СЭТГЭЛ ЗҮЙН ХАНГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2016 оны 01 сарын 15

ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т.МӨНХ-САРУУЛ

            Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар хэрхэн шинэчлэгдсэн талаар тодруулна уу?

            -Зааварт тусгагдсан зарим нэр, томъёо өөрчлөгдсөн, зааврын агуулга, бүтэц нь заавар боловсруулахад тавигдах стандарт шаардлагыг хангахгүй болсон, Зэвсэгт хүчинд тавигдаж буй зорилго, зорилтыг бүрэн дүүрэн хангахгүй байгаа, байлдааны ажиллагаанд болон КШС, КШХС-ийн явцад дагаж мөрдөх сэтгэл зүйн хангалтын заавар зайлшгүй хэрэгцээтэй болсон, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг 2 заавраар шалгаж үнэлж байсныг нэгтгэх шаардлагатай болсноор зааврыг өөрчлөн батлууллаа.

            Тодруулбал, ЗХЖШ-ын даргын тушаалаар “Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар /тайван цагт/”, “Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар /байлдааны цагт/”, “Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын сэтгэл зүйн хангалтыг шалгаж, үнэлэх заавар” тус тус батлагдаж энэ сарын 1-нээс Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад мөрдөгдөж байна. Зааврын хэрэгжилтийг хангах зорилгоор “Зэвсэгт хүчний 2015-2016 оны сургуулийн жилийн сэтгэл зүйн хангалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах тухай” ЗХЖШ-ын даргын тушаал гарч, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад хүргэгдсэн.

Заавар шинээр батлагдсантай холбогдуулан анги, байгууллагуудад ямар зөвлөгөө чиглэл өгч байна вэ?

-Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын сэтгэл зүйн хангалтын нэгдсэн төлөвлөгөөний боловсруулалтад дэмжлэг үзүүлэх, шалган туслах зорилгоор ЗХЖШ-ын АУГ-аас хянаж, харьяалагдах зохион байгуулалтын нэгжийн дарга, командлагчаар батлуулах юм. Тийм учраас Зэвсэгт хүчний анги, салбаруудын захирагч нар удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад ирэхдээ анги, байгууллагынхаа сэтгэл зүйн хангалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж авч ирнэ гэсэн үг.

Шинээр мөрдөгдөж байгаа “Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар”-ын онцлогийн тухайд тодотговол...?

-Сэтгэл зүйн хангалтын үндсэн зарчим, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон, сэтгэл зүйн хангалтын төрөл тус бүрийн зорилго, бүтэц, үндсэн чиглэл, арга хэлбэрүүд, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг оруулсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах асуудлыг тусгасан, номын сангийн үйл ажиллагааны чиглэл, үндсэн үүргүүдийг тодорхойлсон, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх асуудлыг нийгэм-хууль эрх зүйн ажлын бүтцэд оруулсан, соёл урлаг, олон нийтийн ажил явуулах арга хэлбэрүүдийг тодорхой тусгасан зэрэг онцлогуудыг хэлж болно.  Түүнчлэн “Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар”-ыг удирдамжийн дагуу Зэвсэгт хүчний 6 анги, байгууллагад туршиж, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, санал, шүүмжлэлийг тусгаснаараа давуу талтай. 

Тухайлбал, зааврын агуулга, мөн чанар нь Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үйл ажиллагаатай уялдаж, хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг бүх шатны захирагч, дарга нарт хамааруулсан байгаа. Туршилтаар сэтгэл зүйн хангалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэлбэр, зохион байгуулалт, дэс дарааллыг нарийвчлан зааж өгснөөр сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын ажил үүргийн хуваарь тодорхой болж, үйл ажиллагаа сайжирсан, сар бүр явуулах ажил, арга хэмжээ болон түүний давтамж, хугацааг тогтоосноор цаг үеийн асуудал болон үүрэг даалгаварт баригдаж, урсгалаар ажил хийх бус заавраа баримтлан бие дааж идэвх санаачилгатай ажиллах нөхцөл бүрдсэн, номын сангийн үйл ажиллагааны чиглэл, номын сангийн зөвлөлийн үндсэн үүргийг тодорхойлсон нь номын сангийн үйл ажиллагаа зохих түвшинд сайжирсан, цаашид Зэвсэгт хүчний анги, салбаруудад хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах зааварт тусгагдсан онцлог заалтуудаас дурдвал...

-Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг оюутан, залуучууд, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад сурталчлах сургалт, уулзалт өдөрлөгийг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна, Зэвсэгт хүчний анги, байгууллагын сонинг сард 1 удаа гаргаж, ангийн үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа дутагдлаа хамт олондоо сурталчлан таниулна, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлнэ, Зэвсэгт хүчин, анги, байгууллагын үйл ажиллагааг аймаг, орон нутагт сурталчлах ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах үүргийг анги, байгууллагын захирагч биечлэн хариуцна, анги, байгууллагын Дайчин алдрын танхимын үзмэр, эд зүйлийг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, дэглэн үзүүлэх, шинэчлэн сайжруулах ажилд Монгол цэргийн музейгээс зөвлөмж, гарын авлагаар хангаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллана. ЗХЖШ-ын АУГ нь Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалтын бодлогыг тодорхойлж, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, сэтгэл зүйн хангалтын төлөвлөлтийн үндсэн баримт бичгүүдийг боловсруулж мөрдүүлнэ гэх мэт заалтыг дурдах байна.

Төгсгөлд нь бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах асуудал нь зөвхөн тухайн ажлыг хариуцсан албан тушаалтнуудаас гадна бүх шатны захирагч, дарга нарын үүрэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Мөн сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах зааврын хэрэгжилтийг хангах зорилгоор ЗХЖШ-ын АУГ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсээс зааврын хэрэгжилтийг зохион байгуулах албан тушаалтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг түлхүү явуулна. Тухайлбал,  соёл хүмүүжлийн офицер, номын санч нарын мэргэжил арга зүйн сургалт, шалган туслах ажлууд, сэтгэл зүйн хангалтын чиглэлээр ном, сурах бичиг гаргах, Хилийн цэргийн удирдах газартай хамтран ажиллах, СУИС, Хөгжим бүжгийн сургуулиудад соёлын төвийн дарга, хөгжимчдийг богино хугацааны сургалтаар давтан бэлтгэх боломж бололцоог судалж хэрэгжүүлнэ.

Ярилцсанд баярлалаа.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017