ЭХ ОРОН МИНЬ БИДЭНД, БИД ЭХ ОРОНДОО ҮНЭ ЦЭНЭТЭЙ

2015 оны 11 сарын 23

Хурандаа З.Баянмөнх захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй дэд түрүүч Э.МӨНХ-ЭРДЭНИЙГ урьж ярилцлаа.

Өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулна уу?

-Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Нийслэлийн Багануур дүүргээс ирсэн. Аав, ээж маань эгэл жирийн малчид. Миний хувьд  эгч, ахтай, айлын бага хүү. Эгч минь хувийн компанид нягтлан бодогч хийдэг. Харин ах минь Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу Хүндэт харуулын ангид хугацаат цэргийн алба хааж байгаа. Ах бид хоёр хамт цэргийн албанд мордсон юм. Э.Бат-Эрдэнэ гэж залуу бий. Энэ далимд ахынхаа албанд өндөр амжилт хүсье.    

Та ямар сургууль дүүргэсэн бэ?

-Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийг 2012 онд төгсөөд  СУИС-д хөгжмийн найруулагч мэргэжлээр сурч байгаад ар гэрийн шалтгаанаар сургуулиа орхичихсон юм. Тэгээд аав, ээжийнхээ аж төрөлд дэмжлэг үзүүлж мал маллаж байгаад цэргийн албанд ирсэн.

Цэргийн албанд аль хэдийнээ дасчихсан байх. Ер нь энэ алба Танд ямар сэтгэгдэл үлдээж байна?

-Алба хаах хугацааны тал хувийг ардаа орхижээ. Цаг хугацаа маш хурдан юм. Миний хувьд эхнээсээ л цэргийн албанд дурлаж, зорьж ирсэн. Ялангуяа, Ноён хутагтын сүншиг оршсон энэ сайхан энергитэй нутагт, баялаг түүх, баатарлаг үйлстэй ийм сайхан ангид алба хааж байгаагаараа бахархаж байна. Цэргийн алба бол олон аавын хүүг ялгаж зааглахгүй сурган хүмүүжүүлдэг амьдралын их сургууль юм гэдгийг мэдэрлээ. Харин энд ирэхээсээ өмнө цэргийн албаны талаар ямар ч ойлголтгүй байснаа нуухгүй ээ.

Мөнх-Эрдэнэ цэргийн албаныхаа дараах зорилгыг тодорхойлсон уу?

-Яг үнэндээ урьд нь хэтдээ би яах ёстой вэ гэдэг талаар огт боддоггүй, өнөө маргаашаа харж, өдөр хоногийг зүгээр л урсгалаар өнгөрүүлдэг байж. Харин одоо бол өөр болсон. Тодруулбал, ирээдүйгээ төсөөлж төлөвлөдөг, өмнөө зорилго тавьдаг болсон. Үүнийг цэргийн албанаас олж авсан эрхэм чанар гэж болно. Одоогоор эргэлт буцалтгүй шийдчихээгүй ч цэргийн хүн болох тухай бодол бий. Шат дараалсан сургууль, дамжааг дүүргэж мэдлэг боловсрол эзэмшээд батлан хамгаалах салбарт мөрөө тод гарган ажиллах боломж бий гэдэгт итгэлтэй байгаа. Эх орныхоо төлөөөргөсөн тангарагтай, бахархалтай алба учраас өөрийнхөө ирээдүйг энэ салбартай холбон төсөөлж байна. Гэхдээ цаг хугацаа бүх үнэний гэрч гэдэг шүү дээ.

Хэдий тийм ч цаг хугацаанд биш, өөртөө итгэвэл зорилгодоо хүрэх шүү дээ...

-Тийм ээ. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийнхээ хойноос нэхэх болно. Энэ чанарыг цэргийн алба надад бүрэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Таныг маш сайхан дуулдаг гэж дарга нар тань тодотгож байсан. Магадгүй урлагийн салбарын үүд ч Танд нээлттэй байж болох юм...

-Хувь хүн өөрөө л хүсвэл, бас хичээвэл бүх зүйл нээлттэй төдийгүй боломж болгон бидний гарт байж л байдаг гэж ойлгодог. Гэхдээ яг одоогоор надад урлагийн замыг сонгох бодол алга. Монголын ард түмэн угаасаа дууч ард түмэн шүү дээ. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байна гэдэг чинь л монгол эрчүүдийн бусдаас ялгарах нэг чанар нь. Тийм болохоор монгол эх оронд монгол эр хүн болж төрсөндөө омогшдог.   

Тэгвэл эх орон гэж юу вэ? Түүний үнэ цэнэ юунд оршдог гэж бодож байна?

-Хаа ч явсан сэтгэл зүрхэнд уяатай, хамгаалж өмгөөлөх, харамлах тэр сэтгэлийг өдөөж байдаг үнэт зүйл бол эх орон. Асар их нөөц баялгийг нь ухаж сэндийчээд, харийнханд дамлаж, хувийн ашгаа хуримтлуулагч биш, эх орноо бүрэн бүтнээр нь хайрлан хамгаалж, эзэн болох хүн бүр эх орны үнэ цэнэ гэж ойлгож байна. Товчхондоо эх орон минь бидэнд, бид эх орондоо үнэ цэнэтэй.

Та эх орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна? Таныхаар эх орон тань  хөгжиж байна уу? 

-Болж, бүтэхээрээ хөгжиж байгаа гэж боддог. Гэхдээ хүмүүс маш их бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, залхууралд автаж байна уу гэх бодол ч байна. Энэ нь магадгүй техник технологийн хурдацтай хөгжил дэвшлээс шалтгаалж байж болох юм. Гэхдээ эх орныхоо төлөө хийж бүтээе, сурч мэдье гэсэн залуус олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр хэрээрээ эх орон минь хөгжих л болно.

Эх орныхоо хөгжилд оруулж буй Таны хувь нэмэр гэвэл...

-Яг одоогоор эх орноо дуудсан цагт ямар нэгэн тайлбаргүйгээр, үүргээ ухамсарлан хугацаат цэргийн алба хааж байгаа минь эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр.

Та хэр эх оронч хүн бэ?

-Би эх орондоо хайртай. Бид л эх орноо хайрлахгүй бол өөр хэн ч бидний эх орныг хайрлахгүй. Онжавууд, найзууд минь ч бүгдээрээ эх орондоо хайртай.

Онжавууд, найзууд гэснээс найз гэдгийн мөн чанарыг Та юу гэж тайлбарлах вэ? Ер нь найз гэж чухам хэн юм бол?

-Найз гэдэг бол ердөө л хүн чанарыг илэрхийлэгч гэж ойлгодог. 

Тэвгэл Та хэр хүн чанартай вэ?

-Хүн ямар байна яг л тийм байж чадна. Бусдад таалагдах гэж өөрийгөөөөрчилж чаддаггүй. Байгалиас, эцэг эхээс надад заяагдсан, миний гэсэн төрөлх чанараа хэн нэгэнд зориулан өөрчилж, насаараа ямар нэгэн дүрд хувирч чадахгүй болохоор өөрийнхөө байгаагаар бусдад хүлээн зөвшөөрөгдөж, бусдыг ч байгаагаар нь хүлээн авахыг хүсдэг. Ямар ч зүйлийн бодит чанар л эрхэм байдаг шүү дээ.

Айлын бага хүү ижий, аавдаа бол эрх танхи л байлгүй. Гэхдээ ярианаас тань нэлээд буурь сууж, бие даан хэрсүүжсэн нь харагдаж байна шүү?

-Эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанд ирчихээд ээж, аавдаа эрхэлж байгаа мэт нялцганаад байх хэр зохимжтой вэ? Яагаад ч юм бэ, өөрийгөө цэргийн алба хаагч, эх орноо батлан хамгаалж байгаа эр хүн гээд бодохоор оюун санаагаараа өсөн торниж, үзэл бодол маань өөрчлөгддөг юм шиг ээ. Олон аавын хүүтэй мөр зэрэгцэн, онжав гэдэг эрхэм тодотголоор найз нөхөд болж, нэг сэтгэлээр, нэг командаар, нэг жилийг ардаа үднэ. Энэ хугацаанд нөхөддөө аль ч талаараа зөв үлгэр үзүүлэхийг хичээж байгаа.  

Та ямар зан чанарыг эрхэмлэдэг хийгээд үзэн яддаг вэ?

-Хүнийг хүндэлж чаддаг, нээлттэй, илэн далангүй, үнэнч зан чанарыг эрхэмлэдэг. Харин хамхуул мэт хөнгөмсөг, хүнийг хайрлан энэрэх сэтгэлгүй, хувиа хичээсэн, худалч зан чанартай хүмүүсийг үзэн яддаг.

Таны хобби юу вэ?

-Хөдөө төрж, өссөн учраас ч тэр үү, аль болох байгальд ойр байж, байгалийн сайхныг мэдрэх дуртай. Багаасаа л аавыгаа дагаж уул, хадаар их явдаг байсан болохоор эх орныхоо өнцөг булан бүрт хүрч аялах юмсан гэж боддог. Миний аав нутаг усандаа алдартай анч хүн л дээ. Аавыг минь Энхтайван гэдэг юм. Гэсэн хэдий ч Аавхүү гэдэг нэрээр нь нутгийнхан андахгүй. Аавын ихрийг нь Ээжхүү гэнэ. Аав, ээж дээрээ тус тусдаа өссөн юм билээ. Тэгээд л Аавхүү, Ээжхүү гэсэн хэрэг.

Номтой хэр  нөхөрлөдөг вэ?

-Ном уншина аа. Нэг бариад авчихвал салж чадахгүй уншиж дуусгана. Уран зохиолын гэхээсээ илүү түүх, гүн ухааны чиглэлийн номууд унших дуртай. 

Дуртай спортынхоо тухайд тодотгооч... 

-Мото спортод нэлээд сонирхолтой. Машин, мотоциклийг багаасаа л гартаа оруулчихсан гэж болно. Миний багад аав маань трактор барьдаг байсан юм, одоо ч трактор нь бий. Тэр тракторыг 12 настай байхдаа жолоодож сурсан. Ерөнхийдөө техникт нэлээд дуртай.

Хэдий техникт сонирхолтой ч малч айлын хүү морь малтай ойр өссөн нь ойлгомжтой. Хурдны моринд хэр хорхойсдог вэ?

-Тэгэлгүй яахав. 10-16 нас хүртлээ хурдны морь унасан. Харин хурдны морь гардаж уяж сойсон нь үгүй. Миний хувьд морь гэдэг эр хүний чимэг гэж ойлгодог. Тийм болохоор хонины морио ч сайхан унаж эдлэх хэрэгтэй. Эмээл хазаар нь бүрэн бүтэн тоног хэрэгсэлтэй байхаас эхлээд л мориныхоо дэл, сүүлийг нь хүртэл засаад цэмцгэр унаж эдлэх ёстой гэж боддог юм.

Таны гараас гарах хамгийн төгс бүтээл юу вэ?

-Нэг зүйл дээр тогтон, тэр гэж онцолж чадахгүй байна. Гэхдээ бүхий л зүйлийг төгс биш ч бусдад гологдохооргүй хийчих юмсан гэж хичээнэ. 

Хүсэл мөрөөдлийн тань тухай яриагаар ярилцлагаа жаргаая...

-Хүний хүсэл мөрөөдөл хэмжээ хязгааргүй шүү дээ. Хамгийн наад зах нь амьдралдаа зөв байхаас эхлээд бодож мөрөөдсөн зүйл их бий. Цаашлаад аав, ээж, ах дүү, ард түмэн, улс орондоо тус нэмэртэй, сайн нөлөөтэй хүн болох гээд л мөрөөдөл бишгүй дээ.

Ярилцлагынхаа төгсгөлд юу тодотгох вэ?

-Үе тэнгийн залуустаа цэргийн албаа заавал хаагаарай гэж уриалахаас гадна, амьдралын их сургууль болсон цэргийн албанд анхлан хөл тавихад угтан авч, олон зүйл зааж сургаж байгаа Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн удирдлага, хамт олонд баярласнаа илэрхийлэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэхийн зэрэгцээ эх орныхоо өнцөг булан бүрт алба хааж байгаа нийт онжавуудынхаа албанд ч өндөр амжилт хүсье. 

Ярилцсанд баярлалаа. Албанд тань амжилт хүсье!

Ахлах дэслэгч Д.МЭНДБАЯР

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017