МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГЫН ҮНДЭС

2015 оны 11 сарын 06

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ
БОДЛОГЫН ҮНДЭС

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.

 

1.2.Монгол Улсын батлан хамгаалах бодлогын зорилго нь аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс ангид байж, улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг баталгаажуулах явдал мөн.

 

1.3.Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Засгийн газар хэрэгжүүлж, Монгол Улсын Их Хурал хяналт тавина.

 

1.4.Энэ бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн чиглэлийн хэрэгжилтийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулна. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

 

Хоёр.Батлан хамгаалах тогтолцоо

 

2.1.Батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх нэгдмэл удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын цогц мөн.

 

2.2.Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт,  мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.

 

2.3.Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ:

 

2.3.1.орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратегийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд батлан хамгаалах талаар төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хэрэгжүүлэх олон талт нэгдмэл арга хэмжээ мөн.

 

2.3.2.орон нутгийн хамгаалалтын зарчим, удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, дэд бүтэц нь дайчилгааны сургалт явуулах болон нөөц бүрдүүлэх тогтолцоотой уялдсан байна.

 

2.3.3.орон нутгийн хамгаалалтын удирдлагыг нутгийн захиргааны бүх шатны байгууллага төрийн цэргийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах үндсэн нэгж нь Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб байна.

 

2.3.4.орон нутгийн хамгаалалтын харилцааг Монгол Улсын хуулиар зохицуулна.

 

2.4.Зэвсэгт хүчин нь үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллын тогтолцоо мөн:

 

2.4.1.Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлнэ.

 

2.4.2.зэвсэгт хүчинд холбогдох харилцааг Монгол Улсын хуулиар зохицуулна.

 

2.5.Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог эдийн засгийн төлөв байдал, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ:

 

2.5.1.дайчилгааны тогтолцоонд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны материаллаг болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээг хамааруулна.

 

2.5.2.Монгол Улс дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөтэй байна.

2.5.3.төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр хуульд заасан дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргээ биелүүлэх урьдчилсан бэлтгэлтэй байна.

 

2.5.4.дайчилгааны бэлтгэлийг хангах, дайчилгаа явуулах харилцааг Монгол Улсын хуулиар зохицуулна.

 

2.6.Хүн амыг гамшиг, гэнэтийн бусад аюул, үй олноор устгах зэвсгийн хөнөөлөөс хамгаалах нь батлан хамгаалах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэгдсэн төлөвлөлт, нэгдмэл тогтолцоотой байна.

 

2.7.Батлан хамгаалахын удирдлагыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ.

 

2.8.Батлан хамгаалахын иргэний болон цэргийн удирдлагын харилцааг хуулиар зохицуулна.

 

2.9.Батлан хамгаалах бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт шинжилгээ хийх үндсэн үүргийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

 

Гурав.Батлан хамгаалах бодлогын улс төрийн чиглэл

 

3.1.Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэс болгон улс төр, дипломатын аргыг урьтал болгох бөгөөд гадны зэвсэгт түрэмгийллийн эсрэг цэргийн хүчийг ашиглана.

 

3.2.Монгол Улс гадны цэргийн аюулаас сэрэмжлэх бодлогоо дараах зарчимд нийцүүлнэ:

 

3.2.1.хөрш орнуудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх;

 

3.2.2.цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэхийг зөрчил, маргааныг шийдвэрлэх арга зам гэж үзэхгүй бөгөөд аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг үл зөвшөөрөх;

 

3.2.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцох;

3.2.4.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул, заналхийлэл учирсан буюу учрах нь бодитой болсноос бусад тохиолдолд цэргийн аливаа эвсэл холбоонд нэгдэхгүй;

 

3.2.5.нутаг дэвсгэрээ хөрш болон бусад орны эсрэг чиглэсэн цэргийн үйл ажиллагаанд ашиглуулахгүй, үй олноор хөнөөх зэвсгээс ангид байлгах;

 

3.2.6.гадны зэвсэгт түрэмгийлэлд өртөхөөс бусад тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй байх;

 

3.2.7.хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх;

 

3.2.8.үй олноор хөнөөх зэвсгийн тархалтыг хязгаарлах, олон улсын терроризмтой тэмцэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх.

 

3.3.Монгол Улс дараах нөхцөл байдлыг өөрийн эсрэг чиглэсэн зэвсэгт түрэмгийлэл гэж үзнэ:

 

3.3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт цэргийн хүчээр халдан довтлох, цөмрөн орох;

 

3.3.2.хилийн гаднаас улсын болон цэргийн объектод зэвсгийн хүчээр цохилт хийх;

 

3.3.3.гадаад улсын цэргийн хүчин Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах, дамжин өнгөрөхдөө энэ тухай Монгол Улсын хуулийг зөрчих;

 

3.3.4.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газар ашиглаж байгаа гадаадын этгээд ашиглаж байгаа газраа зэвсэгт түрэмгийллийн зорилгоор ашиглах, бусдад ашиглуулах;

 

3.3.5.тусгайлан бэлтгэгдэж, зэвсэглэсэн хүмүүсийг зохион байгуулалттайгаар Монгол Улсад нэвтрүүлэх, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт террорист ажиллагаа явуулах, нийтийг хамарсан үймээн самуун дэгдээх;

 

3.3.6.аль нэг улсын дотоодын зэвсэгт мөргөлдөөнд оролцогч талууд Монгол Улсын хилийг зөрчих, цөмрөн орох.

 

3.4.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, хүн ам, иргэдийн аюулгүй байдалд цэргийн хүчээр заналхийлсэн, зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн улс болон улс бус этгээд тэдний түрэмгийллийн хамсаатныг дайсан гэж үзнэ.

 

3.5.Гадны цэргийн аюул учирсан нөхцөлд зэвсэгт хүчин түрэмгийллийг саатуулан няцааж, улс орны удирдлагад улс төр, дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлнэ.

 

Дөрөв.Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл

 

4.1.Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.

 

4.2.Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвлөлт, стратегийн ач холбогдолтой уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалт, ажиллах хүчийг ашиглах үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцүүлж байна.

 

4.3.Батлан хамгаалах арга хэмжээний зардлыг Монгол Улсын төсвөөс болон хуульд заасан бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Монгол Улсын батлан хамгаалах хэрэгцээг хангах эдийн засгийн чадавхыг бүрдүүлнэ. Батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална.

 

4.4.Орон нутгийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон төсвийг тухайн орон нутгийн төсвөөс болон хуульд заасан бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

 

4.5.Монгол Улсын батлан хамгаалах нөөцийн менежмент, түүнд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, батлан хамгаалах зориулалт бүхий материаллаг нөөцийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх тогтолцоог төгөлдөржүүлнэ.

 

4.6.Батлан хамгаалахын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжид төрөөс дэмжлэг үзүүлнэ. Цэргийн зарим нэр төрлийн эд хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх, худалдан авах бодлого баримтална.

 

4.7.Зэвсэгт хүчний зэвсэглэлийг үе шаттай шинэчилж байх уян хатан тогтолцоо бүрдүүлнэ. Цэргийн зэвсэг, техник худалдан авахад зориулан батлан хамгаалах зардлын тодорхой хэсгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байна.

 

4.8.Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн бусад орон, олон улсын байгууллагаас цэрэг-техникийн дэмжлэг, туслалцаа авч байх чиглэлийг баримтална.

 

4.9.Цэргийн дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, шинэчлэх арга хэмжээг жил бүрийн улсын төсөвт тусгаж үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

Тав.Батлан хамгаалах бодлогын нийгмийн чиглэл

 

5.1.Монгол Улсын хүний хөгжил нь батлан хамгаалах бодлогын нийгмийн чиглэлийн үндэс мөн.

 

5.2.Бүс нутгийг хөгжүүлэх, хүн амыг амьдрах нөхцөл, суурьшлын бүс, дэд бүтэц бий болгох, боловсрол, соёл, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах эдийн засаг, нийгмийн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.

 

5.3.Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ.

 

5.4.Иргэдийн цэргийн алба хаах хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн урамшуулалт бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

 

5.5.Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангаж, цэргийн алба хаах тогтолцоог боловсронгуй болгоно. Цэргийн албыг биеэр болон хуульд заасан бусад хэлбэрээр хаагаагүй иргэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн албанд анх орж байгаа иргэнд цэргийн алба хаасан байх шаардлага тавина.

 

5.6.Цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсдын алба хаах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

5.7.Цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Зургаа.Батлан хамгаалах бодлогын эрх зүйн чиглэл

 

6.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн гаргасан энэ бодлого нь батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндэс бөгөөд олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлахад харгалзана.

 

6.2.Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана.

 

6.3.Зэвсэгт хүчний ардчилсан удирдлагыг бэхжүүлж, зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг төгөлдөржүүлнэ.

 

6.4.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

 

6.5.Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх журмыг хуулиар тогтооно.

 

Долоо.Төрийн цэргийн байгуулал

 

7.1.Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин,  хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ. Дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэнэ.

 

7.2.Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэнэ.

 

7.3.Тайван цагт хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн бүтэц, чиг үүргийг хуулиар тогтооно.

 

7.4.Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, цэргийн алба хаагчийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

 

7.5.Төрийн цэргийн номлолыг тусгайлан боловсруулж мөрдөнө.

7.6.Төрийн цэргийн байгууллыг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.

 

7.7.Төрийн цэргийн байгууллын удирдлага нь улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагаас бүрдэх бөгөөд эдгээр удирдлагыг дараах байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлнэ:

 

7.7.1.төрийн цэргийн байгууллын улс төрийн дээд удирдлагыг Монгол Улсын Их Хурал;

 

7.7.2.төрийн цэргийн байгууллын төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

 

7.7.3.төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штаб.

 

7.8.Цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг хангах, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагуудын харилцан ажиллагаа, байлдааны бэлэн байдлыг хангах хамтарсан сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, цэргийн байгууллагын зэвсэглэл, техникийн харилцан уялдааг хангах, холбоо мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн удирдлагын цогц үйл ажиллагааг ойлгоно.

 

7.9.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хилийн ба дотоодын цэргийн командлагч, онцгой байдлын байгууллагын дарга болон төрлийн цэргийн командлагч хамтран хэрэгжүүлэх бөгөөд түүний уялдаа холбоог хангах ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хариуцна.

 

7.10.Төрийн цэргийн байгуулал дараах нийтлэг зарчимд тулгуурлана:

 

7.10.1.төрийн удирдлага, хяналтад байх;

7.10.2.нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх;

7.10.3.хууль дээдлэх, чанд сахилга, өндөр зохион байгуулалттай байх;

7.10.4.бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь гүйцэтгэх үүрэгтээ зохицсон байх;

7.10.5.хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх бэлтгэлтэй байх.

 

Найм.Зэвсэгт хүчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэл

 

8.1.Зэвсэгт хүчин нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэг хүлээнэ.

 

8.2.Зэвсэгт хүчин тайван цагт дараах үүрэг хүлээнэ:

 

8.2.1.эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах;

 

8.2.2.агаарын орон зай, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах;

 

8.2.3.улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

8.2.4.гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд туслах;

 

8.2.5.байлдааны зэвсэг, цэргийн техник, материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх;

 

8.2.6.дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургах, хүн амыг цэргийн хэрэгт сургахад дэмжлэг үзүүлэх;

 

8.2.7.улсын онц чухал объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

8.2.8.энхийг дэмжих ажиллагаанд оролцох;

8.2.9.улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх;

8.2.10.хуулиар тогтоосон бусад үүрэг.

 

8.3.Зэвсэгт хүчнийг дараах чиглэлээр хөгжүүлнэ:

 

8.3.1.зэвсэгт хүчний төрөл, төрөл мэргэжлийн цэргийн зохистой харьцааг батлан хамгаалах хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн боломжийг үндэслэн тогтоох;

 

8.3.2.монгол цэргийн өв уламжлал, цэргийн урлагийг сэргээн судалж, хөгжүүлэх;

 

8.3.3.зэвсэгт хүчний үндсэн чиг үүргээ биелүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, терроризмтой тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх;

 

8.3.4.байлдааны зэвсэглэл, цэргийн техник хэрэгслийг шинжлэх ухаан, технологийн хөгжил, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн зэвсэгт хүчний шаардлагад нийцүүлэн шинэчлэх;

 

8.3.5.цэргийн материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, шинэчлэх тогтолцоог төгөлдөржүүлэх;

 

8.3.6.энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх;

 

8.3.7.цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох;

 

8.3.8.хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгож, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын баталгааг бүрдүүлэх;

 

8.3.9.орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх;

 

8.3.10.цэргийн сургалтын тогтолцоог цэргийн урлаг, зэвсэглэл, техник, технологийн дэвшил, гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн боловсронгуй болгох;

 

8.3.11.дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх, дээд боловсролтой залууст цэргийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх;

 

8.3.12.зэвсэгт хүчинд түргэн байрлах хүчний нэгжийг бий болгож хөгжүүлэх;

 

8.3.13.батлан хамгаалах мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017