Ш.ЭНХБАТ: НИСГЭГЧИД БИТҮҮ КАБИНЫ ДАДЛАГА ХИЙНЭ

2015 оны 12 сарын 10

Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч, хурандаа Ш.Энхбаттай ярилцлаа.

-2015 он Зэвсэгт хүчний АДХЦ-ийн хувьд хэр амжилт бүтээлээр арвин болж өнгөрч байна вэ?

-Зэвсэгт хүчний АДХЦ нь үндсэн үүргийхээ хүрээнд Монгол Улсын агаарын хил, орон зайг ашиглан нислэг үйлдсэн олон улсын болон орон нутгийн агаарын хөлөг, онцгой, тусгай үүргийн нислэгт радиолокацийн хяналт тавьж, байлдааны жижүүрлэлтийн ажиллагааг тасралтгүй хэвийн явуулж байна.

Энэ жилийн хувьд Нисэх хүчин байгуулагдсаны 90 жилийн ой тохиож, үүний хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, спорт, урлагийн олон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Түүнчлэн манай нисэгчид Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оролцсон “Баланс мэжик”, “Нүүдэлчин заан”, “Сэлэнгэ-2015” олон улсын хээрийн сургууль дадлага, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчдийн усны буулт зэрэгт нислэгийн үйлчилгээ үзүүлж, зүүн бүсийн нутаг дэвсгэрийг хамарсан түймэрт нэрвэгдсэн газар районд агаараас тандалт явуулах, хохирлын хэмжээг тооцох улсын онцгой комиссын гишүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудыг түймрийн районд хүргэх нислэгийг үйлдсэн гээд олон ажлыг дурдаж болно. Сүүлийн жилүүдэд тасраад байсан нисгэгч нарын битүү кабины дадлагыг зохион байгуулахаар болсныг онцлоё.

Үүнээс гадна Зэвсэгт хүчний АДХЦ-ийн харьяа нисэх ангиудын нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаалын төслийг боловсруулан, Батлан хамгаалахын сайдаар батлуулсан нь бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж буй хэрэг юм.

Зэвсэгт хүчний офицеруудын түвшин тогтоох шалгалтад харъяа ангиудын офицерууд бэлтгэл сайтай хамрагдаж амжилттай  шалгагдсан нь бас нэг амжилт.

Өөр нэг томоохон ажил нь   2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан харьяа ангиудын ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хамт олны гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах талаар цөөнгүй ажил төлөвлөж хэрэгжүүлсэн явдал байлаа. Энэ мэтчилэн олон үйл явдал, ажил хөдөлмөр өрнөсөн он болон улирч байна.

Онцлох үйл явдлуудын хувьд...

-Монгол Улсын Их Хурлаар “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдлаа. Уг баримт бичигт Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэнэ гэж заасан. Энэ нь Агаарын цэргийн бие даан хөгжих үйл ажиллагаанд чухал түлхэц болно гэж үзэж байна. Үүний хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийг ашиглах, хөгжүүлэх, зэвсэглэл техникийг шинэчлэх, шинээр авах хөтөлбөр төлөвлөгөөний төслийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ бол яах аргагүй онцлох үйл явдал юм.

Зэвсэглэл, техникийн шинэчлэлийн тухайд...

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын агаарын орон зайг ашиглан нислэг үйлдэж буй олон улсын нислэгийн тоо тогтмол өссөөр байна. Энэ хэрээр агаарын орон зайн тогтоосон журам, дэглэмийг зөрчих зөрчил  нэмэгдэж, Зэвсэгт хүчний АДХЦ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд зарим зэвсэглэл техникийг зайлшгүй шинэчлэх, сайжруулах шаардлага тулгарч байгаа. Энэ чиглэлээр төлөвлөж буй ажлууд бий.

Сүүлчийн асуултыг танд үлдээе…

 -Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт нийцүүлэн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, зэвсэглэл техникийг үе шаттай шинэчлэн сайжруулах зэрэг олон ажлууд биднийг хүлээж байна. Ийм учраас ирэх он манай хамт олны хувьд амжилт арвин, ажил хөдөлмөр оргилсон жил болно гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд Агаарын цэргийн шинэчлэлийг  дэмжин ажиллаж буй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, хамт олон болон  байлдааны жижүүрлэлтийн тасралтгүй байдлыг хангахад сэтгэл гарган ажилладаг инженер техникийн ажилчид, алба хаагчиддаа талархал илэрхийлье.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017