Б.АМГАЛАНБААТАР: ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙГ АШИГЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ШИНЭЭР ТОДОРХОЙЛОГДОНО

2015 оны 12 сарын 10

2015 он ЕЗЦК-ын хувьд хэр зэрэг ачаалалтай, ажил үйлс өрнөсөн жил болон өнгөрч байна вэ?

-ЕЗЦК 2015 онд “Цэргийг хөгжүүлэх, ашиглах төлөвлөлтийг боловсронгуй болгох, зорилтот сургалтыг эрчимжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийн түвшинг дээшлүүлэх” үндсэн зорилгыг дэвшүүлсэн. Зорилгынхоо хүрээнд ЕЗЦК болон харьяа ангиуд сургалт, бэлэн байдлаа дээшлүүлэх чиглэлээр олон ажил хийсэн, бүтээлч ажлын жил болон өнгөрч байна. Тухайлбал, командлалын хэмжээнд сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 3 ангийг оролцуулсан нэгдсэн команд штабын сургуулийг 1 удаа, ЕЗЦК-ын харьяа 2 анги болон Хилийн цэргийн ангитай тус бүр нэг удаа хамтарсан команд штабын сургуулийг зохион байгууллаа. Түүнчлэн ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, БНХАУ, БНТУ-ын тусгай хүчний салбаруудтай хамтарсан хээрийн сургууль, АНУ-ын тусгай хүчинтэй хамтарсан “Бланс межик” хээрийн сургуулийг 2 удаа явуулсан. Мөн “Khan Quest” олон улсын хээрийн сургууль, энхийг дэмжих ажиллагаанд тодорхой тооны бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэсэн нь бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхийн түвшинг дээшлүүлэх зорилтыг хангахад гол нөлөө үзүүлсэн бөгөөд сургалт бэлтгэл сайжирсан гэсэн үнэлгээг өгөх бүрэн боломжтой. Хамтарсан болон нэгдсэн хээрийн сургууль, дадлагаар бид олон зүйлийг туршин, одоо мөрдөж буй байлдааны түр дүрэмтэй хэр зэрэг нийцэж байна вэ гэдэгтэй уялдуулж нэлээд асуудлыг дэвшүүлсэн. Энэ зорилгоо ч бүрэн хангасан бөгөөд цаашид бодлогын баримт бичгүүдэд тусгах гол санаануудыг дэвшүүлж, энэ хэрээрээ бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхи дээшилсэн гэж хэлж болно.

Онцлох үйл явдал, ажлуудын хувьд ...

-Олон ажлыг дурдаж болох ч цөөн хэдийг онцлоё. “Бланс межик” сургуулийг АНУ-ын тусгай хүчинтэй хамтран явууллаа. Анх удаа БНХАУ-ын АЧА-ийн тусгай хүчинтэй хамтарсан “Анчин бүргэд-2015” хээрийн сургуулийг уулын районд, БНТУ-ын тусгай хүчинтэй хамтарсан “Нүүдэлчин дайчид-2015” хээрийн сургууль, Монгол Улс, Япон Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн хамтарсан “Зам-2015” сургуулийг зохион байгуулсан. Түүнчлэн усан саадыг байлдаантайгаар гатлах сургуулийг анх удаа ОХУ-ын нутаг дэвсгэрт “Цуголь” полигонд хийсэн нь Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд шинэ хуудас болон үлдэх онцлох үйл явдал болсон. Үүнээс гадна ангиудын бие бүрэлдэхүүний ажиллах амьдрах орчин нөхцлийг сайжруулах талаар анхаарч цөөнгүй бүтээн байгуулалтын ажил өрнөсөн нь яах аргагүй онцлох зүйл. Тухайлбал, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид соёл, спортын цогцолбор, 119 дүгээр ангид 400 цэргийн байр, 123 дугаар ангид Сургалт мэргэжлийн төв ашиглалтад орлоо. Эдгээр нь Барилгын цэргийн хүч хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалт гэдгийг тэмдэглэж, энэ дашрамд талархал илэрхийлэе.

Харьяа ангиудын хувьд ...

-Энэ оны гол ажлуудын нэг нь цэргийн сургалтын агуулгыг төгөлдөржүүлж, зорилтот сургалтыг эрчимжүүлэх хүрээнд офицеруудын түвшин тогтоох үзлэгт эртнээс бэлдэж, боломжийн хэмжээнд шалгагдсан явдал байлаа. Ангиуд цэргийн алба, сахилга дэг журмыг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй орчинг сайжруулах, ажиллах, амьдрах орчинг дээшлүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг хийж, бүтээсэн. Тухайлбал, “Монгол цэргийн жавхаа” уралдаанд Зэвсэгт хүчний 016, 326  дугаар анги II,III байрт шалгарсан нь үүний нэг тод илрэл юм. Дээр дурдсан бүтээн байгуулалтаас гадна 119 дүгээр анги цэргийн болон хичээлийн байр, штаб, цэргийн халуун усны барилгынхаа засвар, үйлчилгээг хийсэн, 167 дугаар ангид байгуулагдаж буй Говийн бүсийн сургалтын төвийн барилгын ажил үндсэндээ дууссан. Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хамт олон хичээлийн цэг, биеийн тамирын хотхон, талбай гээд олон зүйлийг хийж бүтээн тус бригад жишиг хотхоны хэмжээнд хүрээд байна.

Ахлагчийн жилийн хүрээнд оны эхэнд ангиудын тэргүүн ахлагч нартай уулзаж, ахлагч нарын талаар ЕЗЦК-аас баримтлах бодлогоо танилцуулж, ажлын төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөний дагуу олон ахлагч нар гадаад, дотоодын сургууль, сургалт, дамжаануудад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүллээ. Ахлагч нарын гүйцэтгэлийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг голлон зохион байгуулсан гэж хэлж болно. Энэ бүх ажилд ахлагчийн бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, сайн ажилласан гэдгийг тэмдэглэе. Цаашид ахлагч нарыг аливаа сургалт дадлагад түлхүү хамруулах бодлогыг баримтлана.

Мөн МСҮТ-үүдтэй хамтран 160 гаруй хугацаат цэргийн албан хаагчийг давхар мэргэжил эзэмшүүлсэн нь залууст өгсөн боломж, хөрөнгө оруулалт юм. Үүний зэрэгцээ Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг арилгах, халдваргүйжүүлэлт хийхэд 123 дугаар анги, Дорнод аймагт гарсан түймрийг унтраахад 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ажиллалаа.  “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийг  амжилттай хэрэгжүүлж, шинэ дайчдын сургалт бэлтгэлийг бие дааж явуулсан. Энэ мэтчилэн харьяа ангиуд маань үндсэн үүрэг, цэргийн сургалт бэлтгэлээс гадна шаргуу хөдөлмөрлөж, олон зүйлийг санаачилж, хийж бүтээснийг хэлэхэд таатай байна.

Гадны улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан хээрийн сургууль дадлагад хөдөөгийн ангиудын бие бүрэлдэхүүний оролцох хувь харьцангуй бага санагддаг. Энэ талаар ямар бодлого барьж байна вэ?

-Дан ганц   олон улсын хамтарсан хээрийн сургууль дадлага бус дотооддоо ч сургууль, дадлагыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, ангиудын бүрэлдэхүүнийг хамруулахыг зорьж байгаа. Энэ жилийн хувьд “Сэлэнгэ-2015” хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 016, 167, 186 дугаар ангиудын бие бүрэлдэхүүнээс оролцсон. Цаашдаа уг сургуулийг бусад мотобуудлагын ангиудаа түшиглэн зохион байгуулах төлөвлөгөө бий. Тусгай хүчний чиглэлээр явагддаг сургууль дадлагад бусад ангиуд оролцох боломж хязгаарлагдмал. Гэхдээ тусгай хүчний сургуулиудыг говь, уул, тал хээрийн нөхцөлд, тэнд байрлаж буй ангиудаа түшиглэн явуулах боломжийг судлаж байна.

Шийдэгдээгүй, тулгамдсан асуудлууд юу байв?

-Хүний хүсэл хязгааргүй. Улам л сайжруулж, хөгжүүлж, шинэчлэхийг тэмүүлж байдаг. Бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, зэвсэг техникийн шинэчлэл, хадгалалт хамгаалалт  гээд тулгамддаг асуудлууд бий нь ойлгомжтой. Шат дараатай арга хэмжээ авч байгаа ч нэг мөсөн шийдэгдчих асуудал биш, жилээс жилд нийгмийн хөгжлийг дагаад, шаардлага нь нэмэгддэг зүйлүүд юм даа.

2016 оныг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ирэх он ЕЗЦК, харьяа ангиудын хувьд үүрэг хариуцлага нэмэгдсэн, энэ хэрээрээ ч ач холбогдолтой, их хөдөлмөрийн жил болох байх гэж “харж” байна. Учир нь Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдлаа. Уг баримт бичигт  Монгол Улсын Зэвсэгт хүчин Агаарын цэрэг, Хуурай замын цэргээс бүрдэнэ гэж тодорхойлсон. Үүнийг дагаад хууль эрх зүйн олон баримт бичиг өөрчлөгдөж, шинэчлэгдэнэ, ЕЗЦК-ын үүрэг зориулалт, хуурай замын цэргийг ашиглах үзэл баримтлал шинээр тодорхойлогдоно гээд эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн ажлууд, мөн улс орны бүтээн байгуулалтын ажлыг нугалахад хүчин чармайлт гаргасан онцлог хийгээд ачаалал ихтэй жил болох байх.

2016 оны зорилгодоо “Бүтээмжийн чадамжийг дээшлүүлэх” гэсэн үгийг оруулж байгаа. Чадамж гэдэг үг нь “мэдлэг, чадвар, хувь хүний сэтгэлгээ, үйл ажиллагааны хандлага” гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл аливаа ажил  хувь хүний хүчин чармайлт мэдлэг чадвар, хандлагаас 50 хувь нь хамаарна. Хувь хүний чадамж өндөр байна гэдэг нь хамт олны чадамж, бүтээмж өндөр байна гэсэн үг.

Энэ дашрамд 2015 онд өмнөө тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хичээж, зүтгэж ажилласан ЕЗЦК, ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүндээ талархсанаа илэрхийлж, шинэ онд ажил, амьдралд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Эх сурвалж "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017