ХИЧЭЭНГҮЙ САЙД С.ЦЭРЭНДОРЖ

2016 оны 01 сарын 15

Монгол Улсын шинэ түүхийн хуудсанд мөнхрөн үлдсэн олон арван шилдэг эрсийн нэг бол “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Балингийн Цэрэндорж юм. Эгэл жирийн тэр тусмаа язгуурын ядуу ардын хүү нэн бэрх зовлон зүдгүүрт нийгмийн амьдралын дундаас тодрон гарч, улс үндэстнийхээ мөнхийн эрх ашиг, үйл хэргийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан нь бахархалтай. Б.Цэрэндоржийн нийгмийн төлөвшил, үзэл бодол, тэр ч бүү хэл угсаа гарвалынх нь талаар түүхчид санал зөрөлдөх, зарим сурвалжид бараанаар бичиглэсэн нь байдаг ч эр хүний бөгөөд төрийн хүний ноён нуруу алдаагүй энэ эрхэм тусгаар улсынхаа төлөө зүрх нь цохилсоор эцсийн зогсоолдоо хүрсэн байдаг.

            Б.Цэрэндорж Их шавийн Хэрлэн Барсдай отог (Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум)-ийн соёрхолт нутаг өдгөөгийн алдарт мянган бууцат Хэрлэнбаян-Улааны өвөр этгээдэд орших Улаачин сууринд 1868 онд буюу ХV жарны шар луу жилийн дөрөвдүгээр сарын шинийн гурванд ядуу ард Балингийн гэрт төржээ. Эцэг нь хүүгийнхээ ой гойд, сэрэхүй тунгалаг болохыг олонтаа ажиж мэдээд, зургаан наснаас үсэг холбож, үг зүйхтэйгээ болгосноор балчирхан түүний билгийн нүд гийж эхэлжээ. Гэвч Б.Цэрэндорж хүүд эцгийнхээ элбэрэлийг удаан хүртэх хувь тохиосонгүй, бүл эмтрэн ахуйд бага насаа үджээ. Зургаан насандаа эцгээсээ өнчрөн, найман настайгаасаа эх Мөнгөнхүүгийн хамтаар бусдад зарцлагдан мал маллаж аж төрж байжээ.

            Хөлдөө чөмөг суусан хүү ээжийнхээ хамт Их хүрээг зорин, Амгаланбаатар хотод суурьшив. Тэднийг их хүрээнээ ирэхэд эцгийнх нь танил, нэг нутаг усны хэмээн халуун сэтгэлээр элгэмсэг хүлээж авсан Цагаан-Өвгөн, Аривжих зайсан нар өөрсдөө эрдэм номын далайг захалсан хүмүүс байсан нь Цэрэндорж хүүгийн оюуны зулыг бадраахад тос нэмж өгчээ. Эх хэлээ зэгсэн эзэмшсэн Цэрэндорж гадны хилийг шамдан суралцаж, 1880-аад оны эхээр Хүрээн дэх Манжийн Журганы яаманд дагалдан, туслах, жинхэнэ бичээчийн алба хашжээ. Б.Цэрэндорж цагийн аяс, насан залуугийн үедээ Чин улсын төрд зүтгэж байхдаа монголчууд харийн дарангуйлагчийн хатуу ширүүн дарлалд ёсон бусаар нирвэгдэж буй яс махандаа тултал мэдрэн, үндэс угсаа газар шороогоо өмгөөлөх сэтгэлийн хатаа ирлэсээр байжээ. 1890 оноос Хүрээн дэх Орос Улсын орчуулагчийн сургуульд 14 жил монгол хэлний багшаар ажиллан өрнийн соёлын зах сэжүүртэй танилцсан нь түүний оюуныг улам тэлсэн, нүд нээсэн явдал байлаа. Б.Цэрэндорж 1905 оноос Манжийн амбан яаманд бичээч, хятад хэлний орчуулагч түшмэл, зургадугаар зэргийн түшмэлийн албыг Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хүртэл хашжээ. Б.Цэрэндорж Үндэсний эрх чөлөөний хувьсгалд идэвхийлэн оролцож, Гадаад яамны дэс түшмэлийн албанд томилогджээ.

Өөрийн авьяас билгээ хөгжүүлж, бичгийн боловсролд гаргуу суралцаж, үндэсний сэхээтэн бүрэлдэн тогтох эх суурийг тавилцсан энэ эрхэм Богд хаант Монгол Улсын Гадаад яамнаа дэс түшмэл, дэд сайд, тэргүүн сайдын алба хашиж, чухам энэ үеэс л төрийн тулгам их үйл, дипломат бодлогын нарийн шаглаа, төрд зүтгэхийн утга учрыг бие сэтгэлээсээ мэдэрсэн байдаг. Ханд ван, Сайн ноён хан, Богд гэгээний ойр хаяанд байж, тэдний цөлх зангараг, төв эрхэмсэг чанарыг үлгэрлэн шингэж үлдсэн цөөн хүний нэг Б.Цэрэндорж байлаа. Ханд чин вантай шадарлаж байсан Дагва мээрэн “Тэр үед би залуу байж. Алдаж омтгойтох нь олонтоо. Тэр болгонд Ханд ван, Цэрэндоржоос суралцахыг үргэлжид зөвлөнө. Түүний алхах гишгэхээс аваад албан хэрэг хөтлөх, аашилж авирлах, эрдэм номд шимтэхээс нь үлгэр авцгаа гээд л бидний хэдэн түшмэлийг зэмлэдэг байсан сан” хэмээн дурсан бичиж үлдээжээ. Сайн ноён хан Намнансүрэн, чин ван Ханддоржийн хамтаар Монголыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлж, 1915 оны Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрт Монголоо төлөөлөн ухаан зарах зэргээр Б.Цэрэндорж төрийн олон чухал үйлст хүчин зүтгэжээ. Гэхдээ хоёр их гүрний хуйвалдаан  (нууц тохироо), бодлогын эсрэг хятад, орос хэл гайгүй мэддэгийн зэрэгцээ тэдний улс төрийн бодлогыг ч гадарладаг хүний хувьд үр дүнтэй дипломат тэмцэл явуулж байсан ч 1915 оны Хиагтын хэлэлцээр манай талд ашиггүй болсныг Б.Цэрэндоржийн алдаа хэмээн үздэг, ингэж бичиж, тэмдэглэсэн нь байдаг. Хүн хэдий ухаантай ч цагийн аяс гэж буйг анзаарах байлгүй дээ, хойч үе нь.

            1915-1919 оны хугацаанд Б.Цэрэндорж Гадаад яамны сайдын хувьд Орос, Хятадын төрийн бодлогыг тэнцвэржүүлэн, Монголд эергээр тусгах төрийн бодлогын мяндсан ухаан гаргаж байсан нь 1919 онд Хятадын генерал Сюй Шү Жан Монголын автономит эрхийг хялбархан үгүй хийх гүүр болсон гэж дүгнэдэг түүхчид бий. Сюй Шү Жан Монголын эрх баригчдыг айлган сүрдүүлж, автономит засгаа сайн дураараа цуцлахыг “хүссэн” өргөдөл гаргуулж дөнгөжээ. Эл өргөдөл бичгийг Сюй Шү Жан генералд гардуулах үүрэг Автономит улсын Гадаад яамны сайд Б.Цэрэндоржид оногджээ. Үйл явдлаар мөшгин шинжлэхүй Б.Цэрэндорж татгалзаагүй байдаг.

            1921 онд ялсан ардын хувьсгалын үр дүнд шинэ засгийн газар байгуулагдав. Ардын шинэ засагт мэдлэг боловсролтой, сэхээтэн ус агаар мэт хэрэгтэй үед хувьсгалыг талархан дэмжиж байсан Б.Цэрэндорж шинэ төрийн албанд бүр эхнээс нь хичээнгүйлэн хүчин зүтгэж, Гадаад хэргийн яамны түшмэл, тэргүүн сайдаар ажиллаж эхэлсэн байдаг. Зөвлөлт Орос Улстай найрамдлын хэлэлцээр хийх Монголын Ардын Засгийн газрын анхны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж хоёр улсын хооронд 1921 онд байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зуралцсан бөгөөд дэлхийн пролетарийн их удирдагч В.И.Ленинд бараалхсан тухайгаа 1926 онд Залуучуудын эвлэлийн сэтгүүлд бичиж үлдээжээ. Б.Цэрэндорж 1923 оноос шинэ тулгар Монгол Улс, БНМАУ-ын Ерөнхий сайдын алба хашиж эхэлжээ. Ерөнхий сайд Б.Цэрэндорж орон нутгийн засаг захиргааг өөрчлөн шинэчлэх, анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах, Бүгд Найрамдах Улсыг тунхаглах хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэжээ. Б.Цэрэндорж Улсын анхдугаар Их хурлын бэлтгэлийг хангах, анхны Үндсэн хуульт төрийн шинэ тогтолцоог бүрэлдүүлэх, гадаад харилцаа, төр, аж ахуй, санхүүгийн холбогдолтой 60 гаруй хууль, тогтоолыг боловсруулахад тэргүүлэн оролцжээ.

Цэрэндорж 1921 оны долоодугаар сард тогтоосон хэмжээт эрхт хаант Монгол Улсын болон 1924 онд байгуулагдсан БНМАУ-ын Гадаад яам, Засгийн газарт сайд, Ерөнхий сайдын албанд томилогдон улсын өмнө тулгарсан нийгэм, улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл боловсролын үлэмж хүнд бөгөөд яаралтай асуудлуудыг нухацтай судлан боловсруулж цаг үеийн нөхцөл, тус орны онцлог байдалд тохируулан зөв шийдвэрлэх тухайд Намын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, Ерөнхий сайдын орлогч А.Амар нартай голч арга ухаанаар ажиллаж байв. Түүний хувь хүнийх нь нэг гол алдаа оюун санаа нь мэдрэмжтэй байсан хэдий ч түүнээсээ ч дутахгүй зусарч, бөөрөнхийн дээр хэтэрхий аймхай нэгэн байсан гэдэг.

1924 онд Орос, Хятад хоёр Монголын тусгаар тогтнолын талаар хэлэлцэж буй үед Ерөнхий сайд Б.Цэрэндорж “Бидэнд тусгаар тогтнол гэсэн ганц л хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөс ухарна гэдэг бол байж болшгүй зүйл” хэмээн мэдэгдэж байсан гэх. Гэхдээ эл үгний үнэн худлыг мэдэх аргагүй. Большевизмын хийрхэлд хөл толгой алдсан хэт зүүний үзэлт шинэ үеийн хувьсгалчид түүнийг “барууны үзэлт”, “эсэргүү хулгай” хэмээн цааш нь харуулчихын даваан дээр амьд үлдээсэн гэдэг. Оросын сургагчид Монголын дотоод хэрэгт эрээ цээргүй хутгалдана. Хятадууд ч Монгол дахь эрх мэдлээ өргөжүүлэх гэж улайрна. Ийм нөхцөл байдлын дунд Цэрэндорж үхэн үхтэлээ “халиуны зулзага” болж тамаа цайсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа, 1920-иод оны дунд үеэс Зөвлөлт Орос Улс, Коминтерний зүгээс Монгол Улсын дотоод хэрэгт оролцох нь дээд цэгтээ хүрсэн үед Б.Цэрэндорж өдөөгдсөн гал бүхнийг унтрааж байсан гэхэд болно. Ямартаа ч Монгол дахь хувьсгалын хэрэгт бүр эхнээс нь оролцсон Б.З.Шумяцкий “Цэрэндорж бол хэд хэдэн ном бичсэн тухайлбал, Парламентын ардчиллын тухай нэг ном, мөн Монголын нөхцөл байдалд инээд хүрмээр санагдаж болох сэдэв олон улсын эрх зүйн тухай бас нэг ном буй. Эдгээр ном түүнийг эрдэм мэдлэг гаргууд гэдгийг харуулж байна. Гэлээ ч Цэ сайдыг даруй зайлуулахыг...” хүссэн учирлал бичгийг Зөвлөлүүдийн Засгийн газарт хүргүүлж байжээ. Оросын Бүрэн эрхт төлөөлөгч А.М.Васильев “Цэрэндорж бол үнэнч шударга, хахуульд үл автагч, ардчиллыг эрхэмлэгч мөн” гэжээ.

Элдэв хавчлага дарамт, цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа болов уу хэмээн хаширлах санаа зэргээс үүдэн Ерөнхий сайдын албанаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл Цэрэндоржийн зүгээс гаргаж байв. Энэ хүртэл А.В.Шотман, Охтин нар Цэрэндоржийг зайлуулбал “...Монголд бослого гарч магадгүй” хэмээн жийрхжээ. Б.Цэрэндорж аливаа асуудлыг голч ухаан, эе эвээр шийддэг зүтгэлтэн байсан учраас “Хичээнгүй сайд” хэмээн олонд алдаршжээ. Харин генерал Сюй түүнийг “Ар Монголын хөгшин чоно” хэмээн нэрийдэж үүнийгээ Монгол даяар тараахыг идэвхийлэн чармайж байв. 1923 онд Б.Цэрэндорж Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр дээд албанд томилогдон 1928 онд буюу сүүдэр халих хүртлээ ажилласан байна. Түүний алба хашсан тайлан Ж.Амарсанаа, О.Батсайхан тэргүүтэй хүмүүсийн эрхлэн гаргасан “Монгол Улсын гадаад бодлого: Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж” номд тов тодорхой орсон тул энд нурших нь илүүц биз ээ.

            Б.Цэрэндоржийг хүндээр өвчилмөгц Монгол Улсын Засгийн газрын төлөөний түшмэл “П.Н.Шастин эмч дүгнэлт гаргажээ. “Таныг Орос юм уу, Германд даруйхан явуулж мэс засал хийлгэхээс өөр аргагүй гэж буй. Тиймийн учир улсын хүчээр зохих газарт нь явуулж эмчлүүлэхээр шийдлээ” гэхэд Б.Цэрэндорж “Би явахгүй, нөхөд минь. Бид саяхан тусгаар тогтнож тулгар төрийг байгуулсан. Манай Монголын сан хөмрөг нимгэн байна. Ийм үед үхэх болсон хөгшин өвгөнд хатиг гарлаа хэмээн улсын сан хөрөнгийг хохироож болохгүй” гээд эрс татгалзаж байжээ. Ийн Б.Цэрэндорж 1928 оны 2 дугаар сарын 23-ны хаврын тэргүүн сарын тэр нэгэн өдөр бие чилэхийн эрхээр насан огшиж, эмгэнэлийн цуглаан дээр нь их эрдэмтэн Жамсрангийн Цэвээн хэлсэн үгэндээ: “Нөхөр Цэрэндорж агсны байдлыг ажиглаваас чухамхүү чин зоригт гайхамшигтай баатар эр хэмээж болмоор асан. Юу хэмээвээс тэр амьд ахуйдаа албан хэргийг явуулан шийтгэхэд хэдүй насан буурай болсон атугай ч гаргаж хэрэглэсэн бодлого ухаан ч тун онцгой тасархай мэргэн, аливаад уйдах чилэхийг бодохгүй туйлын их идэвх хичээнгүйтэй, ямар нэгэн хэрэг явдалд гэнэдэж хууртах нь үгүй, нягт хянамгай, манай улсын тулгуур төрийн түшиг багана мэт хүн байсан бөгөөд хятад, оросын зэрэг гадаадын шунахай этгээд уран сайхан үгээ өмнөө бариад, араг савраа хойноо үүрээд ирэхэд хууртагдахгүй мэргэн, айлган сүрдүүлэх гэвэл айхгүй баатар, худалдаад авъя гэвэл худалдагдахгүй шударга, элдэвлэн хатгаж өдөөвч хөдлөхгүй бат, хэзээд Монгол үндэсний газар ус, ард түмэн, улсын эрх мэдлийг алдахгүйг цаг ямагт бодолхийлэн оролдож явсан хавтай баатар эр хэмээвээс болно” гэж тэмдэглэжээ.

            Б.Цэрэндоржийн нэг гол гавьяа нь Улсын анхдугаар Үндсэн хуулийг Швейцар, Англи, Зөвлөлт Оросын Үндсэн хуулиудыг судлан үзсэний дүнд боловсруулан Улсын Анхдугаар их хуралд хэлэлцүүлэн баталсан явдал мөн. Тэрбээр Богдын шавийн хар зайсан Арвижихын охин Должинжидтэй ханьсан сууж улмаар нэг хүү төрүүлсэн нь Ц.Юндэн. Хүү нь бараг бүх насаараа цэргийн албанд зүтгэж, автын анхны жолооч, нисгэгч, төмөр замын албаны дарга зэрэг ажил хийж байжээ. Цэрэндоржийн суудаг хашаа нь одоогийн “Улаанбаатар” зочид буудлын зүүн талд, дотроо орос маягийн байшинтай, хэдэн амбаартай байжээ. Тэрбээр энэ байшинд нэлээн удаан сууж, бусдад төвөггүй энгийн байдалтай, цаг үргэлжид ном судар шагайж, орчуулга хийдэг байсан аж. Түүний манж, хятад, япон, орос хэлний чамгүй мэдлэг нь ийм ажилд хорхойсгон хөтөлсөн гэдэг. Б.Цэрэндорж бүр өмнө 1915 онд Гадаад явдлын яамны сайдаар дэвшин ажилласан хэдий ч мэдэлтэй байна гэдэг бол мэдлэгтэй байна гэсэн үг хэмээн улам эргэцүүлэн ухаарч, бие, сэтгэл, хэл гурвын үүднээс гурван цагийн номыг бясалгаж, оюун билгээ ирлэж байсан гэх. Зарим нөхдийн хамтаар “Хүйтэн уулын бичиг” түүхэн романыг хятадаас хөрвүүлэн 115 дэвтрээр ботилж, мөн Богд хааны зарлигаар “Эмийн найрлага, элдэв өвчнийг хялбар анагаах нь”, “Эмийн нэрс”, “Монгол, хятад сарсан нүдний эмийн найрлага” зохиол сэлтийг орчуулж байсан явдал юм.

            МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч, БНМАУ-ын Бага хурлын гишүүн /1924-1928/ Б.Цэрэндорж “Тогосын хоёр нүдэт отог”, Судар бичгийн хүрээлэнгийн нэрэмжит шагнал, Монгол Улсын “Бичгийн гавьяаны тэргүүн зэргийн одон”-гоор шагнуулахаас бүр өмнө Хаант Орос улсын Станиславын II зэргийн одонгоор шагнагдаж байв. Тэрбээр маршал Г.Дэмидтэй сүрхий дотно байсан бөгөөд цэргийн наадмаар сум тавьдаг мэргэн харваач байсан тухай тэмдэглэгдэн үлджээ.

П.БАТНАЙРАМДАЛ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017