МЭНДЧИЛГЭЭ

2015 оны 12 сарын 26

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа !

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж  байгаа энхийг сахиулагчид аа!           

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

            Та бид өвөг дээдсийнхээ дайчин түүх, монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ шинэ үйл явдал, утга агуулгаар арвижуулсан нэгэн оныг үдэж шинэ онтойгоо учран золгож байна.

Улиран одож буй 2015 он Зэвсэгт хүчний хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж, цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, бие  бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ихээхэн дэвшил гарч, ОХУ, БНХАУ-д зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалд анх удаа амжилттай оролцон дэлхийн II дайнд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, Зэвсэгт хүчнийхээ сүр хүч, цог золбоог олон улсад таниулсан амжилт бүтээлээр дүүрэн жил болон түүхийн хуудаснаа үлдэж байна.

Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн цэргийн алба хааж байгаа байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт бие бүрэлдэхүүний маань хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнгөрсөнд хийж бүтээснээсээ туршлага, сургамж авч, тэрхүү хөдөлмөр зүтгэлийнхээ ялалт, амжилтаар омогшин бахархах нь ирээдүйд хэрэгжүүлэх их үйлсийн эхлэл, эрч хүч нь болдог билээ.   

Та бидний өмнө хүлээгдэж байгаа цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх,  Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх цаг үеэ олсон томоохон зорилтуудыг ажил хэрэг болгоход Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хэн бүхний оролцоо, дэмжлэг ихээхэн ач холбогдолтой бөгөөд та бүхний хичээл зүтгэл Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

Та бүхэндээ ирж буй 2016 ондоо бодол санаа өөдрөг, хүсэл сэтгэл өрнүүн, зүтгэл чармайлт өндөр, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017