам зориг, цэргийн хүчээр шийдвэрлэх асуудлуудын нөлөөлөх зэрэг хэмжээ зэргээс хамаарах;

-нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарах;

-цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдал нь дайны зорилго, гүйцэтгэх үүргийг ойлгосон байдал, бие бүрэлдэхүүн, байлдааны зэвсэг, техникийн хангалт, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэлийн түвшин, биеийн тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаас хамаарах;

-сэтгэл зүйн хангалтын үр дүнтэй, идэвхтэй байдал нь захирагч, штаб, соёл хүмүүжлийн ажилтнуудын мэдлэг чадварын түвшин, ёс суртахууны ба ажил хэрэгч чанараас хамаарах зэрэг болно.

Сэтгэл зүйн хангалтын үндсэн зарчмууд:

  • сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслийн байлдааны болон дайчилгааны бэлэн байдлыг хангах;
  • байлдааны ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдуулан сэтгэл зүйн хангалтыг төлөвлөх, цаг тухайд нь зохион байгуулж явуулах;
  • үүссэн цагийн байдал, шийдвэрлэх үүрэгтэй нийцүүлэн сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслийг ухаалгаар зөв ашиглах;
  • сэтгэл зүйн хангалтын үндсэн хүч, хэрэгслийг гол цохилтын чиглэлд төвлөрүүлэх;
  • сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслийг цаг тухайд нь сэргээн босгох.

Сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслийн байлдааны болон дайчилгааны  бэлэн байдал нь тогтоосон хугацаанд хүч задлан цэргийн үйл ажиллагааг хангаж эхлэх чадавхиар тодорхойлогдоно.

Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулахад тавигдах шаардлага:

тодорхой зорилготой, тасралтгүй, идэвхтэй, шуурхай, сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслүүдийг нэгдсэн байдлаар хэрэглэх.

            Тодорхой зорилготой байх –сэтгэл зүйн хангалтын арга хэмжээнүүд нь байлдааны ажиллагааны бодлогод хатуу тусгагдаж, сэтгэл зүйн хангалтын гол хүчийг чухал чиглэлд хуралдуулах, тавигдсан байлдааны үүргийг биелүүлэх нөхцлийг хангахад чиглэгдэнэ.

            Тасралтгүй байх – сэтгэл зүйн хангалтын арга хэмжээг цагийн байдлын ямарч нөхцөлд, байлдааны болон өдөр тутмын үйл ажиллагааны  бүх шатанд байнга тасралтгүй явуулсанаар хангагдана.

            Идэвхтэй байх – цагийн байдлын ямарч нөхцөлд тавигдсан үүргийг амжилттай биелүүлэхийн тулд захирагч, штаб, соёл хүмүүжлийн ажилтнуудын сэтгэл зүйн хангалтын боломжит бүхий л арга, хэлбэрүүдийг ашиглан явуулж байгаа тогтвортой үйл ажиллагаа юм. 

Шуурхай байх – цагийн байдлын өөрчлөлтийг түргэн мэдэрч, мэдээллийг богино хугацаанд боловсруулах, дүгнэлтээ удирдлагад цаг тухайд нь илтгэх, гаргасан шийдвэрийг дайчдад шуурхай хүргэснээр хангагдана.

Сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслүүдийг нэгдсэн байдлаар хэрэглэх - шийдвэрлэх мөчид бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдлыг хүчжүүлэх, дэмжих зорилгоор сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслийн ихэнхи хэсгийг байлдааны ажиллагааны чухал чиглэлд /район/ төвлөрүүлэн ашиглах явдал юм.

 

Байлдааны ажиллагаанд бэлтгэх болон явуулах үед сэтгэл зүйн хангалтын идэвхтэй, үр дүнтэй байдал нь:

  • нийгэм-улс төрийн цагийн байдал, өөрийн цэргийн сэтгэл санааны байдлыг байнга судалж, дүгнэж, урьдчилан таамагласнаар;
  •  үүссэн бодит цагийн байдал, тавигдсан байлдааны үүргийг тогтоосны үндсэн дээр захирагдсан бүх шатны дарга нар, соёл хүмүүжлийн ажилтнуудыг цаг тухайд нь үүргээр хангаж, сэтгэл зїйн хангалтын агуулга, арга, хэлбэрүүдийг зөв тодорхойлон, цогцолбор арга хэмжээнүүдийг чанартай төлөвлөж хэрэгжүүлсээр;
  • сэтгэл зүйн хангалтын үндсэн хүч, хэрэгслийг цагийн байдалтай уялдуулан оновчтой хуваарилснаар;
  • тєрийн болон тєрийн бус байгууллагуудтай нягт харилцан ажиллаж, хамтарсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр; 
  • сэтгэл зүйн хангалтын удирдлагын тасралтгүй, тогтвортой байдлыг хангаж, жагсаалаас гарсан үед цаг тухайд нь сэргээн босгосноор тус тус хангагдана.

Байлдааны ажиллагааны үед цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдалд нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүд:

  • аюул, занал – цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах цагийн байдлын ойлголтууд;
  • гэнэт түргэн – үүрэг гүйцэтгэх явцад үүсэх цагийн байдлын гэнэтийн түргэн өөрчлөлтүүд;
  • тодорхойгүй – байлдааны үүргийн агуулга, дайсан болон түүний үйл ажиллагааны шинж чанар, үүрэг гүйцэтгэх нөхцөл байдлуудын тухай мэдээлэл байхгүй, хангалтгүй эсвэл зөрчилдөөнтэй байх;
  • шинэ зүйлс – байлдааны үүрэг биелүүлэх явцад цэргийн алба хаагчдад урьд өмнө үзэж мэдээгүй зүйл гарч ирэх болон тушаал гүйцэтгэх үед туршлага дутах;
  • өндөр хурдтай - байлдааны үүрэг гүйцэтгэхэд цаг хугацаа хязгаарлагдмал, тогтоосон хугацаанд үүрэг, даалгавраа гүйцэтгэж амжихгүй байх;
  • цаг хугацааны хомсдол – ноогдсон цагт тавигдсан үүргийг амжилттай биелүүлэх боломжгүй байх эсвэл үйл ажиллагааны агуулга, бүтцийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болох зэрэг болно.

Байлдааны ажиллагааны үед бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг тодорхойлох үндсэн асуудлууд:

  • шийдэмгий /шийдвэрийг хурдан шуурхай, ухаалгаар гаргаж, байлдааны захирамжийг итгэл төгс өгөх/;
  • өөрийн үзэл бодолдоо үнэнч, өөртөө итгэлтэй байх  /хамгийн хүнд хэцүү мөчид ч өөрийн бодол, оюунаа захирах чадвар/;
  • шударга зарчмыг баримталж, дайсныг устгах эрмэлзэл;
  • эр зориг ба баатарлаг гавъяа;
  • амь биеэ зориулахад бэлэн байх;
  • байлдааны үеийн  хүнд бэрхшээлийг  даван туулах чадвар, бие биедээ туслах дайчин нөхөрлөл;
  • сэтгэл зүйн байнгын бэлэн байдал ба дайсны нөлөөлөлд орохгүй байх.

 

Хойд Кавказын бүс нутагт явагдсан сөрөг террорист ажиллагааны үед сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулсан туршлага, сургамжаас үзэхэд сэтгэл зүйн хангалтын үр дүнтэй, идэвхтэй байдал нь дараах үүргүүдийг хэрэгжүүлснээр хангагдсан. Үүнд:

- сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслүүдийг байлдааны болон дайчилгааны байнгын бэлэн байдалтай байлгах;

- сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах албан тушаалтнуудад цаг тухайд нь үүрэг даалгавраар хангах;

- сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөг тодорхой цагийн байдал, байлдааны үүрэгтэй нягт уялдуулан төлөвлөх;

- сэтгэл зүйн хангалтын үндсэн хүч, хэрэгслийг гол цохилтын чиглэлд  шийдвэртэй хуралдуулах;

- орон нутгийн өөрөө удирдах болон олон нийтийн, шашны байгууллагуудтай нягт харилцан ажиллагаатайгаар сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах;

- сэтгэл зүйн ба мэдээллийн цагийн байдлыг байнга судлаж, задлан шинжлэх, урьдчилан дүгнэх;

- эвслийн хүчний бүрэлдэхүүнд байлдааны ажиллагаа явуулах үед дээд шатны байгууллагуудтай нягт харилцан ажиллагаа зохион байгуулах;

- сэтгэл зүйн хангалтын хүч хэрэгслийн маневрыг цаг тухайд нь шуурхай гүйцэтгэх;

- сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, түүнийг ухаалгаар ашиглах;

- сэтгэл зүйн хангалтын системийн амь бөхтэй байдлыг хангах;

- сэтгэл зүйн хангалтын удирдлагын тогтвортой, тасралтгүй, нууц байдлыг хангах;

- сэтгэл зүйн хангалтын хүч, хэрэгслийг ухаалгаар зохицуулж хэрэглэх.

Аливаа дайн байлдааны шийдвэрлэх үүргийг мэргэшсэн, ёс суртахуун-сэтгэл зүй, байлдааны чанаруудыг эзэмшсэн бие хүн гүйцэтгэсээр ирсэн ба хүнийг ямарч зэвсэг, техникээр орлуулж болохгүй юм. Энэ холбоосыг хангахад захирагч, штаб, соёл хүмүүжлийн байгууллагууд, ажилтнуудын үйл ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд сэтгэл зүйн хангалт нь цэргийн үйл ажиллагааг хангах бие даасан нэг төрөл болдог байна.

 

1.2  Цэргийн сэтгэл зүйн хангалтын төрөл,

тэдгээрийн агуулга, мөн чанар

Ёс суртахуун-сэтгэл зүйн хангалт нь дараах төрлүүдтэй байна. Үүнд:

  1. Мэдээлэл-хүмүүжлийн ажил
  2. Сэтгэл зүйн ажил
  3. Нийгэм-хууль эрх зүйн ажил
  4. Соёл амралт, чөлөөт цагийн ажил
  5. Эсрэг талын мэдээлэл, сэтгэл зүйн нөлөөллөөс бие бүрэлдэхүүнийг хамгаалах
  6. Соёл гэгээрлийн техник, хэрэгслийн хангалт.

Эдгээр төрөл тус бүр нь өөрт байдаг арга, хэлбэрүүдээрээ сэтгэл зүйн хангалтын үндсэн үүргүүдийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой.

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 815

Веб холбоос: 11

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016